Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2021/00007

 

Ч.Туяагийн нэхэмжлэлтэй, Т.Ичинхорлоод холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 17-ны өдрийн 138/ШШ2020/1214 дугаар шийдвэртэй, Ч.Туяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ичинхорлоод холбогдох бусдын өмчлөлийн газрыг чөлөөлж, дэлгүүрийн барилгаа нүүлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Т.Ичинхорлоо, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Туяагийн өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагч Т.Ичинхорлоо, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Туяа миний бие Баян-Уул сумын 4 дүгээр багт өөрийн эзэмшилд 1200 м2 газар дээр баригдсан байсан байшинг 2004 онд худалдаж авснаас хойш уг газрыг эзэмшиж ирсэн. Ингээд Газар өмчлөх хууль хэрэгжиж эхэлснээр 2007 оны 5 сарын 03-ны өдөр Г-0614003543 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээгээр хүүхдүүдийн хамт газар өмчлөх эрхээ баталгаажуулсан. 2010 онд өмчлөгч хасуулах хүсэлт гаргаж хоёр хүүхдээ хасуулж, газрын гэрчилгээ шинээр авсан байсан. Ингэхдээ 090300617 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зурагтай болсон. 2012 онд манай сумын Засаг дарга байсан Төмөрсүх эхнэр Ичинхорлоогийн хамт манай газар дээр манай хажууд ирж надаас зөвшөөрөл авч, 3 жилийн дараа нүүнэ гээд буусан. Гэтэл түүнээс хойш одоог хүртэл нүүгээгүй, дэлгүүрийн барилга барьж тэндээ одоог хүртэл амьдарч байна.

2014 онд Баян-Уул сумын 90 жилийн ой болж байгаатай тааруулж эгнээ гудамжийг цэгцлэх шаардлага бий болсон гээд миний газраас урд, болон хойд талаас 200 м2 газар хассан. Төр таны газрыг авсан тул таны газрыг сунгаж болох хэсэгт нь сунгаж олгоно гэж хэлсэн. Ингээд хаягжилт шинээр олгож манай гудамж Хошуу Эрдэнэбулаг нэртэй болж хашаа маань 2-204 тоот болсон. Шинэ хаягжилттай холбоотой шинээр гэрчилгээ авах шаардлагатай болсон. Энэ үед Улсын бүртгэлийн хэлтсээс кадастрын зураг хэрэгтэй болсон. Сумын газрын даамал шинээр кадастр хийж манай газрыг сунгаж олгосныг сумын Засаг дарга баталж өгсөн. Уг кадастраар нэгж талбарын дугаар өөрчлөгдөж 2116001226 болсон. Энэ кадастрын зургаар шинээр улсын бүртгэлийн гэрчилгээгээ 2017 онд авсан. Энэ зурганд 1200мгазрын хэмжээ бол өөрчлөгдөөгүй, зөвхөн хоёр талаас нь хасаад сунгах боломжтой хэсэгт нь сунгаж олгосон кадастр зурж өгсөн. 2010 оны кадастрын зурагт хариуцагч Ичинхорлоогийн дэлгүүрийн барилга байгаа газар ороогүй байсан. Сүүлийн шинэ кадастрт хариуцагч Ичинхорлоогийн дэлгүүрийн барилга байгаа газар тусгагдсан. Гэвч энэ газрыг Ичинхорлоо гэдэг хүн хууль ёсоор эзэмшиж, өмчлөөгүй байсан. Одоо ч өмчилж аваагүй. Хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэгчийн зүгээс Ичинхорлоо гуайн байшин байгаа газрыг өөрт нь үлдээгээд, өөрийн өмчлөлийн бусад газраа өмчлөх эрхэнд битгий халдаач ээ гэсэн эвлэрэх санал гаргасан боловч, хариуцагч байшин байгаа газраа оруулаад нэмж нийт 400м2 газрыг өмчилж авах хүсэлт гаргасан гээд хүлээн авсангүй. Ичинхорлоо нь эхэндээ нүүнэ, удахгүй чөлөөлж өгнө гэдэг байсан боловч одоо чиний ч газар биш, улсын газар гэдэг болсон. Тиймээс иргэн Т.Ичинхорлоо нь миний өмчлөлийн газарт ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж ашиглаж, миний өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул миний өмчлөлийн газрыг чөлөөлж, дэлгүүрийн барилгаа нүүлгэхийг хариуцагч Т.Ичинхорлоод даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунтуяа болон түүний өмгөөлөгч Д.Урансувд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав Төмөрсүх, ээж Ичинхорлоо нар нь 2007 оноос хойш Баян-Уул суманд амьдарч байсан. 2012 онд одоогийн үл хөдлөх хөрөнгө барьсан газраа судлаад хэний ч өмч биш, эзэнгүй газар байсан тул ирж буусан. 2012 оны 3 сард уг газрыг өмчилж авах хүсэлт гаргасан боловч өргөдлийн хариу ирээгүй. Тэр чигтээ алга болсон. Ээж маань хааяа очиж сурагладаг боловч тоймтой хариу өгдөггүй. Ингээд 2012 оны 6 сард манайх 5:7 хэмжээтэй байшин барьсан. Аав маань удалгүй хүнд өвчний улмаас өөд болсон. Уг газар нь Ч.Туяагийн өмчлөлийн газар биш. Ээж аав маань түүнээс танай газар дээр болон хашаанд нь түр амьдаръя гэж огт гуйгаагүй. Туяагийн хашаа нь манай гэрийн баруун талаар байсан ба саяхан тэр хашаагаа бүгдийг нь нураасан. Одоо харуулаад байгаа кадастрын зурагт үл хөдлөх хөрөнгө давхацсан байгаа нь харагддаг. Хэдийгээр бид энэ газрыг одоог хүртэл эзэмшиж өмчилж аваагүй байгаа боловч 2012 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. 2012 онд эзэнгүй байхад нь ирж буусан тул сүүлд гаргаж өгсөн кадастрын зургаас болж бид хохирох ёсгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид урьд нь газрын даамлаас олон удаа сурагласан боловч хариу өгдөггүй байсан. Иргэдийн хурлын тогтоолын дагуу сумын Засаг дарга шийдвэр гаргаж газар өмчлүүлдэг. Ингэхдээ өмчлөгчийн нэр, газрын хэмжээ гээд бүх зүйлсийг тусгасан байхыг шаарддаг. Газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, байршил өөрчлөгдөөгүй байгаа. Сүүлийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн кадастрын зураг нь мэдээллийн санд ороогүй. Мөн кадастрын зургийг мэргэжлийн байгууллагаар зуруулах ёстой байтал газрын даамал өөрөө зураад сумын Засаг даргаар баталгаажуулсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр газрын даамлыг эдгээр зүйлсийг зөрчсөн, мөн мэдээллийн санд ороогүй зургийг баталгаажуулж өгсөн гэдгийг дүгнэсэн байгаа тул уг кадастрын зургийг хүчингүй зураг гэж үзэх боломжтой байна. 2010 оны зурагт Ичинхорлоогийн эзэмшлийн газар нэхэмжлэгчийн газарт давхцаагүй байгаа. Иймд хариуцагчийн газар руу илтэд дайрч байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэгч Ч.Туяагийн эзэмшлийн газарт барьсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний зүгээс нэхэмжлэгч Туяагийн эрхэнд халдсан зүйл байхгүй. Эзэнгүй газар үл хөдлөх хөрөнгө барьсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 17-ны өдрийн 138/ШШ2020/1214 дугаар шийдвэрээр:

- Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг, Хошуу Эрдэнэбулагийн 2 дугаар гудамжны 204 тоотод байрлах нэхэмжлэгч Ч.Туяагийн өмчлөлийн газраас 88,6 мталбай бүхий дэлгүүрийн барилгаа нүүлгэж, уг газрыг чөлөөлөхийг хариуцагч Т.Ичинхорлоод даалгаж,

- Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Т.Ичинхорлоогоос улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Туяад олгож, шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Ичинхорлоо түүний өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр шүүж чадаагүй гэж гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ч.Туяа нь Баян-Уул сумын 4 дүгээр баг, Хошуу Эрдэнэбулагийн 2 дугаар гудамжны 204 тоотод оршин суудаг, 1200 мкв талбай бүхий газар өмчлөх эрхтэй. Энэ өмчлөх эрхээ Баян-Уул сумын Засаг даргын 58 дугаар захирамжаар 2010 онд өмчлөн авсан. Уг өмчлөх эрх нь баталгаажсан кадастрын зургаар маргаан бүхий Ичинхорлоогийн эзэмшиж буй байшин доорх газар нь ороогүй байдаг. Гэтэл 2017 онд Ч.Туяа нь Баян-Уул сумын газрын даамал Бямбадоржийг янз бүрээр дарамталж байсаар тухайн газрыг хараат бус мэргэжлийн байгууллагаар кадастрын зураг хийлгүүлэхгүйгээр албан ёсны бус зургийг хэвлүүлж авсан болохыг шүүх хуралдаанаас хойш сонсож мэдлээ. Хэн нэгэн дуртай этгээд нь дур зоргоороо авирлан албан ёсны мэргэжлийн байгууллагаар хийлгүүлээгүй зургийг хэвлүүлж аваад нэгж талбарын дугаар үүсгэн газар өмчлөх эрхийн гэрчилгээ аваад байж болох уу. Энэ байдал эцэстээ олон маргаан дагуулах эх үндэс болох юм байна. Ч.Туяагийн газрын зураглал хийлгэсэн талаарх мэдээллийг сая шүүхэд өгсний дараа л мэдсэн.

Гэтэл Ичинхорлоо миний бие 2012 онд нөхрийн хамт уг газрыг ямар ч хүн өмчлөөгүй, эзэмшээгүй байхад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлөх хүсэлтээ төрийн зохих байгууллагад шийдвэрлүүлэхээр өгсөн боловч хариу өгдөггүй. Тэгсэн хирнээ хэнд ч өмчлүүлэхгүй яваад байсан. Сумын бүхий л хүмүүс, дарга, удирдлагууд манай байшинг 2012 онд барьсан гэдгийг мэдэж байгаа. Газар өмчлөх эрхийг маань шийдвэрлэхгүй болохоор 2 дахь удаагаа бичгээр хүсэлтээ гаргасан. Ч.Туяагийн хувьд миний байшингийн доорх газрыг өмчлөн авах тухай хүсэлтээ одоог хүртэл төрийн байгууллагад гаргаж өгөөгүй. 2014 онд сумын 90 жилийн ойтой холбогдуулан хашаа гудамж талбай эгнээг цэгцлэх нийгмийн хариуцлагын хүрээнд /энэ талаар шүүхэд ирээд л мэдлээ/ Ч.Туяа өөрийн газраасаа 198 мкв талбайг л хассан байна. Гэтэл энэ газрыг хаанаас яаж олгох тухай сумын эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй. Ч.Туяагийн хашааны урд хэсгийг ч хасах шаардлагагүй /шинжээчийн дүгнэлтээр/ буюу хасаагүй байхад зураг дээрээ хасуулаад 2017 онд Ичинхорлоо миний газар өмчлөх хүсэлт гаргасан газрыг оруулан зураг зуруулж авсан нь хэтэрхий нэг талын эрхийг зөрчсөн үйлдэл болох билээ. Хэн нэгэн хүний өмчлөх эрхэнд халдаагүй, өмчлөн авахаар хүсэлтээ өгсөн хүний барьсан байшин байсаар байтал тэр байшинг байгаа болохыг сумын удирдлага, газрын даамал мэдсээр байж, нэгж талбарын дугаар олгож болох уу. Тэр тусмаа Ичинхорлоо би нөхрийн хамт 2012 онд хэн ч эзэмшээгүй өмчлөөгүй байхад, Туяагийн өмчлөл эзэмшилд биш байхад байшингаа барьсан шүү дээ. Туяаг өмчлөөд авсны дараа байшин барьсан бол буулгах шийдвэр гаргаж болох юм. Энэ бол шударга бус явдал. Би Туяа гэгч хүнтэй газар түрээслэх, түр буугаад байшин бариад 3 жилийн дараа чөлөөлнө гэж огт яриагүй. Гэтэл үүнийг ярьсан, гуйсан мэтээр худлаа ярьдаг. Өмчлөлд байсан бол тухайн үедээ кадастрын зургаар тогтоогдоно.

Шинжээчийн дүгнэлтээр сумын газрын даамлыг буруутган нэгж талбарт өөрчлөлт болон шинэчлэл хийх тохиолдолд кадастрын хэмжилт, зураглалын ажлыг хийлгэх ба энэ ажлыг хийхгүйгээр мэдээллийн санд оруулахыг хориглоно гэж дүгнэсэн. Ч.Туяагийн өмчийн газрын байршил хэлбэр нь анх 2010 онд мэдээллийн санд бүртгэгдсэн. Одоо ч Туяагийн газрын хэмжээ 1200 мкв хэвээрээ газар өмчлөх гэрчилгээндээ 1200 мкв хэвээрээ байгаа. Харин газрын байршлыг өөрчлөхдөө сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаагүй, Засаг даргаар захирамж шийдвэр гаргуулаагүй. Энэ хүний хувьд газрын хэмжээгээ өөрчлөхдөө төрийн мэдлийн газрыг л авч байгаа шүү дээ. Тэгэхээр заавал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, өөрийн нэрээр газрын байршлыг заасан Засаг даргын захирамж гаргуулан уг газраа өмчлөх эрхээ хууль ёсны болгоно. Мэргэжлийн хараат бус байгуулагад газрын кадастрын хэмжилт зураг хийлгэн сумын газрын даамалд бүртгүүлж, газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж улсын бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах ёстой. Тэгвэл сумын ИТХ-аар газар зохион байгуулалт хийлгүүлээгүй, сумын Засаг даргын захирамж гараагүй байтал үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан нь хууль ёсны биш. Миний хувьд хууль, ном журмынх нь дагуу хандаад явж байгаагаараа хохирч байна.

Шүүхээс Ичинхорлоо намайг газрын даамлын кадастрын зураг, түүний дагуу олгосон үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийг авсан үйл баримтанд маргадаггүй гэж буруу дүгнэлт хийлээ. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч охин Т.Ариунтуяа болон өмгөөлөгч нар маань энэ үйл явдлыг миний нэгэн адил шүүхэд гаргаж өгсний дараа болон шинжээчийн дүгнэлттэй танилцахдаа мэдсэн гэх бөгөөд энэ талаар хууль зөрчсөн, буруу гэж маргадаг. Мэдээж шүүхэд маргааныг хянан шийдвэрлэж байгаа тул шүүхээс гарах шийдвэрийг хүчин төгөлдөр болтол асуудлаа эцэслэн шийдэхэд энэ үйл баримтын хууль зөрчсөн эсэх нь тогтоогдох тул бид шүүхийн шийдвэрийг л харж байна. Биднийг маргадаггүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад шүүх зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

07 тоот шинжээчийн дүгнэлтийн 2-р хавсралтад Ч.Туяагийн газрын талаар тусгахдаа Газрын мэдээллийн сангийн зурагт иргэн Ч.Туяагийн өмчилж авсан хашааны зураг гэж оруулсан байгаа нь анх авсан газрын 1200 мкв талбай бүхий зураг. 2017 онд газрын даамал Бямбадорж иргэн Ч.Туяад гаргаж өгсөн кадастрын зураглалаар манай газрыг оруулан өөрийнхөө өмчилж байсан газрынхаа 2 хажуугаас хассан байдаг. Тэгвэл өөрийнхөө урд байгаа газрыг хэнд өгөх гээд хэний шийдвэрээр хасаад байгаа юм бэ. Үүнийг хасах шаардлагагүй байхад миний хүсэлт гаргасан газрыг авах гэсэн арга болсон гэж би ойлгож байна.

Ингэснээр түүний авах газрын хэмжээнд миний байшин болон бусад хэсэг орох болсон. Магадлан хэмжилтээр миний хүсэлт гаргасан газар, Туяагийн өмчилж буй газар хангалттай хэн нэгэн хүний эрхийг зөрчихгүй байх боломжтой байдаг. Тэгээд ч Туяа нь сая шүүхэд нэхэмжлэл гаргаад дундуураа хэдэн жил хаалт болж, газраа зааглаж байсан хашаагаа нурааж зориуд манай байшинг миний газар дээр барьсан болгож байгаа нь дэндүү увайгүй үйлдэл болжээ. Би даанч ингэж ардуур муухай зүйл хийж явааг нь мэдээгүй. Энэхүү хэмжилтээр хөрш залгаа газар нь 2 өөр хаягтай. Миний байшин барьсан газрын хаяг нь хошуу Эрдэнэбулагийн 204а гэсэн хаягтай бөгөөд энэ нь маргаж буй 204 тооттой нэг хаягт биш гэдэг нь тодорхой байдаг. Шүүхээс Т.Ичинхорлоо намайг 204 тоот хаягт газар өмчилж аваагүй болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар батлагдаж байх ба хариуцагч тал энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа үгүйсгээгүй гэдэг. Гэтэл энэ маргаан бүхий хаяг нь 204 тоот бөгөөд Туяагийн маргаад минийх гээд байгаа газар нь сумын эрх бүхий байгууллагын хаягжилтаар 204а болсон байдаг. Энэ 204а тоотод Туяа газар өмчилж аваагүй.

Шүүхээс төрийн байгууллагаас Ичинхорлоогийн газар өмчлөх эрхийг хангаагүй асуудлыг шүүх дүгнэх боломжгүй гэжээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар хэн нэгэн этгээд өмчлөх эрхээ хамгийн эхэнд өгсөн хүнд тухайн газрыг өмчлүүлэх ба хэрвээ энэ талаар үндэслэл бүхий татгалзал байвал тухайн иргэнд газрыг өмчлүүлэхгүй байх боломжтой байдаг. Энэхүү газар өмчлөх тухай Ичинхорлоогийн хүсэлтэнд төрийн байгууллагаас нэг ч удаа хариу өгөөгүй, ьхамгийн эхэнд өргөдөл гаргасан Ичинхорлоогийн газар өмчлөх эрхийг шийдэх боломжтой бөгөөд шүүх газар олгохгүй бусдад өмчлүүлсэн эрх зөрчигдсөн үйлдэлд дүгнэлт хийх боломжтой гэж ойлгож байна.

Шүүхийн иргэний нэгж талбарын өөрчлөлт хийхдээ мэргэжлийн байгууллагын хэмжилтгүйгээр кадастрын зураг гарган баталгаажуулж, газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй тухай газрын даамлын зохих журмаа зөрчсөн үйлдлийн талаар дүгнэсэн боловч энэ нь кадастрын зургийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь газрын даамал иргэн, аж ахуй нэгжийн газар өмчлөх, эзэмших эрхийг батлахдаа заавал мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэсэн зургийг хүлээн авч газрын мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулан кадастрын зураг гаргаж өгдөг хууль, журмыг зөрчсөн байхад буруутгах үндэслэлгүй гэж хуульд нийцэхгүй тайлбар гаргасан нь хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон.

Гэтэл Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-д Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй... эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна гэж зохицуулсан ба Ч.Туяад анх олгосон эрх бүхий этгээдийн гаргасан захирамжтай 2017 онд олгосон газрын хилийн цэс нь тохирохгүй байгаа нь газрын байршлыг өөрчлөх талаар захирамж гаргаагүй түүний газрын хэмжээ байршлыг өөрчлөх эрх нь баталгаажаагүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан нь хууль зөрчсөн гэдгийг нотолж байна. Шүүхээр шийдүүлэх тухай маргаанд хамаарах асуудалд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад биднийг бусад газарт гомдлоо гаргаагүй гэж дүгнэснийг ойлгохгүй байна.

Давхцаж буй газрыг Туяагийн өмчлөлийн газар биш гэж үзэх үндэслэл болохгүйн зэрэгцээ хариуцагч Ичинхорлоогийн бусдын өмчлөлийн газрыг зөвшөөрөлгүйгээр ашиглах эрхтэй гэж үзэх боломжгүй юм гэсэн нь алдаатай байна. Учир нь Туяагийн өмчлөлийн газар нь Ичинхорлоогийн барьсан байшинтай давхцаж байгаа гэдэг нь газрын нэгдмэл санд ороогүй баталгаажаагүй, газрын даамал нь Туяагийн газар биш, шинжээчийн дүгнэлт нь Туяагийн өмчлөлийн газар биш гэж дүгнэж байгаагаар Туяагийн эрхийг зөрчсөн үйлдэл Ичинхорлоод байхгүй байна. Ичинхорлоо хэдийгээр албан ёсоор газраа өмчилж аваагүй, энэ нь төрийн байгууллагын эс үйлдэхүйгээр хохирч хугацаа алдаж байгаа ч газар өмчлөх хүсэлт өгсөн цор ганц хүн нь юм. Тэгээд ч төрийн байгууллага Ичинхорлоог нүүлгэнэ гэсэн хүсэлт шаардлага тавиагүй.

Ер нь шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нь гэрчээр асуухад огт мэдлэггүй байгаа нь энэ хэрэгт дүгнэлт гаргахдаа эрх зүй, өөрийн мэдлэг ур чадвараар хандсан гэхэд итгэл үнэмшилгүй байна. Дүгнэлт ч ойлгомж муутай, хоёр салаа утга санаатай, /дүгнэлт гаргасан/ Гэрэлмаа, Мөнхнаран, Отгонжаргал нар яг энэ чиглэлээр дүгнэлт гаргах чадвартай, туршлагатай болох нь тогтоогдохгүй байна. Газар зохион байгуулалтын улсын хяналтын байцаагч дүгнэлт гаргах ёстой гэж маргаж байна. Энэ талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж дүгнэх бол процесс ажиллагаа хийлгэх хэрэгтэй.

Иймд анхан шатны шүүхээс хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан, бодит байдлыг дүүрэн хянаж тогтоож чадаагүй шийдвэр гаргасан тул хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Туяа нь хариуцагч Т.Ичинхорлоод холбогдуулан Өмчлөлийн газрыг чөлөөлж, дэлгүүрийн барилгаа нүүлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.Ичинхорлоо эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2 дахь талууд/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны зүйлийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Талуудын маргаж буй газар буюу хариуцагч Т.Ичинхорлоогийн байшин байгаа газар нь нэхэмжлэгч Ч.Туяагийн өмч мөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч.Туяа нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2006 оны 10 сарын 18-ны өдрийн 58 дугаар захирамжаар тус сумын 4 дүгээр баг, банкны баруун талд 1200 мкв газрыг өмчилж авсан. Өөрийнхөө газар дээр хилийн зааг тогтоон хашаа татсан, 2010 онд кадастрын зураг хийлгэсэн, хариуцагч Т.Ичинхорлоогийн хувьд маргааны зүйл болж байгаа газар дээр 2012 онд бууж, байшин барьсан үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 33-35, 52, 87, 91, 92 дахь талууд/

Зохигчдын маргаж буй газар дээр хариуцагч Т.Ичинхорлоог 2012 онд буухад /байшин барих үед/ нэхэмжлэгч Ч.Туяагийн өмчилж авсан, хилийн зааг тогтоосон, кадастрын зурагт зурагдсан газартай уг газар давхцаагүй байна. Иймд хариуцагч Т.Ичинхорлоог нэхэмжлэгч Ч.Туяагийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Мөн Сумын захиргаанаас 2014 онд Сумын 90 жилийн ой тэмдэглэхтэй холбоотойгоор Ч.Туяагийн өмчилж авсан 1200 мкв газрын хашааг урд болон хойд талаас нь хасч, хилийн зааг болон хашааг өөрчлүүлжээ.

Нэхэмжлэгч Ч.Туяа хасуулсан газрын оронд өөрийн газраа зүүн тийш нь сунгах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Т.Ичинхорлоогийн байшин байгаа газрын байршлыг өөрчилж, газрыг Ч.Туяад өмчлүүлж өгсөн эрх зүйн акт гараагүй байна.

Энэ талаар хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэнд газар өмлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ... сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох; гэж, 13 дугаар зүйлийн 13.1.2-т сум, дүүргийн Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх; гэж Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг заасан, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын байршил, нийт хэмжээний тухай саналыг ...сумын хувьд, тосгон бүрээр, ... зориулалт бүрээр тус тус боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн аймаг, ... засаг даргад хүргүүлэх; гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т ... иргэдийн газар өмчөх хүсэлтийг сумын Засаг дарга хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах; гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд сумын Захиргааны байгууллагаас энэхүү ажлыг зохион байгуулж явуулах бол хуульд заасны дагуу хариуцагч Т.Ичинхорлоогийн байшин байгаа газрыг сум, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээний талаар саналыг хэлэлцэж, уг саналыг үндэслэн сумын Засаг дарга захирамж гарган шийдвэрлэх ёстой. Гэтэл ийм ажиллагаа явагдахгүйгээр Ч.Туяагийн өмчилсөн газрыг зөвхөн кадастрын зураг өөрчлүүлэх замаар хариуцагч Т.Ичинхорлоогийн байшин байгаа газрыг нэхэмжлэгч Ч.Туяагийн өмчлөлд олгох эрх зүйн хувьд боломжгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэхгүй, нэгэнт олгосон газрын байршлыг газрын кадастрын зургаар өөрчилж болохоор дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлах үндэслэл болсон байна.

Иймд зохигчдын маргаж байгаа газар буюу хариуцагч Т.Ичинхорлоогийн байшин байгаа газрыг нэхэмжлэгч Ч.Туяагийн өмчлөлийн газар гэж дүгнэх боломжгүй учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Туяад шаардах эрх үүсээгүй гэж дүгнэв.

Иймээс хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ч.Туяагаас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Т.Ичинхорлоо, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 17-ны өдрийн 138/ШШ202001214 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Т.Ичинхорлоод холбогдох Дорнод аймгийн Баян-Уул сум, 4 дүгээр баг, Хошуу Эрдэнэбулаг 2 гудамж, 204 тоотод байрлах өмчлөлийн газрыг чөлөөлж, дэлгүүрийн барилгаа нүүлгэх тухай нэхэмжлэгч Ч.Туяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Туяагаас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ