Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/03183

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/03183

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Хайлаастын 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух Б овогт Б Б нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, Сэлбийн гудамж-00, 000 тоотод оршин суух Б овогт С Ж холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                    

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлдохдоо Нэхэмжлэгч Б.Б А ХХК-ийн барьж буй Чулуут вилла хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцоод тухайн ажил дээр С.Ж хамтран ажиллахаар амаар ярилцаж ажлын хөлсний төлбөрт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч ажил хийгээгүй учраас мөнгөө эргүүлэн авахаар шаардсан гэж тайлбарлав.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр хариуцагч С.Ж 2022 оны 6, 7, 8 дугаар саруудад Дорноговь аймгийн Чойр суманд барилга угсралтын ажил хийж байтал 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.Б холбогдож А ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл Чулуун вилла хотхонд каркас, мужааны ажил хийж өгөөч гэх саналыг тавьсан. С.Жийн хувьд Чойр суманд барилга угсралтын ажил дуусах шатандаа орж байсан учраас дараагийн ажлыг олох байдлаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бригадын ажилтан н.Эрболд, н.Отгонбаяр хоёр ажилтантайгаа хотод ирээд Б.Б, А ХХК-ийн төлөөлөгчтэй уулзан амины орон сууцны арматурын зураг төсөлтэй танилцаж тонн блок байдлаар ажиллахаар ажлыг авсан. Б.Б, А ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж харин С.Жийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах болсноор Чойр сум дахь 19 ажилтнаасаа 8 ажилтнаа хот руу татаад 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын талбай дээр газар шороо, арматурын бэлдцийн ажлыг хийж, ажилчдын гэр, хоол унаа, ажлын хөлсөнд 5.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Талуудын хооронд үүссэн маргааны шалтгаан хариуцагчийн авсан 3 блокны 1 блокыг Б.Б өөр бригад, иргэн, ажилтнуудад өгснөөс талбайг орхин явсан. Ингээд гэрээ цуцлагдсан учраас ажилчдын цалин хөлсний үлдсэн 4.500.000 төгрөгт тооцоо нийлсэн. Нэхэмжлэгч, хариуцагчийг ажил хийгээгүй гэж тайлбарлаж байгаа учраас барилгын талбайд ажиллаж байсан үйл баримтыг нотлохын тулд барилгын бригадуудын даргын ажилчдынхаа хоол, унааны мөнгийг тэмдэглэдэг тэмдэглэлийн дэвтрийг шүүхэд өгсөн. 8 хоногийн хугацаанд н.О, н.Э, н.Б, н.М, н.Т, н.Б, н.Э гэсэн иргэд ажилласан. Ингэхдээ 3 хоног, 4 хоног, 8 хоног гэж ажилласан ажилчдын цалинд 3.570.000 төгрөг, хоол, унааны зардалд 500.000 төгрөг, тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 377.000 төгрөгийг шилжүүлсэн. С.Жийн хувьд таслагч багажийг түрээслэн авч бэлдцийн ажлаа хийж байгаад буцааж хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө шаардсан хуулийн үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Б.Б А ХХК-ийн Чулуут вилла хотхоны барилга угсралтын ажлыг хийхээр болж туслан гүйцэтгэгчээр, хамтран ажиллахаар хариуцагч С.Жтэй амаар харилцан тохиролцон ажлын хөлсөнд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

6.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

7.Мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ С.Жийг туслан гүйцэтгэгчээр оролцуулж цалин олгосон тухайд маргаагүй ба амаар тохиролцсон ажлаа хийгээгүй гэж мэтгэлцэж байна.

 

8.Зохигчдын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр заасан бөгөөд хариуцагчийн барилгын талбай дээр газар шороо, арматурын бэлдцийн ажлыг хийсэн гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотлох баримтаар нотлож үгүйсгэж чадахгүй байна.

 

9.Иймээс хариуцагчийн нотлох баримтаар өгсөн улбар шар өнгийн дэвтрийн 70,71,74 дүгээр хуудсанд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чулуут хотхон, Чулуутын барилга цалин гэсэн нэртэй 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилчдын хоол хүнсэнд зарцуулсан мөнгөн дүн, машинд шатахуун авсан тооцоолол бичигдсэн байх тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч барилгын бригадын нэр бүхий ажилчидтайгаа төслийн барилгын талбай дээр ажиллаж, ажил гүйцэтгэсний хөлсийг ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан авсан байна гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Жт холбогдох 5.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА