Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 159/ШШ2025/0045

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2025/0041/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д” ХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.М

Гуравдагч этгээд: Н.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Мын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07/29-02/139-05 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахтухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Ч.Ч, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Д” ХК-ийн ажилтан буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засварын монтёр Н.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр иргэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин баг, Гэрэлт хайлааст 2 гудамжны 215 тоотод оршин суух Ю.Пын оруулгын дамжуулагч утсыг шилжүүлж холбохоор 0.22 кВ-ын модон хөлтэй модон тулгуур дээр гарч, модон хөлтэй тулгуур нь газарт суурилуулсан өмхөрсөн суурь хэсгээрээ хугарч, монтёр тулгууртайгаа хамт унаж бэртжээ.

Уг ослыг Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.М 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07/29-02/139-05 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр “Монтёр Н.Э нь "Д" ХК-ийн салбарын засварын монтёр /ашиглалт/-ын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгэж байгаад унаж гэмтсэн нь "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалт /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-д хамаарч байх тул үйлдвэрлэлийн осолд тооцов.” гэж дүгнэжээ.

“Д” ХК-иас улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04/1554 тоот албан бичгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт гомдол гаргаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/1610 тоот албан бичгээр гомдлоо Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад хандан гаргаж шийдвэрлүүлэх талаар хариуг хүргүүлжээ.

Үүний дагуу “Д” ХК нь Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад хандан гомдол гаргаж, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/605 тоот албан бичгээр “Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.М 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07/29-02/139-05 тоот дүгнэлтээр “Д” ХК-ийн салбарын засварын монтёр Н.Э унаж гэмтсэн ослыг үйлдвэрлэлийн осол гэж үндэслэлтэй шийдвэрлэжээ” гэх хариуг өгсөн байна.

Дээрх хариу албан бичгийг хүлээж аваад “Д” ХК “Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Мын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07/29-02/139-05 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авчээ.

 

Нэг. Нэхэмжлэгч “Д” ХК шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“Д” ХК-нь Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Стандартчилал хэмжил зүйн төвөөс олгосон 9 тусгай зөвшөөрөл, лицензийн дагуу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын 26 сумын 74000 км 2 нутаг дэвсгэрт орших нийт 60000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг үзүүлж байна.

Сүхбаатар салбарын ээлжийн инженер Т.Маас 2024 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 10:27 минутад Ерөө сумын засварын монтёр Н.Э нь шийдвэр No439-р Ерөө сумын АТП-162, 163, 164, 165, 166, 168 дэд станцын 0.4 кв-ын агаарын шугамд ээлжит эргүүл үзлэг хийх захиалгат ажлын дагуу тухайлсан зааварчилгаа авч, ажил гүйцэтгэх үеийн эрсдэлийг үнэлэх хуудсаар эрсдэлээ тодорхойлж, ажилдаа гарсан боловч Н.Э /осолдогч/ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам, аюулгүй ажиллагааны горим зөрчин наряд, шийдвэр, захиалгагүй, ээлжийн инженерийн зөвшөөрөлгүй дур мэдэн Ерөө сумын 2 дугаар багийн Буурагчин Гэрэлт хайлааст гудамжинд хэрэглэгчийн хувийн шинээр босгосон 0.4 кВ-ын бетонон хөлтэй модон тулгууртай, сип дамжуулагч утастай, агаарын шугамд Буурагчин Гэрэлт хайлааст 2 гудамжны 215 тоотод оршин суух Ю.Пын оруулгын дамжуулагч утсыг шилжүүлж холбохоор 10/0.4 кВ-ын ХТП-18-н 0.4 кВ-ын хуваарилах байгууламж ячNo2-н 1 дүгээр гаргалгааны тулаастай тулгуур No13-аас салбарласан Буурагчин Гэрэлт хайлааст 2 гудамжны 219 тоот Нямжавын хашаан доторх хэрэглэгчийн хувийн 0.22 кВ-ын модон хөлтэй модон тулгуур No1 дээр гарч Пынх руу татсан 0.22 кВ-ын агаарын шугамын АС /хөнгөн цагаан/ дамжуулагч утсыг таслахад модон хөлтэй тулгуур No1 газарт суурилуулсан өмхөрсөн суурь хэсгээрээ хугарч, монтёр тулгууртайгаа хамт унаж бэртсэн.

Дээрх осол болсон даруйд Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс газар дээр нь ажиллаж дүрмийн дагуу тайлбар, мэдүүлгийг холбогдох ажилтан, хяналт тавих инженер техникийн ажилтнууд хэрэглэгчээр бичүүлж авсан. Тодруулбал: Осолдогч Н.Эын тайлбар болон санал хүсэлт /хавсралт материалын 10,11 хуудас/ Хэрэглэгч Ю.Пын эхнэр 2024.11.05 тог тавьж өгсөн. 11.06-ны өдөр тус айл тогтой байсан ба хэрэглэгчийн оруулгын кабель шугам солихоор тус айлд очсон боловч /гэрт хүнгүй гэх тайлбар х.м-ын 12 хуудас / Хэрэглэгчээс тус салбарын утас руу холбогдож дуудлага өгсөн зүйл байхгүй / х.м-ын 44-45 хуудас/ “Д” ХК-ийн ажлын байрны тодорхойлолт /х.м-ын 52-54 хуудас/

Сүхбаатар салбарын ашиглалтын инженер М.Б шийдвэрээр хийх ажлын зааварчилгааг өгсөн ба Н.Э танилцаж гарын үсэг зурсан /х.м-ын 56-60 хуудас/ 2024.11.06 -ны өдөр тухайн өдрийн ажилд гарах үед ээлжийн инженерээс No599 дэх зааварчилгаа өгсөн бөгөөд нийт 17 заалт бүхий зааварчилгааны 1 ба 6 дахь заалтад маш тодорхой тусгаж өгсөн /х.м-ын 61-63 хуудас/. Осолдогч Н.Э зааварчилгааг авч журналд тэмдэглэл хөтлөн гарын үсэг зурж баталгаажуулсан х.м-ын 64 хуудас /зэрэг нотлох баримтыг үндэслээд Сүхбаатар салбарын Ерөө сумын засварын монтёр Н.Э нь:

1. 2024 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 10:27 минутад Сүхбаатар салбарын ээлжийн инженер Т.Маас Ерөө сумын засварын монтёр Н.Э нь шийдвэр No439- р Ерөө сумын АТП-162, 163, 164, 165, 166, 168 дэд станцын 0.4 кВ-ын агаарын шугамд ээлжит эргүүл үзлэг хийх захиалгат ажлын дагуу тухайлсан зааварчилгаа авч, ажил гүйцэтгэх үеийн эрсдэлийг үнэлэх хуудсаар эрсдэлээ тодорхойлж, ажилдаа гарсан боловч, тухайн шийдвэртэй ажлыг хийгээгүй. /Хэрэглэгчийн өмхөрсөн тулгуурт гарч ажилласан/

2. Захиалгат ажлын цагаар ээлжийн инженерт мэдэгдээгүй дур мэдэн ажлын байр өргөтгөж, ажлын байрны эрсдэлийг үнэлэхгүйгээр, тухайлсан зааварчилгаа авахгүйгээр, наряд шийдвэргүйгээр, хүчдэл тасалж ажлын байр бэлдэхгүйгээр "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 30-д 1000 В хүртэл хүчдэлийн цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжид шуурхай ажиллагааг "Ашиглалтын явцад хийх ажлын жагсаалт"-д ганцаараа гүйцэтгэхээр зааснаас бусад тохиолдолд III-аас доошгүй групптэй 2 хүн гүйцэтгэнэ" гэсэн заалтыг зерчиж, бригадаар хийгдэх ажлыг ганцаараа хийсэн.

3. Засварын монтёр Н.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 "Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна", “Д” ХК-ийн Ажлын байрны салбарын засварын монтёр /ашиглалт/-ын ажлын байрны тодорхойлолт Б.ЧИГ ҮҮРЭГ, Хөдөлмөрийн гэрээ /үндсэн/ 4.2 Ажилтан дараах үүргийг хүлээнэ, "Д” ХК-ийн Эрсдэлийн удирдлагын журам", "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдөрлөг, дасгал, зааварчилгаа явуулах, баримт бичиг хөтлөх журам", Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм (ААД)-ийн 25, 30, 41, 54, 101, 236, 254, 568, 569, 570, 574, 576, 577, 578, 670 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас осолдсон болохыг Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс ажиллах үеэр нотлох баримтад тулгуурлаж дүгнэсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.2 буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн гэж үзээд "Үйлдвэрлэлийн осол" акт тогтоохгүй гэж шийдвэрлээд холбогдох материалыг Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хүргүүлсэн байдаг.

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07/29-02/139-05 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар болон Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газруудад улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хандсан боловч хүсэлтийг хангаагүй болно. Эрчим хүчний байгууллага өөрөө онцгой объект төдийгүй ажиллагсад нь эрчим хүчний аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, журам заавруудыг ягштал мөрдөж ажилладаг салбар.

Манай монтёр Н.Эын гаргасан тайлбарт дээрх айлын оруулгын кабель шилжүүлэх ажилд зөвшөөрөл аваагүй ажил гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн түүнчлэн тухайн өдрийн ажилд гарах үед ээлжийн инженерээс нийт 17 заалт бүхий зааварчилгааны 1 ба 6 дахь заалтад маш тодорхой тусгаж өгсөн. Монтёр Н.Э зааварчилгааг авч журналд тэмдэглэл хөтлөн гарын үсэг зурж баталгаажуулсан зэргээс үзэхэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг мэдсээр байж санаатай зөрчсөн гэж үзэж байгаа болно. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм өөр өөрийн зохицуулах зүйл, үйлчлэх хүрээгээр ялгаатай. Ажилтан унаж бэртсэн л бол үйлдвэрлэлийн осол гэж тооцсон Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07/29-02/139-05 тоот дүгнэлт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байна.

Учир нь компанийн хэмжээнд мөрдөж буй "Сар, жилийн гүйцэтгэлийн үнэлгээний журам"-ын 9.2 заасны дагуу жилийн үр дүнгийн шагналт цалин олгохгүй нөхцөл байдал үүсээд байна. Тус журмын 9 дүгээр зүйлийн 9.2-т "Нэгжийн хэмжээнд доорх тохиолдолд сарын үр дүнгийн шагналт цалин олгохгүй". Үүнд:

Үйлдвэрлэлийн ослын хүнд хөнгөний тухайн магадлалддагаар осолдогчийн гэмтэл нь хүнд болон хөнгөн осолд хамаарагдаж баталгаажсан тохиолдолд осол гарах нөхцөл бүрдүүлсэн зөрчил гаргасан авч үздэг.

Сүхбаатар салбарт өнөөдрийн байдлаар 49 ажилтан ажиллаж хоногийн 24 цагийн хугацаанд хэрэглэгчдийг найдвартай, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангахаар өвөл, зун, цастай бороотой аль ч улиралд ажилласаар ирсэн. Гэвч өдөр тутамдаа мөрдлөг болгож ажиллах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ААД, ТАД-ийг зөрчиж эрсдэлд өртсөн нэг ажилтны үйл ажиллагаанаас болж салбарын нийт ажилтнууд хохирох нөхцөл байдал үүсээд байна. Түүнчлэн монтёр Н.Э нь компанид ирүүлсэн тайлбартаа гомдол гаргаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласаар ирсэн.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07/29-02/139-05 улсын байцаагчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул дээрх улсын байцаагчийн дүгнэлт буюу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Улсын байцаагчийн дүгнэлтийг эсэргүүцээд байгаа 4 шалтгаан байна. 4 шалтгааныг тайлбарлахаас өмнө хариуцагчийн хэлсэн дээр тайлбарлаад хэлэхэд бид нар ямар нэгэн байдлаар ажилтныг буруутгаагүй. Цаашдаа болон өнөөдрийн гарсан бүх эмчилгээний зардал, лист нь дуусчихсан ч гэсэн цалинг нь бүтнээр нь олгоод явж байгаа. Цаашдаа гарах зардлыг бүгдийг хариуцна. 3 жилийн дараа тэтгэвэрт нь гаргана. Хөнгөн ажилд шилжүүлнэ. Ажиллаж чадахгүй бол 3 жилийн хугацаанд цалинг нь бүтнээр нь олгоно. Ямар нэгэн асуудал гаргаад байгаа зүйл байхгүй. Компанийн хариуцлагын хүрээнд уг асуудлыг хийнэ. Яагаад уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг дээр хэлэхэд ач холбогдолгүй зүйл байгаа юм. Улсын байцаагчийн дүгнэлт, үйлдвэрлэлийн осолд тооцох, тооцохгүй байх, цаашид яах эсэх нь ач холбогдолгүй.

Нэгдүгээрт Дархан-Уул аймгийн харьяалалтай. Дарханы хөдөлмөрийн улсын байцаагч руу бид нар тухайн Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил гарсан тохиолдолд шууд мэдэгдсэн. Ийм асуудал гарчихлаа яах вэ гэж асуухад Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн улсын байцаагч энэ нь үйлдвэрлэлийн осол биш байна. Бүртгэх шаардлага байхгүй гэсэн чиглэл өгсөн. Сэлэнгэ аймаг руу мэдэгдсэн. Сүхбаатар салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер улсын байцаагчтай уулзахад та нар заавал акт үйлдэх ёстой гэж байна. Үйлдвэрлэлийн осолд тооцно гэхээр нь бид нар 2015 оны 269 дүгээр дүрмээ баримталсан. Уг дүрэм дээр нэгэнт бид нар Сэлэнгэ аймгийн улсын байцаагч актаа үйлдэж ирүүл гэсэн чиглэл өгсний дагуу бид нар актаа үйлдэж байгаа. 269 дүгээр дүрмийг судлаад үзвэл осол биш гэж үзсэн тохиолдолд байгууллага ямар арга хэмжээ авах тусгайлсан нэг ч заалт байхгүй. Бид нар ямар маягт дээр бүртгэж байцаагчид авчрах ёстой байсныг уг дүрмээс олж хараагүй. Магадгүй бид нар буруу хэрэглэсэн байж магадгүй. Уг дүрмийн 2.2-д хэрвээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны гормыг санаатай зөрчсөн болон согтууруулах, мансууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас комисс нь хуралдаад судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан бүртгэнэ л гэсэн заалт байгаа.  Энийг бид нар тэмдэглээд, үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж хүргүүлсэн байгаа юм. Энийг та бүхэн маань анхаарч үзээсэй.

Яагаад улсын хоёр байцаагч бид нарт ялгаатай шийдвэр өгөөд байна  вэ? Энийг нэг талд нь гаргуулъя. Нэгдүгээрт бид нарын улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндсэн шалтгаан нь энэ. Хоёрдугаар үндсэн шалтгаан нь улсын байцаагч 4.2 дугаар зүйлийн 1-ийг дурдсан. Ажлын байранд үнэхээр ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолд орсон бол бид нар 100% зөвшөөрнө. Бид нар яагаад ажлын байр дээр осолд орсон гэж үзэхгүй байна гэхээр байцаагч маань энэ дээр сайн ажилласан бол  тодорхой гарч ирэх байсан. Эрчим хүч эрсдэлтэй буюу онцгой ажлын байр. Бид нар тусгай бичигдсэн дүрэмтэй. Аюулгүй ажиллагааны дүрэм, эрчим хүчний тоног төхөөрөмж, техник ашиглалтын дүрэм, өнөөдөр нотлох баримтаар хүргүүлсэн эрчим хүчний ажилтны дагавал зохих аюулгүй ажиллагааны дүрэм гэсэн уг 3 үндсэн дүрмүүдийг бид нар хэрэгжүүлж ажилладаг. Уг дүрмүүдийн хүрээнд Сүхбаатар салбарын Н.Э гэх хүнийг удирдаж байгаа манай ахлах ажилтнууд уг дүрэм дээр бичигдсэн үг, өгүүлбэр болгоныг мөрдөөд ажиллачихсан. Хэн нэгнийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Тийм учраас ХАБ-ын дүрэм журмыг зөрчсөн байгаа үйлдлийг олж харахгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

Түрүүн хэлсэнчлэн энэ бол манай ажлын байр биш. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасан байгаа.  Энэ маань өөрөө яадаг вэ гэхээр хэрэглэгчийн эзэмшлийн тоног төхөөрөмж шугам тоноглол хангагч байгууллагууд буюу цахилгаан түгээх байгууллагуудын шугам тоноглол хоёр зааглалтай байна., эзэмшилтэй байна, өмчлөлтэй байна. Тэр дээр байгаа цахилгааны аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг тухайн өмчлөгч нь хариуцна гэсэн ийм хуулийн заалт байгаа. Би яагаад манай ажлын байр биш гэж хэлээд байна вэ гэхээр тэр дуудлагаар очсон гээд байгаа, хэрэглэгчийн шугамыг очиж тайлж байгаа чинь манай нэг ч тулгуур байхгүй, манай нэг ч утас байхгүй.  Тэрийг хэрэглэгч өөрөө хариуцах ёстой. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д өөрөө хариуцах эсвэл өөрөө мэргэжлийн байгууллагаар засвар үйлчилгээгээ хийлгэх эсвэл манайд дуудлага өгөхдөө манай дуудлагын монитор диспетчертээ мэдэгдээд өнөөдөр би та бүхэнд бас хүргүүлчихсэн байгаа төлбөрт үйлчилгээний журам байгаа. Ороолгын утсыг нь солих ажлыг бид нар төлбөрт үйлчилгээний журмаар сольж өгөх юм бол тухайн хэрэглэгчээс дуудлагын төлбөрт үйлчилгээний төлбөр 153,000 төгрөг авах ёстой байсан. Хэрвээ манай шугам тоноглол байсан бол бид нар үнэгүй очоод өөрсдөө хийх ёстой байсан.  Тэгэхээр энийг бид нар 2.1.1 буюу улсын байцаагчийн дүгнэлт дээр гарч ирээд байгаа ажлын байр биш юм аа. Энэ чинь ерөөсөө хэрэглэгчийн шугам тоноглол буюу хэрэглэгчийн ажлын байр болчхоод байгаа юм. Тийм учраас үнэхээр тийм дуудлага ирээд, ажил хийгдсэн бол манай монтёрт яах байсан бэ гэхээр диспетчертээ мэдэгдээд 2-3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж ажиллах ёстой байсан. Яагаад 2-3  хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж ажиллах ёстой вэ гэхээр хавтаст хэрэг дотор өгөгдчихсөн байгаа манай гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан нарийн шийдвэрээр хийгдэх ажлын жагсаалт байгаа. Тэр жагсаалт дотор бид нар өндөрт гарч ажиллах буюу өнөөдрийн дуудлага өгсөн гээд байгаа дуудлага дээр бүрэлдэхүүнтэй ирж ажиллах ёстой байсан.  Ийм дүрэм журмыг зөрччихөөд байгаа юм. Гол үндэслэл нь юу гэж хэлэх гээд байна гэхээр 2.1.1-д дурдаад байгаа ажлын байр гэдгийг зөрччихсөн байна. Манай ажлын байр дээр биш, өөр газар очоод ажил хийчихсэн байгаад байна. Тийм учраас бид нар дур мэдэн ажил гүйцэтгэсэн гэх үг, үсэг нэмээд байгаа юм. Тэрнээс тэр хуучин дүрмийн заалтыг хэрэглээд байгаа зүйл бол бол огт биш гэдгийг хэлье.

Бид нар олон улсын менежментийн гурван стандартыг хөдөлмөрийн аюулгүй байдлын болон бусад стандартыг хэрэгжүүлдэг. Бид нар ослын судалгаануудаа хийчихсэн, аюулгүйн шинжилгээнүүдээ хийчихсэн, эрсдэлийн менежментээ хийчихсэн, эрсдэлийн шинжилгээнүүдээ хийчихсэн, задруулах арга хэмжээнүүдээ бүгдийг нь авагдчихсан. Улсын байцаагчийн хэлсэн ажлууд бол манай дээр бүгд нь хийгдчихсэн.  Өнөөдрийн нөхцөл байдал дээр удирдаж байсан хүмүүс болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнууд нь зөрчил гаргаагүй байхад өнөөдрийн манай жилийн үр дүн таван сараар олгож байгаа. 500 хүний үр дүнгийн урамшууллын асуудал гэж үзвэл 500,000,000 төгрөгийн асуудал яригдаж байна.  Тэгэхээр хэн нэгэн этгээдийн буруу дүгнэлт буруу үйлдлээс болоод энэ 500 хүнийг хохироохгүйн үүднээс л би өнөөдөр энд зогсож байна. Тийм учраас 4 дэх шалтгаан нь улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд ердөө л энэ. Цаашдаа аюулгүй ажиллагааны дүрмээ зөрччихсөн, дур мэдээд ажил гүйцэтгэчихсэн зөрчлүүдийг үйлдвэрлэлийн осол гэж үзээд явбал эргээд бусад 400 ажилтанд хор хохиролтой. Ийм сөрөг үр дагавар өгөхгүйн тулд бид нар улсын байцаагчийн дүгнэлтийг эсэргүүцэж байна. Ийм нөхцөл байдлыг нэмж хэлмээр байна.” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.М шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбартаа:

“Д" ХК-иас гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. "Д” ХК-ийн Сүхбаатар салбарын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2-р багт гарсан үйлдвэрлэлийн ослыг баталгаажуулж өгнө үү” гэсэн 19/79 тоот албан бичиг болон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг үндэслэн акт тогтоосон нь үйлдвэрлэлийн осолд тооцсоноо хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж дүгнэж байна.

2. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно" гэж зааснаас үзэхэд компанийн комисс үйлдвэрлэлийн осолд тооцоогүй тохиолдолд акт үйлдэж ирүүлэх шаардлагагүй байсан.

3. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ." гэж заасан бөгөөд энэ заалт нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн санааг агуулгагүй бөгөөд харин дээрх тохиолдолд тусгайлан тэмдэглэхээр зохицуулсан. Уг журамд үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн заалт байхгүй болно.” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“…Би ойлгохдоо Д бол айл болгоноос мөнгө авдаг байх. Тэр бүгд хэрэглэгч гэж ойлгож байгаа. Тэр дуудлага өгсөн айл ч гэсэн хэрэглэгч. Дээрээс нь Ч.Чтой санал нэг байна. Та бол хохироохгүй гэж байна. Хохироохгүй байх тал дээрээ итгэлтэй байна. Ач холбогдлын тухайд цаашдаа дахиад үйлдвэрлэлийн осол биш гээд яваад байх юм уу. Ажлын байран дээр хүн яах гэж даатгал төлдөг вэ?. Эрсдэлийг хуваалцаж байгаа. Хоёр дахь асуудал нь дотоод хяналт байна. Би аюулгүй ажиллагаа дээр огт юм ярихгүй байгаа. Аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн. Аюулгүй ажиллагааг зөрчлөө гээд үйлдвэрлэлийн осол биш гэж үзсэн заалт огт байхгүй. Үйлдвэрлэлийн ослын 4.2.2-д тусгай тэмдэглэл хийнэ гэсэн заалт байгаа. Та нар үйлдвэрлэлийн ослын акт үйлдээд тусгай тэмдэглэл үйлдэнэ. Мэдээлэл өгөх ёстой байхгүй. 2.1.1-д заасныг мөн тайлбарлаж байна. Үйлдвэрлэлийн осол хурц хордлогод дараах тохиолдол бүрдсэний улмаас гэмтсэн амь насаа хувьчилсан бол акт тогтооно гэж заасан. Акт тогтоочихсон.  Ослын акт гэж надад ирчихсэн байна. Энэ хүний ажлын байрны тодорхойлолт дээр хэрэглэгчийн гэмтлийг маш шуурхай засахаар заагаад өгчихсөн. Манай гэр жишээ нь хороололд байдаг. Д рүү ярих уу. Сум жижигхэн. Монтёрыг бүгд таньдаг учир шууд залгадаг.  Энэ хүн ажлаа л хийсэн байна. Хэрэв үйлдвэрлэлийн осол гэж үзвэл тодорхой хэмжээний мөнгө авах ёстой. Миний ойлгож байгаагаар 18 сарын цалингийн нөхөн төлбөр авах байх гэж бодож байна. Хэрэв үйлдвэрлэлийн осол гээд тогтоочихвол танай байгууллага мөнгө олгоод явах шаардлага байхгүй. Нийгмийн даатгалын сангаас 100% цалингаа аваад явна.  Шинэ дүрмээр ажлын байр дээрээ байсан л бол үйлдвэрлэлийн осол гэж тогтоодог болчхоод байгаа юм. Бид нар дүрмийнхээ дагуу л явж байгаа” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Н.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Насанбат овогтой Э миний бие "Д" ХК-нд 2015 оноос хойш ашиглалт засварын монтёроор ажиллаж ирсэн. Осол болсон өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед хэрэглэгч Ю.Пүрэвбаатараас Ерөө сумын 2-р багийн нутаг дэвсгэрт тоггүй болсон тул ирж үзэж өгөөч гэх дуудлага өгсөн. Дуудлагын дагуу хаягаар очиход агаарын шугамын дамжуулагч утас орооцолдсоноос болж 20 гаруй айл тоггүй болсон нөхцөл байдал үүссэн байсан. Модон хөлтэй тулгуурын суурыг шалгахад ил харагдах өмхөрсөн байдал байгаагүй тул орооцолдсон утсыг таслахаар хамгаалах хэрэгслээ бүрэн өмсөж тулгуур луу авирсан боловч орооцолдсон утсыг тасалсны дараагаар модон тулгуур унаж, би тулгууртай хамт унаж дарагдсан. Унасны дараа баруун гар, баруун хөл, зүүн гарын бугуй хөдлөх боломжгүй байсан. Зөвхөн зүүн гарын тохой мөр хуруунуудаар зүүн энгэрийн карманд байсан утсаараа харахгүйгээр дарагдсан хүн рүүгээ дуудлага хийхэд хэрэглэгч Ю.Пүрэвбаатарын эхнэр холбогдсон тул өөрийн бэртсэн талаар мэдэгдэж Ю.Пүрэвбаатарын эхнэр тусламж дуудаж өгсөн. Тухайн үед гэмтлээс болоод бүрэн ухаантай байгаагүй тул бэртсэн талаар ажил олгогчид мэдэгдэж чадаагүй.

Бригадаар гүйцэтгэх ёстой ажлыг ганцаар гүйцэтгэсэн тухайд миний бие Ерөө сумыг хариуцан ганцаар ажилладаг бөгөөд өмнө нь мөн адил тохиолдолд ч ганцаар Миний хувьд аюулгүй ажиллагааны дүрэм, ажилладаг байсан. зааварчилгааг бүрэн мэдэх бөгөөд өмнө нь мөн ийм байдлаар ажилладаг байсан тул, дуудлагаар очиж өөрийн ажлаа хийж байхдаа унаж бэртсэн, модон тулгуурт авирахаас өмнө холбогдох урьдчилсан шалгах ажиллагааг хийсэн, ил харагдах тулгуурын өмхрөл харагдаагүй тул тухайн ажлыг хийж гүйцэтгэх шийдвэрийг бие Даан гаргасан нь үнэн.

Ослын улмаас би баруун гарын тохой бяцарсан тул баруун тохойн үе бүрэн солих хагалгаанд орж хиймэл үе суулгасан, аарцаг сүүжний тогой цөмөрсөн, баруун хөл хэсгээр гэмтсэн учир осол болсон өдрөөс одоог хүртэл эмчилгээ хийлгэж байна.

Миний бие тэтгэвэрт гарахад 3 жил дутуу байгаа тул цаашид ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад тэтгэвэрт гарах хүсэлтэй байна.

Мөн миний бие 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс Улаанбаатар хот руу эмчилгээнд явах тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Үйлдвэрийн ослын тухай” 07/29-02/139-05 дугаар дүгнэлт гаргасан.

2. Дээрх дүгнэлтийн Дүгнэх нь хэсэгт “...Монтёр Н.Э нь “Д” ХК-ийн салбарын засварын монтёр/ашиглалт/-ын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгэж байгаад унаж гэмтсэн нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалт “…ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”-д хамаарч байх тул үйлдвэрлэлийн осолд тооцов ...” гэжээ.

3.Нэхэмжлэгч “Д” ХК улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гомдол гаргасныг тус газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/605 тоот албан бичгээр “...Хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч Д.М 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07/29-02/139-05 дугаар дүгнэлтээр “Д” ХК-ийн салбарын засварын монтёр Н.Э нь унаж гэмтсэн ослыг үйлдвэрлэлийн осол гэж үндэслэлтэй шийдвэрлэжээ” гэсэн хариу өгчээ.

4. Гуравдагч этгээд “Д” ХК-ийн салбарын засварын монтёр Н.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуудлагаар[1] ажил гүйцэтгэж байгаад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн Буурагчин гэрэлт хайлааст гудамжинд хэрэглэгч Ю.Пынх руу татсан агаарын шугамын  дамжуулагч утсыг таслахад модон хөлтэй тулгуур хугарч, бэртсэн байна.

5. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа “…Н.Э нь холбогдох хууль дүрэм зөрчин наряд, шийдвэр, захиалгагүй, ээлжийн инженерийн зөвшөөрөлгүй дур мэдэн ажилласан. Баригадаар/3-аас доошгүй групптэй, 2 хүн гүйцэтгэх/ хийгдэх ажлыг ганцаараа хийж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн. Бэртэл болсон газар нь манай ажлын байр биш, хэрэглэгчийн шугам тоноглол буюу хэрэглэгчийн ажлын байр. Хэн нэгэн этгээдийн буруу дүгнэлт буруу үйлдлээс болоод компанийн хэмжээнд мөрдөж буй "Сар, жилийн гүйцэтгэлийн үнэлгээний журам"-д заасны дагуу ажилчдад жилийн үр дүнгийн шагналт цалин олгохгүй нөхцөл байдал үүсээд байна.” гэж маргадаг.

6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “"үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 дүгээр зүйлд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэж тус тус зохицуулснаас үзвэл ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад буюу ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмтсэн бол үйлдвэрлэлийн осолд тооцож акт тогтоохоор байна.

7. Тодруулбал, гуравдагч этгээд Н.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэрэглэгч Ю.Паас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тоггүй болсон гэх дуудлага[2]-ын дагуу хаягаар очиж ажиллаж байхдаа гэмтсэн нь ажлын байрны тодорхойлолт[3]-д “...Хэрэглэгчдээс ирсэн дуудлагыг түргэн шуурхай аюулгүй чанартай гүйцэтгэх, …шугам тоноглолд гэмтэл гарч, хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдсан үед гэмтэл устгах сэргээн босгох ажлыг наряд шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэх...” гэж заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байхдаа гэмтсэн байх тул Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Мын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Үйлдвэрийн ослын тухай” 07/29-02/139-05 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

8. Хариуцагч “Н.Э нь холбогдох хууль дүрэм зөрчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбартаа маргадаггүй. “…Гуравдагч этгээд Н.Э нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим зөрчсөн эсэхээс үл хамааран ажлын байранд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаад унаж гэмтсэн нь үйлдвэрлэлийн осолд тооцогдоно. Аюулгүй ажиллагааг зөрчлөө гээд үйлдвэрлэлийн осол биш гэж үзсэн заалт огт байхгүй. Нэхэмжлэгчээс Н.Эыг аюулгүй ажиллагааг санаатай зөрчсөн гэж үзэж байгаа бол үйлдвэрлэлийн ослын актдаа тусгай тэмдэглэл үйлдэх байсан. Энэ хүний ажлын байрны тодорхойлолт дээр хэрэглэгчийн гэмтлийг маш шуурхай засахаар заагаад өгчихсөн. Энэ хүн ажлаа л хийсэн байна...”[4] гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

9. Учир нь  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д Засгийн газар нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах бүрэн эрхтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гээд нийт 6 тохиолдол дурдсан боловч түүнд хөдөлмөр эрхлэгч, иргэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөн байхыг шаардаагүй. Харин Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн гэж үзэж байгаа бол орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэх талаар тус журмын  2.2 дахь хэсэгт зохицуулжээ.

10. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасны дагуу бэртэл болсон газар нь манай ажлын байр биш, хэрэглэгчийн шугам тоноглол буюу хэрэглэгчийн ажлын байр...” гэж маргадаг.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд Хэрэглэгчийн эрх үүргийн талаар зохицуулсан бөгөөд 30 дугаар зүйлийн 30.1.8-д “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэжээ. Энэ нь эрчим хүч хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн үүргийг зохицуулсан заалт болохоос хэрэглэгчийн ажлын байр гэх нэр томъё, ойлголтод хамаарахгүй юм. Харин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “"ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг” гэж хуульчилснаас үзвэл тухайн тохиолдолд гуравдагч этгээд ажлын байранд заасан ажил үүргээ гүйцэтгэхээр дуудлагын дагуу очсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн н.Нямжавын хашаа[5] нь түүний ажлын байр гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Нэхэмжлэгчээс “Хөдөлмөрийн байцаагчийн үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтээс болж манай компанийн ажилчдад жилийн үр дүнгийн шагналт цалин олгохгүй нөхцөл байдал үүсээд байна” гэж маргадаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 33 дугаар зүйлийн 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах;” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч өөрийн хуулиар олгосон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчээс ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №1 “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт”, холбогдох бичиг баримтыг шинжлэн судлаад үйлдвэрлэлийн осолд тооцсон улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна.

12. Харин нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд дурьдсан “…компанийн хэмжээнд мөрдөж буй "Сар, жилийн гүйцэтгэлийн үнэлгээний журам"-д заасны дагуу ажилчдад жилийн үр дүнгийн шагналт цалин олгохгүй...” нөхцөл байдал нь үйлдвэрлэлийн осолд өртсөн этгээдийг нуун дарагдуулах, тэдгээрийн эрх ашгийг хохироох шалтгаан болж байна гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч байгууллагын "Сар, жилийн гүйцэтгэлийн үнэлгээний журам” нь тухайн хуулийн этгээдийн дотооддоо шийдвэрлэх асуудал бөгөөд түүнийг хамт олноороо хэлэлцэн холбогдох заалтад уян хатан нөхцөлөөр өөрчлөлт оруулах эрх нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд өөрт нь байх тул ийнхүү маргаж буй нь үндэслэлгүй юм.

Иймд Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Үйлдвэрийн ослын тухай” 07/29-02/139-05 дугаар дүгнэлт үндэслэлтэй байх тул “Д” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.4, 29.4.2, 33 дугаар зүйлийн 33.2.5-д заасныг тус тус баримтлан “Д” ХК-ийн “Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Мын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07/29-02/139-05 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗАЯА

 

[1] Хавтаст хэргийн 1, 19, 24, 25, 187 дугаар хуудас

 

[2] Хавтаст хэргийн 19, 24, 25, 187 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 238 дугаар хуудас

 

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хуудас