Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00673

 

Ц.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/00864 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гомдол шийдвэрлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад татан буугдсан Анод банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдийг Монголбанкаар сольж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмаар явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалаар Анод банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 3 446 159 752 төгрөгийг гаргуулж иргэн Ц.Д-ид олгохоор шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Анод банк ХК дахь эрх хүлээн авагчид хүргүүлсэн байдаг. Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүйн улмаас Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/66 дугаар тушаал гарч, төлбөр төлөгч Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагч татан буугдсан. Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдод дахин хандсаны дагуу Монголбанканд хоёр удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч Монголбанкнаас төлбөр барагдуулах үндэслэлгүй талаар албан бичиг ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар төлбөр төлөгч Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийг томилох татан буулгах үйл ажиллагааг Банкны тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн Монголбанк хэрэгжүүлдэг. Монголбанк Анод банк ХК-ийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаар тушаалаар албадан татан буулгаж, Банкны эрх хүлээн авагчийг томилсон байдаг. Иймд Банкны эрх хүлээн авагч нь төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр татан буугдсан банкны асуудлыг шийдвэрлэхээр түр байгуулагдсан захиргааны байгууллага юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад төлбөр төлөгч Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар үйл ажиллагааг нь дуусгавар болсон байх тул Захиргааны ерөнхий хуулиар Анод банк дахь Банкны эрх хүлээн авагчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдийг Монголбанкаар солиулан шийдвэр гүйцэтгэл явуулж өгөхийг хүссэн. Энэхүү гомдлыг Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гомдол шийдвэрлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тоот болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 72 дугаар тогтоолын үндэслэлээс харахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу төлбөр барагдуулах боломжгүй мэт хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнээс төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг хэрэгжүүлэхээр материаллаг эрх зүйн шаардлагаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, татан буугдсан төлбөр төлөгчийн эрх залгамжлан авбал зохих этгээдийг томилуулах хууль зүйн боломжгүй юм. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7-д зааснаар шаардлага гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад татан буугдсан Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдийг Монголбанкаар сольж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмаар явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг тус тус гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр авагч иргэн Ц.Д-ид Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 3 446 159 752 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр тогтоол хүчин төгөлдөр болсон. Энэхүү шийтгэх тогтоолд тус дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдэж манай байгууллагад ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаар тогтоол гаргаж төлбөр төлөгч Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг төлбөр төлөгч хүлээн авч, Анод банк ХК-ийн эрх хүлээн авагч С.Энхбатын гарын үсэгтэй 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 147 дугаар албан бичгээр төлбөр авагч иргэн Ц.Д-ид холбогдох шийдвэр гүйцэтгэлийн материалыг төлбөр төлөгчид ирүүлэхийг хүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002/ оны хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид хүргүүлж шийдвэрлэсэн. Гэвч Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/66 тоот тушаалаар төлбөр төлөгчийн үйл ажиллагааг татан буулгасны дараагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад татан буугдсан банкны актив хөрөнгө хүрэлцээгүй гэх үндэслэлээр иргэн Ц.Д-ид төлөх төлбөр төлөгдөөгүй гэх тайлбарыг албан бичгээр ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан баримт бичиг гүйцэтгэх баримт бичигт авагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3, 35.3.1, 35.3.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч НШШГГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монгол банкийг сольж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ахлах шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор эрх залгамжлагчаар тогтоолгох гомдлыг хангахаас татгалзсан нь хууль бус, төлбөр авагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд зөрчиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас зайлсхийсэн гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ эрх залгамжлагчаар тогтоосон шүүхийн шийдвэрээс гадна мөн хуулийн 35.3.2-т заасан " хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичиг байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч эрх залгамжлагч оролцуулах эрх зүйн боломжтой байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн материалд Монголбанкнаас гаргасан "Анод банк" ХК дахь Банкны эрх хүлээн авагчийг томилсон, татан буулгасан баримт болох эрхийн актууд бүгд авагдсан. Уг баримт бичгүүдийг үндэслэн хуульд заасны дагуу эрх зүйн үр дагаврыг арилгах зорилгоор шийдвэр гүйцэтгэх байгууллага эрх хүлээн авбал зохих этгээдээр солих хууль зүйн боломжтой байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дээрх хуульд заасан үндэслэл болон шийдвэр гүйцэтгэлийн материалд авагдсан баримт бичигт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй гарсан шийдвэр гүйцэтгэх байгууллагын 72 дугаар тогтоолын улмаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй болсноор төлбөр авагчийн хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзсэн. Энэ нь Иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 35.3 дахь хэсэгт заасан шаардлага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд чиглэсэн шүүхээс эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж шийдвэр гүйцэтгэлийг журмын дагуу даалгасан шийдвэр байхаар байна. Нэгэнт татан буугдсан төлбөр төлөгч захиргааны байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тодорхой хуульчлан зохицуулсан байхад төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдээр солих тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэхгүй байна.

Монголбанк нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш боловч хуульд заасан үндэслэлээр үүрэг үүсэж, хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болгож Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасныг банкны эрх хүлээн авагч нь татан буугдсан актив хөрөнгийг
захиран зарцуулах эрх, үүргийг Монголбанкны албадлагын арга хэмжээг
хэрэгжүүлэх зорилгоор хүлээн авсан.
Иймд төлбөр төлөгчид холбогдох хүчин
төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцаж шийдвэрлэх зохицуулалт байна.
Гэтэл шүүх шийдвэрийн дүгнэх хэсэгтээ ...Банкны тухай хуулийн дээрх заалтаар Монголбанкнаас авсан албадлагын арга хэмжээний улмаас хохирол учирсан болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон бол хохирол гаргуулах асуудлыг шийдвэрлэхээр заажээ" гэж хууль тайлбарласан нь илт үндэслэлгүй, буруу тайлбарлажээ. Энэхүү заалт нь Монголбанкны үйл ажиллагаанаас бус түүний томилсон банкны эрх хүлээн авагчид холбогдон гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэхээр хуульчилсан гэж ойлгогдож байна. Шүүхийн дүгнэлтэнд гэвч нэхэмжлэгч нь Монголбанкны авч хэрэгжүүлсэн албадлагын арга хэмжээнээс болж учирсан гэх хохирлын талаар шаардлага бүхий нэхэмжпэлийг зохих этгээдэд холбогдуулан шүүхэд гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй" гэсэн нь ойлгомжгүй болжээ. Шүүхээр нэгэнт тогтоогдсон хохирлын хэмжээ уг хохирлыг хэн хариуцах, үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр тогтоолтой байхад шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргавал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 -д заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй нь ойлгомжтой байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 5.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч захиргааны байгууллага татан
буугдсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар шүүхэд
тайлбарласан боловч шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон
шийдвэртээ энэ талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.Д- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдийг Монгол банкаар сольж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулахыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 157 дугаар зүйлийн 157.2 дах хэсэгт тус тус зааснаар гомдолд хариуцагч байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заах үүрэгтэй.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалаар Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 3,446,159,752 төгрөг гаргуулж, Ц.Д-ид олгохоор шийдвэрлэж, уг шийтгэх тогтоол, магадлалд Баянзүрх дүүргийн шүүх 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21 дугаартай гүйцэтгэх хуудас бичиж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид хүргүүлж, банкны эрх хүлээн авагч Ц.Д-ид холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэх тухай хүсэлт гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 320 дугаар тогтоол, 1/3162 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 13-18, 32-101/

Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагч 2015 оны 03 сарын 25-ны өдрийн 709 дугаартай албан бичгээр Анод банк ХК-иас авлагатай этгээдүүдийн өр төлбөрийг бүрэн барагдуулахад тус банкны актив хөрөнгө хүрэлцээгүй тул шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах боломжгүй болсон талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсэн, НШШГГ- 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14280051 дугаартай тогтоолоор Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-ийн 104/

Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлагчаар Монголбанкийг тогтоолгох талаар гомдол гаргасан ба ахлах шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор түүний гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ ...эрх залгамжлагчаар Монголбанкийг солиход эрх бүхий байгууллагын шийдвэр, бусад холбогдох баримт бичгийг үндэслэн эрх залгамжлагч оролцуулах... гэсэн үндэслэл заажээ. /хх-ийн 5, 108/

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04/2892 дугаартай албан бичгээр С.Батсайханы өргөдөлд ...эрх залгамжлан авбал зохих этгээдийг шүүхээр тогтоолгон, шүүхийн шийдвэрийг НШШГГ-т хүргүүлэх шаардлагатай, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хуульд нийцсэн, хүчингүйд тооцох үндэслэлгүй... гэсэн хариу өгсөн, нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна. /хх-ийн 6/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн/, эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. гэж заасны дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан байна.

Төлбөр авагч хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1.-д заасан эрх залгамжлагчаар томилох тухай шүүхийн шийдвэр; 35.3.2.-т заасан хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичигт тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талыг эрх залгамжлан авбал зохих этгээдээр солино.

Хэрэгт Монголбанкийг Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлагчаар томилсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдаагүй байна.

 

Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаар тушаалаар Анод банк ХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж, банкийг албадан татан буулгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэхийг Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд даалгасан, банкны эрх хүлээн авагчаас 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг дуусгавар болгох тухай 700 дугаар албан бичиг, эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын тайланг Монголбанкинд хүргүүлсэн, Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 дугаар тушаалаар татан буугдсан Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байх бөгөөд эдгээр баримт бичигт хууль тогтоомжид заасны дагуу Монгол банкийг эрх залгамжлахаар тогтоосон талаар тусгагдаагүй байна. /хх-ийн 19--30/

 

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т зааснаар ...., шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа- нд энэ хууль үйлчлэхгүй гэж заасан тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй, шүүх хэрэглээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Монголбанкинд холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд Банкны тухай хууль, Төв Банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан Монголбанкны болон банкны үйл ажиллагааны чиглэл, бүрэн эрх, үүрэг хариуцлага зэрэг асуудлаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт нийцэхгүй бөгөөд Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-т заасан эрх хүлээн авагчийн шийдвэр, үйл ажиллагаа, хохирлын асуудал нь энэ хэргийн маргааны зүйл биш байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус гэж үзсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй тул анхан шатны шүүх хариуцагч байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль тогтоомжид харшилсан, түүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй болохыг зөв дүгнэжээ.

 

Харин шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шаардлага гаргах эрх зүйн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг баримтлаагүй тул зөвтгөж өөрчлөх зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/00864 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын 35 дугаар зүйлийн 35.1, 35.3, 35.3.1, 35.3.2-т гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ