Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 34

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй 

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Хохирогчийн өмгөөлөгч: В.Удвал

Хохирогч: Б.Г

Иргэдийн төлөөлөгч: Д.Цэрэндорж

Шүүгдэгч: Л.М, Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан, гэрч П.Б, Б.М, Б.М, Л.Г нарыг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Б, Б овогт Лгийн М нарт холбогдох 1712000790017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Г.Б   Б овогт Л. М 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг ... гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Гтой маргалдан улмаар хэвлийн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Бын мэдүүлсэн: ...Намайг гэдэс рүү өшиглөсөн гэж хэлсэн. Надад өшиглөсөн зүйл байхгүй. Би салгах гэж яваад ийм хэрэгт холбогдсон. Энэ хэргийг Г ах өөрөө эхлүүлсэн бөгөөд гэрт байхад Л.Мын төмсөгнөөс барьж авахад гэрийн багана унаад гэрийн эзэн Б та нар боль гэж хэлээд салгах гэтэл салахгүй, зууралдаад байсан. Г ах бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд, харин Л.Мтай арван жилээсээ хойш найзалж байгаа. Тэгээд би дундуур нь ороод салгасан чинь Г ах миний гарнаас хазсан. Би өөрөө салгачихаад энэ хоёроос холдсон. Тэр үед зодоон удаан үргэлжлээгүй. Хэсэг хугацааны дараа Л.М толгой хагарчихлаа гээд Цагаан толгой рашаан руу гүйгээд явсан. Удалгүй толгойгоо боочихсон намайг авах гээд мотоциклио бариад ирсэн. Л.Мыг ирэхэд Г ах нь хоёулаа сайхан зодолдъё  гэж хэлээд барьж аваад байсан. Л.М бид хоёр явъя гээд хоёулаа яваад Л.Мын гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь  Г ахын эхнэр утсаар дуудаад байхаар нь очсон чинь Г ах нь хөл нүцгэн, хувцас өмсөөгүй машин дотроо сууж байсан. Бид хоёр очоод түүний бие муу байна, эмнэлэг, цагдаа дуудъя гэж хэлсэн чинь Г ах “цагдаа эмнэлэг дуудаад яахав, та нар залуу хүмүүс, ах нь гэртээ харимаар байна гэж хэлж байсан. Г ахын эхнэртэй С.М Цагаан толгойн рашаан руу өвчин намдаах эм авахаар явахдаа төмсөгөө харуулсан байх. Г ахын төрсөн ах нь гээд Г ах “залуу хүүхдүүдэд гай боллоо, чи өөрөө л ингэж салганаж яваагүй бол ийм зүйл болохгүй байсан” гэж хэлж байсан. Би гомдолтой байна. Гэрчээр татагдаж мэдүүлэг өгч байснаа сүүлдээ яллагдагчаар татагдаж шүүгдэгч болсондоо гомдолтой байна. М эгчид Г ах нь С.Маас одоо л мөнгө салгаж авахгүй бол болохгүй гэдэг байдлаар ярьж хэлсэн байсан гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Мын мэдүүлсэн: ...Тухайн өдөр Г ах  өөрөө зодоон үүсгэж, миний бэлэг эрхтнээс базаж зуураад зодоон эхэлсэн. Надад өшиглөсөн удаа байхгүй, шанаа орчим нь гараараа нэг удаа цохисон. Маргааш нь Б утсаар дуудахаар нь ирсэн чинь бие нь зүгээр, биед нь хөхөрсөн зүйл харагдаагүй. Г ах өөрөө хэлэхдээ сумын төв ороод яахав, цагдаа сэргийлэх гэж яваад яахав, ах нь гэртээ харихад болно, гэртээ байна гэж хэлээд явсан гэв. 

Шүүх хуралдаанд хохирогч Б.Гийн мэдүүлсэн: ...Цагаан толгой гэх газар машинтай явж байгаад хүнтэй уулзаад мал ачуулах гэж ярьсан. Тэнд байсан Л найз маань 3-4 шөнө тоглочихлоо гээд хоёр гурван залуучуудтай пиво уугаад сууж байхаар нь талыг нь надад үлдээчих гэж хэлсэн чинь Л хөгшин нь их ядраад байна, мотоцикль ачаад машинаар чинь хамт явъя гэж хэлээд тэнд байсан хүргэн, дүү Н гуйгаад мотоциклио миний машин дээр ачаад хөдөлсөн. Цагаан толгойн рашаан дээрээс хөдлөх гээд гарсан чинь хязгаарласан хашаа байхаар нь тэндээс гарах гэж явтал хоёр мотоцикль дээр дөрвөн залуу байсан. Г, С.М, Б нар тэнд байсан. Тэгээд жолооч талаар зүтгэсээр байгаад миний рулыг булаагаад авахаар нь чи яагаад миний рулыг булааж авч байгаа юм бэ гэсэн чинь чи ямар юм үзээгүй юм бэ, ойрхон газар очоод ирье гээд миний машиныг барьсан. Б Лгийн баруун талаар ирж суугаад, Г миний машиныг бариад Н гэх айлын гадаа очсон. Нгийн гэрт ороход Г өврөөсөө нэг пиво гаргаж ирэхээр нь түүнийг тойруулж уугаад сууж байсан нөгөө юм аа аваад ирээч гэхээр нь машин дотор байсан нэг шил архи, нэг ундааг гэрт оруулаад, ундааг нь Мгийн хүүхдэд өгсөн. Нэг шил архиа ширээн дээр тавиад архи хундгалж байсан чинь та их хийгээд байна гээд Б надаас авсан. Архи тойруулаад байж байхад маргаан үүссэн. Б, М хоёрт нэг, нэг пиво аягалж өгөөд, нэг, нэг архи татуулсан. Нэг харахад архи ч нэлээн болсон байсан. Нэг харахад М дээр сууж байснаа намайг цохиж авахад нь би хойшоо унаж гэрийн багана хөдөлгөсөн. Гэрийн багана унаад ирсэн чинь айлын эзэн гэр орон буулгаад нураагаад хаячихлаа, гарцгаа та нар гэж хэлээд хөөсөн. Тэгээд бид нар гэрээс гарсан. Гэрээс гараад Л.М намайг өшиглөж эхэлсэн. Л.М бид хоёр зууралдаад байж байхад Б араас ирээд юундаа муудалдаад байгаа юм бэ гэж хэлээд татсан чинь М Бын араас дахиад намайг өшиглөсөн. Миний гэдэс аймаар өвдөөд ирэхээр нь Быг нэг удаа хазсан. Тэгээд Б хүн салгах гэж байхад яагаад намайг хазаж байгаа юм бэ гэж хэлээд 2-3 удаа өшиглөсөн. Г, Г, Б, М, Л нар байсан. Л тухайн үед унтаж байсан. Маргааш өглөө нь шөнийн 04 цагт гэдэс халуу дүүгээд өвдөөд байхаар нь Бээс “энэ хоёрыг хаана байгаа юм бэ гэж асуусан чинь дээшээ явсан гэж хэлэхээр нь би бие нэг л болохгүй байна, гэр рүү залгаад гэрээс хүн дуудаад өгөөч” гэж хэлсэн. Б манай эхнэр рүү залгаад эхнэр маань ахыг гуйгаад намайг авах гэж ирсэн. Тэр үед нь миний гэдэс улам их өвдөөд байсан. М, Б нарыг утсаар дуудахад хоол идчихээд очъё гэж хэлээд ирсэн. Ирэхээр нь манай эхнэр сумын төв орж эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн чинь бид хоёрт мөнгө байхгүй гэхээр манайд ч гэсэн мөнгө байхгүй байна, рашаан дээр очиж таньж мэддэг хүн байвал дуудаж сумын төв рүү хүргүүлье гэж ярилцсан. Тэгсэн Б цагдаа дуудна гэж юу байдаг юм бэ, та нар шиг хүнд эмнэлэг дуудаж өгнө гэж юу байхав гэж хэлж байсан. Тэгээд Б миний машиныг унаад Туулант багийн төв дээр Энх-Амгалан гэх айлд очоод би унтлаа, М эгч машинаа бариад явчихна биз дээ гэж хэлсэн. Тэгээд эхнэр машинаа бариад гэртээ харьсан. Гэртээ хариад хэвтэх гэтэл улам өвдөөд байхаар нь ах дүү нартаа хэл өгч дуудуулсан.  Тэгээд нэг ахыгаа дуудаж машинаараа Цэцэрлэг сум орж А эмчид үзүүлсэн. Эмч үзээд наадах чинь болохгүй болсон байна, шууд аймаг явж үзүүл гэж хэлсэн. Өвчин намдаах тариа хийгээд шууд аймгийн төв рүү явсан. Орой 10 цаг болж байхад сумаас гарч өглөө 05 цагийн үед аймгийн төвд ирж эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд хагалгаанд орсон гэв. 

 

Шүүх хуралдаанд гэрч П.Бийн мэдүүлсэн: ...М сууж байснаа гэнэт Г ах төмсөгнөөс базлаа гээд босоод ирсэн. Тэгээд Г, Б хоёр салгаад аваад гарсан. Гэрээс гараад юу болсныг мэдэхгүй байна, хараагүй. Гэрээс гараад буцаж орж ирэхэд М орж ирээгүй. Тэгээд орой 03 цагийн үед манай гэрт орж ирээд Цагаан толгойн рашаан руу яваад мотоциклио аваад ирлээ гэж байсан. Тэгээд Г ахад та миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн гэв. 

Шүүх хуралдаанд гэрч Б.Мийн мэдүүлсэн: ...Нөхөр маань 08 сарын 02-ны өдөр гэрээсээ гараад 03-ны өдөр Цагаан толгойн рашаан дээр хүмүүстэй нийлж архи уугаад хоорондоо маргаан үүсээд, зодуулсан байсан. Б манай гэрийн утас руу 2-3 удаа залгаж нөхөр чинь энд зодоон хийгээд босч явж чадахгүй байна, таныг ирж ав гээд байна гэж хэлэхээр нь машин тэргээ бариад явсан юм чинь өөрөө хүрээд ирж чадахгүй байгаа юм уу гэсэн чинь босч чадахгүй байна гээд байна, та хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би яваад очсон чинь нөхөр ёолоод хэвтэж байсан. Тэгээд яасан юм гэж асуусан чинь хүмүүст зодуулчихлаа гэж хэлэхээр нь гэрт байсан Бээс асуусан чинь Г, Г, Б, М нар байсан чинь хоорондоо зодоон хийсэн гэж хэлсэн. Би тухайн үед М, Б нарыг дуудах гэсэн утсыг нь мэдэхгүй, тэгээд  хүн амьтнаас асууж дугаарыг нь олж залгаад дуудсан. Хүрээд ир та хоёрын зодсон хүн чинь гэдсээ даахгүй, босч чадахгүй байна, сумын эмнэлэг дуудъя гэж хэлсэн. Удалгүй Л.М, Б нар  ирэхээр нь асуусан чинь сүртэй юм болоогүй шүү дээ, ямар сүртэй юм, ганц гарын ая даахгүй гэж хэлж байсан. Тэр өдөр сүлжээгүй байсан учраас сумын эмч рүү залгаж чадаагүй, багийн эмч рүү ярьж асуусан чинь багийн эмч хараад мэдэх боломж байхгүй, зодож цохисон хүнээ аваад сумынхаа эмнэлэг рүү хандаарай гэж хэлсэн. Тэгээд сум руу явах гэсэн яваад өгөх хүн байхгүй, туслалцаа үзүүлсэн хүн байгаагүй. Манай хүн явъя, харъя, хүүхдүүд рүүгээ явъя гэж хэлсэн. Тэгээд ах Оыг дуудаж сумын эмнэлэг рүү ирсэн боловч сумаас аймаг руу яв гэж хэлсэн. Тэгээд аймагт  ирээд хүнд хагалгаанд орсон. Намайг араас нь эмч дуудахаар нь би ирсэн. Намайг эхлээд очиход Б М, Б хоёр нөхрийг чинь зодсон гэхээр нь М, Б нарыг дуудсан гэв.   

Шүүх хуралдаанд гэрч Б.Мгийн мэдүүлсэн: ...Манай гэрт шөнө 01 цагийн үед ирсэн. Тэгээд манай гэрт ороод орны ширээний урд юм ярьж байгаад маргалдаж гэрээс гараад явсан. Би араас нь хамгийн сүүлд дээлээ нөмрөөд гарсан. Намайг гэрээс гарахад бүгдээрээ байсан байх. Зарим нэг зүйлийг сайн санахгүй, мэдэхгүй байна. Юу болсон талаар хараагүй гэв. 

Шүүх хуралдаанд гэрч Л.Гантулгын мэдүүлсэн: ...Хэдэн сарын хэдний өдөр хэрэг болсон гэдгийг сайн санахгүй байна. Рашаан дээр М бид хоёр очсон байсан. Орой болтол тоглоод орой болсон байхад Г рашаан уугаад Мгийн гэр рүү явсан байсан. Тэгээд нэлээн орой болсон учраас Мгийн гэр рүү явъя гээд сууж байсан рашааны урдуур нилээн хаазтай машин ирэхэд нь мотоциклио асаагаад гарах гэж байтал Г ах ирсэн. Тэгээд намайг дуудахаар нь би явлаа гэж хэлчихээд явах гэтэл наашаа суугаач хамт явъя гэхээр нь би машиныг нь бариад явсан. Тэгээд Мгийн гэр рүү орохдоо машины түлхүүрийг нь салгаагүй гэр рүү яваад орсон бөгөөд түлхүүр үлдээсэн гэдгээ ч анзаараагүй. Тэгээд сууж байсан М яаж байгаа юм бэ гэж хэлээд Гийг цохиод авсан чинь Г багана мөргөж унасан. Багана унахад Б айлд ирчихээд та нар яагаад байгаа юм бэ, уусан юмаа шингээж чадахгүй бол гарцгаа гэхээр нь бид нар гарсан. Тэгээд гадаа гараад зодоон болоогүй, нэг пижигнэлдээд явсан чинь Мын толгойг Г хагалсан юм шиг байна лээ. Бид нар гэр рүү ороод сууж байсан  чинь Г явлаа гээд машины түлхүүрээ асуугаад байсан. Тэгээд машины түлхүүрийг нь олоогүй, пиво ууж байхад Г гараад архи, задалсан ундаа оруулж ирэхдээ өөрөө авсан байсан юм шиг байсан. Машины түлхүүрийг хайгаад олохгүй сууж байсан Мын толгойноос нь цус гарсан,  рашаан ороод ирлээ гээд үүдэнд зогсоод байхаар нь би Мыг гэрээс авч гарсан. Тэгээд Боргоо ч араас ирээд бид хоёр Мыг аваад гарсан. Гадаа байхад л Г М руу дайраад байсан. Тэгээд би Мыг салгаад, Боргоо ч Гийг салгасан. Зодоон болсон асуудал дээр сүртэй зодоон болоогүй, дээр доогуураа ганц хоёр цохилцож авсан удаа байгаа байх гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 1712000790017 дугаартай эрүүгийн хэргээс: 

Хохирогч Б.Гийн мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би Цэцэрлэг сумын Туулант багийн нутагт байх Цагаан толгойн рашаан дээр ганцаараа очсон. Тухайн үед шөнийн 01 цаг болж байсан. Тэнд би нутгийн залуучууд болох Б, М, Г, Л нартай таарсан, тэгээд бид хэд Н гэх айлд очиж ганц нэг пиво ууцгаасан. Тэгсэн М над руу үг хаяад өдөөд байсан. Тэр үед миний машины түлхүүр алга болсон байхаар нь та нар миний түлхүүрийг харсан уу гэсэн чинь чиний машиныг унах юм уу гээд М, Б хоёртой маргалдсан. Тэгээд гэрээс гарч Б намайг боль боль гээд цааш түлхсэн маягтай байж байхад М Бын хажуугаар орж, миний элэг, хэвлий орчим хүчтэй өшиглөсөн. Тэгсэн чинь би хэсэг ухаан балартаж газарт унасан, тэгсэн Б ирээд намайг барьж авахаар нь би мөр орчим нь хазсан чинь хүн өмөөрч байхад гээд миний гэдэс хэвлий орчим дахин өшиглөсөн. Тэгээд нэг сэрсэн чинь Нгийн гадаа хэвтэж байсан. Миний гэдэс 4 удаа тасарсан гэж эмч хэлсэн бөгөөд хагалгаанд ороод удаагүй байгаа. Мөн зүүн шанаа хавдаж хөхөрсөн байсан. Одоо биеийн байдал муу байна. Би машины түлхүүр алга болсон байна гэж маргалдаад л зодуулсан. Дараа нь миний түлхүүр гараад ирсэн. Анх Мыг өшиглөхөд л их хүчтэй өвдөж, ухаан балартсан. Эхний өшиглөлтөөс л миний гэдсэнд гэмтэл учирсан. Би маш их гомдолтой байна. Биеийн байдал муу байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/

 

Хохирогч Б.Гийн дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь эмнэлгээр явж байгаагүй, надад архаг хууч өвчин байхгүй. Би Улаанбаатар хот руу хонь ачиж, явж зарах ажилтай байсан. Тэр ажлаараа хот руу явах гэж байсан болохоос биш өөрөөр эмчилгээ хийлгэх ажилтай явах гээгүй. Үзүүлж, харуулах өвдөж байсан зүйл байхгүй. М одоогоос нэг жилийн өмнө намайг бас зодож байсан, тэр үед миний нүд улайж хөхөрч, хавдсан байсан. Тэр үед нь бол гомдол саналгүй гээд хаясан бөгөөд надад тухайн үед эмчилгээний зардал өгнө гэсэн боловч өгөөгүй, бензины мөнгө ав гэж 20.000 төгрөг өгөөд намайг зайл гэсэн. Тэгээд л өнгөрсөн бөгөөд тэр асуудлыг тухайн үед нь тэгээд хаясан. Одоо бол тухайн үеийн гэмтэл эдгэрсэн учраас гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Тэгээд Мад өмнө нь зодуулж байсан болохоор согтуудаа базчихсан байсан. Базсан гэдгээ сайн мэдэхгүй байгаа. Ер нь бол Г, Б, Г, М нартай Цагаан толгойн рашааны хашааны гадаа таарсан. Гэтэл Г намайг түлхэж нөгөө талын суудал руу шахаад миний жолоог булааж аваад Нгийнд очихоор явцгаасан. Тэд нар намайг хүчээр Нгийн гэр рүү авч яваагүй бол би тэр айлд очихгүй байсан. Би тэд нартай уулзахын өмнө нэг том пиво уусан халамцуу байсан. Нгийн гэрт очоод, Н, Нгийн эхнэр Б, Г, Б, М, Л, Г, бид нар пиво уусан. Тэрнээс хойш би машинд байсан 1 шил архи, ундаагаа гэрт оруулж задалсан бөгөөд бүгдийг нь уусан эсэхийг мэдэхгүй байна. Би зодоон болох үед нилээн халсан байсан, гэхдээ тасраагүй боловч нэг бүрчлэн дарааллаар нь мэдэхгүй, орон гаран санаад байгаа. Намайг хэн, хэрхэн цохиж зодсон гэдгийг мэдэж байгаа. Миний хажууд Г, Б, Г нар байсан. Н, Б нар гэртээ байсан байх, харин Л Нгийн гэрт ороод удаагүй байхад унтаад өгсөн. Зодооны талаар Л мэдэхгүй. Би бол нилээн согтсон байсан, гэхдээ Мтай маргалдаж зодоон хийсэн, М над руу дайраад өшиглөж байхад Б нь дундуур нь орж больцгоо гэсэн хирнээ намайг зодуулаад өшиглүүлж, Б ч өөрөө намайг өшиглөж аваад байсан. Тийм учраас хамжиж зодсон гэж үзэж байгаа. Намайг яг яаж зодсон талаар Нгийн эхнэр, манай эхнэр Мт маргааш өглөө нь намайг босч чадахгүй байхад хэлсэн байсан. Б, М нар бүлэглэж зодсон, гэхдээ зэрэг 2 талаас өшиглөж зодоогүй, нэг нь барьж байгаад нөгөө нь зодоогүй, ээлжлээд өшиглөж зодсон. Миний хамарнаас цус гарсан, баруун талын шанаа орчим арзгар ултай гутлын мөр гарсан байсан. Би тухайн үед гэдсээ даахгүй, халуу дүүгээд хавдсан байдалтай байж байгаад эмнэлэгт хүргэгдээд үзүүлэхэд 4 хэсэг газар гэдэс тасарсан гэж байсан. Тэгээд хагалгаа хийлгэж залгуулсан. Одоо биеийн байдал нэг үеэ бодвол биеийн байдал гайгүй болж байгаа ч хүндрэх, шээх үед маш их хүндрэлтэй өвдөж байгаа. Одоо ч гэдэсний хавдар буугаагүй байна. Ямар ч байсан Батбаатр, М нар ганц нэг цохилт даахгүй, арчаагүй гэх мэтийн зүйл ярьсан байсан, би тухайн үед өвдөлтөндөө тэр талаар мэдээгүй. Маргааш өглөө нь Мын толгой халцарсан байсан бөгөөд намайг чулуугаар цохисон гэж байсан. Би тэр талаар санахгүй байгаа, өөр цохиж зодсон асуудал байхгүй. Б намайг хазаад авахаар нь өмөөрч байхад гээд намайг өшиглөсөн гэж маргааш нь ярьж байсанн. Би хазсан талаараа мэдэхгүй байна. Мад би өмнө нь зодуулсандаа төмсөгнөөс нь базаж авсан юм шиг байна лээ. Тэгээд л хэрүүл зодоон эхэлсэн гэж бодож байна. Өөр ямар нэгэн зодоон болох шалтгаан байхгүй. Г, Г, Нгийн эхнэр, Н 4 харсан. Аль аль нь намайг өшиглөхийг харсан. Б, М нарын аль аль нь намайг өшиглөсөн үйлдлээс болж надад гэмтэл учирсан гэж бодож байна. Гэдэс 4 тасарсан нь нэг өшиглөлтөөс үүсэхгүй байх гэж бодож байна. Би тухайн үед агсан тавьж, хэн нэгнийг зодсон асуудал байхгүй. Би гомдолтой, эмчилгээ хийлгэх шаардлагатай байна, надад ямар ч эмчилгээний зардал өгөөгүй, одоогийн байдлаар надаас ойролцоогоор 2 сая гаруй төгрөг гарсан байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 хуу/

 

Гэрч Б.Мийн дахин мэдүүлсэн: ...Намайг Нгийн гэрт яваад ороход гэдэс болохгүй байна гээд эвхрээд хэвтсэн, дээлээ нөмөрсөн гэрийнх нь баруун талын орны урд хэвтэж байсан. Гэрийнх нь гадаа хоноод өглөө орж ирсэн юм шиг байна лээ. Ямар ч байсан босч чадахгүй биеийн байдал нь маш муу байсан. Би анх очоод хэн зодсон, яасан, юу болсон гэж асуухад Гын Б, М нар Гтой маргалдаж муудалцаад зодоон хийсэн гэж Нгийн эхнэр хэлсэн. Тэгэхээр нь Гын гэрт явж очоод танай хүүхэд хаана байна, Гийг зодсон байна, хүүхдээ олж өгөөч гэж хэлээд Цагаан толгойн рашаанаар хайгаад олоогүй. Тэгээд Нгийн гэрт очтол Г ах эхнэрийг хамт Нгийнд ирээд залуу хүүхдүүдийн арга, эвийг нь олохгүй, та нарын хэлж ярьж байгааг одооны залуу хүүхдүүд яаж даахав, чи л болохгүй зүйл ярьж байгаад зодуулаа биз гэсэн утгатай зүйл яриад яваад өгсөн. Би тухайн үед эмнэлэгт хүргээд машин тэрэг олоод өг гэж зөндөө гуйсан чинь өөрсдөө учраа ол гээд туслаагүй, тэгээд Б, М нарын утсыг олоод дуудуулсан чинь хоол идчихээд очлоо гээд нилээн удаж байж ирсэн. Тэгээд би өөрөө машинаараа Гийг сумын төв рүү авч явсан. Нгийн эхнэр надад Б, Мөнбат нар хэрүүл, маргаан, зодоон хийсэн. Гэхдээ нэг их сүртэй зодоон болоогүй, энэ ах худлаа баашлаад байх шиг байна лээ, машинаа тойроод бөхийгөөд яваад байх шиг байсан, тэгээд эвхэрч унаад байсан, харин манайд орж ирээд эвхэрч унаад босоогүй, эхнэр дуудаад өгөөч гээд намайг дуудуулсан гэж ярьж байсан. Нгийн эхнэр надад хэлэхдээ М, Г хоёрыг барьцалдаж аваад гэрт нь зодоон эхлэхэд нь Б салгаж дундуур нь ороод Гийг 2 өшиглөсөн гэж ярьсан. Тийм болохоор Б эхлээд өшиглөсөн юм шиг байна лээ. Тэгээд л Нгийн эхнэр гарцгаа гээд хөөгөөд гаргасан гэж байсан. Харин Г нь гадаа гараад үзэлц гээд байсан гэж Нгийн эхнэр ярьсан болохоос биш би огт мэдэхгүй байна. Би Быг өшиглөсөн гэж анх сонсоод Б руу чи зодсон гэж дайрсан чинь Б 2-3 цохилт даахгүй, баашиллаа, арчаагүй энэ тэр гээд байсан. Г надад тодорхой зүйл тухайн үедээ ярьж чадахгүй байсан. Сүүлд асуухаар М, Б нар хамжиж зодсон гэсэн. Гийг М өмнө нь зодсон асуудал нилээн удсан байна, 1-2 жилийн өмнө Г сумын төв рүү явчихаад ирэхдээ аймаар зодуулчихсан, нүүр нь битүү хавдар болчихсон ирсэн чинь М зодсон гэж байсан. Тухайн үедээ хэл, ам хийгээд чимээгүй орхисон, уучлаарай гээд байсан учир гомдол санал гэлгүй хаясан. Дахиад зодож байна гэсэн үг. Тухайн үед юунаас болж зодоон хийсэн талаар мэдэхгүй байна. Тэр асуудал болсон он, сар, өдрийг санахгүй байна. Г зодуулахаас өмнө ямар ч эмчилгээ хийлгэж байгаагүй, архаг хууч өвчин байхгүй, эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явах ажил байгаагүй. Харин хот руу хонь ачиж, аваачиж зарах ажилтай байсан. Г эмчилгээнд явах гэж байсан асуудал огт байхгүй, харин зодуулсан байхад нь эмнэлэг рүү авч явах шаардлагатай байгаа талаар хэлсэн. Мухар олгойтой байсан асуудал огт байхгүй. Гэмтэл авчихсан үхэх гэж байсан хүн ямар юмаараа юм салгах гэж ярих билээ, огт үндэсгүй зүйл ярьсан байна. Г, Нгийн эхнэр,Г 3 байсан. Удалгүй Н малаасаа ирсэн. Өөр хүн байхгүй байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 40-42 хуу/ 

 

Гэрч П.Бийн мэдүүлсэн: ...Намайг гэртээ нөхөр, хүүхдийн хамт унтаж байхад тухайн шөнө буюу 2017 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00-01 цагийн үед манайд Г ганцаараа эхэлж орж ирээд Мг чи намайг таньж байна уу гэсэн. Гэтэл М танина гээд боссон, гэтэл араас нь Б, М, Г, Г, Л нар орж ирсэн. ...Тэгээд би босч идээ авч өгөөд байж байтал нэг том савтай Боргио пиво гаргаж ирээд ууцгаасан бөгөөд хэн гаргаж ирсэн гэдгийг санахгүй байна, мөн Г гэдэг нь нэг шил архи гаргаж ирээд задалсан. Тэгээд архины тал, пивоны талыг уугаад сууж байх зуураа Г нь Мыг чи өмнө нь зодож байсан гэх мэтийн зүйл яриад байснаа ах дүүс боллоо гээд эвлэрч байгаа байдалтай болоод байсан. Г нь тухайн үед нилээн согтуу, хүн хүн рүү огшоод агсрахн шинжтэй байсан. Ер нь жаахан агсан юм шиг байна лээ. Тэгээд байж байснаа гэнэт М ухасхийгээд босоод ирэхэд нь Г Мыг салгаад гэрийн баруун талын ор руу холдуулсан. Тэр үед М Гийг төмсөг базлаа гэх зүйл яриад уурлаад байсан. Харин Г нь Г Мыг салгаад холдуулж байхад араас нь очиж Мын толгой руу цохиж авсан. Мөн тэр үед Гийг Б салгаад холдуулж байсан. Тэгээд намжаад сууцгааж байгаад бүгд гарцгаасан. Тэр үед Г руу Г нь машины түлхүүрийн хулгайд гүтгээд түлхүү нэхээд байх шиг байсан. Харин М бид хоёр гараагүй, гэртээ үлдсэн. Г түлхүүр аваагүй, таньд өөрт чинь байгаа гээд байсан. Гэтэл гэрийг гадаа Мын толгойг Г хагалчихсан юм шиг байна лээ, тэрийг бол хараагүй, гадаа юу болсон талаар мэдээгүй, толгой хагалсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Толгойгоо хагалуулчихаад М рашаан руу явган яваад мотоцикль унаж ирээд манай гэрт орж ирээд толгой хагалчихлаа гээд харуулж байсан. М бид хоёр толгойг нь хараад өнгөрсөн. М тухайн үед Быг аваад мотоцикльтой явах гэсэн чинь Г нь Мыг хоёулаа сайхан зодолдчихъё гээд зүгээр байлгахгүй байсан. Харин М үгүй, би зодоон хийхгүй гээд байсан чинь Г нь Мыг машин руу шахаад тулгаж түлхсэн. Тэр үед М та яагаад хазаад байгаа юм эр хүн байж гэхэд нь Б дундуур нь ороод салгатал бас Бын гараас Г гэдэг ах хазчихсан. Мын хаанаас нь хазсаныг мэдэхгүй. Би гэрийн гадаа харж байсан бөгөөд хазаж байгаа нь харагдаагүй. Тэгээд Бын гараас хазчихлаа гээд Б Г хоёр хоорондоо ноцолдоод нэг нэгнийгээ  өшиглөөд байсан. Хэн нь хэнийгээ хэдэн удаа өшиглөсөн гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд салцгаасан байхад би гэртээ орсон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, удахгүй явцгаасан, өглөө үүрээр гэрийн гадаа машинаа асааж явах гэснээ ёолоод явж чадахгүй. Машинаа тойроод алхаж байгаад манайд орж ирээд хэвтсэн байсан. Тэгээд үхлээ гэрээс эхнэрийг дуудаад өг гэхээр нь утсаар ярьж дуудаж өгсөн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Миний үүрээр гэрийн гадаа харсан зүйлийг хэлсэн. Тэр нь болохоор Быг Г хазсанаас болж барьцалдаж аваад нэг нэгнийгээ өшиглөөд байсан асуудал байгаа юм аа. Өөр зүйл Мт хэлээгүй. Тэр талаар нарийн хэлж мэдэхгүй байна, гэхдээ бөгсөн бие, гуя, хөл орчим руу нь өшиглөөд байгаа юм шиг харагдсан. Яг нарийн хаана нь, хэдэн удаа өшиглөсөн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гийн биед өөр ил харагдах, нүүр аманд нь ямар ч гэмтэл байгаагүй. Сүртэй зодоон болоогүй. Бүгд салаад явснаас хойш өглөөгүүр гэрийн гадаа ёолоод үхлээ гээд байсан. ...Гэрийн гадаа унтахаар зүйл болоогүй, гэртээ орж байхад тарцгаасан. Манайд Г, Л нар үлдээд Л өглөө яваад өгсөн. Л манайд орж ирээд удаагүй алга болчихсон чинь машиндаа унтсан юм шиг байна лээ, өглөө гарч ирж байсан. Манайд орж ирээгүй, зодоон болоход огт байгаагүй. Харин зодооны талаар Г, Г, Б, М, Г нар сайн мэдэх ёстой. Миний харснаар бол Г гэмтэл авахаар зодуулсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 хуу/  

 

Гэрч Б.Мийн дахин мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 07:00 цагийн үед манай утас руу Мгийн эхнэр Б залгаад танай нөхөр гэдсээ бариад ёолоод хэвтээд байна, ирж ав гэж хэлүүллээ гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Гийн төрсөн ах Г, төрсөн эгч М нарыг аваад Бийн гэрт очсон юм. Тэр үед намайг гэрт нь яваад ороход манай нөхөр гэрийн баруун талын орон дээр эвхрэлдээд хэвтчихсэн ёолоод байж байсан. Намайг гэрт нь ороход Б манай нөхөр хоёр хамт байж байсан. Бийн нөхөр нь хониндоо явчихсан байсан. Тэгээд би юу болсон талаар нөхрөөсөө асуухад М, Б хоёр намайг зодчихлоо гэж надад хэлсэн. Тэгээд би Бээс юу болсон талаар асуусан чинь урд шөнө манай гэрт зодоон болоод М, Г хоёр барьцалдаж аваад байж байсан чинь дундуур нь Б орж салгах гээд Гийн гарыг барьчихсан байсан чинь Г Бын гарыг хазаад тавиулчихсан чинь Б уурлаад Гийн гэдэс рүү 2 удаа өшиглөчихлөө гэж Б надад хэлж байсан. Тэгээд би тэр яриаг Бээс сонсоод мотоцикльтой Бын гэрт нь очихоор явсан юм. Тэгээд гэрт нь очсон чинь Б гэртээ байхгүй, аав, ээж хоёр нь гэртээ байсан. Тэгээд би Бын ээжид нь болсон явдлын талаар хэлээд танай хүүхэд хаана байгаа юм бэ, Б манай нөхрийг зодчихсон байна гэж хэлсэн чинь Быг хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ олж өг, манай нөхрийн биеийн байдал муу байна гэсэн чинь аав, ээж хоёр нь хаана байгааг нь мэдэхгүй гэсэн. Тэгээд би буцаад Бийн гэрт очоод Быг гэртээ байхгүй байна, хаашаа явсан юм бол гэж асуусан чинь Б манай гэрээс доошоо уруудаад явсан гэхээр нь би Мын гэрийн утас руу залгаад Бээр М руу яриулсан чинь М, Б хоёр хамт хоол хийж идээд байж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсыг нь аваад Мтай яриад, хаана байна, Гийн бие муу байна, та хоёр ирж уулз гэсэн чинь тэр хоёр удалгүй мотоциклтой Бийн гэрт ирсэн. Тэгэхээр нь би яагаад Гийг гэмтээчихсэн юм бэ, машин тэрэг олоод өг хамт сумын төв рүү явъя гэсэн чинь Б Гтой уулзаад та ямар арчаагүй юм бэ хоёр цохилт даахгүй гээд байсан. Тэгээд манай нөхөр М, Б хоёрт хэлэхдээ би эмнэлэгт үзүүлээд хүнд байна гэвэл та хоёрыг дуудна шүү, харин хөнгөн зүгээр байвал ахад нь гомдол, санал байхгүй гэж хэлж байсан. Тэгээд би аваад сумын эмнэлэг рүү орсон. 2017 оны 08 дугаар сарын 11-ний үед байх, би өдрийг нь санахгүй байна, манай гэрт Б, М хоёр ирээд эмчилгээний зардал мөнгө хэдэн төгрөг гарсан юм бэ, бид хоёр төлнө гэж Б, М хоёр ярьж байсан. Тэгээд би нийт 2.000.000 төгрөг гарсан байх гэсэн чинь тэр хоёр тийм их мөнгөн төлж чадахгүй, та 1.500.000 төгрөг гэж өмнө нь хэлж байсан, тэр мөнгийг чинь л өгье гэж надад хэлсэн. Тухайн үед Гийн ах нь намайг хүргэж өгчихөөд, гэрийн гадаа Гтой уулчихаад яваад өгсөн. Намайг Бтэй уулзаж байхад миний хажууд өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/

 

Гэрч Г.Л мэдүүлсэн: ...Би тухайн үед хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна, хүмүүсийн дам ярьж байгаагаар Батсайхан овогтой М гэх манай багийн айлд архи ууцгааж байгаад хэрүүл маргаан болж ганц 2 удаа цохилцсон сураг, дам яриа байсан бөгөөд сүртэй зодоон цохион болоогүй, Г согтуу томроод ганц нэг удаа цохиж авахаар нь зөрүүлээд ганц, хоёр удаа цохиж авсан гэхээр зүйл ярьсан. Дэлгэрэнгүй хэн нь, хаана нь цохиж, зодсон талаар яриагүй. Г нь М, Б Нс ахмад настай, хааяа архи уучихдаг, уусан үедээ ааш зан муутай, хэрүүл маргаан үүсгээд байдаг, агсандуу зантай, архи уугаагүй үедээ гайгүй сайхан зантай, мэнд устай явдаг. Харин М, Б нар манай төрсөн дүүгийн анги гээд манайхаар орж гарч явдаг, зодоон цохион, хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, томоотой, өмнө нь хэрэг зөрчилд орж байсан эсэх талаар мэдэхгүй залуус байна. М, Б нар нь гэр бүл тусдаа салаагүй, эцэг, эхийн хамт амьдардаг. М өмнө нь Гийг зодож байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Гийн ээж намайг ажилтай айл өрхүүдээр тойрч явахад надад хуучлаад Гийг Б, М нар хамжиж зодоод, гэдэс гүзээг нь болохыг нь байлгачихсан хагалгаанд ороод биеийн байдал нь таагүй, өвс хадлангаа ч бэлдэж чадахгүй байгаа талаар ярьж байсан. Өөр дэлгэрэнгүй зүйл яриагүй учир нарийн зүйлийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/

Гэрч Б.Мгийн мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар 02-ноос 03-нд шилжих шөнө би эхнэрийн хамт 22 цагийн үед унтсан, манайх зун Туулант багийн нутаг Цагаан толгойн рашааны хойд талд Хөх хад гэх газар зусаж байсан. Манайхыг унтаж байхад гэрийн гадаа машин ирж зогсоод Г намайг таних уу гэсээр 00 цагаас 01 цагийн үед орж ирсэн. Тэгээд л араас нь М, Б, Г, Г, Л нар цувж орж ирсэн. Манайд орж ирцгээж байгаад тэд нар өөрсдөө архи, пиво оруулж ирээд ууцгаасан, харин би уугаагүй гэртээ байж байсан. Архи, пиво ууж байхдаа М, Г 2 маргалдаад байх шиг байсан, юунаас болж маргалдаад байсан гэдгийг сайн мэдэхгүй, би ярианд нь огт оролцоогүй. Тэгээд л нилээн ярилцаж сууж байгаад М нь төмсөг базчихлаа гэж босч ирээд Гтой барьцалдаж авах гэж дайраад манай гэрийн багана унаад Г, Б нар салгаад намжаад гарцгаасан. Б бид 2 та учраа олцгоо гэж хэлээд гарцгаасан. Гадаа гараад юу болсон талаар сайн мэдэхгүй байна, тэрнээс хойш орж гарч зууралдсаар байгаад өглөө үүрээр машин түлхүүр байхгүй байна гэх мэтийн хэрүүл маргаан тасраагүй. Тэгээд гэрээ орж байхад Г нь Быг хазчихлаа гэж Б ярьж байсан, би тэр үед хамгийн сүүлд араас нь гарсан, гэрийн гадаа болсон асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Намайг гарсан чинь Б чи ор, ор ах дүү хүмүүс хоорондоо учраа олно биз гээд оруулсан. Тэр үед өглөө гэгээ орсон байсан. Тэгээд гадаа байсан хүмүүс явж тарааж, гэрийн гадаа Г муужирч унаад явж чадахгүй, ёолоод үлдсэн. Би Гийг зодуулсан талаар мэдэхгүй, худал мэдүүлэг өгөөгүй. Тэрийг хараагүй, мэдэхгүй. Маргалдаад л гэнэт босч ирцгээсэн, яагаад тэгсэн талаар ч мэдээгүй, төмсөг базсан гэх асуудал яриад байсан. ...Хамгийн сүүлд Бийн араас гарахад зодоон болж байгаа асуудал мэдэгдээгүй, бүгд л энд тэнд байсан. Гэрийн гадаа Г, Г, М, Б, Г нар байсан. Хоорондоо барьцалдсан, зууралдсан асуудал байгаагүй. Өглөө гэгээ ороод явцгаах гэх үед эвхэрээд явж чадахгүй болчихсон байсан. Шөнө барьцалдаж, зууралдаж, хэрүүл маргаан хийж байх үед нь биеийн байдал нь зүгээр байсан. Гт хэний үйлдлийн улмаас гэмтэл учирсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Г манайд ирэхдээ согтуу л байсан, өөр ямар ч зовиур ч мэдэгдээгүй. Быг хүмүүс Боргоо гэж хочилж дууддаг, манай тэр хавийн нутгийн залуу, зан байдал нь дажгүй,яриа хөөрөөтэй, мэнд устай явдаг. М нь ч гэсэн ялгаагүй. Г архи их уудаг, агсан согтуу тавьдаг гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ надад агсан согтуу тавьж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/

 

Гэрч Д.Гийн дахин мэдүүлсэн: ...Би тухайн үед Нгийн гэрт сууж рашаан ууж байсан. Намайг гэрт байхад М рашаан дээр хүрээд ир гэж дуудахаар нь яваад очиж тоглож байгаад 00-01 цагийн үед явж унтлаа гэсэн чинь Г, М, Б бид нар хамт гарч явах гээд байж байтал Г их хаазтай машинтай согтуу давхиж ирсэн. Тэгээд Нгийн гэрт очсон. Нгийн гэрт бид нар пиво уусан. Г нэг шил архи, нэг ундаа гаргаж ирсэн бөгөөд би элэг муутай архи уудаггүй учир уухгүй гэсэн чинь намайг шахаад байхаар нь би уулгүй асгачихсан. Тэгээд Г Мын төмсөгнөөс базлаа гээд М Гийг цохиод авсан чинь салгаад багана унаад бид нар гарцгаасан. Тэгээд салгачихаад би буцаад гэрт орсон. Гэрийн гадаа өөр юу болсон талаар мэдэхгүй. Намайг гэрт байхад гадаа маргалдаж байгаад орж ирсэн. М орж ирээгүй, жаахан байж байгаад толгой хагалчихлаа гээд М орж ирсэн. Бид нар машины түлхүүр хайгаад байж байсан. Тэгээд М, Г 2 маргалдаад бид нар гэрээс авч гарсан, гэрээс гаргачихаад буцаад гэрт орсон. Тэгээд орж гараад л хэрүүл маргаан, машины түлхүүр гэсээр байгаад гэгээ орох дөхсөн. Огт цаг хараагүй учраас цаг хэд болж байсан талаар мэдэхгүй. Г өөр цохиулж, зодуулахыг хараагүй. Гийг хэн өшиглөж унагасан талаар би огт хараагүй, мэдэхгүй байна. Надад хэргийн талаар нуусан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

 

Гэрч Л.Гын дахин мэдүүлсэн: ...Г өөрөө Мын төмсөгнөөс базлаа гэж М Гийг гараараа нүүр, шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиж аваад босцгоож зодоон хийх гэхэд нь би Гийг татаж, Мыг түлхээд холдуулсан. Тэгээд гэрийн багана унаж Б уурлаад хэрүүл, маргаан үүсч гарцгаасан. Гэрийн гадаа гараад Г салж яваад Б, М бид гурав гэрийн зүүн урд талд зогсож байсан чинь Г М руу дайрч барьцалдаж аваад дахиж Б бид хоёр салгасан. Тэр үед чулуугаар Мын толгойг хагалсан юм байна лээ, тэрийг нь би тухайн үедээ мэдээгүй. Тэгсэн чинь М рашаан руу шууд яваад өгсөн байсан. Харин Г явах гээд машины түлхүүр хайж гэрт орцгоож машинй түлхүүр хайгаад олохгүй, Г түлхүүрээ нэхэж намайг машин барьж ирсэн, чи авсан гэх мэтийн зүйл яриад байсан. Харин дараа нь түлхүүр өөрийнх нь гутлын түрийнээс гарч ирсэн гэсэн. Түлхүүрээс болоод хэрүүл маргаан болоод түлхүүр хайгаад байж байсан чинь М буцаж ирсэн. Ирэхдээ толгойноос нь цус гарчихсан байдалтай ирсэн. Гэрт орж ирээд М шууд Г руу дайрах гэхэд нь шууд буцаагаад аваад гарсан. Гэрийн гадаа хэрүүл маргаан болж байгаад гэрийн урд байсан машины ард суусан чинь Г М хоёр барьцалдаж авсан. Тэр үед Б дундуур нь орж салгаад ах нь ах шиг байж чадахгүй, найз нь найз шиг байж чадахгүй гэж уурлаад дундуур нь орсон. Тэр үед Г Бын гарнаас хазсан гэсэн. Тэр үед нь би Гийг хойш нь түлхэж салгасан. Яг хазахыг нь хараагүй. Тухайн үед гэгээ орох гэж байсан. Тэгээд би гэрт орж Г машиныхаа тэнд үлдэж, М, Б нар явсан. Би гэрт ороод удаагүй гарч рашаан руу явсан. Намайг рашаан руу явахаар гарч ирэхэд Г машиныхаа ард хэвтэж байсан бөгөөд надаас тамхи асуухаар нь тамхи байхгүй гэж хэлээд явсан. Би хажууд нь байнга салгаж явсан. Намайг хажууд нь байхад бол Гийг М, Б нарын аль нь ч өшиглөөгүй, цохиж зодоогүй байх. Би хараагүй. Б уурлаад Г болон М хоёрын дундуур орох үед Б хазуулсан байх, би мэдээгүй. Барьцалдаж авч өшиглөсөн гэх асуудлыг хараагүй. Гараад зодолд гэж хэлээгүй, айлын гэрт багана унаад эхнэр нь уурлахад гарч учраа ол гэж хэлээд авч гарсан. Надад нуусан, худал мэдүүлэг өгсөн асуудал байхгүй. Худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагын талаар ойлгосон. Ер нь бол Гтой сүртэй зодоон болоогүй. Г зодооноос болж гэмтэл авсан бол барьцалдаж авах үед намайг салгаж байхад доогуур, дээгүүр өшиглөж, цохисон байхыг үгүйсгэх аргагүй. Харанхуй байсан болохоор би яг өшиглөж, цохиж байхыг нь хараагүй. Өөр гэмтэл авах шалтгаан байсан эсэхийг мэдэхгүй. Тухайн үед зууралдаж, барьцалдаж авсан асуудал байгаа ч өөр ямар нэгэн байдлаар унах, юм мөргөх асуудал болоогүй учир гэмтэл авах өөр нөхцөл байдал үүсээгүй. Харин Гийн ах Ганаа гэж байдаг бөгөөд Ганаа нь зодоон болохоос өмнө машинаар мөргөсөн тухайн манай тэнд байдаг О ярьсан байсан. Энэ талаар ээж надад хэлсэн. Тийм болохоор өмнө нь гэмтэл авсан байж магадгүй, гэхдээ яг хэзээ, яаж мөргүүлсэн талаар мэдэхгүй байна. Г анх таарахад ямар ч зовиур ажиглагдаагүй, согтуу л машинаа барьсан байсан. Г согтуу хамт явна гэхээр нь би түүнийг согтуу болохоор нь машиныг нь бариад явсан бөгөөд цаашаа бол согтуу байна гэсэн чинь өөрөө цаашаа болоод жолоогоо өгөөд хажууд суугаад явсан. Гийн биед учирсан гэмтэл хэний үйлдлийн улмаас учирсан болохыг би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/

 

Гэрч Б.Гийн мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө намайг гэртээ байхад Гийн эхнэр М над руу залгаад Гийн бие нь тааруу байна айлд байна, та хамт яваад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр би мотоцикльтой очиж Мийг аваад Н гэх айл руу яваад очсон чинь манай дүү Г гэр дотор баруун талын баганы доохон талд гэдсээ бариад атиралдаад  ёолоод хэвтэж байсан. Тэгэхээр нь би эмч Цэцэрлэг сумаас эмч дуудаж өгч явуулчихаад гэртээ харихаар яваад өгсөн юм. Тэр айлын хүүхэн болох Б надад М, Б хоёртой муудалцаж зодолдоод ийм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Гийн эхнэр М нь Б, М хоёрыг утсаар нь дуудаж олж ирээд, юу болсон талаар асуухад бид нар хоорондоо муудалцаад ийм болчихлоо гээд өөр юм ярихгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/

 

Гэрч Б.Мын мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө намайг гэртээ байхад Гийн эхнэр М над руу залгаад Гийн бие нь тааруу айлд байна, та хамт яваад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би мотоцикльтой Н гэх айлд яваад очсон чинь манай дүү Г гэр дотор гэдсээ бариад эвхэрээд ёолоод хэвтэж байсан. Тэгээд манай ах сумын төвөөс эмч дуудаж явуулсан. Би уулзаж асуугаагүй, манай ах айлын эхнэр гэх Бтэй уулзсан чинь М, Б хоёртой муудалцаад зододоод ийм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Гийн эхнэр М нь М, Б хоёрыг утсаар дуудаж олж ирээд юу болсон талаар нь асуухад бид нар хоорондоо муудалцаад ийм юм болчихлоо гээд өөр юм ярихгүй байсан гэсэн. Би тэр хоёроос юм асуугаагүй. Би Гоос юу болсон талаар асуугаагүй, тухай үед Г юм ярих ямар ч боломжгүй гэдсээ бариад ёолоод хэвтээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/

 

Шинжээч Б.Оын мэдүүлсэн: ...Миний гаргасан 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №345 тоот дүгнэлт үнэн зөв. Тухайн гэмтэл нь нэг удаагийн маш хүчтэй өшиглөлт, цохилт, цохигдох үйлчлэлээр болон олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь хэвлийн хөндийн цул эрхтэнүүд болон хөндийт эрхтэн буюу бүдүүн нарийн гэдэс цоорч урагдаж гэмтэх үед хүндрэл нь шууд эхлэх бөгөөд удах тусам хэвлийн гялтангийн үрэвсэл гүн хордлогоор хүндэрдэг. Хохирогч Б.Гийн хувьд нарийн гэдэс 4 хэсэг газар ойролцоо цоорсон учир хэвлийн хөндийд гэдэсний агууламж шууд гарч байсан. Үүнийг нэн даруй хагалгаа хийж гэдсийг оёсон байсан. Тийм учраас зодуулсан гэх цаг хугацаанд дээрх гэмтэл үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 345 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. 1. Б.Гийн биед хэвлийн битүү гэмтэл: Нарийн гэдэс дунд хэсэгтээ 4 хэсэг ойролцоо урагдсан, хэвлийн гялтангийн ялгадаст үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хэвлийн голын дунд шугамаар зүслэг хийж гэмтсэн нарийн гэдэс тайрч төгсгөл, төгсгөлөөр нь залган, хэвлийн хөндийг угааж цэвэрлэн, гуурсдах хагалгаа хийгджээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.12-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 90-91 хуу/

 

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 53-55, 61-62, 79-81 хуу/

Яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх-ийн 96-111 хуу/ зэрэг болно. 

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг Цагаан толгойн рашаан гэх газарт Б.М гэх айлын гадна иргэн Б.Г нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.Б, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг Цагаан толгойн рашаан гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Гтой маргалдан улмаар хэвлийн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “гэрээс гарч Б намайг боль, боль гээд цааш түлхсэн маягтай байж байхад М Бын хажуугаар орж, миний элэг, хэвлий орчим хүчтэй өшиглөсөн. Тэгсэн чинь би хэсэг ухаан балартаж газарт унасан, тэгсэн Б ирээд намайг барьж авахаар нь би мөр орчим нь хазсан чинь хүн өмөөрч байхад гээд миний гэдэс хэвлий орчим дахин өшиглөсөн. Миний гэдэс 4 удаа тасарсан гэж эмч хэлсэн бөгөөд хагалгаанд ороод удаагүй байгаа. Мөн зүүн шанаа хавдаж хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/, хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “М над руу дайраад өшиглөж байхад Б нь дундуур нь орж больцгоо гэсэн хирнээ намайг зодуулаад, өшиглүүлж, Б ч өөрөө намайг өшиглөж аваад байсан. Б, М нар бүлэглэж зодсон, гэхдээ зэрэг 2 талаас өшиглөж зодоогүй, нэг нь барьж байгаад нөгөө нь зодоогүй, ээлжлээд өшиглөж зодсон. Миний хамарнаас цус гарсан, баруун талын шанаа орчим арзгар ултай гутлын мөр гарсан байсан. Би тухайн үед гэдсээ даахгүй, халуу дүүгээд хавдсан байдалтай байж байгаад эмнэлэгт хүргэгдээд үзүүлэхэд 4 хэсэг газар гэдэс тасарсан гэж байсан. Тэгээд хагалгаа хийлгэж залгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21/, гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “намайг Нгийн гэрт яваад ороход гэдэс болохгүй байна гээд эвхрээд хэвтсэн, дээлээ нөмөрсөн гэрийнх нь баруун талын орны урд хэвтэж байсан. Би анх очоод хэн зодсон, яасан, юу болсон гэж асуухад Гын Б, М нар Гтой маргалдаж муудалцаад зодоон хийсэн гэж Нгийн эхнэр хэлсэн. Нгийн эхнэр надад хэлэхдээ М, Г хоёрыг барьцалдаж аваад гэрт нь зодоон эхлэхэд нь Б салгаж дундуур нь ороод Гийг 2 удаа өшиглөсөн гэж ярьсан. Би Быг өшиглөсөн гэж анх сонсоод Б руу чи зодсон гэж дайрсан чинь Б 2-3 цохилт даахгүй, баашиллаа, арчаагүй энэ тэр гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/, гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 07:00 цагийн үед манай утас руу Мгийн эхнэр Б залгаад танай нөхөр гэдсээ бариад ёолоод хэвтээд байна, ирж ав гэж хэлүүллээ гэж надад хэлсэн. Намайг гэрт нь яваад ороход манай нөхөр гэрийн баруун талын орон дээр эвхрэлдээд хэвтчихсэн ёолоод байж байсан. Би юу болсон талаар нөхрөөсөө асуухад М, Б хоёр намайг зодчихлоо гэж надад хэлсэн. Тэгээд би Бээс юу болсон талаар асуусан чинь урд шөнө манай гэрт зодоон болоод М, Г хоёр барьцалдаж аваад байж байсан чинь дундуур нь Б орж салгах гээд Гийн гарыг барьчихсан байсан чинь Г Бын гарыг хазаад тавиулчихсан чинь Б уурлаад Гийн гэдэс рүү 2 удаа өшиглөчихлөө гэж Б надад хэлж байсан. 2017 оны 08 дугаар сарын 11-ний үед байх, би өдрийг нь санахгүй байна, манай гэрт Б, М хоёр ирээд эмчилгээний зардал мөнгө хэдэн төгрөг гарсан юм бэ, бид хоёр төлнө гэж Б, М хоёр ярьж байсан. Тэгээд би нийт 2.000.000 төгрөг гарсан байх гэсэн чинь тэр хоёр тийм их мөнгөн төлж чадахгүй, та 1.500.000 төгрөг гэж өмнө нь хэлж байсан бөгөөд тэр мөнгийг чинь л өгье гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/, гэрч Г.Лувсанпэрэнлэйн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “хүмүүсийн дам ярьж байгаагаар Батсайхан овогтой М гэх манай багийн айлд архи ууцгааж байгаад хэрүүл маргаан болж ганц 2 удаа цохилцсон сураг, дам яриа байсан. Гийн ээж намайг ажилтай айл өрхүүдээр тойрч явахад надад хуучлаад Гийг Б, М нар хамжиж зодоод, гэдэс гүзээг нь болохыг нь байлгачихсан хагалгаанд ороод биеийн байдал нь таагүй, өвс хадлангаа ч бэлдэж чадахгүй байгаа талаар ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/, гэрч П.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Бын гараас хазчихлаа гээд Б Г хоёр хоорондоо ноцолдоод нэг нэгнийгээ  өшиглөөд байсан. Г өглөө үүрээр гэрийн гадаа машинаа асааж явах гэснээ ёолоод явж чадахгүй, машинаа тойроод алхаж байгаад манайд орж ирээд хэвтсэн байсан. Тэгээд үхлээ гэрээс эхнэрийг дуудаад өг гэхээр нь утсаар ярьж дуудаж өгсөн. Быг Г хазсанаас болж барьцалдаж аваад нэг нэгнийгээ өшиглөөд байсан асуудал байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49/, гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “архи, пиво ууж байхдаа М, Г 2 маргалдаад байх шиг байсан, юунаас болж маргалдаад байсан гэдгийг сайн мэдэхгүй. Тэгээд гадаа байсан хүмүүс явж тараад, гэрийн гадаа Г муужирч унаад явж чадахгүй, ёолоод үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/, гэрч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Г Мын төмсөгнөөс базлаа гээд М Гийг цохиод авсан чинь салгаад багана унаад бид нар гарцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/, гэрч Л.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн ”Г өөрөө Мын төмсөгнөөс базлаа гэж М Гийг гараараа нүүр, шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиж аваад босоцгоож зодоон хийх гэхэд нь би Гийг татаж, Мыг түлхээд холдуулсан. Гэрт орж ирээд М шууд Г руу дайрах гэхэд нь шууд буцаагаад аваад гарсан. Гэрийн гадаа хэрүүл маргаан болж байгаад гэрийн урд байсан машины ард суусан чинь Г М хоёр барьцалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/, гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би мотоцикльтой очиж Мийг аваад Н гэх айл руу яваад очсон чинь манай дүү Г гэр дотор баруун талын баганы доохон талд гэдсээ бариад атиралдаад  ёолоод хэвтэж байсан. Тэр айлын хүүхэн болох Б надад М, Б хоёртой муудалцаж зодолдоод ийм болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/, гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би мотоцикльтой Н гэх айлд яваад очсон чинь манай дүү Г гэр дотор гэдсээ бариад эвхэрээд ёолоод хэвтэж байсан. Манай ах айлын эхнэр гэх Бтэй уулзсан чинь М, Б хоёртой муудалцаад зододоод ийм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Гийн эхнэр М нь М, Б хоёрыг утсаар дуудаж олж ирээд юу болсон талаар нь асуухад бид нар хоорондоо муудалцаад ийм юм болчихлоо гээд өөр юм ярихгүй байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/, шинжээч Б.Оын мэдүүлсэн “Миний гаргасан 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №345 тоот дүгнэлт үнэн зөв. Тухайн гэмтэл нь нэг удаагийн маш хүчтэй өшиглөлт, цохилт, цохигдох үйлчлэлээр болон олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь хэвлийн хөндийн цул эрхтэнүүд болон хөндийт эрхтэн буюу бүдүүн нарийн гэдэс цоорч урагдаж гэмтэх үед хүндрэл нь шууд эхлэх бөгөөд удах тусам хэвлийн гялтангийн үрэвсэл гүн хордлогоор хүндэрдэг. Хохирогч Б.Гийн хувьд нарийн гэдэс 4 хэсэг газар ойролцоо цоорсон учир хэвлийн хөндийд гэдэсний агууламж шууд гарч байсан. Тийм учраас зодуулсан гэх цаг хугацаанд дээрх гэмтэл үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/, хохирогч Б.Гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 345 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-91/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 53-55, 61-62, 79-81/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Г.Б, Л.М нарын “хохирогч Б.Гийг хэн нь ч цохиж өшиглөөгүй, гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг, тэдгээрийн өмгөөлөгч С.Пийн “шүүгдэгч Г.Б, Л.М нар нь Б.Гийг зодож гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр бүрэн нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийн цагаатгах үндэслэлтэй” гэх санал зэрэг нь няцаагдаж байна.  

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б, Л.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Б овогт Гын Б, Б овогт Лгийн М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Б, Л.М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.  

 

Шүүгдэгч Л.М, Г.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гт 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ор хоногийн мөнгөнд төлсөн 300.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд Энэрэл, Хаш, Сүмбэр ар, Өнө энх зэрэг эмийн сангуудаас авсан эмний үнэ нийт 2.022.800 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу орсон зардалд 25.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймагт ирсэн зардалд 23.400 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Цэцэрлэг сумаас Эрдэнэбулган суманд ирсэн зардал 40.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Цэцэрлэг сумаас Эрдэнэбулган суманд ирж, буцсаны зардалд 100.000 төгрөг, нотариатын үнэ 7500 төгрөг, нийт 2.218.700 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 144-145 дугаар хуудсанд авагдсан баримтууд болон шинээр шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Л.Маас 1.109.350 /нэг сая нэг зуун есөн мянга гурван зуун тавь/ төгрөг, шүүгдэгч Г.Баас 1.109.350 /нэг сая нэг зуун есөн мянга гурван зуун тавь/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багт оршин суух Б овогт Бын Гт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Г нь нийт 3.149.051 төгрөг нэхэмжилсэн боловч үг, үсэг бүдэг, уншигдах боломжгүй нотлох баримттай болон нотлох баримт ирүүлээгүй 930.351 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтын бүрдүүлбэрийг ханган иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар шийдвэрлэв. 

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Лгийн М, Б овогт Гын Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Мыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Быг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Л.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Л.Маас 1.109.350 /нэг сая нэг зуун есөн мянга гурван зуун тавь/ төгрөг, шүүгдэгч Г.Баас 1.109.350 /нэг сая нэг зуун есөн мянга гурван зуун тавь/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багт оршин суух Боржгон овогт Батбумбын Гт /РД:АН81071912/ олгосугай.

5. Шүүгдэгч Г.Б, Л.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь өөрт учирсан бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                                ШҮҮГЧИД             П.ГАНДОЛГОР

                                                                                               Э.ОДХҮҮ