Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/1127

 

 

 

 

      2023           11            22                                           2023/ДШМ/1127

 

О.У, Н.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор         ,

шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, Ш.Чанцал,

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Уын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, Ш.Чанцал, шүүгдэгч Н.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.У, Н.Т нарт холбогдох 2207002310061 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Хар Баргад овгийн О.У, 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид радиотелеграфчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор, 1 дүгээр гудамжны 5 тоотод оршин суудаг, /РД:УП03252135/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

2. Тэмээчин овгийн Н.Т, 2003 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор 2 дугаар гудамжны 69 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:НЩ03260112/,

О.У, Н.Т нар нь бүлэглэн 2022 онь 6 дугаар сарын 24-ний өдөр 04 цаг 40 минутад Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь Тэрэлж” амралтын газрын 2 дахь эгнээний 3 дахь гэрт нэвтэрч хохирогч Ш.С “Dell” загварын зөөврийн компьютерыг,

мөн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 19 минутад Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж шугуй” амралтын газрын 1 дугаартай гэрт нэвтэрч хохирогч Ц.Т, Т.А нарын Samsung Galaxy S9, Samsung Galaxy А53, 13 дугаартай гэрт нэвтэрч насанд хүрээгүй хохирогч О.Э, М.Ө, Т.А нарын I Phone X, I Phone 7, Samsung Galаху S9 загварын нийт 5 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: О.У, Н.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хар Баргад овогт О.У, Тэмээчин овогт Н.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Уыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч Н.Тыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У, Н.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Т давж заалдах гомдолдоо: “...Миний бие шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно. ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно. ...” гэж тус тус хуульчилжээ. Хуулийн дээрх заалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал юм. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, алдаагаа ухаарч, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхыг бүрэн ухамсарлаж байгаа тул дээрх хуулийн заалтуудыг үндэслэн надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус хорих ангид 3 сарын хугацаанд хоригдож байгаа. Хоригдож байх хугацаандаа үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, ээжийгээ гомдоосондоо гэмшиж байна. Надад нэг удаа боломж олгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Уын өмгөөлөгч Ш.Чанцал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохиролыг төлж барагдуулсан.

Мөн О.У нь ээж болон ахлах ангийн сурагч дүүгийн хамт 8 нэрийн хүнсний дэлгүүр түрээслэн ажиллуулж амьдардаг, өөр орлогын эх үүсвэр байхгүй, ээж Оюун нь элэгний цирроз буюу элэгний хатуурал өвчний оноштой, хүнд юм өргөж болохгүй заалттай бөгөөд дэлгүүрийн ажилд Учралбаатар болон дунд сургуулийн сурагч дүүгээс өөр туслах хүнгүй, мөн О.У нь цэргийн ангид ажилд ороод удаагүй байсан тул ажлаасаа халагдах асуудал яригдаж байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн ...нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах" гэж тус тус заасныг үндэслэн, мөн О.Уын дээрх хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Уын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зүйл, анги нь онцгой хуулийн зохицуулалт юм. Бүлэглэж үйлдсэн Н.Тыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Чухамдаа шүүх ял шийтгэл оногдуулахдаа урьд өмнөх ял шийтгэлийг харгалзаж миний үйлчлүүлэгчид ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимаас хөндийрсөн шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна. Тус хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд ял шийтгэл бүлэглэж үйлдсэн, гэмт хэрэгт оролцсон хэлбэр ижил байхад ял шийтгэл ижил оногдуулах зарчмаас хөндийрсөн шийтгэл оногдуулсан байх тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж оногдуулсан ял шийтгэлийг багасгаж шийдвэрлэж өгнө үү. О.У нь тухайн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа байдлыг харгалзан энэрэнгүй хандаж үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Н.Тыг өсвөр насны хүүхэд гэж үзэхээр байгаа тул хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах бүрэн боломжтой байна. Учир нь, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид өсвөр насны хүүхдэд хорихоос өөр төрлийн ял оногдуулахад баримтлах зарчимд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйл, зүйлт нийцээгүй гэж үзэж өөрчлөлт оруулсан. Хууль тогтоогч дээрх боломжийг нээсэн. Мөн 1985 онд батлагдсан Бээжингийн дүрэмд Монгол Улс 2016 онд нэгдэн орсон бөгөөд уг дүрмийг хэрэглэх гэхээр албан ёсны хуулийн тайлбар, орчуулага байддаггүй болохоор шүүх хараахан тусгахгүй байгаа. Гэхдээ уг дүрмийг барих ёстой ба уг дүрмийн 3.3 дугаар зүйлд өсвөр насны хүүхдэд 18 нас, 21 насны хүүхдийг хамруулж үзэж, оногдуулах ялыг хөнгөрүүлэх болон хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой. Дээрх хуулийн боломжийг нээж өгсөн учир түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэж, түүнд оногдуулсан хорих ялыг, хүмүүжлийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ авах боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх байдлыг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зүйл, заалт нь 21 насанд хүрээгүй 18 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны хүнтэй адилтгах сэтгэцийн болон чадварын талаар дутмаг байвал дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байх шаардлагатай. Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдэх үйлдэлдээ хандаж байгаа хандлагыг харахад тухайн заалтыг хэрэглэх тохиромжгүй нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч Н.Тын бичгээр гаргасан гомдлыг харахад хуулийн зүйл, заалтыг иш татаж, энэ гэмт хэргийг ойлгох ойлголт, хандлага нь өсвөр насны хүүхэд гэж үзэхээргүй байна. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Уын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, Ш.Чанцал, шүүгдэгч Н.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.У, Н.Т нар нь бүлэглэн 2022 онь 6 дугаар сарын 24-ний өдөр 04 цаг 40 минутад Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь Тэрэлж” амралтын газрын 2 дахь эгнээний 3 дахь гэрт нэвтэрч хохирогч Ш.С “Dell” загварын зөөврийн компьютерыг,

мөн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 19 минутад Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж шугуй” амралтын газрын 1 дугаартай гэрт нэвтэрч хохирогч Ц.Т, Т.Анарын Samsung Galaxy S9, Samsung Galaxy А53, 13 дугаартай гэрт нэвтэрч насанд хүрээгүй хохирогч О.Э, М.Ө, Т.А нарын I Phone X, I Phone 7, Samsung Galаху S9 загварын нийт 5 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч О.Эын “...Өглөө 10 цагийн үед Өмөржан эхэлж сэрээд “утас алга болсон байна” гэхээр нь хартал бид гуравын ширээн дээр үлдээсэн гар утас алга болсон байсан. Миний гар утас бол Самсунг галакси S9 загварын сааралдуу өнгийн, товчнууд нь улаан, хар өнгийн кейстэй байсан. Шөнө биднийг унтсанаас хойш гадны хүн орж ирж авсан байсан. . ...” /1хх 25/,

насанд хүрээгүй хохирогч М.Өы “...2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өглөө 10 цагийн үед сэрэхэд миний iphone Х загварын гар утас алга болчихсон байсан. Шөнө биднийг унтсанаа хойш гэрт гадны хүн орж ирж хулгай хийсэн. ...” /1хх 29, 31/,

насанд хүрээгүй хохирогч Т.Агийн “...2022 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед сэрэхэд iphone 7 загварын гар утас алга болчихсон байсан. ...” /1хх 36-37/,

хохирогч Ц.Тын “...Тэгээд шөнө 06 цаг өнгөрч байхад гэр дотор нэг хүн яваад байх шиг санагдаад би гэнэт сэрэхэд хар хувцастай залуу гарч байхаар нь “хөөе, яаж байна” гэхэд зугатаагаад явчихсан. Би тухайн үед юм бодоогүй, өглөө нь сэрээд утсаа авах гэхэд утас байгаагүй. ...” /1хх 40/,

хохирогч Т.Ариунтуяагийн “...Манай ээж өглөө 06 цагийн үед “чиний утсыг өөрийнхөө гар утастай хулгайд алдчихлаа” гэж хэлсэн. ...” /1хх 43/,

хохирогч Ш.С “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Говь Тэрэлж” гэх нэртэй амралтын газраас зөөврийн компьютероо алга болгочихсон. Би 2014 онд зөөврийн компьютерыг 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” /1хх 148/,

О.Уын яллагдагчаар өгсөн “...Монгол гэрүүд рүү ороод үзэхэд нүдэнд ил гар утас тусаж харагдахаар л тухайн үедээ л авчихья, баригдахгүй байх гэсэн бодол төрөөд бусдын гар утсыг хулгайлах болсон. Бид 2 нийтдээ 5 утсыг хулгайлсан, уг бичлэгэн дээр гарч байгаа хоёр хүн Н.Т бид хоёр байгаа юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 87-88, 175, 2хх 19/,

Н.Тын яллагдагчаар өгсөн “...Бид хоёр юм хулгайлах бодол байгаагүй юм. Эхлээд амралтын газрын гэр рүү ороход гар утас ил харагдаж байсан. Тэр үед л энэ утаснуудыг нь аваад гарчихья гэсэн бодол төрсөн. Бид 2 тэр амралтын газраас нийтдээ 5 ширхэг гар утсыг хулгайлсан юм. Уг бичлэгт байгаа хоёр хүн О.У бид хоёр байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /79-80, 170, 2хх 17/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-12, 139-140/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13, 141-144/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 17, 209/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 18-21/, хөрөнгө үнэлгээний тайлан /1хх 55-56, 58-59, 156-157/, хохирол төлсөн тухай баримтууд /2хх 42-43/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч О.У, Н.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.У, Н.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Уыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч Н.Тыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Уын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, Ш.Чанцал, шүүгдэгч Н.Т нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуулыг гаргасан бөгөөд хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан, түүнчлэн анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон байх тул тэдгээрт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл ял солих боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно. ...” гэж хуульчилсан бөгөөд дээрх хуулийн зүйл, заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.У, Н.Т нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 19 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай бөгөөд тэдгээр нь 21 насанд хүрээгүй хүнтэй адилтгаж үзэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Уын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, Ш.Чанцал, шүүгдэгч Н.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.У, Н.Т нар нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Уын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, Ш.Чанцал, шүүгдэгч Н.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У, Н.Т нар нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерэн хоёр/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ