| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0045/З |
| Дугаар | 159/ШШ2025/0046 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 159/ШШ2025/0046
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Яын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын химийн хорт болон аюултай бодисын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Сд холбогдох “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын химийн хорт болон аюултай бодисын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Г.С-ын Д.Ад холбогдох 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0090728 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Г.С шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын химийн хорт болон аюултай бодисын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Г.С би 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар прокурорын дүгнэлттэй танилцлаа.
Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Алтанбулаг боомтод ажиллах явцад холбогдогч Д.А Гаалийн тухай хуулийн зөрчиж тарифын бус хязгаарлалттай барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдох барааг хурааж, 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж 0090728 дугаар шийтгэлийн хуудас бичсэн. Тус шийтгэлийн хуудсыг прокурорын дүгнэлтийн дагуу хүчингүй болгохыг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр баталсан "Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 4 дүгээр улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах шалгалт”-ын хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын химийн хорт болон аюултай бодисын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Г.С-ын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын химийн хорт болон аюултай бодисын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Г.С-ын “Д.Ад холбогдох 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0090728 дугаар шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу “Д.Ад холбогдох 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0090728 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Яаас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын химийн хорт болон аюултай бодисын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Сд холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын химийн хорт болон аюултай бодисын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Г.С-ын Д.Ад холбогдох 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0090728 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР