Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2021/00009

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2021/00009

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2021/00072/И

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Хүсэлт гаргагч Д.*******

Түүний өмгөөлөгч А.Отгонбаяр

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 104 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн Д.******* түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Д.*******ын нэхэмжлэлтэй Улсад ажилласан байдал тогтоолгох тухай 148/2021/00072/И индекстэй, 2 хавтас иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.******* анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт 2001 оноос цагдаагийн ахлагчаас цагдаагийн ахлах офицероор хүртэл ажилласан. Би нягтлан бодох ажил үүргээсээ гадна эргүүл хамгаалалт томилгоот үүргийг гүйцэтгэж ирсэн боловч Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрх маань зөрчигдөж байна. Цагдаагийн газарт 20 гаруй жил ажилласан. Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86,2-т зааснаар ажиллаж байсан хугацаандаа цагдаагийн газрын эргүүл харуул, ёс журмын эрүүлийн томилгоонд үүрэг тасралтгүй гүйцэтгэн ажилласан хугацааг 1 жилд 3 сараар тооцож, нийт ажилласан жилийг 5 жил 2 сарыг нэмэгдүүлэх үндэслэл болно. миний ажилласан жилийн хугацааг нэмэгдүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

 

Өмгөөлөгч А.Отгонбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.6 дах хэсэгт зааснаар 20 жил гаруй хугацаанд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн газрын үйл ажиллагааны код журмын дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт тогтмол үүрэг гүйцэтгэж эргүүл хамгаалалтын чиг үүрэгтэй ажиллаж байсныг тодорхойлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 104 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ын 2012 оны 10 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсныг тогтоож, түүний 2001 оны 04 дүгээр сарын 01-ээс 2012 оны 09 дүгээр сарын 31, 2021 оны 01 сарын 28-аас 2021 оны 02 сарын 01-нийг хүртэл хугацаанд Цагдаагийн газарт ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хүсэлт гаргагч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын тооцооны нягтлангаар анх ажилд орж 2001 оны 04-р сарын 15-ны 54 тоот тушаалаар тус тасралтгүй 20 гаруй жил гүйцэтгэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс миний ажилласан байдлыг тогтоохдоо 2001 оноос 2012 оны 10-р сарын 01-нийг хүртэл ажилласан хугацааг нотлогдохгүй гэж үзэн хасч тооцсонд гомдолтой байна. Хэрэгт нотлох баримтуудаа хангалттай өгсөн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2001 оны 04-р сарын 01-ний өдрөөс 2012 оны 09-р сарын 31, 2021 оны 01-р сарын 28-ны өдрөөс 2021 оны 02-р сарын 01-нийг хүртэл хугацаанд хэв журмын эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхаас гадна дан ганц 3 гэрчийн тодорхойлолт, мэдүүлгээр энэ байдал тогтоогдохгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгосонтой санал нийлэхгүй байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан тухай ЦЕГ-ын даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын албан тоот, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн даргын албан тоот, мөн нэр бүхий Цагдаагийн албанд ажиллаж байсан ажилтнууд болох Т.*******, Т.*******, С.*******, Б.*******, Ц.******* нарын тодорхойлолт болон гэрчээр хууль сануулан өгсөн мэдүүлгүүд мөн МУ-ын ЦЕГ-ын архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэг байсаар байхад шүүх дээрхи баримтуудыг нотлогдоогүй гэж үзсэнд гомдолтой байгаа юм.

Цагдаагийн албанд ажиллаж байгаа тангараг өргөсөн Цагдаагийн албан хаагч бүр өөрийн үндсэн үүрэгт ажлаас гадна нийгмийн хэв журам сахиулах, эргүүл, хамгаалалт, эрэн сурвалжлах зэрэг ажлуудыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны кодын дагуу батлагдсан хуваарийн дагуу хийж гүйцэтгэдэг журамтай байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.******* нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч улмаар түүний хүсэлтийг заримыг нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хүсэлт гаргагч Д.******* давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Хүсэлт гаргагч *******ийн ******* нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2001 оны 04 сарын 15-ны өдрийн 54 дугаартай тушаалаар тус цагдаагийн газрын тооцооны туслах нягтлан бодогчоор энгийн орон тоон дээр томилогдон ажиллаж байгаад 2001 оны тус цагдаагийн газрын даргын 2001 оны 12 сарын 03-ны өдрийн 174 дугаартай тушаалаар цагдаагийн ахлагч цолоор шагнуулж, улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ зааснаар цагдаагийн алба хаагч болсон байна.

Д.******* нь 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тус Цагдаагийн газарт тасралтгүй ажиллаж байгаа ба одоо Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн ахлах нягтлан бодогчоор цагдаагийн хошууч цолтой үүргээ гүйцэтгэж байгаа болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын архивын 2021 оны 02 сарын 16-ны өдрийн 25-07/210 дугаартай, мөн архивын 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 5а/1081 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн болон Мандал сум дахь Цагдаагийн газрын даргын тодорхойлолт, гэрч Б.*******, Ц.*******, Т.******* С.*******, Ц.******* нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 355 тоот тушаалын хуулбар, Мандал сумын цагдаагийн газрын тодорхойлолт, Д.*******ын 2012 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 01 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн томилгооны хуудас, жижүүрийн бүрэлдэхүүн, харуулын томилгооны хуудас, нөхцөл байдлын мэдээний хуудас, илтгэх хуудсууд, эргүүлийн тэмдэглэлүүд зэргээр хүсэлт гаргагч Д.******* нь цагдаагийн алба хаагч болсноор өөрийн үндсэн ажил үүргээс гадна Цагдаагийн газрын даргын тушаалаар ёс журмын эргүүлийн үүргийг давхар гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүхээс Д.*******ын 2001 оны 04 сарын 01-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 31, 2021 оны 01 сараас хүсэлт гаргах хүртэл хугацаанд үндсэн үүргээс гадна ёс журмын эргүүлийн үүргийг давхар гүйцэтгэж байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн байх боловч цагдаагийн алба хаагч нар нь үндсэн үүргээс гадна Цагдаагийн газрын даргын тушаалаар жижүүр, харуул, хэргийн газрын үзлэгийн хэсэгт эргүүлийн томилолт, ёс журмын эргүүлийн үүргийг давхар гүйцэтгэдэг болох нь дээрхи баримтуудаар тогтоогдож байх тул тухайн онуудад үндсэн үүргээс өөр үүрэг гүйцэтгэж байгаагүй гэж шууд үгүйсгэх боломжгүй юм.

 

Иймд хүсэлт гаргагч Д.*******ыг 2001 оны 12 сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн үндсэн үүргээс гадна ёс журмын эргүүлийн үүргийг давхар гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэлтэй тул түүний давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 104 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ыг 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллах хугацаандаа үндсэн ажлаас гадна ёс журмын эргүүлийн үүргийг давхар гүйцэтгэж байсан болохыг тогтоосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хүсэлт гаргагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН