Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0100

 

 

 

 

 

 

 

 

  2025           01          30                                      128/ШШ2025/0100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгч: А******* ХХК /РД:/,

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд,

Гуравдагч этгээд: Х ГХО ХХК /РД:/,

Маргааны төрөл: Хууль зүйн асуудал эрхэлсэн сайд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг залруулахыг даалгасан албан даалгаврын холбогдох заалтыг илт хууль бус хэмээн маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нэхэмжлэгч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ж.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ы өдрийн дугаартай албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгуулах” хэмээн адил тодорхойлсон.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Х ГХО ХХК “гадаадын хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн” гэх гомдол гаргаж,

2.2. Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тогтоолоор гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж,

2.3. Хууль зүй, дотоод хэргийн сайд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар уг асуудлын хүрээнд хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэгт байгуулж, баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг хяналт шалгалт хийж, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр илтгэх хуудсаар танилцуулж,  

2.4. Хууль зүй, дотоод хэргийн сайд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дугаартай албан даалгавар гаргасан байх бөгөөд уг албан даалгаврын 1.1 дэх хэсэгт дүүргийн 1 дүгээр хороо, ******* /14242/, гудамж, 5 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Y- дугаартай, 14,386,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилгын хамтран өмчлөгчөөс Х ХХК-ийг хасаж, А******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасан.

2.5. Улмаар А******* ХХК, одоо эрхийн улсын бүртгэлд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй А******* ХХК албан даалгаврын 1.1 дэх заалтыг илт хууль бус хэмээн маргасан.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК, “А******* ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Манай компани нь дүүргийн 1 дүгээр хороонд байрлах А******* тауэрийг 2007 оноос эхлэн барьж, ашиглалтад оруулсан. 2007 онд өөрсдийн газар дээр өөрийн хөрөнгөөр барилгынхаа В2, В1, 1 дүгээр давхрын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байхад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Х ХХК нь уг барилгын үлдсэн бүх санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийж хамтран ажиллаж, барилга бүрэн ашиглалтад орсны дараагаар барилгын 60 хувийг авахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Энэхүү хэлцлээр талууд барилга угсралтын ажлыг 2011 онд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан боловч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Х ХХК нь барилгын угсралтын ажлыг 70 хувийн явцтай байхад тодорхой бус шалтгаанаар алга  болж, хөрөнгө оруулалтаа зогсоож, бидэнд багагүй хэмжээний хөрөнгө, санхүү, цаг хугацааны хохирлыг бий болгосон.

Ингээд 2015 оны 08 дугаар сард Х ХХК болон А******* ХХК нь хуралдаж “төслөө дуусгахаар, Х ХХК-ийн оруулсан мөнгөн хөрөнгийг А******* ХХК нь санхүүгийн тайландаа өглөг авлага үүсгэж бүртгэхээр, Х ХХК нь дутуу гүйцэтгэлтэй барилгын 60 хувиа А******* ХХК-д шилжүүлэн өгөхөөр” хамтарсан хурлын шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ үндэслэн хэлцэл байгуулж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Дараа нь бид барилгын ажлыг дуусгахаар хөрөнгө оруулалт татаж барилгыг бүрэн ашиглалтад оруулсан. Гэрээний үүргээ зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй тал нь Х компани бөгөөд энэ компани барилгын төслийг гацааж, хөрөнгө оруулалтаа зогсоосон хэрнээ барилга бүрэн ашиглалтад орсны дараагаар 100 хувь ашиглалтад орсон барилгын 60 хувь нь бидний өмчлөлд шилжих ёстой хэмээн бизнесийн ёс зүйгүй шаардлага тавьснаар бидний хооронд маргаан гарсан. Бид тус компанийн оруулсан хөрөнгө оруулалтыг огт үгүйсгээгүй бөгөөд хөрөнгө оруулалтыг нь буцааж өгөхөө удаа дараа илэрхийлсэн боловч энэ талаар зөвшилд хүрдэггүй. Улмаар хоёр компанийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэхээр Хонконг дахь Олон Улсын арбитрын шүүхэд хэрэг маргаан үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дугаартай албан даалгавар гаргасан байх бөгөөд уг албан даалгаврын 1.1 дэх хэсэгт “улсын бүртгэлийн Y- дугаартай, дүүргийн 1 дүгээр хороо, ******* /14242/, гудамж, 5 тоот хаягт байрлах, 14,386,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилгын хамтран өмчлөгчөөс Х ХХК-ийг хасаж, А******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дд даалгаж”, бидний эрх, хууль ёсны, ашиг сонирхлыг хөндөөд байна.

Уг албан даалгавар нь эрх зүйн үйлчлэлийн хувьд гадагш чиглэгдсэн, эрх зүйн үр дагаварт нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул бид уг албан даалгаврыг мэдсэн дариудаа буюу 2024 оны 01  дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан, гэвч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай албан даалгаврыг өнөөдрийг хүртэлх хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын албанаас бидэнд ямар нэг байдлаар гардуулаагүй, мэдэгдээгүй. Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг үндэслээд захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Тус албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор дараах үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1/ Уг албан даалгаварт “улсын бүртгэлийн Y- дугаартай, 14,386,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга ...” гэж дурдсан байдаг. Гэвч өнөөгийн байдлаар улсын бүртгэлийн Y- дугаартай 14,386,5 м.кв талбай бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө байхгүй. Энэ барилга 2018 онд бүрэн буюу 100 хувь ашиглалтад орсон бөгөөд буцааж 70 хувийн гүйцэтгэлтэй болгох боломжгүй. Түүнчлэн улсын бүртгэлийн Y- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь 11,918.1 м.кв талбайтай байгаа болно. Тодруулбал, маргаан бүхий албан даалгавар гарах үеийн байдлаар улсын бүртгэлийн Y- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувь барьж дууссан буюу бүрэн гүйцэтгэлтэй 11.918.1 м.кв талбай бүхий байгааг мэдсээр байж 14,386.5 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа мэтээр бодит нөхцөл байдлаас өөрөөр дурдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасан захиргааны актын илт хууль бус болох шинжийг хангасан гэж үзэж байна.

2/ Уг албан даалгаварт “... хамтран өмчлөгчөөс Х ХХК-ийг хасаж, А******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах” гэж дурдсан байдаг. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хамтран өмчлөгч хасагдсан бүртгэлтэй холбоотой асуудлыг Х ХХК, түүний өмгөөлөгч Э.Г нарын гомдлоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас шалгаж дараах шийдвэр, хариуг гаргасан, эдгээр шийдвэр хүчин төгөлдөр байна. Үүнд:

- 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/3346 дугаартай Х ХХК-д хариу хүргүүлэх албан бичиг “гомдолд дурдсан хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэсэн,

- 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт “Х ХХК-ийн захирал , өмгөөлөгч Э.Гийн гаргасан өргөдөл, гомдлыг хангахгүй орхих”,

- 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0272 дугаартай Х ХХК-ийн гүйцэтгэх захирал -д хариу өгөх тухай албан бичиг “2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.”

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно гэсэн байдаг. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Х******* ХХК нь гомдлоо хуулийн дагуу улсын ерөнхий байцаагч буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гаргасан. Улсын ерөнхий байцаагч өөрийн чиг үүргийнхээ дагуу улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай дүгнэлтийг хянаад, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дүгнэлтийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон. Иймд хэрэв улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тохиолдолд Х ХХК нь хуулиараа бол шүүхэд хандах ёстой. Гэтэл БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уг компани яагаад шүүхэд биш Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргаад, бүр сайд нь гомдлыг хүлээн авч улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг "залруул" гэх албан даалгавар гаргасныг үнэхээр гайхаж, хардаж байна. Хуульд зааснаар бол Хууль зүй, дотоод хэргийн сайд улсын байцаагчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл бусдын хөрөнгийн улсын бүртгэлийг өөрчлөхийг даалгах зэрэг эрхийг ямар ч хуулиар олгоогүй, зөвхөн шүүх эрх мэдэлд хамаарах бүрэн эрх мөн.

Захиргааны акт гаргах тохиолдолд захиргааны акт гаргахдаа хууль зүйн үндэслэлийг заавал заах ёстойг Захиргааны ерөнхий хуулиар шаарддаг. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчиндолоо дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ямар ч нөхцөлд ... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно" гэж заасан байдаг. Хуулиар зөвхөн шүүхэд хандаж, шийдвэрлүүлэхээр заасан асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар ч хууль зүйн үндэслэл дурдалгүйгээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан, мөн шүүх болон арбитраар шийдвэрлээгүй байхад бусдын хөрөнгийн бүртгэлийг өөрчлүүлэхээр даалгасан зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 болон 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг хангасан.

3/ Х ХХК нь 2018 онд иргэний шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд уг нэхэмжлэлдээ "Манай компанийн зүгээс зээл авч цаашид уг барилгаа үргэлжлүүлэн дуусгах л зорилготой байна гэж ойлгосон тул дээрх саналыг хүлээн авч уг төслийг дуусгах зорилгоор өөрийн өмчлөлийн 60 хувийг А******* ХХК-д шилжүүлж өгсөн. Ингэж шилжүүлж өгөхдөө 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Х ХХК, А******* ХХК хамтарсан хурлын шийдвэр нэртэй баримт үйлдэж, уг баримтаар Х ХХК нь 60 хувийн өмчлөх эрхээ А******* ХХК руу шилжүүлэх хэлцэл хийж, тус үл хөдлөх эд хөрөнгө 100 хувь А******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн болно" гэж тайлбарлаж, энэ тухай баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Энэ нэхэмжлэлээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2023 он хүртэл үргэлжилж, Авлигатай тэмцэх газраас эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаад Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

Иргэний хэргийн шүүхэд өгсөн нэхэмжлэлд, иргэний хэргийн шүүх хуралдааны үеүдэд өгсөн тайлбаруудаар Х ХХК нь өөрийн өмчлөлийн хэсгээ А******* ХХК-д шилжүүлсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тодорхой дурдагдсаар байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд нь шүүх, эсхүл улсын ерөнхий байцаагч биш хэрнээ өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу бүртгэл өөрчлүүлж, өмчлөл шилжүүлэхээр албан даалгавартаа дурдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус болох захиргааны актын шинжтэй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн даалгаврыг заавал биелүүлэх үр дагавартай байдаг. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд яамны нийтлэг эрхлэх асуудлыг зохицуулсан. Үүнд, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулна гэсэн. Ийм учраас албан даалгаварт албан даалгаврыг биелүүлээд авсан арга хэмжээний үр дүнг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор эргэн мэдэгдэхийг холбогдох Засгийн газрын агентлагийн удирдлагуудад үүрэг болгосугай гэсэн нь заавал биелэгдэх шинжтэй акт юм. Захиргааны байгууллагаас гаргасан аливаа шийдвэр тодорхой хуульд үндэслэсэн байх ёстой. Харьяа байгууллагатай холбоотой албан даалгавар нэрээр үндсэн чиг үүрэгт халддаг байж болохгүй.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэв.

3.2. Нэхэмжлэгч “А******* ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ нэмж: “Засгийн газрын нэг гишүүн нь албан даалгавар нэрээр хувийн өмчийн хөрөнгийг бусдад шилжүүлэн бүртгэхийг даалгах нь хууль ёсны үйлдэл огт биш. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дах хэсэгт "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэж, 16 дугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" гээд уг хэсгийн 3-т "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно..." гэж, түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт "Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно" гэж тус тус заасан байдаг. Өмч хөрөнгө олж авах, эрүүл мэнд амь насаа хамгаалуулах зэрэг жам ёсны эрх. 2024 оны 06 дугаар сарын эхээр гэрээгээ бүртгүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэж, үр дагавар бий болсноос хойш албан даалгаврыг мэдсэн.” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: “нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын хуулиар хүлээсэн чиг үүрэгт “гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал” хамаарах бөгөөд энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас хөрөнгө оруулагчдын тогтвортой байдал, баталгааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалах чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох Х ХХК-иас төрийн бүхий л шатны олон байгууллагад удаа дараа гомдол гаргаж ирснийг Засгийн газар анхааралдаа авч “гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2023 оны дугаар тогтоолын 1.4 дэх заалтаар тус компанийн гаргасан “хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн” талаарх гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудалд хамаарах улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчиж, тус компанийн эрх ашгийг ноцтойгоор хохироосон талаар тус яаманд хандаж удаа дараа гаргасан гомдол зэргийг үндэслэн гомдолд дурдсан асуудлаар дотоод хяналт, шалгалт хийж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар байгуулан ажилласан. Ажлын хэсгээс дотоод хяналт, шалгалтын хүрээнд гаргасан илтгэх хуудсыг үндэслэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоох, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор "Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай албан даалгавар гарч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажилласан.

Эдгээр нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7.3-т яам, агентлаг болон Засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны байгууллага нь "Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяа байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хянан шалгаж, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсоно." гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болно.

Нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх үндэслэлийн тухайд:

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгээс удирдамжийн дагуу Х ХХК-ийн гомдолтой холбогдуулан нотариатын болон улсын бүртгэл, түүний хяналт шалгалтын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд дотоод хяналт шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, холбогдох бусад хууль тогтоомж, эрхийн актын хүрээнд харьяа төрийн байгууллагууд дээр хийж гүйцэтгэсэн. Тус Ажлын хэсгийн хийсэн дотоод хяналт шалгалтаар нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх үндэслэлд дурдсан асуудлаар дараах нөхцөл байдлууд тогтоогдсон

1/ Х ХХК нь 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр А******* ХХК-тай дугаартай "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулж, харилцан тохиролцсоны дагуу 2010-2012 оны 03 дугаар сарын хооронд барилгын төсөлд их хэмжээний ам долларын санхүүжилт хийсэн.

2/ 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А******* ХХК нь тус дуусаагүй барилга /70 хувийн гүйцэтгэлтэй, 14,386.5м.кв талбай бүхий, Ү- дугаартай/-ын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан.

3/ А******* ХХК-иас 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг гарган тус барилгын 40 хувийг А******* ХХК, 60 хувийг Х ХХК тус тус өмчлөхөөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулсан байсан.

4/ 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөрчлөгдсөн буюу уг барилгын Х ХХК-ийн өмчлөх эрхийг хасаж, А******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэл хийгдсэн байсан.

5/ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр А******* ХХК нь Ф Э ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу А******* тауэрын 7, 8, 9 дүгээр давхрын нийт 2,468 м.кв талбай, суурийн давхар дахь автомашины 6 зогсоолыг тус компанийн өмчлөлд салган шилжүүлж, А******* ХХК нь үлдсэн 11,918.1 кв талбай бүхий, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувь өмчлөх эрхийн гэрчилгээг "бүрэн гүйцэтгэлтэйгээр" гаргуулан авсан байдаг.

6 /2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр А******* ХХК нь барилгын ажлыг бүрэн дуусгаж, 11,918.1 м.кв талбай бүхий, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн 1 дэх үндэслэлд дурдсан "бодит нөхцөл байдлаас өөрөөр дурдсан” гэх асуудал нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь үндэслэлийн тухайд:

Дотоод хяналт шалгалтаар дараах нөхцөл байдлууд нотариат болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд илэрсэн байдаг. Үүнд: 

2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009), Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003) мөрдөгдөж байсан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам” үйлчилж байсан. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай “А******* тауэр" барилгын улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар материалаас 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчилсөн буюу Х ХХК-ийн өмчлөлөөс хасаж, А******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэлийн материалтай (хуудасны дугаар 41-61) танилцахад:

1/ Бүрдүүлбэрийн хувьд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003)-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэгт хавсаргах баримт бичгүүдийг заасан байжээ. Гэтэл тус бүртгэлийн мэдүүлэгт газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар, барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, өмчлөх эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл (Х ХХК болон А******* ХХК-ийн албан бичиг) байхгүй.  

Мэдүүлгийн 2 дугаар хуудас хэсэгт бүртгүүлэх үндэслэл хэсэг бөглөгдөөгүй байх ба бүртгэл хийлгэхээр хавсарган ирүүлсэн хэлцэл нь "... үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” гэсэн гарчигтай, мөн тус хэлцэлд худалдах худалдан авах, үнэ төлбөргүй шилжүүлэх, бэлэглэх зэрэг захиран зарцуулалтын үндэслэл нь тодорхой бус байсан. Улсын бүртгэгч нь мэдүүлгийн үндэслэл хэсэг болон хэлцлийн агуулгыг хоорондоо агуулгаараа таарч тохирсон, зөрөөгүй гэдгийг нягталж тодорхойлох боломжгүй мэдүүлэг, хэлцлийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хүлээн авсан байсан.

Дээрх 2 нөхцөл байдал нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар "улсын бүртгэгч нь ... улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрх, үүрэгтэй" гэж заасныг, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003)-ийн 14 дүгээр зүйлд улсын бүртгэгч мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг заасан байсан бөгөөд тус хуулийн 14.1.6-д "энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол" гэж, мөн 14.1.8-д "энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол" гэж заасныг үндэслэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгөхөөр заасныг зөрчсөн байсан.

Мэдүүлгийг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр "А*******" ХХК-ийн менежер гэх иргэн О.Э гаргасан байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003)-ийн 13.3-т "Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна." гэснийг зөрчсөн байсан.  Мэдүүлэгт хуулийн этгээдийн нэр хэсэгт "А*******" ХХК гэж, хуулийн этгээдийн нэр хэсэгт Чгийн Э гэж бичигдсэн байсан. Гэтэл "А*******" ХХК-иас  О.Эт олгосон итгэмжлэл улсын бүртгэлийн хувийн хэрэгт байхгүй байсан. Мөн "А*******" ХХК-ийн менежер гэх О.Эийн нэрийн хуудасны хуулбар нь улсын бүртгэлийн тус хувийн хэрэгт байх бөгөөд Иргэний хуулийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.", 64.3-т "Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна." гэж заасан тул тус нэрийн хуудсыг хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуульд заасан итгэмжлэлийн шаардлагыг хангаагүй баримт бичгээр мэдүүлэг хүлээн авсан нь Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийг зөрчсөн байсан.

Мэдүүлэгт газар эзэмших эрх, нэгж талбарын дугаар, үнэ, бүртгүүлэх үндэслэл, хавсарган өгсөн бичиг баримтын хуудасны тоо зэрэг нь бөглөгдөөгүй байхад улсын бүртгэл хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан "Эд хөрөнгийн эрхийн улсыг бүртгэл хөтлөх журам"-ын 3.2-т “Мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэт бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана." гэж заасныг зөрчсөн байсан.

Энэхүү улсын бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд зөрчигдөж болох этгээд буюу “Х " ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох БНХАУ-ын  “H" Co.Ltd-иас тус үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой зөвшөөрлийг авалгүйгээр өмчлөх эрхийг А******* ХХК-д шилжүүлэн бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003)-ийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна." гэж заасныг зөрчсөн байсан.

Компанийн тухай хуулийн 87.1-д их хэмжээний хэлцэлд тооцогдох хэлцлийг, мөн хуулийн 88.1-д "Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана." гэж тус тус заасан.

Гэтэл А******* тауэр барилгын 60 хувийг "Х " ХХК-ийн өмчлөлөөс хасаж А******* ХХК-д шилжүүлэх талаар "Х " ХХК- Төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл 100 хувь хувьцаа эзэмшигч болох БНХАУ-ын H" Co.Ltd-иас гаргасан шийдвэр байхгүй байхад улсын бүртгэлд бүртгэсэн нь улсын бүртгэгч их хэмжээний хэлцэлтэй холбогдох хуульд заасан шаардлагыг нягталж шалгаагүй буюу Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “улсын бүртгэгч нь ... улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрх, үүрэгтэй" гэж заасныг зөрчсөн байсан.

8. Бүртгэлийн хувийн хэрэгт байгаа, БНХАУ-ын "H*******" Ltd-иас Монгол Улсад бүртгэлтэй "Х " ХХК-ийн захирал Ж /-д олгогдсон гэх итгэмжлэл /Монгол хэл дээр орчуулагдсан/-ийн хуулбар нь /нотариатын тамгатай/  Иргэний хуулийн 64.2-т заасан бичгээр олгосон итгэмжлэл нь “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх” гэсэн шаардлагыг хангаагүй байсан.

 Түүнчлэн, БНМАУ, БНХАУ-ын хооронд Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний дагуу БНХАУ-аас ирэх баримт бичиг тухайн улсын эрх бүхий этгээдээр гэрчлүүлэн, тодорхойлуулсан тохиолдолд харилцан хүлээн зөвшөөрдөг. Гэтэл энэхүү итгэмжлэл нь эрх бүхий байгууллагаар гэрчлэгдээгүй байх тул тухайн итгэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу 2 орны гэрээний дагуу хийгдээгүй байсан.

Тус итгэмжлэлд ямар эд хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь тодорхой тусгагдаагүй, хятад хэл дээрх хувь нь /нотариатын тамгатай/ эх хувь биш хуулбар хувь байх ба хэл рүү орчуулсан хувь нь баталгаат орчуулгын дардасгүй байгаа нь тус итгэмжлэл баталгаат орчуулгаар орчуулагдаагүй буюу үнэн зөв орчуулагдсан эсэх эргэлзээтэй байсан.

Дээрх байдлаар Иргэний хууль болон олон улсын гэрээний шаардлага хангаагүй, эрх зүйн хувьд анхаарах шаардлагатай, орчуулгын хувьд эргэлзээтэй баримт бичгийг улсын бүртгэгч нягтлалгүй улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д "улсын бүртгэгч нь улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, нотлох баримт нь зөрчилтэй бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрх, үүрэгтэй гэж заасныг, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.18-д "Өмчлөгч этгээд гадаадад байгаа тохиолдолд тухайн улс оронд байгаа Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа тухайн Дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий этгээдийн, эсвэл Консулын гэрчилсэн итгэмжлэлийг эх хувиар, авах боломжгүй бол Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын тамга бүхий хуулбар хувийг авна." гэж заасныг зөрчсөн байсан.

Бүртгэлд авагдсан “Х " ХХК-ийн дүрэм дутуу буюу голын хуудаснууд байхгүй, мөн “Х " ХХК-ийн өмчлөлд байгаа 60 хувийг "А*******" ХХК-д шилжүүлэн авах талаар гаргасан "А*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь "2013 оны" гэсэн хэр нь сар, өдөр бичигдээгүй бүрдэл дутуу байсан. Эдгээр нь мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д "улсын бүртгэгч нь улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрх, үүрэгтэй" гэж заасныг зөрчсөн байсан.

Нотариатын үйлдлийн талаар: Ажлын хэсэг нотариатчдын танхимд 2023 оны 11 сарын 29-ний өдөр очиж “Х " ХХК, "А*******" ХХК-ийн хооронд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийсэн талаарх нотариатын баримттай газар дээр нь танилцсан ба тус баримтуудыг Нотариатчдын танхимын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр мөн ирүүлсэн. Нотариатын баримт дараах бүрдэл, байдалтай байсан. Үүнд: Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл 1 хуудас, Монгол Улсын иргэн А.Б иргэний үнэмлэхийн хуулбар, БНХАУ-ын иргэн Ж -ийн гадаад паспортын хуулбар 1 хуудас, "А*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр /2013 он/ 1 хуудас, "Х " ХХК, "А*******" ХХК-ийн хамтарсан хурлын шийдвэр хэлээр 1 хуудас, хятад хэлээр 1 хуудас, "А*******" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нүүр болон ар тал тус бүр 1 хуудас, "А*******" ХХК-ийн дүрэм 3 хуудас, "Х " ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нүүр болон ар тал тус бүр 1 хуудас, "Х " ХХК-ийн дүрэм 2 хуудас, БНХАУ-ын "H*******" Co.Ltd-ийн итгэмжлэл хэлээр 1 хуудас, хятад хэлээр 1 хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /дугаар:/ 1 хуудас, нотариатын бүртгэлийн дэвтрийн "Х " ХХК, "А*******" ХХК-ийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хэсэг 1 хуудас.  

Нотариатч Б.Н 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээний бүртгэлийн дугаарт "А*******" ХХК болон "Х******* " ХХК-ийн хооронд байгуулсан дүүргийн 1 дүгээр хороо, ******* /14240/ гудамж 5 тоотод байрлах гэрчилгээний дугаар , Ү- улсын бүртгэлийн дугаартай 14,386.5 м.кв 16 давхар 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилсэн нь нотариатчийн архивын баримтад байсан. Гэрээг гэрчлэхдээ компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэх, гадаад паспортоор хувийн байдлыг тогтоож, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хурлын шийдвэр, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг архивын баримтад авсан байсан. Архивын баримтаас үзэхэд "А*******" ХХК нь 2 гишүүнтэй хуулийн этгээд байсан байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хувьцаа эзэмшигч А.Б, Д.А******* нарын дээрх үл хөдлөх эд хөрөнгийн "Х " ХХК өмчилж байгаа 60 хувийг шилжүүлэн авах хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /сар, өдөр, бичигдээгүй/ байсныг үндэслэсэн байсан.

Х******* ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани болох улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэл болон тус компанийн дүрмээр нотлогдож байхад Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу тус компанийн үүсгэн байгуулагч 100 хувь хувьцаа эзэмшигч болох БНХАУ-ын "Huasheng construction Group" компанийн буюу гадаад улсын хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоогоогүй байсан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ийн "H*******" компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ холбогдох бусад бичиг баримт тус компанийг төлөөлөн эрхийг хэрэгжүүлэгч Х буюу гэрээнд хавсаргасан итгэмжлэл гэх баримтад гарын үсэг зурсан этгээд мөн эсэх, төлөөлөх эрхтэй гэдгийг хянан нягталсан баримт байхгүй байсан. Энэ нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасан "Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана" гэж заасныг зөрчсөн байна.

"H*******" компаниас "Х " ХХК- захирал Ж //-д олгосон итгэмжлэл нь хэлний баталгаат орчуулгын газрын тамга тэмдэггүй байсан. Мөн БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний дагуу БНХАУ-аас ирэх баримт бичиг тухайн улсын эрх бүхий этгээдээр гэрчлүүлэн, тодорхойлуулсан тохиолдолд харилцан хүлээн зөвшөөрөхөөр заасныг хангаагүй байсан.

"H*******" компаниас "Х " ХХК- захирал Ж //-д олгосон итгэмжлэлээс харахад итгэмжлэлийн хүрээг "тус төслийн үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдал, санхүүгийн зохицуулалт, менежмент г.м" гэж заасан боловч тухайн итгэмжлэлд тусгагдаагүй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилсэн нь нотариатч Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т "Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална." гэж заасныг зөрчсөн байсан.  

Гэрээний нэг тал нь гадаад улсын хуулийн этгээд, иргэн байхад хэл дээр үйлдэгдэж байгаа гэрээнээс гарах үр дагаврыг ойлгосон эсэхийг тодруулсан тэмдэглэл, орчуулагч оролцуулсан баримт байхгүй байгаа нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан "үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх” үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн 32 дугаар зүйлд заасан "Орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулах", 34 дүгээр зүйлд заасан "Нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл, түүний агуулга" гэж заасан хэм хэмжээг баримтлаагүй байсан.

Улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох бүртгэлийг хийхдээ бүрдүүлсэн баримт материалд улсын бүртгэгч нь эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хууль, тогтоомж зөрчсөн улсын бүртгэл хийсэн нөхцөл байдал илэрсэн байдаг.

Иймд төрийн байгууллагаас хийдэг улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлж, залруулах арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Засгийн газрын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу даалгасан болно.  Хууль тогтоомж зөрчиж хийгдсэн улсын бүртгэлийг хаацайлах, хүлээн зөвшөөрөх, чимээгүй өнгөрүүлэх нь хууль зүйн болон ёс суртахууны хувьд төрийн  албаны чиг үүрэгт огт нийцэхгүй бөгөөд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэхээр албан даалгаврыг хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь үндэслэлийг хүлээн  зөвшөөрөх боломжгүй юм.

  Нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь үндэслэлийн тухайд:

  Дээрх асуудалтай холбоотойгоор "Х " ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Х " ХХК-ийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг "А*******" ХХК руу шилжүүлсэн /хамтын шийдвэр/ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, компанийн өмчлөх эрхийг сэргээж, уг хэлцлээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү." гэх нэхэмжлэлийг гаргасан байдаг. Нэхэмжлэлийн дагуу дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 280 дугаар шүүхийн шийдвэрээр талууд  шүүхээс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр "Х ” ХХК, ‘‘А*******’’ ХХК-ийн “хамтарсан хурлын шийдвэр" нэртэй хэлцлийн талууд хүсэл зоригоо илэрхийлж барилгын ажлыг дуусгах, хөрөнгө оруулалт авах зорилгоор байгуулсан болох нь тус хурлын шийдвэрт дурдсан "2012 оноос хойш Х ХХК хөрөнгө мөнгө саатаж уг барилгын ажлыг зогсоосон. Одоо 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Цаашид барилгын ажлыг гүйцээн дуусгахын тулд хөрөнгө мөнгө, зээл олох чухал шаардлагатай байгаа тул доорх шийдвэрийг хамтран гаргаж байна" гэх талуудын хүсэл зориг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан "...өөр зээлдэгч хайж байгаа гэсэн шалтаг хэлж байсаар 2017 оны 08 дугаар сараас засварын ажлыг үргэлжлүүлэн 12 сард дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн" гэх тайлбар болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна, ... хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэл бодитой, тодорхой үр дагавар үүсгэхэд чиглэсэн байх тул дүр үзүүлж байгуулсан хэлцэл гэж үзэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Үүнийг "Х " ХХК эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. "Х " ХХК-иас давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас 180 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

           дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар 30-ны өдрийн 2692 дугаар шийдвэрээр тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын нийт талбай болох 11,918.1 метр квадрат талбайтай   үл хөдлөх эд хөрөнгийг "А*******" ХХК, "Х " ХХК тэнцүү хэмжээгээр хэсгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгснийг "Х " ХХК-иас зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан улмаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 262 дугаар магадлалаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасан байна.

Дээрх иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 03131 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, захирамжид "Х " ХХК-иас гомдол гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0110 дугaap  тогтоолоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03131 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, тухайн тогтоол эцсийн шийдвэр болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Тус маргааныг буюу "2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн  “Х " ХХК-ийн Ү- дугаартай  үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг "А*******" ХХК руу шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, компанийн өмчлөх эрхийг сэргээж, уг хэлцлээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах агуулгатай нэхэмжлэлтэй иргэний маргааныг иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн  гэж үзэх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь үндэслэлд "Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн" гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь дотоод хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар холбогдох мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газарт гаргасан. Уг мэдээллийн мөрөөр 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлтийн дугаартай  хэрэг нээж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус газраас мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагаас дээрх хоёр хуулийн этгээдтэй холбоотой үйл баримтыг мөрдөн шалгах  ажиллагаа явуулж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм.

Харин Ажлын хэсгийн хийсэн дотоод хяналт шалгалтаар дээр дурдсан хууль тогтоомж зөрчигдсөн нөхцөл байдлууд илэрсэн нь албан даалгавар гаргаж хүргүүлэх гол үндэслэл, шалтгаан болсон болно. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн нэхэмжлэгч “А*******” ХХК, “А******* ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Хууль зүй, дотоод хэргийн сайд хуульд нийцүүлээд үйл ажиллагаагаа явуулсан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд бүх асуудлаар гомдол гаргах эрхтэйг заасан, энэ эрхийн хүрээнд Х ХХК-иас гомдол гаргасан. Нэгэнт гомдол гаргасан учраас хуульд заасны дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын хяналт шалгалтын ажиллагаа хуульд нийцсэн.

Х ХХК-иас иргэний шүүх, улсын дээд шүүх, арбитрт хандсан, эцсийн шийдвэр гараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Хонгконгын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.  Хонгконгын арбитрт зөвхөн А******* ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны Хамтран ажиллах гэрээний биелэлттэй холбоотой маргаан. Х ХХК-иас төрийн байгууллага болон шүүхэд хандсан асуудал нь улсын бүртгэлтэй холбоотой асуудал юм.

Нэхэмжлэгчийн зүгээс 3 үндэслэл гаргасан. Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.1 дэх “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7 дахь “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлүүд гаргадаг. Онолын хувьд захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь тухайн захиргааны актыг гаргаж байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зоригийн илэрхийлэлд бүрэн тусгагдаагүй эсхүл бүрэн тусгагдаагүйн улмаас актууд хоорондоо хоёрдмол утга санаа илэрхийлж байгаа. Үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байвал энэ нь утга агуулгын илэрхий алдаатай болно. Албан даалгавар гаргаж байгаа гол үндэслэл нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийн асуудлыг хөндөж байгаа, тухайн өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө 70 хувийн гүйцэтгэлтэй, 14,386.5 м.кв талбайтай байсан. Үүнд утга агуулгын алдаа байхгүй.

Хоёрдугаарт, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан захиргааны акт эрх зүйн үндэслэлгүй гэсэн.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгавар нь тус сайдын дугаартай тушаалыг үндэслэж гарч байгаа албан даалгавар юм. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.2 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын үйл ажиллагааны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмуудыг үндэслэж гарсан. Журмын 2.2 дахь хэсэгт зааснаар дотоод хяналт шалгалт нь яам, харьяа агентлаг байгууллагад иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээ, хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, тухайн байгууллагуудын удирдлагаас гаргасан шийдвэр  хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгах, зөвлөмж өгөх, буруутай этгээдэд хариуцлага тооцоход оршино гэж тусгайлан заасан.  Иймд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 Гуравдугаарт, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг шалгана гэж заасан. Мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын журам зэргийн хүрээнд албан даалгавруудыг гаргах бүрэн эрхтэй. Энэ бүгдээс үзвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан албан даалгавар нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий албан даалгавар юм.

Хэдийгээр захиргааны акт гэж давж заалдах шатны шүүх дүгнэлтээ хийсэн ч Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Нэгтгээд хэлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Гомдол гаргах процесс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстой. Гэтэл нэхэмжлэгч А******* болон А******* ХХК-ийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна. Энэ нь зайлшгүй хийгдэх ёстой ажиллагаа байсан. Хууль тогтоогчийн зүгээс захиргааны акт гэж үзэж байгаа бол энэ ажиллагааг заавал хийхээр хуульчилсан. Шүүхийн шатанд хүрэхгүйгээр шийдвэрлэгдэх боломжтой байсан. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах саналтай.” гэв.

3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: “Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлээс гадна Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад яам, агентлаг болон Засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны байгууллага нь хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяа байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг хянан шалгана. Шаардлагатай бол тэдгээрийн удиртгал, илтгэл мэдээллийг сонсоод шаардлагатай арга хэмжээ, албан даалгаврыг хүргүүлнэ гэсэн. Тэгэхээр Засгийн газрын тухай хууль болон Төрийн хянан шалгалтын тухай хуульд зааснаар хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй. Х ХХК-иас Монгол Улсын Засгийн газар болон Эдийн засаг хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг засгийн газрын агентлагаас эхлээд Монгол Улсын Засгийн газар хүртэлх бүх байгууллагуудад гомдол гаргасан.

Гуравдагч этгээд нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаа. Энэ компани нэхэмжлэгч А******* ХХК-тай 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх тухай гэрээг байгуулсан. Гэрээгээр А******* ХХК нь газрын асуудлыг хариуцаж, барилга барих хөрөнгө оруулалтыг 100 хувь Х ХХК хариуцаж үүнийхээ хариуд тухайн барилгын 60 хувийн өмчлөгчөөр бүртгүүлж, А******* ХХК 40 хувийг өмчлөхөөр харилцан тохиролцсон. Өнөөдрийг хүртэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр байгаа. Уг гэрээний дагуу тухайн барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэй байх явцад улсын бүртгэлд дуусаагүй барилгын бүртгэлийг хийсэн. Үүн дээр Х ХХК 60 хувийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. Улмаар 2018 онд улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад манай компанийг өмчлөгчөөс хассан байсан. Хассантай холбоотой гомдлыг улсын бүртгэлийн байгууллагад гаргахад А******* ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хэлцлийг дурддаг. Тухайн хэлцлийг улсын бүртгэлийн хувийн хэргээс аваад харахаар 60 хувийн өмчлөгчөөс хасуулах  гэж байгаагаа Х ХХК хүлээн зөвшөөрч байна гэдэг агуулгатай боловч тухайн хэлцэлд А******* компанийг төлөөлөөд гүйцэтгэх захирал А.Б, Х ХХК-ийг төлөөлж хятад захирал буюу Ж гарын үсэг зурсан байгаа. Уг үйлдэл нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1 дэх хэсгийг зөрчсөн. Учир нь энэ хөрөнгийн бүртгэл нь их хэмжээний хэлцэл юм. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн компанийн зүгээс их хэмжээний хэлцэл хийх тохиолдолд тухайн хэлцэлд компанийн төлөөлөн удирдах зөвлөл буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр байх ёстой. Тухайн гарын үсэг Ж захирлын гарын үсэг мөн байлаа гэхэд дан ганц Ж захирал гарын үсэг зурснаар тухайн бүртгэл шилжихгүй.

Хяналт шалгалтын явцад хийгдсэн 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг хуурамч гэдэг нь тогтоогдсон. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлээс гадна улсын бүртгэлд гаргаж байгаа мэдүүлгээс эхлээд бичиг баримтууд улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Мэдүүлэгт төлөөлөлгүй этгээд гарын үсэг зурснаас эхлээд газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцэл, нотариатын баримт болон бүх баримтууд шаардлага хангаагүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргаж өгсөн илтгэх хуудсанд тодорхой дурдсан.

Нэхэмжлэлийн хоёр дахь үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь заалтад утга агуулгын илэрхий алдаатай болон түүний бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй гэж. Хуулийн тайлбараар утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь тухайн захиргааны актыг хэн гаргасан нь тодорхойгүй, хаанаас гаргаад байгаа нь тодорхойгүй, ямар акт гаргаад байгаа нь тодорхойгүй байхыг утга агуулгын илэрхий алдаатайд тооцдог. Бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй гэдэг нь тухайн захиргааны актыг хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, чиглэсэн этгээд тодорхойгүй, ямар нөхцөл байдалд ямар эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа нь тодорхойгүй байхыг ойлгоно. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 47.1.1, 47.1.7 дахь заалтын хүрээнд дүгнэлт өгнө. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Гуравдагч этгээдийн зүгээс Засгийн газарт гаргасан гомдлын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны дугаартай  тогтоолын 1.4 дэх хэсэгт Х ХХК-ийн хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг шалгахыг үүрэг болгосон Засгийн газрын чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж энэ албан даалгавар гарсан. Мөн шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд хэрэгжээд нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг гэж байх ёстой гэж үзэж байна. А******* ХХК-ийн өмчлөлд 100 хувь бүртгэсэн А******* тауэр барилгын бүртгэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. А******* ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болоогүй, өөрчлөгдөөгүй байгаа тохиолдолд ямар эрх зөрчигдөөд байгаа вэ. Шүүхээс ямар шүүхийн шийдвэр гарахыг мэдэхгүй ч хэрвээ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл А******* ХХК-ийн ямар эрх зөрчигдөх вэ гэдэг нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол хэрэг үүсгэхээс өмнө буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүнд хавсаргаж өгсөн баримтын хүрээнд дүгнэсэн тогтоол, захиргааны хэрэг үүсгэснээс хойш түүнд хавсаргаж хариуцагчийн хариу тайлбар болон бусад нөхцөл байдлууд маш тодорхой болж байгаа буюу давж заалдах шатны шүүхийн тогтоол гарснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн газраас хувийн хэргүүд ирж, энэ бүртгэл хүчинтэй юм уу, албан даалгавар хэрэгжсэн үү гэдэгтэй холбоотой баримтыг харахаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт биш гэдэг нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, үүнийг урьдач захиргааны акт гэж үзнэ. Урьдач захиргааны акт гэдэг нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй мөртлөө энэ актыг үндэслээд дараагийн гарч байгаа захиргааны акт нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар үүсгэх буюу хэрвээ бүртгэл хүчингүй болох, өөрчлөлт оруулахад үндсэн захиргааны акттай маргах эрхийг нэхэмжлэгчид нээлттэй үлдээх явдал юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын дугаартай албан даалгаврыг утга агуулгаар нь харвал хууль тогтоомжид нийцүүлж залруулахыг хүссэн байгаа. Улсын бүртгэлийн байгууллагаас ажиллагаа хийж, талуудыг байлцуулаад баримтууд цуглуулаад бүртгэлээ хэвээр үлдээх эсэхийг шийдвэрлэнэ. Залруулна гэдэг нь шууд Х ХХК-ийг 60 хувийн өмчлөгчөөр бүртгэх эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өөрийн харьяа захиргааны байгууллагадаа буюу дотоодод чиглэсэн шууд үр дагавар үүсгэхгүй акт гаргасан гэж  үзэж байгаа учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэг болон 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал байгаа учраас шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзэхийг хүсэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ы өдрийн дугаартай албан даалгаврын 1.1 дэх заалтаар улсын бүртгэлийн Y- дугаартай дүүргийн 1 дүгээр хороо, ******* /14242/, гудамж, 5 тоот хаягт байрлах, 14,386,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга/-ын хамтран өмчлөгчөөс Х ХХК-ийг хасаж, А******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгажээ.

Нэхэмжлэгч нар  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ы өдрийн дугаартай албан даалгаврын 1.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон илт хууль бус, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхэд илт хууль бус байдлаар халдсан гэж маргасан.

            Нэг. Юуны өмнө нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүйг дүгнэх нь зүйтэй.

1.1. А******* ХХК, А******* ХХК-иас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан “... албан даалгаврын “эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг залруулахыг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан” заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг дээрх агуулга бүхий албан даалгавар захиргааны акт биш гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 343 дугаар тогтоолд нэгэнт “улсын бүртгэлийг залруулах хугацаатай үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүлээлгэснээс үзвэл хэрэгжсэн эсэхээс үл хамааран энэхүү албан даалгавар нь нэхэмжлэл гаргагчийн хувьд үр дагавар үүсгэсэн, заавал биелэгдэх, захиргааны актын шинжийг агуулж байгаагаас гадна, тус компани зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар маргаж буй энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэхгүй” гэж дүгнэсэн, тогтоол хүчин төгөлдөр байна.  

“Залруулах” гэсэн үгийн утгаар тайлбарлавал “бурууг зөв болгох, алдааг засах”  тодорхой үйлдэл гүйцэтгүүлэх агуулгатай байна. Түүнчлэн “даалгах” нь чиглэсэн этгээдэд даалгаврыг биелүүлэх үүрэг хүлээлгэсэн үр дагавартай бөгөөд “албан даалгавар нь биелүүлэхгүй бол даалгавар чиглэсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үр дагавар үүсгэнэ” хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан, нэхэмжлэгч А******* ХХК “уг албан даалгавраас өөр уг улсын бүртгэлд чиглэсэн, түдгэлзүүлсэн хууль хяналтын байгууллагын болон захиргааны байгууллагын аливаа шийдвэр байхгүй, энэ албан даалгаврын улмаас бүртгэлд хөдөлгөөн хийхийг хязгаарлаж өмчлөх эрхийг зөрчиж байна” гэж маргаж буйгаас дүгнэхэд хэрэгжсэн эсэхээс үл хамааран энэхүү албан даалгавар нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, заавал биелэгдэх захиргааны актын шинжийг агуулж байгаагаас гадна, тус компани зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар маргаж буй энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

            1.2. Мөн урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ 93 дугаар зүйлийн 93.1-д дээд шатны байгууллагад буюу Засгийн газарт, 93.2-т өөрт нь гомдол гаргаж болохоор, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалтыг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлэх боломжтой байх үед хэрэглэхээр заасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар сайдад өөрт нь гомдол гаргаагүй нь нэхэмжлэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаас татгалзах шууд үндэслэл болохгүй.

1.3. Нэхэмжлэгч А******* ХХК-ийн хувьд албан даалгаврын маргаж буй заалт уг барилга түүний өмчлөлд байх хугацааны улсын бүртгэлд хамаатай, нэхэмжлэгч А******* ХХК-ийн хувьд уг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй тул хэн аль нь энэ талаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Тодруулбал, нэхэмжлэгч А******* ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй дээрх хаягт байрлах А******* тауэр хэмээх барилгыг анх эрхийн улсын бүртгэлд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөлдөө бүртгүүлсэн, маргаанд хамаарах 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэлээр хамтран өмчлөгчөөс Х ХХК-ийг хасаж, А******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн, нэхэмжлэгч А******* ХХК нь одоо эрхийн улсын бүртгэлд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй байх тул хэн аль нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрх зүйн үр дагавартай гэх шийдвэртэй маргах эрхтэй байна.

1.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлээр Захиргааны ерөнхий хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн бол нэхэмжлэл гаргах хугацааг тодорхойлж, 14.5-д захиргааны актыг илт хууль бус гэх үндэслэлээр маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйг заасан болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын зүйлээр тодорхойлсон албан даалгаврын 1.1 дэх заалтын агуулгаас үзвэл эрхийн улсын бүртгэлд хуулийн этгээдийн өмчлөх эрхэд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг залруулахыг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгажээ.

Нэхэмжлэгч нар Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврын заалтыг утга агуулгын илэрхий алдаатай, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтаар илт хууль бус гэж маргасан тул энэ хүрээнд дүгнэж нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй.

2.1. Актын хууль зүйн үндэслэлд маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрээр маргаанд хамаарах эрх зүйн харилцааг зохицуулж буй хуулийг системчлэн хэрэглэж, дүгнэвэл,

- хариуцагч нь маргаанд хамаарах албан даалгавар, 1.1 дэх заалтыг хууль, тогтоомжид огт үндэслээгүй, өөрөөр хэлбэл захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгож хууль, тогтоомж огт хэрэглээгүй,

- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарынхаа үндэслэл болгож дурдсан хууль, тогтоомжийн зохицуулалтаар ч тодорхой өмчлөх эрхийн улсын бүртгэлд хяналт шалгалт явуулах, бүртгэлд өөрчлөлт оруулах үр дагавар бүхий эрх зүйн акт гаргах эрх хэмжээг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгоогүй,

- Төрийн захиргааны төв байгууллага тухайлсан эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд оролцох, чиглэл даалгавар өгөх зохицуулалт аль ч хуульд байхгүй тул дээрх үндэслэлүүдээр албан даалгаврын 1.1 дэх заалт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь “төрийн захиргааны төв байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6 дахь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэлүүдээр илт хууль бус болжээ.

2.2. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг, тодруулбал эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл, улсын бүртгэлийг хэн  хөтлөх, бүртгэл хуульд нийцсэн эсэхийг хэн хэрхэн хянах, бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлсийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар,  Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох зэрэг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг, тодруулбал бүртгэлийг хэн хэрхэн хөтлөх, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрх хэдийд үүсэх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх шаардлага, бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл, журам, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргах, мэдүүлгийг хүлээн авч бүртгэх, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл, журам, өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх үндэслэл журмыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан.

Түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хууль, тогтоомж зөрчигдсөн эсэхийг улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь хяналт тавихаар, улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэхээр, бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах, улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах чиг үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хэрэгжүүлэхээр бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийн хуваарилалтыг тусгасан.

Харин улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журам, улсын бүртгэлийн байгууллага төрийн бусад байгууллагатай харилцах, мэдээлэл солилцох журам зэрэг хэм хэмжээний акт батлах хүрээгээр тодорхойлжээ.

Дээрхээс үзвэл бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, мөн тодорхой эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах, бүртгэлд өөрчлөлт оруулах асуудал улсын бүртгэлийн байгууллагын эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарч байх бөгөөд үүнд оролцох эрх хэмжээ төрийн захиргааны төв байгууллагад олгогдоогүй байна.   

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл,

2.3.1. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг, бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүн, ажлын зохион байгуулалт, түүнчлэн Засгийн газраас бусад байгууллагатай харилцан ажиллах ерөнхий журмыг тогтоож, зохицуулах бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийн 6/ “Сайд хууль тогтоомж ... Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ”, 24.2 “сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, … Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэсэн ерөнхий зохицуулалт нь бусад хуулиар нарийвчлан зохицуулсан захиргааны үйл ажиллагаанд оролцох эрх олгохгүй төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулиар “ … үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, … эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.”  хэмээн баталгаажсан өмчлөх эрхэд халдах эрх зүйн үндэслэл биш юм.

2.3.2. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тэргүүлж буй яамныхаа аппаратад түшиглэж эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.”, 21 дүгээр зүйлийн 21.1-д Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль тогтоомж, ... Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт туслалцаа үзүүлнэ.” гэж заасан зохицуулалтууд Засгийн газар яамтай, Яам харьяа агентлагтай харилцах ерөнхий дүрмийг тогтоосноос бус Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулсан тухайлсан эрхийн улсын бүртгэлийн талаар шууд хяналт шалгалт явуулах, шийдвэр гаргах, даалгавар, чиглэл өгөх эрх хэмжээг олгохгүй.

Тухайлан иргэн, хуулийн этгээдийн улсын дугаар “Ү-...” бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа, хувийн хэрэгт хяналт шалгалт явуулах, улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэлийн үйл ажиллагаанд оролцох, эрх зүйн үр дагавар бүхий үүрэг даалгавар өгсөн захиргааны акт гаргах эрхийг дээрх хууль тогтоомжоор хариуцагч хууль зүйн асуудал эрхэлсэн сайдад олгоогүй байна.

2.3.3. Төрийн хяналт шалгалтын тухай хууль төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн захиргааны хяналт шалгалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах ба энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно гэж зааснаар Засгийн газрын 2011 оны 311 тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналт шалгалт хийх журам баталсан, журмын 1.4.1-д яам эрхлэх асуудлын хүрээнд харьяа байгууллагад мөрдөх дотоод хяналт шалгалт хийх журмыг сайд батална гэж зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны дугаар тушаалаар сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх журам баталсан. Журмын 3.7-д Ажлын хэсэг дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг 3.8.3-т зааснаар арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах эрх, үүрэгтэй гэж заасан хэмээн хариуцагч тал тайлбарлах ч эдгээр зохицуулалт яам эрхлэх асуудлын хүрээний агентлагтай харилцах эрх хэмжээний хүрээгээр хязгаарлагдана. Тиймээс байгууллага дотооддоо, эрхлэх асуудлын хүрээний байгууллагадаа дотоод хяналт шалгалт хийх журмаар хуулиар тусгайлан зохицуулсан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, тухайлсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хяналт шалгалт хийх, чиглэл, даалгавар өгөх эрх олгогдохгүй.

Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль, тогтоомжоор төрийн захиргааны төв байгууллагад олгогдоогүй эрх хэмжээг аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналт шалгалт хийх журмаар олгохгүй.

2.4. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “төрийн байгууллага албан тушаалтан хүлээн авсан өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзнэ ...” , 19 дүгээр зүйлийн 3-т “ ... Сайд, ... нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө” гэж мөн л тухайн асуудлыг шийдвэрлэхээр хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээгээр өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээг тодорхойлж байх тул эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ийнхүү өргөдөл гомдлоор хяналт шалгалт хийх, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үр дагавар бүхий эрх зүйн акт гаргах эрхийг хууль зүйн асуудал эрхэлсэн сайдад олгоогүй.

            2.5. Хариуцагчийн тайлбарт дурдсан хяналт шалгалт хийх үндэслэл болгож хэрэгжүүлсэн гэх Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тогтоол нь тодорхой хуулийн этгээдээс гаргасан “гадаадын хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн” гэх агуулга бүхий гомдлыг хууль зүйн асуудал эрхэлсэн яаманд шилжүүлсэн агуулгатайгаас биш, улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль зөрчсөн эсэхийг дүгнэсэн, эрхийн улсын тухайлсан бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхийг, тодорхой шийдвэр гаргахыг сайдад эрх олгосон, үүрэг болгосон агуулгагүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч хууль зүйн асуудал эрхэлсэн сайд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байх тул маргаанд хамаарах албан даалгаврын 1.1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болголоо.

            2.6. Хууль зүй, дотоод хэргийн сайд маргаанд хамаарах эрх зүйн актдаа үндэслэл болгож ямарваа хууль, тогтоомж заагаагүй, мөн тухайн харилцааг зохицуулсан хууль, тогтоомжид хариуцагч хууль зүйн асуудал эрхэлсэн сайд тухайлсан эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, эрх зүйн үр дагавар үүсгэсэн эрхийн акт гаргах замаар оролцох зохицуулалт байхгүй байх тул ийнхүү эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, улсын бүртгэлийг залруулахыг даалгасан албан даалгаврын холбогдох заалт нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу илт хууль бус байх үндэслэлд хамаарч байна.

Учир нь захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг, түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үздэг.

Иймд энэ үндэслэлээр маргаанд хамаарах албан даалгаврын 1.1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтаар илт хууль бус гэж үзлээ.

2.7. Харин маргаанд хамаарах албан даалгавар, түүний 1.1 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.5 хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан,  47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх илт хууль бус гэж үзэх бусад үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

Тодруулбал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргах тохиолдолд өмчлөлийн зүйл тодорхой цаг хугацаанд ямар үнэлгээтэй байсныг, иргэний эрх зүйн хэлцэл, эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргаанд хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх хууль зүйн боломж бий тул “2024 онд барилга 100 хувийн гүйцэтгэлтэй, зарим талбайн өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн  нөхцөл байдлыг 2015 оны байдалд буюу барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэй, талбайн хэмжээг өмнөх байдалд аваачих боломжгүй” гэх үндэслэл үгүйсгэгдэж байх тул “утга агуулгын илэрхий алдаатай, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж үзэхгүй.

Түүнчлэн “хууль тогтоомжид нийцүүлэн залруулах” гэсэн нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

Хэдийгээр албан даалгаврын 1.1 дэх заалтыг илт хууль бус гэж маргасан эдгээр үндэслэлүүд тогтоогдоогүй ч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, учир нь бусад үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага хангагдаж буйг дээр дүгнэсэн. 

            Гурав. Хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарт дурдагдсан, хяналт шалгалтаар илэрсэн гэх улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн гэх, тухайлбал “бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгт хавсаргах баримт бичгүүдийн бүрдүүлбэр бүрэн байсан эсэх, бүртгүүлэхээр мэдүүлэгт заасан хэлцлийн агуулга тодорхой эсэх, мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэх, мэдүүлгийн үндэслэл болсон иргэний эрх зүйн хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх, бүртгэлийг хийсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч, хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, өмчлөгчийн эрхийг хууль бусаар зөрчсөн эсэх асуудал”-ыг уг бүртгэлийн үйл ажиллагаанаас эрх, эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд, бүртгэлд нэр нь байгаа этгээд “улсын бүртгэл буруу ташаа” гэж үзэж шалгуулахаар, шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хандаж гомдол, хүсэлт, нэхэмжлэл гаргах эрхийг шүүхийн энэ шийдвэр хязгаарлахгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.9, 18 дугаар зүйлийн 18.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А******* ХХК, А******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай албан даалгаврын 1.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай албан даалгаврын 1.1 дэх заалт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй болохыг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч тус бүрд 70,200 төгрөг олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА