Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00659

 

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00659

 

 

Ш.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00194 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч МУК-д /цаашид МУК гэх/ холбогдох

Хариуцагч МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/52 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгох, тус консерваторийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 102 780 төгрөг, ажлаас хууль бусаар халагдсантай холбогдож гарсан өмгөөлөгчийн зардалд 3 000 000 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилийн магистрын төгсөлтийн шалгалтын комиссын даргаар ажилласны хөлс, магистрын судалгааны ажлыг удирдсан удирдагчийн хөлс 2 036 480 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, өмгөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.А- миний бие 2014-2015 оны хичээлийн жилд Хөгжим бүжгийн коллежийн удирдлага, багш хамт олны хүсэлтээр, Сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс МУК-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилогдон тус сургуулийн үйл ажиллагааг бодлого, чиглэл, өдөр тутмын заавар, зөвлөмжөөр ханган удирдаж, маш богино хугацаанд (1.5 жил) МУК-йн Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг Монгол Улсын дээд боловсролын стандартын дагуу шинэ шатанд гарган, хөгжүүлж ажилласан юм.

Гэтэл МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А/52 тоот тушаал гаргаж, Ш.А- намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа ажил хүлээлцэх комиссын гишүүдээр дамжуулан мэдэгдэж ажлаа өгөхийг шаардсан. Уг А/52 дугаар тушаалд "Ш.А- нь МУК-ийн багш, ажилчид болон сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах мэргэжлийн удирдлага нөхцөл бололцоогоор хангаагүй" гэсэн байна. Миний бие ажлаа хүлээн авсан өдрөөс эхлэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд МУК-ийн Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг удирдан чиглүүлж, гардан зохион байгуулж, шаардлагатай бодлого, эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан мөрдүүлж, хяналт тавин хэрэгжүүлж ажилласан билээ. Мөн эрдэм шинжилгээ, багшийн хөгжил, мэргэжил дээшлүүлэх ажлыг ч зохион байгуулж, заавар зөвлөмжөөр удирдан ажиллаж багагүй амжилт гаргасан. Дээд боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр байгууллагын 2 дахь магадлан итгэмжлэл, хөтөлбөрийн ба урьдчилсан магадлан итгэмжлүүлэх ажлыг бүх шалгуур, шаардлагын дагуу эмхлэн зохион байгуулж, хянан боловсруулж ажилласан.

Мөн тушаалд "Багшийн ёс зүй, нэр төрлийг эрхэмлэн сахих уургийг ул ухамсарлан, бусдын нэр төр, алдар хунд, ажил хэргийн нэр хундэд халдаж, ажлын байранд архидан согтуурсан гэсэн дуудлагыг эрх бүхий байгууллагад мэдэгдэн багш ажилчдад хууль бусаар арга хэмжээ авахуулсан" гэжээ. Ш.А- би 2020 оны 5 дугаар сарын 22-ны орой 22.05 цагийн үед ажлаас гарахад 2 өрөө гэрэлтэй байсан учир буцаж ороод жижүүрт хэлж гэрлийг унтраахыг хүссэн. Нэг өрөө нь 4 давхрын "Номын сан", нөгөө өрөө нь тус сургуулийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал Г.Ганчимэгийн өрөө байсан ба жижүүр "Г.Ганчимэг өөрөө байгаа" гэж хэлсэн. Би гараад тэр цонхны доогуур өнгөрөхөд олон хүн шуугилдан их чимээтэй байсан учир буцаж сургууль руу орж Г.Ганчимэгийн өрөөнд очиж хаалгыг нь тогшин онгойлгох үед тус сургуулийн 6 багш архи ууж байсан. Энэ нь "Ковид-19" цар тахлын нөхцөлд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэг журам хийгээд төрийн албан хаагчид ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэх зэргийг хориглосон хууль тогтоомж, сургуулийн дотоод дүрэм, журмыг зөрчсөн ноцтой зөрчил байсан учир МУК-ийн дэд захирлын хувиар хүлээсэн албан үүргийнхээ дагуу цагдаагийн 102 руу утастаж мэдэгдсэн. Дуудлагаар ирсэн цагдаа нар тэдэнд торгууль тавьсан. Тэр үед миний утсанд 23:43 минутад мессеж ирж "Дуудлагын дагуу, зөрчлийг шийдвэрлэсэн" тухай мэдээлсэн юм. Энэхүү ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн асуудал нь цагдаа, хуулийн байгууллагад үргэлжлэн шалгагдаж байгаа болно. Ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж байсан хүмүүсийн талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж МУК-ийн багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн дүрмийн 2.1.8.2-т "хууль зөрчсөн, авилга авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх" гэж заасныг хэрэгжүүлсэн нь ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Дээрх тушаалд "2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс дэлхий дахиныг хамарсан "Ковид-19" цар тахлаас үүдэн улс орон даяар хөл тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас ирүүлсэн тогтоол, шийдвэр, тушаалын хэрэгжилт, захирлын зөвлөлийн хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа цаг хугацаанд нь биелүүлээгүй" гэжээ. Төрийн захиргааны төв байгууллагаас ирсэн бүх тушаал, шийдвэрийг мөрдөж, төлөвлөгөө гаргаж, захирлын зөвлөлийн хуралд тайлагнаж, холбогдох бүх хүмүүст үүрэг даалгавар өгч, биелэлтийг хянаж ажилласан. Шинэ төрлийн коронавирус дэлхийн олон улсад тархан цар тахлын төвшинд хүрч, Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар 2020 оны 62, 63, 64 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга 2020 оны А/223 дугаар Захирамжийг гарган гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, 5 түүнээс дээш хүний цугларалт үүсгэхээс хориглосон байсан, нөгөө талаас аливаа гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор, дээрх хууль тогтоомжийн дагуу өөрт ногдсон үүргээ биелүүлэх арга хэмжээ авч ажилласан. Хариуцлагатай эргүүл, жижүүрийн үүргийг хуваарьт өдөр, цагт биелүүлэн ажилласан. Сургалтын үйл ажиллагааг цахимаар явуулах журмыг боловсруулж, хэлэлцүүлэн баталж, мөрдүүлж ажилласан. Тушаал шийдвэрт заагдсан утга агуулга, хугацаа бүрээр асуудал оруулж хэлэлцүүлэн суралцагсдын хичээл, сургалтыг зохион байгуулж, явцын дүн, дүнтэй сонсолт, цахим төгсөлт, цахим диплом хамгаалалт (4-р курс), цахим магистрын хамгаалалтыг удирдан амжилттай хийж дуусгасан.

Би хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргаагүй, Боловсролын тухай хуульд заасан сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангуулах эрхээ болон багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих үүргээ зөрчөөгүй, харин түүнийг чанд баримтлан сахиж ирсэн. Зөрчлийн тухай хуульд заасан боловсролын стандарт, сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчиж байгаагүй, энэ талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон, шийтгэл хүлээсэн зүйл байхгүй.

МУК-ийн багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн дүрмийн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд Консерваторийн ёс зүйн хорооны шийдвэрээр тогтоогдсон зүйл байхгүй тул намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болно. Иймд МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүгийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/52 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоож, өмнөх албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 102 780 төгрөг, ажлаас хууль бусаар халагдсантай холбогдож гарсан өмгөөлөгчийн зардалд 3 000 000 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилийн магистрын төгсөлтийн шалгалтын комиссын даргаар ажилласны хөлс, магистрын судалгааны ажлыг удирдсан удирдагчийн хөлсний үлдэгдэл 2 036 480 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: МУК-ийн захирлын үүргийг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/52 дугаар тушаалыг гаргахдаа МУК-ийн дүрмийн 4.3.3-т заасан эрх хэмжээний хүрээнд "сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ш.А- нь Хөдөлмөрийн гэрээний 4.4, 4.6, 6.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2, 7.4.8, Боловсролын тухай хуулийн 44.1.1, 44.2.1 заасныг ноцтой зөрчиж, МУК-ийн багш, ажилчид болон сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах мэргэжлийн удирдлага, нөхцөл бололцоогоор хангахгүй, багшийн ёс зүй, нэр төрийн эрхэмлэн сахих үүргийг үл ухамсарлан бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, бусдыг гүтгэн доромжилж хууль бусаар арга хэмжээ авахуулсан байхаас гадна Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, соёл, спортын яамнаас ирүүлсэн тогтоол, шийдвэр, тушаалын хэрэгжилт, МУК-ийн захирлын зөвлөлийн хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа, цаг хугацаанд нь биелүүлээгүй" үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаал гарах болсон үндэслэл нь МУК-ийн багш, ажилчдын өргөдөл, гомдлыг захирлын зөвлөлийн хурал дээр дэд захирал Ш.А-д танилцуулахад тайлбар өгөөгүй бөгөөд өргөдөл, гомдолд дурдсан түүний гаргасан үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарч байна гэж ажил олгогч үзсэн.

Ш.А- нь МУК-ийн багш, ажилчдыг үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангахгүйгээр мөрдөн мөшгөж, хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулан, тагнах чагнах хэлбэрээр гүтгэн, доромжилж, эрх зүйн мэдлэг, боловсролгүйгээр нь далимдуулан Г.Ганчимэг, Ундраа, И.Ариунаа зэрэг багш ажилчдад хууль бусаар арга хэмжээ авахуулсан. Улмаар Прокуророос шийтгэлийн хуудсыг хянахдаа ...зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар бүрэн нотлогдон тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн байна" гээд холбогдох шийтгэлийн хуудсыг шүүхээс хүчингүй болгож, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, энэ талаар прокурор, эрх бүхий албан тушаалтнаас гомдол гаргаагүй байна. Мөн МУК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар Цахим хичээл сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар ханган, үр дүнг 7 хоног бүрийн шуурхай хуралд тайлагнахыг сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ш.А-д үүрэг болгосон боловч тэрээр цахим элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан.

Нэхэмжлэлийн "консерваторийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох" шаардлагаас бусад шаардлага болох МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүгийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/52 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, эрдмийн зэрэг цол, удаан жилийн нэмэгдэл хөлс 13 323 336 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж, өмгөөлөгчийн хөлс зэрэгт 3 261 684 төгрөг гаргуулах, 2019-2020 оны хичээлийн жилийн магистрийн төгсөлтийн шалгалтын комиссын даргаар ажилласны хөлс, магистрийн судалгааны ажлыг удирдсан эрдэм шинжилгээний удирдагчийн хөлс 4 524 000 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг зохих санд төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг шүүхээс шийдвэрлэх боломжгүй байна. Шүүхийн шийдвэрийн үр дагавар нь өнгөрсөнд болсон үйл явдалд үндэслэж бий болохоос бус ирээдүйд бий болох таамаглалд үндэслэж шийдвар гарахгүй юм. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 сар үргэлжилнэ, тэр хугацаанд бичилт хийнэ, өмгөөлөгчийн хөлс хэдэн төгрөг байх ёстой гэх мэтээр таамаглалд үндэслэхгүй юм. Түүнчлэн тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор эрх нь хэрхэн сэргэж, энэхүү шаардлага нь эгүүлэн тогтоолгох шаардлагаас зайлшгүй зэрэгцүүлэн шаардах шаардлагатай эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг өмнө тайлбарласнаар хүлээн зөвшөөрөх боломжгүй, ажлаас чөлөөлсөн тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ш.А-г МУК-йн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан МУК-ос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 102 780 төгрөг гаргуулж Ш.А-д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.11-д заасан үндэслэлгүй тул МУК-ос 5 036 480 төгрөг гаргуулах Ш.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ш.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг МУК-йн удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 261 684 төгрөгөөс 135 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 126 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 247 344,8 төгрөг гаргуулан 54 750,32 төгрөгийг нь нэхэмжлэгчид олгож, 192 594,48 төгрөгийг нь улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байгаа гэсэн атлаа 9 дүгээр хуудаст ...хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа .... өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ирсэнтэй маргахгүй, тушаалын энэ хэсгийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд хэлэх тайлбар байхгүй.... гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд даргалагчаас зохигч буюу хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар, мэдүүлэг, асуулт асуугаагүй байж шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд даргалагчийн шийдвэрт захирагдахаас бус өөрөө бие даан үг хэлэх боломжгүй бөгөөд өмгөөлөгч ч зохигчийн шаардлагатай холбоотой асуудлыг бүрэн төлөөлөхгүй юм. Иймд энэ талаарх маргаантай асуудлыг маргахгүй гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байна. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.8-д заасан зөрчлийн тухайд уг зөрчлийг ажилтан гаргасан эсэхийг Консерваторийн ёс зүйн хорооны шийдвэрээр тогтоосон тохиолдолд уг зөрчлийг гаргасан гэж үзэх нь уг журмын зохицуулалтад нийцнэ гэж үзсэн нь үндэслэл муутай байна. Хөдөлмөрийн дотоод журамд зөвхөн ноцтой зөрчил гэж юуг хэлэх бэ гэдгийг л тодорхойлсон болохоос бус ёс зүйн хороо ноцтой зөрчилд тооцсон эсэхээс хамаарч ноцтой зөрчил гэж үзнэ гэж зохицуулаагүй байна. Түүнчлэн МУК-ийн ёс зүйн хороо нь шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй тул ажил олгогч өөрийн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой гэж үзсэн нь зөв байна. Мөн МУК-ийн дүрмээр зөвхөн захиралд л ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, чөлөөлөх эрх олгогдсоноос бус ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэх зохицуулалт байхгүй байгаа нь зөрчлийн шинж байдлаас шалтгаалан ноцтой зөрчил гэж үзсэн ажил олгогчийн шийдвэр зөв байна. Ямар ч гэм буруугүй, зөрчил гаргаагүй багш, ажилчдыг хууль бусаар тагнаж, чагнаж, зөвшөөрөлгүй бичлэг хийж, олон нийтэд архи уусан гэсэн гүтгэлгийг тарааж, хууль бус арга хэмжээ авахуулан ажлаа хэвийн явуулах нөхцөл бололцоогоор бусдыг хангахгүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлсэн гэсэн нь ойлгомжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэг хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.А- нь хариуцагч МУК-д холбогдуулан захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/52 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгох, тус консерваторийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 102 780 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 3 000 000 төгрөг, төлөгдөөгүй ажлын хөлсний үлдэгдэл 2 036 480 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/52 тоот тушаалаар нэхэмжлэгч Ш.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Боловсролын тухай хуулийн 44.1.1, 44.2.1, МУК-ийн дүрмийн 4.3.3, хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2, 7.4.8, МУК-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 2.8.1.6, хөдөлмөрийн гэрээний 4.4, 4.6, 6.2.2 дахь заалт, МУК-ийн захирлын 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалыг тус тус үндэслэн МУК-ийн багш, ажилчид болон сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах мэргэжлийн удирдлага, нөхцөл бололцоогоор хангахгүй, багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих үүргийг үл ухамсарлан бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, ажлын байранд архидан согтуурсан гэсэн дуудлагыг эрх бүхий байгууллагад мэдэгдэн багш, ажилчдад хууль бусаар арга хэмжээ авахуулсан, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирүүлсэн тогтоол, шийдвэр, тушаалын хэрэгжилт, МУК-ийн захирлын зөвлөлийн хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа, цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 9-10/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан.

Ажил олгогчийн дээрх Б/52 тоот тушаал болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан ...МУК-ийн багш, ажилчдын өргөдөл, гомдлыг захирлын зөвлөлийн хурал дээр дэд захирал Ш.А-д танилцуулахад тайлбар өгөөгүй бөгөөд өргөдөл, гомдолд дурдсан түүний гаргасан үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарч байна гэж ажил олгогч үзсэн.... гэсэн тайлбарын агуулгаас үзэхэд Ш.А-г хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогч үзсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болжээ. /хх-ийн 9-10, 35/

Ийм учраас хариуцагч тал буюу ажил олгогч ажилтныг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгжүүлэх учиртай.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т Консерваторийн хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 болон түүнээс дээш удаа/ гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон байна. /хх-ийн 40/

Хариуцагч байгууллагын тушаалд хөдөлмөрийн гэрээний 6.2.2 дахь заалтыг Консерваторийн хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2, 7.4.8-т заасантай хамт үндэслэл болгосон байгаа тохиолдолд талуудын мэтгэлцээний хүрээ үүгээр тодорхойлогдоно.

Консерваторийн хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2-т Зөрчлийн тухай хуульд заасан Боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол, 7.4.8-д ажлын байранд бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгаварлан гадуурхах байдал гаргах зэргээр багш, ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь консерваторийн ёс зүйн хорооны шийдвэрээр тогтоогдсон бол тус тус хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамааруулж хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгахаар заасан. /хх-ийн 56-57/

Нэхэмжлэгч Ш.А- нь ...МУК-ийн багш, ажилчид болон сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах мэргэжлийн удирдлага нөхцөл бололцоогоор хангаагүй..." гэсэн ажил олгогчийн зааж буй үндэслэлийг няцааж, ... ажиллах хугацаандаа МУК-ийн Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг удирдан чиглүүлж, гардан зохион байгуулж, шаардлагатай бодлого, эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан мөрдүүлж, хяналт тавин хэрэгжүүлж ажилласан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр байгууллагын 2 дахь магадлан итгэмжлэл, хөтөлбөрийн ба урьдчилсан магадлан итгэмжлүүлэх ажлыг бүх шалгуур, шаардлагын дагуу эмхлэн зохион байгуулж, хянан боловсруулж ажилласан... гэж тайлбар гарган, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнийг ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан талаарх бичмэл нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан байна. /хх-ийн 111, 115-116, 3хх-ийн 73/

Тухайлбал, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2020 оны 10 дугаартай МУК-д магадлан итгэмжлэлийн гэрчилгээ олгосон тогтоол, 2020 оны 09 дугаартай МУК-ийн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийг баталсан тогтоол, БСШУССайдын 2020 оны А/199 дугаартай МУК-д шинэ мэргэжил /хөтөлбөр/-ээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон тушаал, МУК-ийн бакалаврын болон магистрын сургалтын төлөвлөгөө, үйл ажиллагааны график, аттестатчилах ерөнхий журам, аргачлал, удирдамж, захирлын зөвлөлийн болон шуурхай хурлын тэмдэглэлүүд , цахим сургалтын болон элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой журмууд зэрэг бичмэл баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2020 оны 10 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариу тайлбарын хамт МУК-ийн захирлын зөвлөлийн 2020 оны 07 сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, МУК-ийн захирлын 2020 оны 02 сарын 19-ний өдрийн А/24 дугаартай тушаал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 2020/ЗШ/821, 2020/ЗШ/822, 2020/ЗШ/823 дугаартай шийтгэврүүд, Х.Алтангэрэл нарын болон захирлын зөвлөлийн гишүүдийн өргөдөл зэрэг бичмэл нотлох баримтууд гаргаж, үүнээс хойш ямар нэгэн нотлох баримт гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаж байгаагүй байна. /хх-ийн 58-80, 83, 87/

Хариуцагч тал ...мөн МУК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар Цахим хичээл сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар ханган, үр дүнг 7 хоног бүрийн шуурхай хуралд тайлагнахыг сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ш.А-д үүрэг болгосон боловч тэрээр цахим элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан.... гэж тайлбарласан /хх-ийн 36/

Гэвч МУК-ийн захирлын зөвлөлийн 2020 оны 07 сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Ш.А- элсэлттэй холбоотой мэдээллийг захирлын зөвлөлд танилцуулсан талаар уг тэмдэглэлд тусгагдсан болохоос түүнийг цахим элсэлтийн үйл ажиллагааг огт зохион байгуулаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэх талаар уг хурлаар хэлэлцэгдээгүй байхаас гадна хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2, 7.4.8-д тус тус заасан зөрчлийг хэлэлцсэн, шийдвэрлэсэн гэх байдал уг тэмдэглэлээр нотлогдоогүй байна. /хх-ийн 77-78/

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх тайлбар, нотолгоог хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй, улмаар шүүх хуралдаан дээр эсэргүүцсэн тайлбар гаргаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцогддог тул ажил олгогчийн тушаалын МУК-ийн багш, ажилчид болон сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах мэргэжлийн удирдлага нөхцөл бололцоогоор хангаагүй гэсэн үндэслэлийг тогтоогдоогүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2-т заасан зөрчил гаргасан эсэх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу, 7.4.8-д заасан зөрчлийг ажилтан гаргасан эсэхийг Консерваторийн ёс зүйн хорооны шийдвэрээр тус тус тогтоогдоогүй тохиолдолд эдгээр зөрчлийг гаргасан гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2-т заасан зөрчилтэй холбоотой хэсэгт хийсэн шүүхийн дүгнэлтийн талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгч Ш.А- нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр МУК-ийн нэр бүхий багш, ажилчдыг ажлын байранд архидан согтуурсан гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагад өгсөн, дуудлагын дагуу ирсэн цагдаагийн ахлах ахлагч Ж.Мөнхтулга, дэд ахлагч Б.Лхагважаргал нар газар дээр нь Г.Ганчимэг, М.Ундраа, И.Ариунаа нарт Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-т заасан зөрчил гаргасан үндэслэлээр 25 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан боловч уг шийтгэлийн хуудсыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ЗШ/821, 2020/ЗШ/822, 2020/ЗШ/823 дугаартай шийтгэврүүдээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 58-80/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил олгогчийн дээрх Б/52 тоот тушаалын үндэслэлийг МУК-ийн багш, ажилчдыг үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангахгүйгээр мөрдөн мөшгөж, хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулан, тагнах чагнах хэлбэрээр гүтгэн, доромжилж, эрх зүйн мэдлэг, боловсролгүйгээр нь далимдуулан Г.Г, У, И.А зэрэг багш ажилчдад хууль бусаар арга хэмжээ авахуулсан гэж тайлбарласан ба өмгөөлөгч шүүх хуралдаан дээр Ш.А-гийн энэ үйлдлийг хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2, 7.4.8-д тус тус заасан сахилгын ноцтой зөрчилд хамаарч байсан... талаар тайлбар гаргасан зэргээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журмын 7.4.8-д заасан ажлын байранд бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгаварлан гадуурхах байдал гаргах зэргээр багш, ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн... гэсэн үндэслэлээр маргасан байна. /хх-ийн 36, 4хх-ийн 21/

Нэхэмжлэгч Ш.А- нь бусдыг мөрдөн мөшгөсөн, хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан, тагнах чагнах хэлбэрээр гүтгэн, доромжилсон гэм буруутай үйлдэл гаргасан тохиолдолд энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдох учиртай. Гэтэл хэрэгт энэ талаар эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон ямар нэгэн баримт, шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ЗШ/821, 2020/ЗШ/822, 2020/ЗШ/823 дугаартай шийтгэврүүд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 27е/3521 тоот албан бичиг зэргээс үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг дутуу шалгасан гэх байдал тогтоогдож байх боловч үүнд нэхэмжлэгч Ш.А-г буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шийтгэлийн хуудсыг шүүхээс хүчингүй болгож, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон Г.Ганчимэг, Ундраа, И.Ариунаа нарт хууль бусаар арга хэмжээ авахуулсан.... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

Дээрх шүүхийн шийтгэвэрт эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа нотлох үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй болохыг дүгнэсэн, харин зөрчил гараагүй буюу зөрчлийн шинжгүй гэж үзээгүй байна.

Нэхэмжлэгч Ш.А- хариуцагчийн өмгөөлөгчийн таныг ороход ширээн дээр юу юу байсан бэ гэсэн асуултад ердөө 1 ширхэг кола, нэг грэй гүүс /grey goose/ архи, тэгээд тавагтай чихэр, тэгээд аяганууд байсан гэсэн тайлбар гаргасан байх бөгөөд энэ хэрэгт гэрчээр асуугдсан Ч.Чинзориг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...2020 оны 05 дугаар сарын 22-ны орой тухайн хүмүүсийн архи уусан байдал нь юугаар илэрч байсан бэ гэсэн асуултад нүүр нь улайсан байсан. Хаалга онгойлгоход архины үнэр үнэртэж байсан... гэж мэдүүлсэн байгааг тус тус дурьдах нь зүйтэй. /3хх-ийн 208, 4хх-ийн 26/

МУК-ийн багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн дүрмийн 2.1.8.2-т хууль зөрчсөн ...аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх гэж заасан хориглосон хэм хэмжээг Ш.А-г зөрчөөгүй, харин эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргасан нь түүнийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцлага ногдуулсан шийдвэр хүчингүй болсон нь нэхэмжлэгчийн ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...МУК-ийн багш, ажилчдын өргөдөл, гомдлыг захирлын зөвлөлийн хурал дээр дэд захирал Ш.А-д танилцуулахад тайлбар өгөөгүй бөгөөд өргөдөл, гомдолд дурдсан түүний гаргасан үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарч байна... гэж тайлбарлаж байх боловч захирлын зөвлөл нь МУК-ийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн хороо биш, уг асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцэж шийдвэрлэгдээгүй байхад захирлын үүрэг гүйцэтгэгч нь сахилгын ноцтой зөрчилд тооцож, тушаал гаргасан нь хөдөлмөрийн дотоод журмын 7.4.8, ёс зүйн дүрэмд тус тус нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь ...Ковид-19 цар тахлаас үүдэн улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас ирүүлсэн тогтоол, шийдвэр, тушаалын хэрэгжилт, МУК-ийн захирлын зөвлөлийн хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ирсэн... гэсэн тайлбар гаргаж, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй, улмаар шүүх хуралдаан дээр эсэргүүцсэн тайлбар гаргаагүй, харин ч өмгөөлөгч нь энэ талаар тайлбар байхгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ. /4хх-ийн 24-25/

Иймд хариуцагч МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/52 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцээгүй байх тул анхан шатны шүүх Ш.А-г МУК-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 102 780 төгрөг гаргуулж түүнд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3 000 000 төгрөг, үлдэгдэл ажлын хөлс 2 036 480 төгрөгийг тус тус гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ....шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даан үг хэлэх боломжгүй, өмгөөлөгч зохигчийг бүрэн төлөөлөхгүй, шаардлагын зарим хэсгийг хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрсөн гэж үзсэн нь учир дутагдалтай... гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б өмгөөлөгчөөр А.З-ийг оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд энэ байдлаар оролцсон байна. /2хх-ийн 176, 3хх-ийн 192-197, 4хх-ийн 14/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-д хэргийн материалыг танилцуулсан, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн болон зохигчийн эрх, үүргийг танилцуулж тайлбарлаж өгсөн тухай баримт хэрэгт авагдсан, шүүх хуралдааны шатанд мөн эрх, үүргийг нь танилцуулж тайлбарлаж өгөхөд ойлгосон гэж хариулсан, шинээр гаргаж өгөх тайлбар, нотлох баримт байхгүй гэдгээ илэрхийлсэн байна. /хх-ийн 3хх-ийн 191, 4хх-ийн 10, 15/

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн тайлбар дээр нэмж тайлбар гаргах талаар санал хүсэлт гаргаж байгаагүй, шүүх хуралдаан даргалагчийн зүгээс түүнийг нэмэлт тайлбар нотлох баримт гаргаж өгөх, асуулт асуух зэрэг шүүх хуралдааны оролцогчийн эрхийг хязгаарласан гэх байдал тогтоогдоогүй байна. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ямар нэгэн тайлбар гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч өөрөө тайлбар гаргах эрхтэй бөгөөд үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч А.З-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж, 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсэгт Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэж тус тус заасантай нийцээгүй боловч энэ шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхгүй, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Харин шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. дах хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар,...зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасныг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...ёс зүйн хороо ноцтой зөрчилд тооцсон эсэхээс хамаарч ноцтой зөрчлийг зохицуулаагүй, захиралд ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэх зохицуулалт байхгүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлсэн гэсэн нь ойлгомжгүй... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ