Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/1050

 

 

 

 

 

  

Э.Б, А.У,

Б.Б, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Оргилбат,

шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч З.Хүрэлсүх,

шүүгдэгч А.У-, түүний өмгөөлөгч Б.Гэрэлт-Очир,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.У-, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Б-, А.У-, Б.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1902004552684 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э.Б-

 

2. А.У-,

 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2003 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн;

 

3. Б.Б-,

 

4. Б.Б-,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Э.Б- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд эмийн сангаас эмчийн бичсэн жорын дагуу олгодог Трамадол болон Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан Диазепам, Апаурин, Алпразолам бодисын агууламжтай Алпрам зэрэг сэтгэцэд нөлөөт эмнүүдийг өөртөө олж авах зорилгоор MNS5376:2014 Монгол Улсын стандартад заасан загварын дагуу аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас хэвлүүлэн, дугаарлаж харъяа нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагад түгээдэг “Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт"-ын баримтыг индексийн 11263265 дугаартайгаар “39x38 мм хэмжээтэй, дөрвөлжин хэлбэртэй, дотор талдаа бүдэг үзэгдэх уйгаржин бичиглэл бүхий тэмдэг"-ний, мөн “Э өрхийн эрүүл мэндийн төв” болон “хүний их эмч Ганзоригийн Хүрэлмаа” гэсэн бичиглэлтэй тэмдгийн тус тус дардсуудыг хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан 12 хувь хэвлэсэн, тухайн маягтуудын 8 ширхэгт нь дээрх сэтгэцэд нөлөөт эмнүүдийг өвчтөн М.Б, Б.Б, Д.Э, М.Б зэрэг хүмүүст олгохоор “Э” өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч Хүрэлмаа зөвшөөрсөн мэтээр хуурамч бичилт хийх зэргээр эрх олгосон баримт бичиг болгож хуурамчаар үйлдсэн,

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соманг плаза” төв дэх Ази фарм эмийн сангаас дээрх эрх олгосон 11263265 индексийн дугаартай “Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт”-уудыг хуурамч болохыг мэдсээр байж 3 ширхэг маягтыг  Трамадол эмнээс 80 ширхэгийг, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан Диазепам бодисын агууламжтай Апаурин эмнээс 210 ширхэгийг тус тус өөртөө хэрэглэх зорилгоор худалдан авахдаа ашигласан,

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соманг плаза” төв дэх Ази фарм эмийн сангаас 11263265 индексийн дугаартай хуурамч “Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт”-ыг ашиглан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан Диазепам бодисын агууламжтай Апаурин эмнээс 210 ширхэгийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КН Апартмент” орон сууцны гадна биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар ууттай 79 грамм жинтэй болон 2 литрийн хуванцар савтай, дотроо ахуйн газын хий шахсан шингэнтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар Э.Т-д өгсөн,

мөн өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан Диазепам бодисын агууламжтай Апаурин эмнээс 75 ширхэгийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

2021 оны 03 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36/5 дугаар байрны орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад багтсан 10 ширхэг “Морфин” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар А.У-ээс худалдан олж авч хадгалсан,

А.У- нь 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Айвико” эмийн сангийн гадаа эмийн жорын дагуу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц"-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 80 ширхэг “Морфин” худалдан авч, иргэн С.Б-д 14 ширхэг “Морфин” худалдсан,

улмаар үргэлжилсэн үйлдлээр мөн өдрөө Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах 36/5 дугаар байрны орчим 10 ширхэг “Морфин”-ыг Э.Б-д худалдсан,

Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц"-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 164 ширхэг “Морфин” тариаг Б.Б-эд худалдаж, өөрийн хүү Б.Г-ийн Төрийн банкны 34109800096299 дугаартай дансаар нийт 23 удаагийн шилжүүлгээр 2.469.900 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 02 дугаар сарын 08, 10-ны өдрүүдэд 5 ширхэг “Морфин” тариаг С.Б-д худалдаж, өөрийн хүү Б.Г-ийн Төрийн банкны 34109800096299 дугаартай дансаар нийт 2 удаагийн шилжүүлгээр 67.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Айвико эмийн сангаас эмчийн жороор 84 ширхэг “Морфин” авч 30 ширхэгийг нь худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.Г-д өгсөн,

2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шунхлай” шатахуун түгээх станцын урд 9537 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Морфин” гэх нэршилтэй “Морфин 1/1 мл” гэсэн бичигтэй 2 ширхэг хориглосон мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Н.Н-д өгсөн,

Б.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 164 ширхэг “Морфин” тариаг Б.Б-ээс түүний хүү Б.Г-ийн Төрийн банкны 341098000966299 дугаартай дансаар нийт 23 удаагийн шилжүүлгээр 2.469.900 төгрөг шилжүүлж худалдан авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Э.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

А.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Э-н Б-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, олж авсан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэм буруутайд,

шүүгдэгч Ч овогт А-ийн У-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдсан гэм буруутайд,

шүүгдэгч И овогт Б-ын Б-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад өгсөн,

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан гэм буруутайд,

шүүгдэгч С овогт Б-ын Б-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэм буруутайд тус тус тооцож,

Б овогт Э-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Ч овогт А-гийн У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

И овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

С овогт Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг өршөөн хэлтрүүлж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Уранцэцэгт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, Б.Б-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ий цагдан хоригдсон 404 хоногийг түүний эдлэх 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Э.Б-ийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс, шүүгдэгч Б.Б-ийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, А.У-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж тооцож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “...надад оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн, тохироогүй гэж үзэж байна. Юун түрүүнд би өөрийн үйлдсэн гэм буруу, үйлдэлдээ туйлын гэмшиж байна. Ашиг олох зорилгоор эсхүл бусдыг уруу татах, хорлох зорилгоор морфин тариаг зарсан удаагүй. Ажил хийж цалин авч, амьжиргаагаа залгуулах шаардлагатай байсан, Б  нь намайг ажилд авч цалинжуулан ажиллуулж байсан. Тархины хавдартай гэх магадлагааг үндэслэн хүнд өвчтэй эхнэрт нь тусалж байснаараа өөрөө ч мэдэлгүй гэмт хэрэгт орооцолдсондоо харамсаж байна. Б  нь АНУ-ын виз гаргуулж хамтдаа зугтъя гэсэн санал тавьсан. Би хүлээж аваагүй. Гэтэл тэрээр чиний эсрэг мэдүүлэг өгчихсөн, уучлаарай гээд АНУ-аас видео калл хийж ярьсан. Түүний худал мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд саадтай, мөн миний эрх зүйн байдалд халтайг ухамсарлаж хэргээ үнэн зөв шийдүүлэх болсон. Миний бие хуулийн мэдлэг дутуугаас зарим алдаа гарсныг энэрч ойлгож үзнэ үү. 27 жилийн турш эмчийн зөвшөөрөлтэй морфин тариаг  хийлгэхдээ нэг удаа ч өвчний бус хүнд өгч байгаагүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалттай группэд хамрагддаг. Морфиноос хамааралтай өвчин ямар байдгийг мэдэх тул хүнд өвчтэй эхнэрт нь тусалсан нь хууль бус, хуулиа дагаж нүдээ аниад үгүй гэх нь зөв байсан гэдгийг ойлгож гүнээ гэмшиж байна. Өөрийн биеэр туулж хор уршгийг нь сайн мэдэх хүний хувьд үлдсэн цөөхөн амьдралаа залуу үе болон сонирхож саваагүйтэж донтох эмгэгтэй болсон залуу үедээ өөрийн туулсан амьдралын туршлагаасаа хуваалцан, энэ муухай хорт зуршлаас биеэ татаж зөв амьдрахад нь бага ч болов тус нэмэр болж, хор уршиг, хөнөөлийн талаар байнга лекц, семинар хийж иргэн хүнийхээ үүргийг биелүүлэх болно. Би зээ хүүтэй, зээ хүү болон залуу үедээ донтох эмгэгийн талаар хор хөнөөл, цаашлаад улс орны аюулгүй байдлын төлөө өөрийн үзэж туулснаараа иргэний үүргээ биелүүлж амьдрах болно гэж тангараглая. Надад бусдын зовлонг хуваалцсанаас өөр сэдэл огт байгаагүй. Шүүгдэгч Б ийн Урнаа гэх эмэгтэйгээс 15.000-20.000 төгрөгөөр авсан гэсэн мэдүүлэг ор үндэслэлгүй. Талийгаач Г  надад бүх үнэнээ хэлж, олон залуусыг олон төрлийн донтох эмгэгт оруулж буй Зулаа гэгчийн Дамбадаржаад байдаг алдартай эмийн санг Цагдаагийн газарт мэдэгдэж өөрийн мөнгөөрөө Г  дүүг 2019 оны 10 дугаар сард Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 3 сар хэвтүүлж тарианаас гарсан боловч 2020 оны 7 дугаар сард Б эд гэх залуутай цуг манай ажил дээр ирсэн. Тэгэхэд анх удаа Б ийг харж, 1 ширхэг тариа ч өгөөгүй мөн хурдан донтдог талаар чадлаараа хэлж явуулсан. 27 жилийн турш энэ тариаг хийж мөрөөрөө л амьдарч байсан. Сүүлийн 5 жилд нүүр нь цонхийсон, шарталтын шоконд орсон хүн эмнэлгийн карт барьж туслаач гэхэд нь би болгоомжилж Цагдаагийн газарт мэдэгдэж байсан. Сэтгэлээ дагах уу?, хуулиа баримтлах уу? та өөрөө шийд ээ гэдэг хариу авч байлаа. Хуулиа зөрчөөд хүнээ аварсан. Харсаар байгаад үхүүлэлтэй нь биш гэж бодсон. Энэ цаг мөчөөс хуулиа дээдлэн хүнээ ч бодон эмнэлэг, цагдаа гээд бүгдийг дуудаж шийдвэрлэх болно. Би өөрийгөө буруугүй гэхгүй ээ. Надад оногдуулсан ялыг дүйцүүлэх ялаар хөнгөрүүлж, миний өвчний онош, эмчийн хяналтад байдаг зэргийг харгалзан үзэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Муу нэрийг  хусавч арилахгүй гэдгийг биеэрээ мэдэрлээ. 600.000 төгрөг олоод маргааш нь буцааж өгснийхөө төлөө гэнэт нэг жилийн дараа шүүх хурал болж 2,6 жилийн тэнсэх ял авсан. Олон удаа хэрэгт холбогдсон хүн юу ч хэлээд нэмэргүй гэж дотроо битүүхэн гомдол тээж явсаар энэ удаа давж заалдах гомдол бичихээр шийдлээ. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хорт хавдартай гэж оношлогдсон 6 сар амьд явна гэж харьяа хавдрын эмч морфин тариаг үнэгүй тарьж эмч, эмнэлгийн хариуцлагагүй үйлдлээс болж энэ тарианы хамааралтай болж бие махбодиороо тарчлан зовж байна. Би өөрийн хүсэл сонирхлоор хэрэглээгүй, энэ хамаарал гэж бодоод Сэтгэцийн эрүүл мэндийн төвд өөрийн сайн дураараа эмчлэгдэх гэж очсон ч нэмэргүй, эмчийн заавраар 15-16 жил морфин тариагаар амьдарч байна. Хэзээ хорвоогоос явахаа мэдэхгүй би 70 хүрч яваа хөгшин ээжийгээ, 100 хувийн группт байдаг ганц хүүгийнхээ амьдралыг таксигаар халтуур хийж авч явж байсан. Цаашид энэ хоёрыгоо харж, асарч тэднийхээ төлөө хийх зүйл маш их байна. Анхан шатны шүүх хүнлэг, энэрэнгүй зарчмыг баримтлалгүй, хэт хүндрүүлэн яллах талыг баримталсан тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримталж, миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлсон эмэгтэй, мөн хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Миний бие морфин гэх тарианаас хамааралтай болж зовж, тарчилж яваа болохоор миний ижил өвчин, зовлонтой хүнд зовлонг нь ойлгож, хуваалцаж байна гэж бодож өгсөн нь миний буруу. Би зарж борлуулж бусдад нөлөөлөх бодол, санаа байгаагүй. Цаашид хэнд ч, хэзээ ч яаж ч байсан өгөхгүй гэдгээ амлаж байна. Тэр эмчийн онош өнөөдөр намайг гэмт хэрэгтэн болоход нөлөөлсөнд маш их харамсаж байна. Одоо ч уг тариаг эмчилгээндээ хэрэглэж байгаа. Энэ байдал бүхэн миний эрүүл мэндийн байдлыг нотолж байна. Энэ олон жил хүүгээ өвдүүлж, өөрөө 15-16 жилийн хугацаанд үнэхээр хүнд хэцүү зовлон, бэрхшээлийг амсаж туулж яваа боловч хэн нэгнийг буруутгаж, мууг үзэх бодол байгаагүй учир өдий хүртэл ганцаар зовж, шаналж явна. Иймд миний хувийг байдлыг харгалзан үзэж, ганцхан удаа боломж олгооч гэж хүсч байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, бусдын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн Б.Б- нь өрх толгойлсон эмэгтэй бөгөөд төрсөн хүү Б.Г- нь сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй 100 хувь хөдөлмөрийн чадваргүйн улмаас төрсөн эх Б.Б-ийн асрамжид байдаг. Б.Б- нь 2008 оны 4 дүгээр сараас шулуун гэдэс тайрах хагалгаанд орж улмаар өвчин нь хүндэрч хавдартай болж хими, цацраг туяа эмчилгээ хийлгэж байгаад хавдрын эмчийн хяналтад өвчин намдаах зорилгоор морфин тариа байнга хэрэглэх болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж, мөн 1,3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно” гэж заасан. Иймд шүүгдэгч Б.Б-ийн хувийн болон эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.У-ийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгчийг шүүхээс гэм буруутайд тооцохдоо хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд судлаагүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Учир нь А.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон бөгөөд С.Б-д худалдсан гэх боловч хариу төлбөр аваагүй, Э.Б-д худалдсан гэх боловч түүнд миний үйлчлүүлэгч 10 ширхэг морфин тариа өгөөгүй. Өөрөөр хэлбэл С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс мөнгө өгөөгүй гэдгийг тодорхой харж болох бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нөхцөл байхад шүүх анхаараагүй. Мөн шүүгдэгч Э.Б- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, 10 ширхэг морфин тариаг хууль бусаар олж авснаа хүлээн зөвшөөрдөг боловч миний үйлчлүүлэгч А.У-ээс тухайн тариаг аваагүй гэдгээ мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгчийн тухайд С.Б-д морфин тариа өгснөө хүлээн зөвшөөрдөг боловч мөн хариу төлбөр аваагүй болохоо удаа дараа мэдүүлдэг, харин Э.Б-д морфин худалдаагүй, өгөөгүй болохоо удаа дараа илэрхийлдэг. Үүнийгээ шүүх хуралдааны үеэр ч мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Э.Б- ч миний үйлчлүүлэгчээс морфин аваагүй Д.Г-гаас авсан талаараа мэдүүлдэг. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч А.У-ийг Э.Б-д 10 ширхэг морфин худалдсан гэх үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Б-д 14 ширхэг морфин тариа худалдсан гэх үйлдлийн тухайд С.Б-ас хариу төлбөр авсан үйл баримт нь тогтоогдохгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгч Э.Б-д холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн учраас давж заалдах гомдол гаргаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт шалгаж, тогтоосон. Прокуророос хэргийг зөв зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. ...” гэв.

 

Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь агуулга, найруулга зүйн зөрчилгүй ойлгомжтой бичигдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Б-, А.У-, Б.Б-, Б.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.У-, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

 

Прокуророос шүүгдэгч Б.Б-ийг “...үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц"-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 164 ширхэг “Морфин” тариаг Б.Б-эд худалдаж 2.469.900 төгрөгийг шилжүүлэн авсан, 2021 оны 02 дугаар сарын 08, 10-ны өдрүүдэд 5 ширхэг “Морфин” тариаг С.Б-д худалдаж, 67.000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 30 ширхэг “Морфин” тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.Г-д өгсөн, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2 ширхэг “Морфин” тариаг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Н.Н-д өгсөн. ...” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдачаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх Э.Б-, А.У-, Б.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд “...шүүгдэгч Их мэргэд овогт Болдын Болоргэрэлийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан. ...” анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, гаргасан шийдэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Тодруулбал, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад өгсөн гэж тухайн зүйл хэсэгт заагаагүй шинжээр гэм буруутайд тооцсоноос гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн ирүүлсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”, 2 дахь хэсэгт заасан “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол цагаатгагдсан, эсхүл ял шийтгүүлсэн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана гэсэн шаардлагуудад нийцэхгүй байна.

 

Үүнээс гадна шүүгдэгч Б.Б-ийг Б.Б-, С.Б- нарт “Морфин” тариа худалдаж өөрийн хүү Б.Г-ийн Төрийн банкны дансаар нийт 2.536.900 төгрөгийг шилжүүлэн авсан гэж дүгнэсэн атлаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хэрхэх талаар дүгнэлт хийгээгүй, мөн шүүгдэгч А.У-ийг С.Б-д 14 ширхэг, Э.Б-д 10 ширхэг “Морфин” тариа худалдсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн атлаа хэдэн төгрөгөөр худалдаж, хэчнээн төгрөгийн орлого олсон эсэхийг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Б-, Б.Б- нарт оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсан заалтыг орхигдуулсан, шүүгдэгч А.У- нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хугацаанд дахин гэмт үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” асуудалд мөн дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын “...Б.Б-ийн хувийн болон эрүүл мэндийн байдал мөн ар гэрийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...”, шүүгдэгч А.У- болон түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын “...зүйлчлэл  болон ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч Б.Б- нь эдийн шинжилгээгээр “высоко дифференцированная аденокарцинома толстой кишки” гэж батлагдаж, хөдөлмөр зохицуулалт хийж, хавдрын эмчийн хяналтанд өвдөлт намдаах зорилгоор морфин тариагаар олгож байсан болон 100% хөдөлмөрийн чадвар алдалттай, хөгжлийн бэрхшээлтэй хүү Б.Ганхөлөгийн хамт амьдардаг болох нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхлэгч Э.Бат-Өлзий, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхний хуулбар /10хх 127-132/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн эрүүл мэндийн болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Б-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Б-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН