Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Билгүүн,                                             

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч Д.Нарантуяа, түүний өмгөөлөгч С.Дондов нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Олхонууд овогт Далхсүрэнгийн Нарантуяад холбогдох эрүүгийн 180900000004 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 03 сарын 27-ны өдер Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд терсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Черри” супермаркетад үйлчлэгч ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 47 дугаар гудамж 11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЧО 71032707 / Олхонууд овогт Далхсүрэнгийн Нарантуяа нь:

 

- 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ажилладаг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Черри" супермаркетийн оффисийн өрөөнд байрлах сейф дээр байсан орлогын 1.000.000 / нэг сая / төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Амартүвшин мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … Өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Черри супермаркетад буюу ажил дээрээ байж байгаад банк руу явж, мөнгө тушаах гээд мөнгөө тоолоход манай ажлын оффисын өрөөн дотор байдаг сейфэнд байсан мөнгөнөөс боодолтой, резиндсэн 1,000,000 тегрөг дутсан. Тэгээд би мэдэнгүүтээ эхлээд дэлгүүрийн хяналтын камераа шүүж үзэхэд 11 цаг 08 минутаас 11 цаг 11 минут хүртэл манай дэлгүүрийн бүх камер ажиллахгүй байсан ба харин тэр үед тог байхгүй байсан.

... Өдрийн цагаар цоожилдоггүй байсан болохоор мөнгө алга болох үед онгорхой байсан. Тэр өрөө рүү манай ажилчдын хэн дуртай нь орж, гарч байдаг юм. Гадны хүмүүс гэвэл бараа өгдөг харилцагч нар л орохоос биш үйлчлүүлэгчид орох боломжгүй.

...Хамгийн сүүлд 11 цаг 08 минутанд үйлчлэгч Д.Нарантуяа шагайж байгаад гарсан ба тэгээд шууд камер тасарсан юм. Тэрнээс өөр хүн бол харагдаж үзэгдээгүй гэжээ. / хх 19-20 /

Гэрч Э.Баасанбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  ... Би өнөөдөр өглөө 09 цагт ажил дээрээ ирээд одоо хүртэл ажиллаж байна.  15 цаг өнгөрч байхад цагдаа ирэхийн өмнөхөн манай зохион байгуулагч Д.Амартүвшин “ Хулгай гарсан байна. Битгий хүн гаргаарай “гэж хэлэхээр нь мэдсэн. … Сэжиглэж байгаа хүн гэвэл Д.Нарантуяа эгч байнга оффисын өрөө рүү орж цэвэрлэгээ энэ тэр хийдэг юм. Тэгсэнээ гэнэт л хаагуур яаж гарсныг бүү мэд гаднаас ороод ирдэг. Бодвол бараа ирэнгүүт л бидний нүдийг хариулж байгаад бараа зөөдөг хаалгаар гараад явчихдаг юм шиг байна лээ гэжээ. / хх 22 /

 

Гэрч Д.Мижиддорж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  ... Би өнөөдөр өглөө 09 цагт ажил дээрээ ирсэн. Ирсэнээс хойш би 2 удаа оффисын өрөө рүү орсон. Эхлээд зохион байгуулагчаас барааны үлдэгдэл асуухаар орсон. Дараа нь дахиад зохион байгуулагчтай уулзах гээд шагайхад өрөө нь онгорхой мөртлөө хүнгүй байсан. Ерөнхийдөө өдрийн цагаар зохион байгуулагч орж гараад байж байдаг болохоор онгорхой байдаг юм.

... Өглөө эрт ажил дөнгөж ажил эхэлж байхад зохион байгуулагч Д.Амартүвшин бид хоёрыг гал тогооны өрөөнд байж байхад Д.Нарантуяа эгч 20,000 төгрөг барьчихсан байсан. “ Би ч та хоёрыг бодвол мөнгөтэй шүү. 20,000 төгрөгийг нь авчихлаа. Үлдэгдэл 5000 төгрөгийг нь өдрийн хоолонд үлдээчихлээ” гэж ярьж байсан. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Д.Нарантуяа эгч “ Охиныхоо сургалтын төлбөрийг захирлаас зээлнэ “ гэж ярьж байсан гэжээ. / хх 23 дугаар хуудас/

 

Гэрч Э.Сарангэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ ... Миний утсанд мессеж ирдэггүй ба би дансанд мөнгө орсон гэдгийг мэдээгүй. Дансны хуулгаа авахад миний дансны үлдэгдэл 900,000 төгрөг байсан ба өнөөдөр 990,000 төгрөг орж ирээд тэр мөнгөнөөс нь 80,000 төгрөгийг өөр данс руу шилжүүлсэн. Бас бус гүйлгээг хийсэн байсан. Ээжид карт байсан болохоор ээж л мэдэх байх гэжээ. / хх 24 /

 

Гэрч Д.Нарантуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед би оффисийн өрөө рүү муу цаасыг авах гээд ороход сейф байдаг ширээний зүүн гар талын булан дээр залгуурны хажуу талд боодолтой 10,000 төгрөгийн дэвсгэртүүд байхаар нь би аваад шууд дэлгүүрээс гарч Ардын эрхийн экспресс банк орж хүүхдийнхээ картыг АТМ-д уншуулж орлого хэсэгт нь 990,000 төгрөгийг хийгээд үлдсэн 10,000 төгрөгөөр нь аптек орж эм авсан юм.

 Тэгээд охиныхоо данснаас өөрийнхөө Хаан банкны 5246074023 тоот данс руу 80,000 төгрөгийг шилжүүлсэн. ... Би хүүхдийнхээ 500,000 төгрөгний төлбөрийг хийх гээд хулгай хийсэн ба боодолтой байхаар нь тэр чигт нь авсан чинь 1 сая төгрөг байсан гэжээ. / хх 25, 30 /

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 11 /

 

Эд зүйл баримтыг хураан авсан тэмдэглэл / хх 14 /

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 15 /

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл / хх 16 /

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх 6-10 /

 

Дансны хуулга / хх 12-13 /

 

Шүүгдэгч Д.Нарантуяаг  2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 30, 52 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 33 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн зүйл үнэхээр буруу. Маш их гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй. Хохирлоо төлсөн гэв. 

 

Шүүгдэгч Д.Нарантуяа нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ажилладаг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Черри" супермаркетийн оффисийн өрөөнд байрлах сейф дээр байсан орлогын 1.000.000 / нэг сая / төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Манай ажлын оффисын өрөөн дотор байсан мөнгөнөөс боодолтой, резиндсэн 1,000,000 тегрөг дутсан. Камер шүүж үзэхэд хамгийн сүүлд 11 цаг 08 минутанд үйлчлэгч Д.Нарантуяа шагайж байгаад гарсан ба тэгээд шууд камер тасарсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Амартүвшингийн мэдүүлэг  / хх 19-20 /, ... Сэжиглэж байгаа хүн гэвэл Д.Нарантуяа эгч байнга оффисын өрөө рүү орж цэвэрлэгээ энэ тэр хийдэг юм. Тэгсэнээ гэнэт л хаагуур яаж гарсныг бүү мэд гаднаас ороод ирдэг гэж мөрдөн байцаалтын явцад гэрч Э.Баасанбатын мэдүүлэг / хх 22 / ... Д.Амартүвшин бид хоёрыг гал тогооны өрөөнд байж байхад Д.Нарантуяа эгч 20,000 төгрөг барьчихсан байсан. “ Би ч та хоёрыг бодвол мөнгөтэй шүү “ гэж ярьж байсан. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Д.Нарантуяа эгч “ Охиныхоо сургалтын төлбөрийг захирлаас зээлнэ “ гэж ярьж байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Мижиддоржийн мэдүүлэг / хх 23 /, ... Дансны хуулгаа авахад миний дансны үлдэгдэл 900,000 төгрөг байсан ба өнөөдөр 990,000 төгрөг орж ирээд тэр мөнгөнөөс нь 80,000 төгрөгийг өөр данс руу шилжүүлсэн. Бас бус гүйлгээг хийсэн байсан. Ээжид карт байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Сарангэрэлийн мэдүүлэг  / хх 24 /,  Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 11 /, ...Эд зүйл баримтыг хураан авсан тэмдэглэл / хх 14 /,  ...Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 15 /,  ...Эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл / хх 16 /, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 6-10 /,  ... Дансны хуулга / хх 12-13 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Д.Нарантуяаг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Нарантуяа нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                     

1. Олхонууд овогт Далхсүрэнгийн Нарантуяаг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Далхсүрэнгийн Нарантуяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн плаш 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, Д.Нарантуяа нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7,1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Нарантуяа нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг мэдэгдсүгэй.

 

 5. Д.Нарантуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Нарантуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ