| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0915/З |
| Дугаар | 128/ШШ2025/0195 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0195
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... Нэхэмжлэгчийн зүгээс уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа ******* ХХК-тай ******* Тауэр барилгын барилгад үүссэн галын аюулгүй байдал болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд сөрөг нөлөөллийг арилгах үүднээс харилцан тохиролцож нөхөн төлбөрийн гэрээ байгуулсан.
******* ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд уг захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-иас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдийн ******* (*******) дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулж, ******* ХХК-ийн 7 давхар өргөтгөлийн барилгын нэрийн дор 12 давхар хүртэл барьж байгаа барилгын ажлыг нэн яаралтай зогсоож, зохих хууль тогтоомж, барилгын норм дүрэм, стандарт баримтлалгүй барьсан барилгыг нураах арга хэмжээ авч, зохих хуулийн хариуцлага тооцуулах гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж зааснаар ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.
Иймд ******* ХХК нь Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдийн ******* (*******) дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулж, ******* ХХК-ийн ... барилгын ажлыг нэн яаралтай зогсоож, зохих хууль тогтоомж, барилгын норм дүрэм, стандарт баримтлалгүй барьсан барилгыг нураах арга хэмжээ авч, зохих хуулийн хариуцлага тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан ******* ХХК нь Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН