Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/1081

 

                                                                                                                                                                                                                                               

 

 

  

 

Л.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Э-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Э-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2307000000195 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л.Э-,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч Л.Э- нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн * дүгээр хороо, ** дугаар гудамжны * тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг Л.Л-г үл ялих зүйлээр шалтаглан түүний толгойн тус газарт цохиж, өшиглөсний улмаас хохирогч Л.Л-гийн эрүүл мэндэд хүнд хохирлыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Л.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Л-гийн Э-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Э-ээс 3.959.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Л.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2023 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр ажилдаа явахад аав ганцаараа манай гэрт үлдсэн. Орой ажлаасаа 5 цагийн үед гэртээ ирэхэд аав хүнд зодуулчихсан байдалтай нүд нь хөхөрчихсөн, архи уусан байдалтай байсан. Ааваас юу болсон талаар шалгаасаар байгаад асуухад гэрч Хоролсүрэнгийн нөхөр нь зодсон гэж хэлсэн. Түүнээс хойш аавын толгой өвдөөд байна гэдэг болсон. Эмчид үзүүлж, цагдаад хэлэх үү гэхэд “яах юм бэ, гайгүй болчих байх” гээд толгой дээрээ алчуур норгоод тавьдаг байсан. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ амарч байхад аав нь нэг шил архи уучих уу гэхээр нь “та өөрөө мэдээ” гэхэд дэлгүүр яваад нэг шил архи авчираад ганцаараа ууж дуусгасан. Дахиад нэг шил архи ууя гээд гуйгаад байхаар нь би “та согтохгүй юу “гэхэд “зүгээрээ, согтохгүй” гэхээр нь дэлгүүр лүү цуг яваад нэг шил архи, нэг ууттай боорцог авсан. Тэгээд гэртээ ирээд аав авсан архиа талд нь оруулчихаад гадаа гараад манай хүүхдийн гулсуур дээр гарч орилоод, над руу хараад маань уншаад байхаар нь аавыг гэртээ оруулаад орыг нь засаад унт гэхэд унтахгүй гээд орилоод байхаар нь “би явлаа, та гэртээ ганцаараа үлд” гэсэн. Гэтэл үгүй, би хүүтэйгээ явна гээд намайг дагаад байсан болохоор бид хоёр цуг явсан. Аав явах замдаа нэг шил архи, нэг ундаа авсан. Төв рүү ороод аав, бид хоёр танихгүй хоёр ахтай караокены гадаа таараад авсан архиа задалж уух гээд байхаар нь караоке ороод уу гээд бид дөрөв дотогшоо ороод архиа гаргах гэтэл аавын амнаас цагаан хөөс гарч, толгой нь халуунтай байсан. Би эмийн сангаас халууны эм авчирч аавын ам руу хийсэн. Караокены  хоёр хүнийг түргэн дуудаад өгөөч гэж гуйхад түргэний машин 5-6 минутын дотор ирсэн. Эмч Т-ийн дээрх гэмтлийг аваад тэр дороо ухаангүй болох, таталт өгөх, олон дахин огиулж бөөлжих шинж тэмдэг илэрнэ гэсэн мэдүүлэг, гэрч Х өнөөдөр 11 цагийн үед гараад дэлгүүр орох гэж байтал... гэж худал мэдүүлэг өгсөн байна. Аавыг гэр лүү оруулах явдал 15-16 цагийн үед болсон. Иймд Хоролсүрэн гэдэг хүн нөхрөө хэрэгт хийхгүй гэж намайг хэлмэгдүүлж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Э-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зүйлчилсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь, хохирогчид учруулсан гэмтэл нь тохиолдлын шинжтэй буюу нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байхад прокурор гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хууль тогтоогчоос гэр бүлийн хүчирхийллийг байнгын шинжтэй үйлдэл байхыг шаардсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэлд яаж тооцох талаар тайлбар байдаг тул байнгын шинжтэй үйлдэл байхгүй. Иймд дээрх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд хэд хоногийн өмнө эцгийгээ бусдад зодуулж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгааг илэрхийлдэг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Л-гийн биед учирсан хүнд гэмтэл нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл гэж тогтоогдсон. Гэмт хэрэг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарсан бөгөөд Л.Э- нь эцгийгээ 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бусдад зодуулсан талаар мэдүүлж байгаа нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай тохирдоггүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Прокурор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдал гэдгийг тогтоохдоо түүний 66 настай байдал нь Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ахмад настны ангилалд хамаарна, мөн хохирогч болон шүүгдэгчийн биеийн харьцаа, биеэ авч яваа байдал зэргийг харгалзан зүйлчлэлийг хүндрүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шинжийн хувьд, шүүгдэгчийн өмгөөлөгч байнгын шинжтэй биш гэж үгүйсгэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь байнгын шинжийг шаарддаг. Харин энэ хүндрүүлж буй бүрэлдэхүүний хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу уг хуульд хамаарах этгээдүүд, мөн хохирогч, шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед шүүгдэгч нь төрсөн эцгийнхээ биед халдаж зодсон нөхцөл байдал байдаг. Мөн гэрчүүд шүүгдэгчийг эцэгтэйгээ муухай харьцдаг, хашгирч, архи уух бүртээ хараалын үг хэлдэг байсан талаар мэдүүлэгтээ дурдсан. Энэ бүгд нь гэр бүлийн харилцаанд нэг нь давамгай байдалтайг харуулж байх тул гэр бүлийн хүчирхийллээр шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, түүний гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн шинж, учирсан хохирол зэрэгтэй нь уялдуулан 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Л.Э- нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүргийн * дүгээр хороо, ** дугаар гудамжны * тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг Л.Л-г үл ялих зүйлээр шалтаглан түүний толгойн тус газарт цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь дагз, зүүн чамархайн ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины шулуун синусын аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Л-гийн “...2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Л.Э- машинаа журмын хашаанд хураалгачихсан гэж хэлэхээр нь би туслах гээд тэтгэврийн зээл аваад машиныг нь гаргаж авах гэж хөөцөлдөж байсныг санаж байгаа юм. Тэгээд би юу болсон талаар огт санахгүй, миний бодлоор хөөцөлдөж яваад бие дийлэхгүй ухаан алдчихсан гэж бодож байна. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт сэргэсэн. ...” /хх 5/,

 

гэрч М.Х-ийн “...11 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байтал манай урд талын хашаан дотор хүмүүс хашгираад байхаар нь хашааны завсраар харахад улаан куртиктэй залуу аавыгаа бололтой настай хүнийг өшиглөж байгаа харагдсан. Архи уусан аавыгаа зодож байгаа юм байна гэж бодоод дэлгүүр явсан. Л.Э- гэдэг залуу эхнэрээ байнга зодож, дээрэлхэж байдаг. Тэгээд эхнэр нь салаад явсан. ...Газар суусан аавынхаа нүүр рүү цохиод байгаа бололтой аав нь хоёр гараараа нүүрээ хамгаалаад байгаа бололтой сарвайгаад байсан. Аав нь ёоо гээд орилоод байсан, өөр гадны хүн байгаагүй тэр хоёр хоёулаа байсан. ...” /хх 13/,

 

гэрч Б.Т-ийн “...Л.Л- нь гавал тархины хүнд гэмтэлтэй, гавлын яс зүүн дагзнаас чамархай хүрсэн хугаралтай гэсэн оноштой хэвтсэн. Яаралтай журмаар тус өдөр амь насны заалтаар тархины зүүн тал бөмбөлгөөс хатуу хальсан дээрх цусан хурааг авч, тархи дарагдалтыг чөлөөлөх мэс засал хийлгэсэн. Дээрх гэмтлийг аваад тэр доороо ухаангүй болох, таталт өгөх, олон дахин огиулж бөөлжих шинж тэмлэг илэрнэ. Толгойндоо хүнд гэмтэл авсан, их хэмжээний цус харвалттай учир юм санахгүй байж болно. ...” /хх 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

 

 “...Л.Л-гийн биед хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5824 дугаар дүгнэлт /хх 36-39/, Налайх дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 34/58 дугаар албан бичгийн хавсралт /хх 34/, ГССҮТ-ийн Л.Л-гийн өвчний түүх /хх 71-88/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Л.Э- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Л.Э- “...гэрч М.Х худал мэдүүлэг өгснийг шүүх үнэлсэн, ...хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Сэжигтэн, яллагдагч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Л.Л-гийн “...2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Л.Э- машинаа журмын хашаанд хураалгачихсан гэж хэлэхээр нь би туслах гээд тэтгэврийн зээл аваад машиныг нь гаргаж авах гэж хөөцөлдөж байсныг санаж байгаа юм. Өөр юу болсон талаар огт санахгүй, миний бодлоор хөөцөлдөж яваад бие дийлэхгүй ухаан алдчихсан гэж бодож байна, би гэмтлийн эмнэлэгт сэргэсэн. ...”, гэрч М.Х-гийн “...11 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байтал манай урд талын хашаан дотор хүмүүс хашгираад байхаар нь хашааны завсраар харахад улаан куртиктэй залуу аавыгаа бололтой настай хүнийг өшиглөж байгаа харагдсан. ...Л.Э- гэдэг залуу эхнэрээ байнга зодож, дээрэлхэж байдаг. Тэгээд эхнэр нь салаад явсан. ...Газар суусан аавынхаа нүүр рүү цохиод байгаа бололтой аав нь хоёр гараараа нүүрээ хамгаалаад байгаа бололтой сарвайгаад байсан. Аав нь ёоо гээд орилоод байсан, өөр гадны хүн байгаагүй. ...” гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь ГССҮТ-ын эмч Б.Тэмүүжингийн “...Л.Л- нь гавал тархины хүнд гэмтэлтэй, гавлын яс зүүн дагзнаас чамархай хүрсэн хугаралтай гэсэн оноштой хэвтсэн. Яаралтай журмаар тус өдөр амь насны заалтаар тархины зүүн тал бөмбөлгөөс хатуу хальсан дээрх цусан хурааг авч, тархи дарагдалтыг чөлөөлөх мэс засал хийлгэсэн. Дээрх гэмтлийг аваад тэр доороо ухаангүй болох, таталт өгөх, олон дахин огиулж бөөлжих шинж тэмлэг илэрнэ. Толгойндоо хүнд гэмтэл авсан, их хэмжээний цус харвалттай учир юм санахгүй байж болно. ...” гэх мэдүүлэг болон Л.Л-гийн биед хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5824 дүгээр шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Л.Э-ээс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч  Л.Э- нь бие махбодь болоод сэтгэл зүйн хувьд өөрөөс нь илтэд ялгаатай, өөрөөр хэлбэл 73 настай, өөрийн төрсөн эцэг хохирогч Л.Л-тэй дээрэнгүй байдлаар харьцан, толгойн тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл,“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх нэг шинж болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдэгт бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ойлгох ба ийм шалтгаантай хүмүүст насны болон (бага эсхүл өндөр настай) эрүүл мэндийн байдал (өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй), биеийн ерөнхий хөгжил илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад нөхцөл байдлын улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй этгээдийг хамааруулан үзэхээс гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;”-ийг, 3.1.2.”тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г гэж энэ хуулийн үйлчлэлд хамааруулах этгээдийг заасан ба шүүгдэгч Л.Э- нь өөрийн төрсөн эцэг /тухайн үед хамт амьдарч байсан/ Л.Л-г цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Л.Э-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцохдоо шүүгдэгчийг буруутгаж буй гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бичихгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгах шаардлагыг бүрэн хангаагүй боловч энэхүү зөрчил нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх, түүнд ял оногдуулсан хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн хүндрүүлэх шинжид эргэлзэх нөхцөл байдлыг бий болгоогүй тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтад найруулгын хувьд зохих өөрчлөлт оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Э-т шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/129 дүгээр шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч Д овогт Л-гийн Э-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Д овогт Л-гийн Э-гийг “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э-ийн “...гэрч М.Х худал мэдүүлэг өгснийг шүүх үнэлсэн, ...хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН