Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0118

 

 

 

 

 

 

 

   2025          02          06                                   128/ШШ2025/0118   

 

 

                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаа,

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Тамир,

Гуравдагч этгээд: Боржигон овогт Нацагийн Байгалмаа /РД:ХМ64112281/,

Маргааны төрөл: Ойн сан бүхий газар хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчилд шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтээр захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаа, хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Тамир, гуравдагч этгээд зөрчилд холбогдогч Н.Байгалмаа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  дүгээр дүгнэлт: 

1.1. Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Тамирын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0630316 дугаартай шийтгэлийн хуудсаар Н.Байгалмаад 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Байгаль хамгаалагч Н.Батнасангаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн “Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн гүнжийн ам ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэх мэдээллээр хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Тамир хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,  

2.2. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0630316 дугаар шийтгэлийн хуудсаар Н.Байгалмааг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтаар “ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан” зөрчилд 300,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зөрчилд холбогдогч Н.Байгалмаа торгууль 300,000 төгрөгийг бүрэн төлжээ.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Прокурор 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаа би, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Тамир нь байгаль хамгаалагч Н.Батнасангаас гаргасан "... Н.Байгалмаа нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан." гэх зөрчлийн талаарх мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 0630316 дугаартай шийтгэлийн хуудсаар Н.Байгалмааг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар 300 нэгжээр буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн НБОГ-236 дугаартай материалыг шалгалтын явцад хянав.

Зөрчлийг шалгасан материалд авагдсан, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, Н.Байгалмаагаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр холбогдогчоор авсан мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, 0000298704 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, хавсралт баримт, эрх бүхий албан тушаалтны хүнд холбогдуулан шинжилгээ хийхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай тогтоол, шинжээч Г.Нацагаас авсан "...нарийн тулгуур бүхий явган гүүр тул мод бут сөөг гэмтээгээгүй, хохирол тооцох боломжгүй." гэх мэдүүлэг, 0630316 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар:

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ хаягт байрлах 700 м.кв газрыг Н.Байгалмаа нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс "гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар" зориулалтаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д "барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд барилгын хэв хашмалын тулаасны зориулалтаар бөөрөнхий мод ашиглах" гэж, 29.1.10-т "Ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах" гэж ойд явуулахыг хориглох үйл ажиллагааг заасан.

Гэвч Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "Барилга байгууламж гэж орон сууц, иргэн үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг" ойлгохоор, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "Орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэр”-ийг ойлгохоор тус тус заажээ.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь 15 жилийн хугацаагаар, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрынхаа мод, бут, сөөгийг хугалж, гэмтээхгүйн тулд гүүрэн гарц барьж, хийсэн үйлдлийг, улмаар ойн мод, бутыг тайрч, огтолж, хугалж гэмтээгээгүй байхад Ойн тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан хэмээн дүгнэн Н.Байгалмааг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасан зөрчлийг үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болсон байна.

Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна" гэсэн, мөн "Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн", "Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх" гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Тамирын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №0630316 дугаартай шийтгэлийн хуудсаар Н.Байгалмаад Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн.

Хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийгдэж, фото зургийг нотлох баримтаар бэхжүүлж авах ёстой байсан. Зөрчлийн хэрэгт авагдсан фото зурагт гүүрэн гарц байгаа болохоос байшин байгууламж баригдсан зүйлгүй. Эзэмшлийн газар дээрээ газраас хөндий баригдсан раам бүхий тавцанг гүүрэн гарц гэж ойлгосон.

Эрх бүхий албан тушаалтнаас А.Байгалмаад оногдуулсан шийтгэлийн хуудас нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй. А.Байгалмаагийн гаргасан үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан байх ёстой. Тэгэхээр гүүрэн гарц барьсан үйлдэл нь байгаль экологид учирсан хохирол байгаа эсэхийг тогтоох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байхад ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Эзэмшил газартаа гүүрэн гарцыг барьсан гэх боловч тухайн эзэмшил газар нь ойн сан бүхий газарт хамаарах эсэхийг нэг мөр тогтоох ажиллагаа хийгээгүй байж шийтгэлийн хуудас оногдуулсан үндэслэлгүй учраас холбогдогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэв.

3.2. Хариуцагч хариу тайлбартаа: “Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Тамир миний бие нь нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Б.Соёлмаагийн гаргасан "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" Прокурорын дүгнэлттэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1/ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлх хэсгийг хариуцсан Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч Б.Батнасангаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ирүүлсэн мэдээллийн дагуу Н.Байгалмаа нь ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулж байна гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, судлан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасны дагуу торгууль 300,000 төгрөг ногдуулж шийдвэрлэсэн.

Иргэн Н.Байгалмаа нь Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтад /ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах/-ыг зөрчиж, ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчлөө хүлээн зөвшөөрч, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэн, оногдуулсан торгуулийг 100 хувь барагдуулсан.

2/ Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Барилга байгууламж гэж орон сууц..., Орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгохоор, иргэн Н.Байгалмаа нь зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газартаа барьж буй объект нь барилга байгууламж гэсэн ангилалд хамаарахаар заажээ.

3/ Дүгнэлтэд "...15 жилийн хугацаагаар, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрынхаа мод бут сөөгийг хугалж гэмтээхгүйн тулд гүүрэн гарц барьж, хийсэн үйлдлийг улмаар ойн мод бут сөөгийг тайрч, огтолж хугалж гэмтээгээгүй байхад Ойн тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан хэмээн дүгнэн Н.Байгалмааг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д заасан зөрчлийг үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болсон" гэжээ. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйл "Ойд хориглох үйл ажиллагаа"-ны 29.1.10-т “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглоно, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 “ "ойн сан" гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг ойлгоно” гэх заалтыг үндэслэн Зөрчлийн тухай 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтаар “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар шийтгэл оногдуулсан.

Иймд иргэн Н.Байгалмаа нь Ойн сан бүхий газар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.1.10 дахь “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглоно” гэх заалтыг, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг тус тус зөрчин ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, Н.Байгалмаад хариуцлага тооцох нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна.

Прокурорын модон гүүр гээд байгаа нь түр гүүр биш, нүх ухаж хундам цутгасан байшингийн карказ байсан. Буулгах даалгавар өгөхөд өвөл буулгах боломжгүй, хавар дулаарахаар буулгая гэсэн тайлбарыг өгсөн. Мод, бут гэмтээгээгүй мэт харагдах боловч ургалтыг нь өөрчилж, модон гүүр барьсан байсан. Тэр нь байшингийн карказнаас тусдаа. Прокуророос модон гүүр барьсан үйлдэлд холбогдуулж шийтгэл оногдуулсан гэж үзэж байх шиг байна. Би дүгнэхдээ ойн сан бүхий газарт хориглох үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн. Ойн сан бүхий газрыг нотолсон гэрэл зургийг egazar.gov.mn сайтаас татаж авч хавсаргасан. Эзэмшүүлсэн газар, гүүрэн гарц барьсан газар хоёулаа ойн сан бүхий газарт хамаарна. Ойд тусгай хэрэгцээний болон ойн сан хамгаалахаас бусад зорилгоор барилга байгууламж барихыг хориглодог. Түр гүүр барьж болно, гэхдээ Байгальмаагийн барьсан байгууламж нь түр гүүр биш, байшингийн карказ байсан. Мөн эзэмшил газраасаа тусдаа ойн сан бүхий газарт модон гүүр барьсан байсан. Ойн сан бүхий газарт энэ газартай зэргэлдээ 4 нэгж талбарт газар эзэмших эрх олгосныг цуцлуулах хүсэлт Газар зохион байгуулалтын албанд хүргүүлэхэд судалгаа хийж байгаа дор дор нь хариу ирүүлнэ гэсэн байсан.

Шийтгэл оногдуулсан газрын ойр хавьд байшин баригдаагүй байгаа. Миний тайлбар, баримтууд хангалтгүй байж болно. Гэхдээ өөрийн эзэмшил газартаа ойн сан бүхий газарт хориглох үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн. Учир нь 6 шон ухаж байшин барьсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тэмдэглэлд бичсэн. Гүүрэн гарц торлог сөөг гэмтээгээгүй эсэх дээр шинжээч авч явж харуулсан. Модон дунд барьсан төмөр рам нь байшин нь байгаа. Мэдээллийн дагуу маргаанд хамаарах газарт очиход 6 төмөр турбагаар газар ухаад байшингийн суурь ухсан, байшингийн төмөр раам босгосон байсан.

Зөрчил тогтоогдсон, зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн учраас хялбаршуулсан журмаар шалгасан. Зөрчлийн хэрэгт эзэмшил газраас гадна гүүрэн гарц барьсанд торгууль оногдуулаагүй. Өөрийн эзэмшил газарт барилга байгууламж барьсан нь ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж зөрчилд тооцсон. Эзэмшил газартаа байшингийн төмөр раам барьсаныг ойн сан бүхий газар хориглох үйл ажиллагаа явуулсан гэж үзээд барилга байгууламж барьж ойд хориглох үйл ажиллагаа явуулсан зөрчилд холбогдуулж торгууль тавьсан. Харин эзэмшил газраас гадагш нийтийн эзэмшлийн талбайд барьсан гүүрэн гарцаа буулгаарай л гэсэн. Шийтгэлийн хуудаст гүүрэн гарц хамаарахгүй.” гэв.

3.3. Гуравдагч этгээд Н.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх тэнд амьдардаг юм. 2017 онд одоо энэ торгууль тавигдсан хэсэгт 2 газар худалдаж авсан. 1 газартаа одоо 2 байшин барьж байгаа. Модон дунд барьж байгаа байшин руу хүрэх зам гаргаж торлог дундуур төмөр хөлтэй модон гүүрэн гарц хийсэн. Байшин баригдаж байгаа 2 газар нь модон дунд. Зуны байшин, төмөр суурьтай. Мэдүүлэг авах үед байшингийн төмөр раам зангидсан байсан. Саяхан барилгын материал ирж байшингаа барьж дуусгасан. Байшингийн баригдсан байгаа байдлын фото зургийг хэрэгт өгье.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материалд авагдсан баримтууд, талуудын тайлбар, прокурорын дүгнэлтийн үндэслэл тус бүрд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Шүүх зөрчлийн хэргийн хувьд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх, зөрчилд холбогдогчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхээр хангасан эсэх, зөрчлийг шалгаж тогтоосон эсэх, зөрчилд хариуцлага хүлээлгэсэн хуулийн заалтын зүйлчлэл зөв эсэх, өөрөөр хэлбэл зөрчил гэж үзсэн үйлдэлд тохирсон эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ. 

1. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зөрчилд холбогдогчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхээр хангасан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Байгалмаа нь ойн сан бүхий газар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэсэн тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчийн мэдээллийн дагуу хяналт, шалгалт хийж, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалгаж шийдвэрлэх дараах ажиллагааг хийсэн,

1.1. Эрх бүхий албан тушаалтан нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зөрчилд холбогдогч этгээд Н.Байгалмаа нь ойн сан бүхий газар явуулсан хориглосон үйл ажиллагаа нь ойн санд хохирол учруулсан эсэх, ойн санд хохирол учруулсан бол экологи эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацагийг шинжээчээр оролцуулж, шинжээчээс 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэг авах замаар тодруулсан,

1.2. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Н.Байгалмаагаас холбогдогчоор мэдүүлэг авахдаа эрх үүргийг тайлбарласан, мэдүүлэгт холбогдогч гарын үсэг зурсан байх тул холбогдогчид эрх, үүрэг танилцуулах, холбогдогч ямар хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж буйгаа мэдэх, тэмдэглэлтэй танилцах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримттай танилцах, гаргаж өгөх зэрэг холбогдогчийн эрхийг хангахтай холбоотой Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 4.8 дугаар зүйлд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зөрчилд холбогдогчоос энэ талаар гомдол гаргаагүй.

1.3. Зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн төдийгүй, зөрчил үйлдсэн нь доорх байдлаар тогтоогдсон байх тул зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасанд нийцсэн.

Иймд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зөрчилд холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхээр хангасан байх тул энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэлгүй.

2. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж тогтоох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан холбогдох ажиллагааг хийсэн, ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил үйлдэгдсэн болохыг тогтоосон гэж үзлээ. Тухайлбал,

2.1. Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцсон ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацагийн мэдүүлгээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1461907264, 1461907270, 1461907268 дугаартай эзэмшлийн газар ойн санд хамаарч байгааг, гүүр нь ойн сан бүхий газарт хамаарч буй нь тогтоогдсон,

2.2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас эрхэлдэг газрын мэдээллийн нэгдсэн сангийн ойн сан бүхий газрын хилийн заагт зөрчилд холбогдогч Н.Байгалмаагийн эзэмших эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ хаягт байрлах нэгж талбарын 1461907264 дугаар бүхий 700 м.кв газар давхцалтай нь буюу үйл ажиллагаа явуулсан гэх газар нь ойн сан бүхий газарт хамаарч буй нь тогтоогдсон,

2.3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлсэн гүүрэн гарцын 1 ширхэг фото зураг, 2 байшингийн төмөр рам босгосон 3 ширхэг фото зургаар зөрчилд холбогдогч нь ойн сан бүхий газарт явган гүүрэн гарц болон 2 ширхэг байшин барьж буй нь тогтоогдсон,

2.4. Зөрчилд холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ойн сан бүхий газарт эзэмшил газар нь багтаж буйг, эзэмшил газартаа 2 ширхэг амьдран суух зориулалттай байшин барьж дуусгасан болохоо, эзэмшил газартаа барьсан байшинд хүрэх зориулалтаар эзэмшил газраасаа гадна торлог дундуур явган гүүрэн гарц барьж ашигласан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ үйлдэл тогтоогдсон эсэхтэй маргаагүй, улмаар зөрчлөө хүлээн зөвшөөрч торгох шийтгэлийг сайн дураар төлж барагдуулсан, шийтгэлийн хуудас болон зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавартай маргаж гомдол гаргаагүй байна.

3. Зөрчилд хариуцлага хүлээлгэсэн хуулийн заалтын зүйлчлэл зөв байна.

3.1. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтаар ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглох бөгөөд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Барилга байгууламж гэж орон сууц, иргэн үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ойлгох”-оор, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "Орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгох”-оор зааснаас үзэхэд гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хавсаргасан фото зургаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үед дуусаагүй баригдаж байсан, одоо баригдсан байгаа зуслангийн зориулалттай гэх орон сууцны барилгыг барилга байгууламж гэдэгт хамааруулахаар, энэ нь ойн сан бүхий газар явуулахыг хориглосон үйл ажиллагаанд хамаарахаар байна.

3.2. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0630316 дугаартай шийтгэлийн хуудсаар энэ заалтаар 300,000 төгрөгөөр торгосон нь дээрх заалтад нийцсэн байна.

4. Эрх бүхий албан тушаалтан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ойн сан бүхий газарт байшин барих зорилгоор нийтийн эзэмшил газар, торлог дээгүүр барьсан гүүрийг буулгаж зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар даалгавар бичсэнтэй хэргийн оролцогчид хэн аль нь маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийтгэлийн хуудсаар ногдуулсан хариуцлага түүнд баримталсан хуулийн заалтад нийцсэн, зөв хэрэглэсэн, зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 7.9 дүгээр зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь заалтыг баримтлан улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0630316 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА