Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 64

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Хохирогчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

Хохирогч: Д.Ө

Шүүгдэгч: Т.Н 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Тын Над холбогдох 1712002180019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Т овогт Т.Н 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн үед 18-22 БУЛ улсын дугаартай, “Портер” маркийн автомашиныг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн худалдааны төвийн урд талын авто зам дээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Өын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүх хуралдаанд хохирогч Д.Өын мэдүүлсэн: Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Цагаан даваа руу захын урд замаар өгсөж явахад урдаас Портер маркийн авто машин гарч ирээд хажуугаар өнгөрөөд явах байх гэж бодсон чинь дохио өгөхгүй гэнэт л зам дээр эргэж, намайг мөргөсөн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Би аваарт орсныхаа дараа эмнэлэгт хэвтсэн бөгөөд эмнэлэгт 2-3 хоног ухаангүй байж байгаад ухаан орж ,Улаанбаатар хот руу явсан. Очоод хагалгаанд ороход толгойноос яс гарч ирсэн гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна. Би хэрэв зүгээр байсан бол эхнэр, хүүхдээ тэжээгээд явах байсан. Одоо тэжээх нь битгий хэл өөрийгөө тэжээлгээд явж байна. Т.Н надад 3.300.000 төгрөгийн хохирол төлбөр гэж өгсөн талаар эхнэр хэлсэн. Би аваарт орсноосоо хойш бүх зүйлээрээ хохирч байна. Намайг хагалгаанд оруулах гээд аав, ээж маань энд тэндээс мөнгө зээлээд хагалгаанд оруулж, эмчилгээ хийлгэсэн. Одоо зээлсэн өр нэхэгдээд хэцүү байгаа. Би Т.Над 2.500.000 төгрөгийн хохирол төлбөр өгчих гэж хэлсэн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 1712002180019 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч Д.Өын мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгойгоос Цагаан давааны чиглэлтэй 3 дугаар багийн захын уулзварын тэнд төв замаар мотоцикльтойгоо явж байхад нэг “Портер” маркийн машин гэрэл дохиогоо ч өгөлгүй гэнэт төв зам дээр зүүн тийшээгээ эргэсэн. Тэгээд би тормос гишгээд тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй очоод мөргөсөн. Тэгээд би нэг мэдэхэд л эмнэлэгт сэрсэн. Би 3 дугаар араандаа хийчихсэн явж байсан. Би яг хэдэн, км цагийн хурдтай явж байсан болохоо сайн мэдэхгүй байна. Миний толгойнд духны яс цуурсан. Миний биед хүнд зэргийн гэмтэл учирсан байгаа. Толгойдоо сээтэг тавиулж оёулсан. Ясны хугарсан зургийг хэргийн материалд хавсаргамаар байна. Миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. Мотоциклийн эвдэрлийн үнэлгээ 1.500.000 төгрөг болсон байгаа. Би гомдолтой байна. Би өөрийн биед учирсан эмчилгээний зардал болон мотоциклийн хохирол мөнгөнд нийт 4.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ. Өмнө нь Н гэх залуугаас 3.100.000 төгрөгийг бэлнээр авсан байгаа. Одоо үлдэгдэл болон дахин эмчилгээ хийлгэх гэж байгаа зардал мөнгийг нэмж нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

 

Гэрч Т.Нын мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд шиг санагдаж байна, Улаанбаатар хот руу 19 цагийн автобус хөдөлсөн байсан. Миний 6 настай хүү Насанжаргал дунд чөмгөө хугалаад би Улаанбаатар хот руу явуулах гээд унаа такси хайгаад 12 дугаар дэлгүүрийн тэнд оччихоод буцаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар баг захын гэрлэн дохиогоор зүүн гар тийш эргээд захын тэнд зогсдог таксины зогсоол руу эргэхэд нэг машин зүүн гар талаас уулзвараас төв зам руу орсон. Би түүнийг өнгөрөөгөөд зүүн тийш эргээд уулзвар руу орох гэтэл төв замаар явсан нэг мотоцикльтой хүн миний хойд талын кабины тийшээ мөргөсөн. Тэгээд тэр залуугийн толгойноос цус гоожоод байхаар нь би түргэн тусламж болон цагдаа дуудсан. Би зүүн гар тийш эргэхдээ төв замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг мэднэ. Хажуугийн уулзвараас нэг машин гарахаар нь яараад орсон. Төв замаар зорчиж байсан мотоциклийг анзаарах сөхөөгүй байсан. Тэгээд эргээд ортол мотоцикль ирээд л мөргөсөн. Би тээврийн хэрэгслийн дуут дохиог өгөөгүй. Харин гэрлэн дохиогоор зүүн гар тийш эргэх гээд дохиог өгсөн байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хүүхдийн хөл хугарсан байсан болохоор Улаанбаатар хот руу оруулж хөлийг нь хадуулна гээд яараад л яваад байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

 

Гэрч А.Ргийн мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай хүү дунд чөмгөө хугалаад Архангай аймгийн эмнэлгээс Улаанбаатар хот руу шилжүүлнэ гээд унаа хайж яарч, сандарч яваад захын уулзвар дээр нэг мотоцикльтой хүнийг мөргөсөн. Манай нөхөр Т.Н нь Завхан аймагт төрсөн, эхээс дөрвүүлээ, айлын том хүү байгаа юм, багадаа Завхан аймагт өссөн. Манай нөхөр даруу төлөв зантай, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, одоо ам бүл тавуулаа, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Ар хужирт гэх газарт амьдарч байгаа бөгөөд бог, бод нийлсэн 30 гаруй тооны малтай, амьдарлын боломж бололцоо муутай. 18-22 БУЛ улсын дугаартай автомашин бол манай нөхөр Т.Нын тээврийн хэрэгсэл байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Шинжээч Б.Дийн мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №13650 дүгнэлтийг би гаргахдаа Д.Өын биед учирсан гэмтлүүдийг тоочиж бичсэн байна. Гэхдээ гэмтлийн зэрэг тогтоох хэсэгт гэмтлийн зэргийг буруу бичсэн байна. Учир нь бэлэн хуулагдсан бланк дээр гэмтлийн хөнгөн зэрэг гэж бичигдсэн байдаг бөгөөд түүнийг гэмтлийн зэрэг өөрчлөгдөх үед сольж бичдэг юм. Гэтэл солихгүйгээр дүгнэлтээ хянахгүй, анзааралгүй шууд хэвлэжээ. Д.Өын биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хөнгөн гэмтэл биш юм. Би бичиглэлийн алдаа гаргасан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Яллагдагч Т.Нын мэдүүлсэн: ...Миний үйлдэл тохирч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 10 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт захын гэрлэн дохиогоор би баруунаас зүүн тийш чигээрээ ороод Улаанбаатар хот руу орох такси хайж байсан. Учир нь манай хүүгийн дунд чөмөг нь хугарсан байсан. Би такси олж хүүгээ Улаанбаатар хот руу оруулах шаардлагатай байсан. Тэгээд би захын урд Тэрх худалдааны төвийн яг ард байсан болохоор зүүн тийш эргэх үйлдэл хийх гээд харж байтал уулзвараас нэг машин гарсан. Би түүнийг өнгөрөөгөөд шууд дараад ортол мотоцикльтой мөргөлдсөн. Би зүүн гар тийш эргэхдээ төв замаар зорчиж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг мэднэ. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би Өад бэлнээр 3.500.000 төгрөг өгсөн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би угаасаа архи ууддаггүй, замын байцаагч дарегар үлээлгэсэн, согтолтын зэрэг гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 107-109 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13650 тоот шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.2. Д.Өын биед дух ясны ил, баруун, зүүн нүдний ухархайн дээд хана, баруун талын этмойд хөндийн урд болон ар хана дайран арагш суурь ясны их бие дайрсан шугаман хугарал, духны хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, тархи дарагдал, духанд шарх, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 30 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1298 тоот шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Шинжээч эмч Б.Дийн №13650 дугаартай дүгнэлтийн 5-р хариултын 3.12 болон 3.13 гэсэн заалт үндэслэлтэй байна. 2. Дээрх гэмтлүүдийн дух ясны ил хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, баруун талын этмойд хөндийд урд болон ар хана дайран арагш суурь ясны их бие дайрсан шугаман хугарал, дух хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, духанд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 42-44 хуу/

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 92 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Жолооч Т.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарсан. 1.2. Жолооч Д.Ө нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй. 2. Жолооч Т.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарсан. 3. Осол болох үед замын гадарга, байгалийн нөхцөл, байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. 4. Жолооч Т.Нын “В” ангилалын 447755 дугаарын жолооны үнэмлэх хүчинтэй байна. 4.1. Жолооч Д.Ө нь “А” ангилалын 700212 дугаарын жолооны үнэмлэх хүчинтэй байна. 5. Жолооч Д.Өын тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 92 хуу/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-07 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09, 14-15 хуу/ зэрэг болно. 

Ослын газрын схем зураг /хх-ийн 10 хуу/

Эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 45-84 хуу/

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 187 тоот хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 99 хуу/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 122-136, 142-144 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 112-113 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 114 хуу/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 115 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 116 хуу/

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд 

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 10 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн худалдааны төвийн урд талын авто зам дээр зам тээврийн осол гарч, иргэн Д.Өын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн үед 18-22 БУЛ улсын дугаартай, “Портер” маркийн автомашиныг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн худалдааны төвийн урд талын авто зам дээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Өын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Д.Өын шүүх хуралдаанд мэдүүлсэн “би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Цагаан даваа руу захын урд замаар өгсөж явахад урдаас Портер маркийн авто машин гарч ирээд хажуугаар өнгөрөөд явах байх гэж бодсон чинь дохио өгөхгүй гэнэт л зам дээр эргэж, намайг мөргөсөн” гэх мэдүүлэг, хохирогч Д.Өын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгойгоос Цагаан давааны чиглэлтэй 3 дугаар багийн захын уулзварын тэнд төв замаар мотоцикльтойгоо явж байхад нэг Портер маркийн автомашин гэрэл дохиогоо ч өгөлгүй гэнэт төв зам дээр зүүн тийшээгээ эргэсэн. Тэгээд би тормос гишгээд тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй очоод мөргөсөн. Тэгээд би нэг мэдэхэд л эмнэлэгт сэрсэн. Миний толгойнд духны яс цуурсан. Миний биед хүнд зэргийн гэмтэл учирсан байгаа. Толгойдоо сээтэг тавиулж оёулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, Т.Нын  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд шиг санагдаж байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар баг захын гэрлэн дохиогоор би зүүн гар тийш эргээд захын тэнд зогсдог таксины зогсоол руу эргэхэд нэг машин зүүн гар талаас уулзвараас төв зам руу орсон. Би түүнийг өнгөрөөгөөд зүүн тийш эргээд уулзвар руу орох гэтэл төв замаар явсан нэг мотоцикльтой хүн миний хойд талын кабины тийшээ мөргөсөн. Тэгээд тэр залуугийн толгойноос цус гойжоод байхаар нь би түргэн тусламж болон цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, гэрч А.Рийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай хүү дунд чөмгөө хугалсан учраас Архангай аймгийн эмнэлгээс Улаанбаатар хот руу шилжүүлнэ гээд унаа хайж яарч, сандарч яваад захын уулзвар дээр нэг мотоцикльтой хүнийг мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, яллагдагч Т.Нын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би дээрх гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Би захын урд “Тэрх” худалдааны төвийн яг ард байсан болохоор зүүн тийш эргэх үйлдэл хийх гээд харж байтал уулзвараас нэг машин гарсан. Би түүнийг өнгөрөөгөөд шууд дараад ортол мотоцикльтой мөргөлдсөн “гэх мэдүүлэг /хх-ийн 107-109/, Д.Өын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1298 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-44/, шинжээч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №13650 дүгнэлтийг би гаргахдаа Д.Өын биед учирсан гэмтлүүдийг тоочиж бичсэн байна. Гэхдээ гэмтлийн зэрэг тогтоох хэсэгт гэмтлийн зэргийг буруу бичсэн байна. Учир нь бэлэн хуулагдсан бланк дээр гэмтлийн хөнгөн зэрэг гэж бичигдсэн байдаг бөгөөд түүнийг гэмтлийн зэрэг өөрчлөгдөх үед сольж бичдэг юм. Гэтэл солихгүйгээр дүгнэлтээ хянахгүй, анзааралгүй шууд хэвлэжээ.  Д.Өын биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хөнгөн гэмтэл биш юм. Би бичиглэлийн алдаа гаргасан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 92 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-07/,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09, 14-15/, ослын газрын схем зураг /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Т овогт Тын Ныг жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Хохирогч Д.Ө нь хохиролд 3.300.000 төгрөгийг бэлнээр авсан, шүүгдэгч Т.Н нь хохирогчид 228.500 төгрөгийн эм тариа авч өгсөн талаар талууд маргахгүй байгаа бөгөөд хохиролд нэмж 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүхээс хохирогч Д.Өын нэхэмжилсэн нэхэмжлэлээс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хагалгаанд орсон төлбөр 600.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын зөрүү 76.194 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Монгол Энхжин” эмийн сангаас авсан эм тарианы үнэ 246.400 төгрөг, тархины цахилгаан бичлэгийн үнэ 30.000 төгрөг, ор хоногийн мөнгө 31.242 төгрөг, хагалгааны үнэ 41.310 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан барааны үнэ 17.200 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Монгол” эмийн сангаас авсан эм тарианы үнэ 77.000 төгрөг, “Монгол эм импекс” концерноос авсан эмийн үнэ 5.650 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Бэриш фарм” эмийн сангаас авсан тарианы үнэ 2300 төгрөг, “Монгол эм” концерноос авсан эмний үнэ 21.463 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Бэриш фарм” эмийн сангаас авсан тарианы үнэ 2900 төгрөг, витамины үнэ 500 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бидний од” эмийн сангаас авсан эмний үнэ 4700 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Энх мойлт” ХХК-ний эмийн сангаас авсан эмний үнэ 3300 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тийзний үнэ 23400+46800=70.200 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай эмийн сангаас авсан эмний үнэ 4880+16070=20950 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд мөн эмийн сангаас авсан эмний үнэ 41800+46490+17785+53825+7540=167.440 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймагт ирсэн тийзний үнэ 46.800 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн “Энх мойлт” эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 26.500+5812+4175+7540=44027 төгрөг, бензиний үнэ 11.900 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Монос” эмийн сангаас авсан тариа, эмний үнэ 168.200 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Энх мойлт” ХХК-ний эмийн сангаас авсан эмний үнэ 1700 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Хайрханы булган” ХХК-наас авсан эм тарианы үнэ 297.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Энх мойлт” ХХК-ний эмийн сангаас авсан эмний үнэ 2700 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Монос Улаанбаатар” ХХК-наас авсан эмний үнэ 168.200 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Монос Энхжин” эмийн сангаас авсан эмний үнэ 246.400 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Мөнгөт Оюу” ХХК, Архангай эмийн сан, “Хаш” эмийн сангаас авсан эмний үнэ 38290+19320+30.220=87.830 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны “М-Би-Си” интернэшнл ХХК-наас авсан хөтөвчний үнэ 14.000 төгрөг, осол болох үед хохирогч Д.Өын унаж явсан мотоциклийн үнэ 1.500.000 төгрөг, нийт 4001866 төгрөгийн хохирол нь хавтаст хэргийн 122, 123, 125, 126, 131, 133, 134, 135, 143-н арын хуудсанд авагдсан болон шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн зарлагын баримт, падаан, е-баримтууд, хот хоорондын зорчигчийн тасалбар, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 187 дугаартай хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж үүнээс шүүгдэгч Т.Нын урьдчилан төлсөн 3.300.000 төгрөгийг хасч, үлдэх 701.866 төгрөгийг шүүгдэгч Т.Наас гаргуулж хохирогч Д.Өад олгуулах, харин хавтаст хэргийн 124 дүгээр хуудсанд авагдсан 2 ширхэг е-баримт хаанаас, юу авсан нь тодорхойгүй, түүний арын 2 ширхэг эмийн баримт өмнөх хуудсанд авагдсан баримттай давхардсан, хавтаст хэргийн 125 дугаар хуудсанд авагдсан банкны баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд авагдсан 8 ширхэг баримт, 127 дугаар хуудсанд авагдсан 3 ширхэг баримт, 128 дугаар хуудсанд авагдсан 3 ширхэг баримт, 134-142 дугаар хуудсанд авагдсан хүнсэнд авсан зүйлсийн баримт, юуны үнэ, хэдэн төгрөг болох нь харагдахгүй болсон 68 ширхэг баримт, хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудсанд авагдсан 13 ширхэг баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн 1.798.134 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Т.Нын осол болсон өдөр хохирогчид авч өгсөн гэх 228.500 төгрөгийн баримт хохирогчийн баримтаар нэхэмжилсэн үнийн дүнд ороогүй тул хохирлоос хасч тооцоогүй, мөн хохирогч Д.Ө нь ослын улмаас ашиглах боломжгүй болсон мотоциклийг шүүгдэгчид өгч үнэлгээгээр тогтоосон мотоциклийн үнэ 1.500.000 төгрөгийг бүрэн авна гэсэн, уг мотоциклийн эвдэрсэн эд ангиудын үнэлгээг нарийвчлан гаргаагүй тул мотоциклийн үнэ 1.500.000 төгрөгийг нийт нотлогдсон хохиролд оруулж тооцсон болно.  

 

Шүүгдэгч Т.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Т.Н нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 3.528.500 төгрөгийг нөхөн төлж, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзаж, шүүгдэгч Т.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолоор гаргуулсан хохирлыг тодорхой хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Тын Ныг жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хохирогч Д.Өад шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан хохирлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 20 /хорь/ хоногийн хугацаанд багтаан төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Т.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Над оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Т.Наас гэм хорын хохиролд 701.866 /долоон зуун нэг мянга найман зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Баянбулагийн 11-21 тоотод оршин суух Г овогт Дийн Өад олгосугай.

 

6. Хохирогч Д.Өын нэхэмжилсэн 1.798.134 /нэг сая долоон зуун ерэн найман мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Нын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь бусад учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Над хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ