Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Билгүүн,                                            

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч Э.Сайнбилэгт, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарнууд овогт Энхтүвшингийн Сайнбилигтэд холбогдох эрүүгийн 201725021463 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Хэннэсси" ресторанд тогооч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9-130 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УУ-91102617 / Шарнууд овогт Энхтүвшингийн Сайнбилигт нь: 

 

- 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх тевийн замын урд талд иргэн Р.Пүрэвнямсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд  халдаж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 6-8, 11-14 /

Хохирогч Р.Пүрэвнямсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Өөрийн автомашин болох хар өнгийн Т.Харрер маркийн машинтай явж байтал урд талаас урсгал сөрөөд орж ирсэн. Тэгэхээр нь хажуугаар нь өнгөрөөд явахад үглээд байгаа харагдсан. Тэгээд МУИС-ын 5 дугаар байрны урд талд явж байтал хойноос гүйцэж ирээд намайг зам руу шахаж зогсоод жолооч нь болох нэг залуу намайг “ Буугаад ир. Яадаг муу пизда вэ “ гээд харааж байсан. Би “ Мэдрэл муутай юмтай таарчихлаа “ гэж бодоод “ Уучлаарай “ гэж хэлчихээд МУИС-ийн урд талын туслах замаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн зүг рүү явсан. Тэгээд толиндоо харсан чинь нөгөө цагаан кроун маркийн машинтай танихгүй залуу миний зүүн талаар орж ирэхээр нь яг мөргөх нь гэж бодоод баруун гар талруугаа шахаад хажуугаар нь өнгөрсөн. Тэгтэл урд гарж зогсоод машинаасаа бууж ирээд хайс орчмоор юм хайгаад байхаар нь би зугтах гээд машинтайгаа тойроод явах гэтэл миний машины баруун гар талын хойд крилла руу өшиглөсөн. Би хажуугаар нь гараад явахад араас хөөж ирсэн. Би шууд цагдаа руу эргэж оръё гэж бодсон боловч шахсаар байгаад хүнсний 4 дүгээр дэлгүүр лүү эргүүлэхээр нь байруун тийшээ эргээд аркаар ороод буланд нь очоод зогссон чинь араас хөөж ирэхээр нь би ямар ч байсан уулзъя гээд машинаасаа буухад янз бүрээр хараагаад “ Чи намайг хэн гэдгийг мэдэх үү. Чи тийм баян пизда юмуу. Чамайг алж байж явна “ гэх мэтээр заналхийлсэн. Тэгэхээр нь би уучлаарай гэсэн чинь миний зүүн талын нүд рүү цохиод авсан. Тэгээд доошоо болоход нүүр лүү өшиглөж байсан. Харин би гараараа хааж байсан. Тэгээд нүд юм харахгүй байсан болохоор яаж ч магадгүй гэж бодоод шууд барьж аваад шилэн хүзүүдсэнээ санаж байна. Би өөрийнхөө нүдийг машиныхаа толинд харсан чинь зүүн нүд юм харахгүй байсан гэжээ. / хх 21-24 /

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7392 дугаартай дүгнэлтэнд: 

1. Р.Пүрэвнямсүрэнгийн биед тархины доргилт, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод, зовхи, зүүн хацар, хоолойн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ / хх 28 /

 

Шүүгдэгч Э.Сайнбилигтийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 33-35 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 43 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Сайнбилигт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед 2.8 % согтолттой байсан. Согтуугаар авто машин жолоодсон зөрчилдөө арга хэмжээ авагдсан гэв. 

 

Шүүгдэгч Э.Сайнбилэгт нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 06 дугаар хсрооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх тевийн замын урд талд иргэн Р.Пүрэвнямсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэнд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Урсгал сөрж орж ирээд араас хөөгөөд “ Чи тийм баян пизда юмуу. Чамайг алж байж явна “ гэх мэтээр заналхийлсэн. Тэгэхээр нь би уучлаарай” гэсэн сэтгэцийн өвчтэй хүнтэй таарчихлаа гэж бодож байсан чинь миний зүүн талын нүд рүү цохиод авсан ба доошоо болоход нүүр лүү өшиглөсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Р.Пүрэвнямсүрэнгийн мэдүүлэг / хх 21-24 /, Р.Пүрэвнямсүрэнгийн биед тархины доргилт, зүүн хугархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод, зовхи, зүүн хацар, хоолойн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7392 дугаартай дүгнэлт / хх 28 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Сайнбилигтийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Сайнбилигт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон тул түүнийг прокурорын санал болгосон 451 нэгж буюу 451.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                  

1. Шүүгдэгч Шарнууд овогт Энхтүвшингийн Сайнбилигтийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Энхтүвшингийн Сайнбилигтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 / дөрвөн зуун тавин нэг / нэгж буюу 451.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Сайнбилигт нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Э.Сайнбилигтэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Сайнбилигтэд оногдуулсан 451.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Э.Сайнбилигт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Сайнбилигтэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ