Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,                                   

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Х.Энхсайхан, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Хишигжаргалын Энхсайханд холбогдох эрүүгийн 1709007380388 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Дорж зандан" ХХК-д худалдагч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамж 561 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УИ 96062317 / Боржигон овогт  Хишигжаргалын Энхсайхан нь: 

 

- 2017 оны 08 дугаар 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамжинд байрлах 33 дугаар автобусны буудлын орчим хохирогч Б.Нанжидтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж улмаар түүний биед "хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Нанжид мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Би 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ харих замд танил Сайханаатай тааралдсан. Тэр “ Цуг архи хувааж ууя. Чамд 5000 төгрөг байвал өгөөч “ гэхээр нь “Би архи уухгүй ээ. Май энийг ав “ гээд 5000 төгрөг өгөхөд “ 0.75 л архи авч хүрэхгүй байна. Дахиад 5000 төгрөг өгөөч “ гэхээр нь би “ Гэртээ ороод аваад гараад ирье “ гээд гэртээ орж хоол цайгаа уугаад сууж байтал манай 3 найз ирсэн. Бид 4 гараад явж байтал манай 3 найз “ Чамайг далан дээр Сайханаа хүлээгээд байсан “ гэхээр нь би Сайханаатай тааралдахгүй гээд нуугдаж байгаад тааралдчихсан. Гэтэл Сайханаа “Чи яасан овоо болсон юм бэ?” гээд зүүн гараараа миний баруун шанаа руу нэг удаа цохьсон. Тэгээд би хойшоо ухартал миний цамцнаас зуурч доош даран тонгойлгож байгаад нүүр рүү 5-6 удаа өшиглөсөн.

 … Тухайн үед би малгайтай цамц өмссөн байсан бөгөөд миний цамцны малгайнаас татаж доош нь дарж байгаад нүүр рүү 3-4 удаа өшиглөсөн. Мөн баруун хацар руу зүүн гараараа 2 удаа цохьсон. Зодсоны дараахан ээжтэй бид хоёр таарсан бөгөөд Сайхнаа ээжийг хараад зугтаасан гэжээ.  / хх 12, 14 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10413 дугаартай дүгнэлтэнд: 

1. Б.Нанжидын биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ / хх 19 /

 

Шүүгдэгч Х.Энхсайхныг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 31-32 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх  49   / зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Дахин архи дарс уухгүй  гэв. 

Шүүгдэгч Х.Энхсайхан нь 2017 оны 08 дугаар 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамжинд байрлах 33 дугаар автобусны буудлын орчим хохирогч Б.Нанжидыг архины мөнгө өгсөнгүй гэж нүүрэн тус газар нь цохиж, өшиглөсний улмаас түүний биед "хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Сайхнаа “Чи яасан овоо болсон юм бэ?” гээд миний цамцны малгайнаас татаж доош нь дарж байгаад нүүр рүү 3-4 удаа өшиглөсөн. Мөн баруун хацар руу зүүн гараараа 2 удаа цохьсон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Нанжидын мэдүүлэг / хх 12, 14 /, …Б.Нанжидын биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10413 дугаартай дүгнэлт / хх 19 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Х.Энхсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Нанжид нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Х.Энхсайхан нь цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч Х.Энхсайхан нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон тул түүнийг прокурорын санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                   

1. Шүүгдэгч Боржигон овогт Хишигжаргалын Энхсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Энхлхагвын Х.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Энхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Х.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Энхсайханд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Х.Энхсайхан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ