| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0075/З |
| Дугаар | 128/ШШ2025/0092 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0092
2025 01 27 128/ШШ2025/0092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н******* /РД:*******/,
Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар,
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Маргааны төрөл: барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон шийдвэр, мөн барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалтын жагсаалтад бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******, Ө.С, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалын “Н*******-ийн дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан” хэсгийг хүчингүй болгуулах,
1.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолын 142 дахь “ зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн” хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Н******* нь эрхийн улсын бүртгэлийн дугаартай дүүрэг, 1 дүгээр хороо, // Барилгачдын талбай гудамж, 1/1 тоот хаягт 942 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд түүний доорх болон орчны 1079 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар эзэмшиж ирсэн, хамгийн сүүлд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгасан.
2.2. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Н*******-д Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тоот Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжийн дагуу дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зочид буудлын барилгын зориулалтаар Засгийн газрын Х байрны урт талд байршуулан 0,08 га талбайд дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгосон.
2.3. Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй гэх үндэслэлээр Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар Н*******-ийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан.
2.4. Энэ шийдвэртэй маргаж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч Н*******-ийн өмчлөлийн зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолыг хэрэгт ирүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа мөн уг шийдвэрт холбогдуулан нэмэгдүүлсэн.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч анх Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани дүүргийн 1 дүгээр хороо, Барилгачдын талбай гудамжинд байрлах 1/1 тоот 924 м.кв рестораны барилгын өмчлөгч бөгөөд нэгж талбарын дугаар бүхий 1079 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийн дагуу эзэмшдэг болно. Тус барилгын талбайд олон улсын франчайз зочид буудлын төслийг хэрэгжүүлэхээр 2007 оноос судалгаа, уулзалтуудыг хийж ирсэн бөгөөд компанийн шинэ төсөл болох зочид буудлыг нээх зөвшөөрлийг 2023 оны 6 дугаар сард албан ёсоор авч чадсан болно. Энэ бүх хугацааны туршид манай компани зээл авч, өөрсдийн дээрх бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлтийг хийж ирсэн. Зөвхөн хэлэлцээрийн үе шат нь дангаараа маш их цаг хугацааг шаардсан удаа дараагийн уулзалтууд, уг төслийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийн талаарх судалгаа хийх зэргээр хөрөнгө мөнгө, хичээл зүтгэл их шаардсан ажил байдаг болно. Эдгээр нөхцөл байдал, хүндрэлүүдийг даван туулж байж сая нэг Cafe Ulaanbaatar франчайз бар-рестораны дараагийн шатны дээд зэрэглэлийн стандарт шаардлага бүхий зочид буудлын франчайзын салбар зочид буудлын үйлчилгээг Улаанбаатар хотод нээх зорилготойгоор 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №/ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан байдаг.
Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д "Энэ хуулийн 27.1.2-т заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно." гэж заасан. Тодруулбал хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, зураг төсөлд магадлал хийгдээгүй, олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй магадлал болохыг эрх бүхий байгууллага тогтоосон тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлахаар хуульчилсан.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, Хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тоот тушаалаар дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг "Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор” гэсэн үндэслэлээр цуцалсан. Хэрэв Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа бол ямар эрхийг яаж зөрчсөнийг тодорхой тогтоосон байх ёстой. Өөрөөр хэлбэл дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар ямар байдлаар нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон зүйл байхгүй.
Мөн түүнчлэн тушаалд "2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй" хэмээн тодотгон тушаал гаргажээ. Барилга угсралтын ажлаа эхлүүлээгүй нь Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэл болохгүй юм. Маргаан бүхий актыг хүчингүй болгосноор Н******* Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын ажлын зөвшөөрлийг авч барилгын ажлаа эхлүүлэх боломжтой болох юм.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тоот тушаалыг тус байгууллагын веб хуудсанд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байршуулан байсантай танилцаад өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан боловч хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу хуулийн хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргасан.
Иймд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалын дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан Н*******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь дүүргийн 1 дүгээр хороо, Барилгачдын талбай гудамжинд байрлах 1/1 тоот хагт байршилтай 924 м.кв талбай бүхий дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болно. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор Н*******-ийн зөвшөөрөлгүй, харилцан тохиролцсон зөвшилцсөн зүйл байхгүй дүүргийн ашиглалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулан баталсан байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгэнэ.", 22.3-т "Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж болно. Бүртгүүлсэн мэдээллийн нууцлал, хадгалалтын нөхцөлийг гэрээгээр зохицуулна." гэж заасан.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Сум, дүүргийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журмыг батлаагүй бөгөөд Соёлын сайдын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг аймаг, Нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журмыг баталсан, журмын 2.5-д "Сум, дүүргийн Засаг дарга хувийн өмчийн дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх бол өмчлөгчтэй нь урьдчилан зөвшилцсөн байна." гэж заасан байна.
Үүнээс үзэхэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх бол өмчлөгчтэй нь урьдчилан зөвшилцсөн байх шаардлагатай байна. Гэтэл өмчлөгч Н*******-ийн зөвшөөрөлгүй, өмчлөгчтэй харилцан тохиролцсон зөвшилцөлгүй өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нь дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтаар баталж байгаа нь хууль, журмын дээрх заалтыг зөрчиж байна. Тус асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гомдол гаргахад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан атлаа өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, гомдлын хариу мэдэгдээгүй байна.
Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолын 142 дахь дүүрэг, 1 дүгээр хороо, Жуулчны гудамжны хойд хэсэгт, Барилгачдын талбайн баруун өмнө талд 1948 онд баригдсан "" зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад баталсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “Тус барилгыг газартай нь 1997 онд Н******* худалдаж авч, 2008 онд зочид буудал болгох архитектур төлөвлөлтийн даалгавар авсан. Архитектур төлөвлөлтийн даалгавраас хойш нэлээн олон франчайз бизнесүүдтэй холбогдож тухайн газарт ажил эрхлэхийг бодсон боловч бүтэлгүйтэж явсаар 2023 онд Х******* ХХК-тай тохиролцож, АНУ руу зочид буудал байгуулах талаар албан томилолтоор очиж уулзаад материалаа танилцуулж зургаан сард ирсэн. Энэ талаар хэлэлцэж байтал 8 сард архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах сонсох ажиллагаа хийнэ гэсэн. Тухайн үед 720 архитектур төлөвлөлтийн даалгавар цуцална гэж хэлсэн. 09 дүгээр сарын 22-ны өдөр гэнэт цуцалсан. Тухайн үед 711 архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан байсан үлдсэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэрхэн авч үлдсэн нь ойлгомжгүй. Манайхаас Х******* ХХК-ийн 4 одтой зочид буудлыг байгуулахаар бүх зүйлүүдийг бэлэн болгосон байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврын зөрчилтэй зүйл байхгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан. Тухайн архитектур төлөвлөлтийн цуцлахдаа дурдсан үндэслэлүүд ямар ч хууль зүйн үндэслэлгүй байсан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай үл хөдлөх хөрөнгийг соёлыг өвд бүртгэсэн тухай шүүх дээр мэдсэн. Манайд мэдэгдэл огт ирүүлээгүй, зөвшилцөөгүй. Зөвшилцөх албан бичиг хийгдсэн гэсэн боловч хүргүүлсэн, гардуулсан зүйл байхгүй. Манай компани мэдээгүй, ямар ч ойлголтгүй явж байсан. 2023, 2024 онуудад Соёлын газар уулзах бүрэн боломжтой байсан. Гэтэл соёлын өвийн дурсгалд бүртгэчхээд 3 жил болж байхад манай компанитай нэг ч удаа харилцаа үүсгээгүй, бид ч мэдээгүй. Байгууллагын соёлын өмчийг хамгаалах ямар ч ажил хийгдээгүй. Тиймээс 2 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалын үндэслэлийн талаар хариуцагч талаас ирүүлж байгаа тайлбарууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй акт гаргасан. Уг акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн акт болсон гэж дүгнэх нөхцөл байдал үүсэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Учир нь, эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлахтай холбоотой зохицуулалт юм. Үүнд, мөнгөн тэтгэмж, эсхүл тодорхой зорилго бүхий үйлчилгээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж мөнгөн тэтгэмж, тодорхой зорилго үйлчилгээг хамруулж өгсөн хуулийн зохицуулалт юм. Уг зохицуулалтыг маргаан бүхий тохиолдолд хамруулж хууль зүйн үндэслэл болгох бодит байдал огт байхгүй.
Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг эрх бүхий байгууллагаас барилгын ажил зөвшөөрөл олгохдоо баримтлах хэм хэмжээ, олгосон барилгын ажлын зөвшөөрлийг цуцлахтай холбоотой акт гаргахдаа анх зөвшөөрөл олгож байгаа мэт энэ хуулийн үндэслэлийг барьсан нь хуульд нийцээгүй. 7.2 дахь хэсэгт нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд хэрэглэнэ. нийтийн ямар эрх, ашиг сонирхол юм гэдгээ тодорхойлох ёстой. Шүүхээс архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой хэн нэгэн этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулсан. Үүнийг захиргаа бодит байдалд тогтоох ёстой байсан. Улмаар энэ этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас гээд шийдвэрээ тайлбарлах ёстой. Маргаан бүхий актын нэг дэх заалтын агуулгын хувьд нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах гэдэг үндсэн нөхцөлийг зааж байгаа. Нийслэлийн иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх гэж байвал үүнийгээ бодит байдалд тодорхойлох ёстой. Н******* ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар нь нийслэлийн нийт иргэдийн эрх сонирхлыг хэрхэн хөндөх вэ. Хяналтын дагалдах хуудаснуудыг харахад нийслэлийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн гэдгийг тодорхойлсон баримтгүй. хариуцагчаас нягтаршилтай холбоотой асуудал энэ барилгад байхгүй гэх хариу ирсэн.
2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан даалгаврын үндэслэлд Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт дурдагддаг. Маргаан бүхий акт гарах болсон урьдач нөхцөлд танилцуулга дээр дурдагдаж байгаа кадастрын мэдээллийн санг шинэчлэх, бүрдүүлэх шаардлагатай. Эхлэл хэсэгтээ үүнийг хийх гэж байсан бөгөөд зохион байгуулалтын шинжтэй, өөр байдлаар хэрэгжүүлэх нөхцөл байдал байсан.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай захирамжийн үндэслэл хэсэгтээ Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг баримталсан байсан. Мөн хуулийн 8.3.3 дахь хэсэгт нийслэл хот дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдэгт орчны аюулгүй байдал байгаа. Үүнд асар олон зүйл яригдах боловч нийслэл хотын орчны аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой иргэн, аж ахуйн нэгжийн олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох бодит хууль зүйн ямар нөхцөл байдал үүссэн бэ гэдэг нь агуулгын хувьд огт ойлгомжгүй, тодорхойгүй байсан. Нэгэнт олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах, хүчингүй болгохтой холбоотой ямар хууль зүйн үндэслэл, ямар бодит нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг бүхэлд орхигдуулсан акт гаргасан.
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбоотой асуудалд дараах дүгнэлтийг хийе.
1/ Хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан зөвшилцөх процесс явагдсан эсэхэд маргаж байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсныг нэхэмжлэгчээс мэдэхгүй байж байгаад Хот байгуулалт, хотын стандартын газрын хариу тайлбар ирэх үед олж мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч зөвшилцсөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22.3 дахь заалтыг хангасан гэж хэлдэг. Зөвшилцсөн гэх ямар баримт байна гэхээр үүн дээр маргаан үүсэж байна. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан тоотыг хүргүүлсэн гэдэг тайлбарыг хэлж байна. Уг албан бичгийг хүргүүлсэн эсэхийг шүүхээс тодруулахаар албан тоот явуулахаас биш хүргүүлсэн баримтаа ирүүлэхгүй байна. Хүргүүлсэн гэдэг өөр тухайлбал, шуудангаар, мэйлээр, факсаар юм уу. Гардуулж өгсөн бол гардуулаад өгсөн баримт шаардлагатай. Уг баримтаас дүүргийн Засаг дарга шууд зайлсхийсэн. Соёл урлагийн газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гээд огноог харахаар эхлээд дүүргийн Засаг дарга 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр явуулж, дараа нь Соёл урлагийн газар 2023 оны 12 дугаар сард 08-ны өдөр явуулсан. Тэгэхээр дүүргийн Засаг даргаас Соёл урлагийн газар руу албан тоот явуулсан гээд хоёр байгууллага албан тоотоор харилцаж байна. Соёл урлагийн газраас Н******* ХХК-иас хүргэгдсэн эсэх талаар тодруулсан. Хэрвээ албан тоот явуулж хариу ирээд зөвшилцөх процесс явагдсан бол Соёл урлагийн газраас дахиж явуулах шаардлагагүй. Тэгэхээр Соёл урлагийн газраас 1 албан тоот үйлдэгдсэн юм байна гэж ойлгогдож байна. Тус газар нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд зааснаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрчилгээ авсан хууль ёсны өмчлөгч байгаа юм.” гэв.
3.6. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "Тус газрын даргын "Захиргааны актыг цуцлах тухай" 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай тушаалаар Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн хавсралтад заасан Архитектур төлөвлөлтийн 711 даалгаврыг цуцалсан. Уг тушаалын хавсралт Архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах жагсаалтын 536 дугаарт дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Н******* ХХК-ийн 2008 оны 2008/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлагдсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 81 дүгээр зүйл (төлөвлөгөөг баталсан захиргааны актыг хүчингүй болгуулах)-ийн 81.4-д Батлагдсанаас хойш таван жилийн дотор төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээгүй бол холбогдох захиргааны байгууллага захиргааны актыг хүчингүй болгож болно гэж заасан.
Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамж, Газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Нийслэлийн Ерөнхий архитекторын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн хууль тогтоомжид нийцүүлж гарсан болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.7. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Соёлын өвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жил тутамд, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутамд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран зохион байгуулна" гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны дүгээр захирамжийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг зохион байгуулж ажилласан бөгөөд уг үзлэг тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд оруулсан байдаг.
Улмаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ".....тухайн шатны Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй" гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл, танилцуулгын хамт өргөн мэдүүлснийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороод, Хурал дахь намын бүлгүүдийн хурал, ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталсан байдаг.
Тогтоолыг батлан гаргахын өмнө Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу өмчлөгч талуудад сонсох ажиллагааг зохион байгуулж, дүүргийн Засаг даргаас 2021 оны , , , дүгээр албан бичгээр түүх соёлын үл хөдлөх дурсгалыг дүүргийн хамгаалалтын зэрэглэлд авах талаар мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, зөвшилцсөн хариуг албан бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн боловч "Ж" ББСБ-аас бусад байгууллагууд хариу ирүүлээгүй. Мөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаас ... Н*******-ийн өмчилж буй барилга байгууламж нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтын дагуу дүүргийн хамгаалалтын зэрэглэлд бүртгэх санал гарсантай холбоотой өмчлөгч байгууллагын зүгээс саналаа албан ёсоор ирүүлэх тухай ******* дугаар албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн байдаг.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт "Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батална" гэсний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, өргөн барьсан асуудлын танилцуулга, бүрдүүлбэрт үндэслэн хуульд нийцүүлэн тус тогтоолыг баталсан байна.
"" зоогийн газрын барилга нь 1948 онд баригдсан, Улаанбаатар хотын анхны нийтийн хоолны үйлчилгээний зориулалттай барилга юм. Ийм ч учраас нийслэлийн нутаг дэвсгэр дэх дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулснаар үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, сэргээн засварлах боломж бүрдсэн.
Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Жагсаалт батлах тухай" дугаар тогтоолын 142 дахь хэсэг, "" зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулан баталсан хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
1.1. Н******* нь эрхийн улсын бүртгэлийн дугаартай дүүрэг, 1 дүгээр хороо, // Барилгачдын талбай гудамж, 1/1 тоот хаягт 942 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд уг барилгад “” нэртэй зоогийн газар үйл ажиллагаа явуулдаг, уг барилгын доорх болон орчны 1079 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар эзэмшиж ирсэн, хамгийн сүүлд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан.
1.2. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Н*******-д 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зочид буудлын барилгын зориулалтаар “” зоогийн газрын барилгын 0,08 га талбайд дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2008 оны дугаартай захирамжийг үндэслэж олгосон.
1.3. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр маргаан бүхий тушаалаар “нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор, 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй” гэх үндэслэл зааж Н*******-д 2008 онд олгогдсон дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан.
1.4. Түүнчлэн нэхэмжлэгч Н*******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай “” зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж батлуулахаар Нийслэлийн Засаг даргаас тогтоолын төсөл, танилцуулгын хамт өргөн мэдүүлснээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор уг барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн байсан.
Хоёр. Нэхэмжлэгч “архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах Барилгын тухай хуульд заасан үндэслэл үүсээгүй, “нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор, 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй” гэх үндэслэл нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах хуульд заасан үндэслэл биш, тодорхой барилгад олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар яагаад нийслэлийн нийт иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн зөрчсөн гэж үзсэнээ тодорхойлоогүй” хэмээн маргаж, хариуцагч “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамж, Газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Нийслэлийн Ерөнхий архитекторын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн гаргасан хууль ёсны шийдвэр” гэж тайлбарладаг.
Шүүх талуудын тайлбар, маргаж буй үндэслэл, хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсон дээрх үйл баримтуудад үндэслэн хариуцагч захиргааны байгууллагуудын маргаанд хамаарах шийдвэрийн үндэслэл, шийдвэр гаргах ажиллагаа холбогдох харилцааг зохицуулсан хууль тогтоомжид нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалын “Н*******-ийн дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан” хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар “нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор, 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй” үндэслэлээр иргэн хуулийн этгээдүүдэд өмнө олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг жагсаалтаар цуцалсан дотор Н*******-д 2008 онд олгогдсон дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар багтаж цуцлагдсан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан үндэслэл нь “нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаагүй” үндэслэл байх хэдий ч энэ үндэслэл дараах байдлаар тогтоогдоогүй.
2.1.1. Маргааны зүйл болох архитектур төлөвлөлтийн даалгавар нь чиглэсэн этгээддээ үйл ажиллагаа явуулах эрх олгосон буюу эерэг үйлчлэл бүхий захиргааны акт, нөгөөтээгүүр эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох бол, өөрөөр хэлбэл эрхэд халдах бол хуульд заасан тодорхой үндэслэл үүссэн байхыг шаардана. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилгын зураг төсөл боловсруулахад төрийн захиргааны байгууллагаас олгогдох архитектурын төлөвлөлтийн баримт бичгийн үндсэн даалгавар бөгөөд барилгын үйл ажиллагаа эрхлэх, ... түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулах Барилгын тухай хуулиар барилгын баримт бичигт тавигдах шаардлага, барилгын зөвшөөрөл олгох, цуцлах үйл явц, үндэслэл, барилгын салбарт баримтлах зарчмын зохицуулалтыг нарийвчлан тусгасан.
Тухайлбал барилгын зөвшөөрлийн баримт бичиг олгохдоо маргаанд хамаарах үндэслэл болсон нийтийн болон иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг харгалзах талаар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо 7.1.1 барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол зөрчигдөх эсэх, 7.1.2 иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол зөрчигдөх эсэх, 7.1.3 энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг харгалзан үзэхээр, 7.2-т хэрвээ нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болохыг зохицуулсан.
Тэгвэл ийнхүү хуульд заасан дээрх үндэслэл маргаанд хамаарах барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын хувьд үүссэн гэх тухайн байршлын бусад этгээдээс гаргасан гомдол, хүсэлт, аливаа маргаан байхгүй, байгаа гэж хариуцагч байгууллага шийдвэртээ ч үндэслээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд ч үндэслэл болгоогүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад ч гаргаж мэтгэлцээгүй болно. Нийслэлийн иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчсөн гэх ч энэ талаар судалгаа, баримт байхгүй, тушаалын хавсралтад ч ямарваа тайлбар байхгүй, “нийслэлийн иргэдийн” гэх тодорхойгүй нөхцөл байдал, үндэслэл заасан нь ойлгомжгүй, энэ нь нийтийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн болохыг тодорхойлохгүй.
2.1.2. Түүнчлэн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдахаар төлөвлөсөн барилгын хувьд Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагаанд баримтлах хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд аюул учруулахгүй төлөвлөгдөх зарчмыг зөрчсөн гэх нөхцөл, үндэслэл маргаанд хамаарах шийдвэр гаргах явцад болон шүүхэд маргаан шийдвэрлэх явцад тогтоогдоогүй, энэ нь шийдвэрийн үндэслэл болоогүй.
2.1.3. Мөн Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, 12.1.5-д заасан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх барилгын төлөвлөлтийн зураг төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй гэх, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, 14.1.4-т заасан зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх барилга байгууламжид тавигдах шаардлагыг хангаагүй гэх нөхцөл байдалд хариуцагч маргаан бүхий шийдвэрээ үндэслээгүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.1.4. Тушаалын үндэслэлд дурдсан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжийн төслийн танилцуулгаас үзвэл “2016 оны Барилгын тухай хууль, тогтоомжийн өөрчлөлтөд нийцүүлэх, мэдээллийн санг цэгцлэх” гэсэн зорилготой байх хэдий ч уг архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсоноос хойш тухайн байршлын төлөвлөлтөд өөрчлөгдөөгүй, төлөвлөлттэй зөрчилдсөн гэх баримтгүй, тухайн байршилд төлөвлөлтийн баримт бичгээр өөрөөр төлөвлөгдсөн зүйлгүй байна.
Тодруулбал хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Бага тойруугийн төлөвлөлтийн ТЭЗҮ-ийн хавсралт зургаар Барилгачдын талбайн баруун, баруун урд хэсгийг төлөвлөлтөд өөрчлөлт ороогүй.
Мөн хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр “ дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Барилгачдын талбайн баруун урд талд байрлах нэгж талбарын дугаартай газар нь хүн амын нягтрал хэтэрсэн байршил болон барилгажихыг хориглосон бүсэд хамаарахгүй”-г тодорхойлсон.
2.1.5. Мөн түүнчлэн Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах, олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох “27.3.1 хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, 27.3.3 энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон” үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч энэ заалтыг шийдвэрийн үндэслэлээ болгоогүй болно.
Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ийнхүү архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах замаар халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул хариуцагчийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах ерөнхий зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндсөн шийдвэр болжээ гэж шүүх үзлээ.
2.1.6. Хариуцагч нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар шийдвэр гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны болоогүй байна.
Тодруулбал хариуцагч шийдвэр гаргахдаа тухайлан тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэлийг тогтоох ажиллагаа хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах 4.2.5 дахь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8 дахь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн, мөн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, өөрөөр хэлбэл шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байна.
2.1.7. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах “нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор” үндэслэлийн талаар сонсох ажиллагаа явуулах, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах хугацааг 8 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоосон мэдэгдлийг жагсаалтаар нийтэд мэдээлсэн, улмаар жагсаалтад багтсан Н******* 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тоот албан бичгээр тайлбар хүргүүлсэн атал шийдвэр гаргахдаа уг тайлбарыг харгалзсан эсэхийг шийдвэр, түүний хяналтын хуудас, хувийн хэрэгт тусгаагүй байх тул шийдвэр гаргах ажиллагааны энэ журмыг хангасан гэж үзэхгүй. Учир нь сонсох ажиллагаанд ирүүлсэн тайлбарыг хэрхэн үнэлсэн, шийдвэр гаргахдаа харгалзсан эсэх, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдалд тооцсон эсэхийг шийдвэртээ тусгаж байж шийдвэр гаргах ажиллагааны энэ журмыг хангасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалтын агуулга, шаардлага, ач холбогдлыг үл ойшоож, мэдэгдэл явуулснаар хязгаарлах нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй.
Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалын Н*******-д 2008 онд олгогдсон дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2.2 Нэхэмжлэлийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолын 142 дахь “ зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн” хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.
Уг тогтоолоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Н*******-ийн өмчлөлийн зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн ба нэхэмжлэгч Н******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй зоогийн газрын барилгын өмчлөгч, нэгж талбарын дугаартай газрын эзэмшигч гэдэгт талууд маргаангүй.
Нэхэмжлэгч “хуулийн этгээдийн өмчлөлийн барилгыг түүх соёлын дурсгалд авах бол өмчлөгчөөс зөвшөөрөл авах хуулийн шаардлагыг хангаагүй, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр, саналыг авалгүйгээр түүх соёлын дурсгалд авснаар өмчлөгчид барилгаа буулгах, өөрчлөхийг хориглосон үр дагавар үүсгэж, өмчлөлийн зүйлсээ захиран зарцуулах эрхэд халдсан” хэмээн маргаж, хариуцагч Соёлын өвийн тухай хуулийн 26.1-д зааснаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг зохион байгуулж, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 19.1.4, 24.1-д заасан эрх хэмжээний хүрээнд тухайн шатны Засаг дарга санаачлан дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл, танилцуулгын хамт өргөн мэдүүлснээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанаар хэлэлцэж баталсан, тогтоолыг батлахын өмнө Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу өмчлөгчид сонсох ажиллагааны мэдэгдэл дүүргийн Засаг дарга, Соёл, урлагийн газраас хүргүүлсэн, "" зоогийн газрын барилга нь 1948 онд баригдсан, Улаанбаатар хотын анхны нийтийн хоолны үйлчилгээний зориулалттай барилга тул түүх, соёлын дурсгалаар бүртгэсэн” гэж тайлбарладаг.
2.2.1. зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх шийдвэр нь бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан өмчлөгчийн эрхэд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан шийдвэр болжээ.
Тодруулбал соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулах Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг ойлгохоор, 5 дугаар зүйлийн 5.1.6-д эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг соёлын биет өв гэж үзвэл өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулж болохоор, 15 дугаар зүйлийн 15.2-т Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах эрхийг хэрэгжүүлэхээр, 22 дугаар зүйлийн 22.3-т "нийтийн өмчийнхөөс бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж болохоор, бүртгүүлсэн мэдээллийн нууцлал, хадгалалтын нөхцөлийг гэрээгээр зохицуулахаар заасан ба хэрвээ хувийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг соёлын биет өвийн дурсгалд бүртгэвэл 38 дугаар зүйлийн 38.1.4-т зааснаар улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд зар сурталчилгааны самбар, бичиг хадах, анхны хэлбэр төрх, хийц, бүтээцийг өөрчлөхийг хориглох үр дагавар үүсгэхээр байна.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Сум, дүүргийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журмыг батлаагүй бөгөөд Соёлын сайдын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн буюу зоогийн газрын барилгыг түүх соёлын дурсгалт биет өвөөр бүртгэсний дараа ******* дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журмыг баталсан, журмын 2.5-д "Сум, дүүргийн Засаг дарга хувийн өмчийн дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх бол өмчлөгчтэй нь урьдчилан зөвшилцсөн байна." гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл хувийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг түүх соёлын дурсгал, биет өв гэж үзвэл өмчлөгчийн зөвшөөрлийг авч байж зөвшөөрсөн тохиолдолд бүртгэхээр, нөгөө талаас өмчлөгч тухайн барилгын зориулалт, эх төрх, хийц бүтээцийг өөрчлөхийг хориглосон хязгаарлалтыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүх соёлын дурсгалаар бүртгүүлэхээр байна.
Гэтэл зоогийн газрын барилгыг ийнхүү түүх, соёлын дурсгал, биет өв гэж, түүхийн хувьд, соёлын хувьд үнэ цэнэ, ач холбогдлыг нь ямарваа баримт, судалгаагаар тодорхойлоогүй, “1948 онд баригдсан Улаанбаатар хотын анхны нийтийн хоолны зориулалттай барилга” гэх ч үүнийг нотлох баримт тогтоолын хувийн хэрэгт, тогтоолын төслийн танилцуулгад ч тусгагдаагүй.
2.2.2. Шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй гэж үзлээ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хувийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг соёлын дурсгалд бүртгэх бол өмчлөгчөөс зөвшөөрөл авсан байхыг шаардсанаас гадна захиргааны үйл ажиллагааны суурь зохицуулалт агуулсан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, үүний тулд сонсох ажиллагаа хийхээр заасан.
дүүргийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгээр, нийслэлийн Соёл урлагийн газар 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот албан бичгээр зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад түүх соёлын дурсгалын жагсаалтад бүртгэхтэй холбоотой өмчлөгч байгууллагаас санал авах хугацааг тогтоон мэдэгдсэн гэх авч уг мэдэгдлийг өмчлөгч Н*******-д хүргүүлсэн, гардуулсан баримт, бүртгэл байхгүй тул сонсох ажиллагаа хийгээгүй, өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй, мэдэгдэл өгөөгүй гэж маргаж буй энэ тохиолдолд шийдвэр гаргах ажиллагааны энэ журмыг захиргаа хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.
2.2.3. Хэдийгээр барилгыг түүх соёлын дурсгалд бүртгэснээр өмчлөгчийн эрхийг шууд үгүйсгэхгүй ч нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй зоогийн газрын барилгын газар дээр зочид буудлын төсөл хэрэгжүүлэхээр батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан шийдвэртэй маргаж буй энэ тохиолдолд барилгыг түүх соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэсэн энэ шийдвэр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн “барилгын зориулалт, эх төрх, хийц бүтээцийг өөрчлөхийг хориглосон” хязгаарлалт бүхий үр дагавар бодитоор үүсгэж, өмчлөгчийн эрхэд халдсан хэмээн маргаж буйг үгүйсгэхээргүй байна.
Иймд бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөнөөс өмчлөгчийн эрхэд хууль зүйн үндэслэлгүйгээр халдсан гэж дүгнээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолын хавсралтын 142 дахь “ зоогийн газрын барилга”-ыг түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 30 дугаар зүйлийн 30.5, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.6, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н*******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалын хавсралтын 543 дахь Н*******-д холбогдох хэсгийг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолын хавсралтын 142 дахь “ зоогийн газрын барилга”-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35,100 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА