Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1104

 

 

 

 

         

 

Б.Т-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/727 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2303002450234 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Т-,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 711 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 702 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар 8 хоног хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 618 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сар хорих ялаар тус тус шийтгүүлж 2023 оны 2 дугаар сарын 24-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан.

 

Шүүгдэгч Б.Т- нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн * дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төв буудлын автомашины зогсоол дээр БНХАУлсын иргэн Х-гийн халааснаас Huwai mate 50RS маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 6.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-гийн Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 18 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт надад холбогдуулж хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн байгаа. Уг хэргийг 2303002450234 дугаартай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн хэрэгтээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан байдаг. Иймд миний үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул нэгтгэн хянан шийдвэрлэж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Иймд хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд хохирогчоос гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Өмнө нь нэг удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож 6 сарын хорих ял шийтгэгдэж байсан. Өмгөөлөгчийн миний бие Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст очиж мөрдөгч н.Болд-Эрдэнэ, мөн хяналтын прокурор н.Дэлгэрмөнх нартай уулзаж, эрүүгийн 2303002450234 дугаартай хэргийг тодруулахаар хүсэлт гаргахад “хохирлын хэмжээ хүрээгүй учир эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан” тухай хариуг өгсөн. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдолд дурдагдсан хэргийг нэгтгэх эсэх асуудал нь шийдэгдсэн учир тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж байгаа боловч прокурорын зүгээс шүүгдэгч Б.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дуудсан цагт ирэлгүй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байсан тул анхан шатны шүүх гэм бурууд нь тохирсон шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Т-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Т- нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн * дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн төв буудлын автомашины зогсоол дээр БНХАУлсын иргэн Х-гийн халааснаас Huwai mate 50RS маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Х-гийн “...би 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-с Монгол улс руу Замын үүдийн боомтоор бизнес хийх, хөрөнгө оруулах зорилготой 2 найзын хамт орж ирсэн. ...2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 20 минутад галт тэрэг Улаанбаатар хотод ирж зогссон. Манай бизнесийн хамтрагч Б гэх залуу бид нарыг вагоны үүдэн дээрээс тосож аваад өөрийнхөө машин руу суулгахаар машины зогсоол руу алхаж байх үед би өөрийн таньдаг эгч болох Батнасан гэх эмэгтэйтэй гар утсаараа ярьж байгаад таслаад утсаа гадуур хувцасныхаа зүүн талын халаасандаа хийсэн. Машинд өөрийнхөө ачааг хийчихээд гар утсаа авах гэтэл гар утас маань байхгүй болчихсон байсан. ...” /хх 31-32/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын “...би хөрөнгө оруулагч нарыг вагоных нь гаднаас тосож аваад машин руугаа дагуулаад явсан. Тэгээд машин дээрээ очоод ачаа тээшийг нь машиндаа хийж байтал Х- гэх хөрөнгө оруулагч маань гар утас байхгүй болчихлоо гэж хэлэхээр нь вокзалын хашаан дотор байсан эргүүлийн цагдаад мэдэгдсэн. ... 023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Х-нд гар утсыг буцаан өгч 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 3 хөрөнгө оруулагч маань БНХАУ-руу буцсан. ...” /хх 39-40/,

 

Б.Т-ын яллагдагчаар “...би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. ...” /хх 75-76/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдолд мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохирогчийн өргөдөл /хх 71, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 9-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19/, эд зүйлийн үнэлгээ /хх 45-49/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 77-101, 103-110, 121/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Т- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Т- “...хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн гомдлын тухайд өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Б.Т-од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Т- шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 65 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/727 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.МӨНХӨӨ

 

 

            ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ

 

 

            ШҮҮГЧ                                                                   Л.ДАРЬСҮРЭН