| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 153/2024/00695/И |
| Дугаар | 319/ШШ2025/00160 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 319/ШШ2025/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: аймгийн Жаргалант сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын ******* *******ийн ******* *******ийн сургуульд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан бакалаврын бүртгэл, элсэлт, шилжилт хариуцсан ахлах мэргэжилтнээр 25 хувийн ур чадварын нэмэгдэлтэй эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны үеийн цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч , /цахимаар/,
Хариуцагч , түүний өмгөөлөгч ,
Гэрч , , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******* овогтой ******* миний бие 1983 оны 02 сарын 19-ний өдөр Увс аймаг суманд төрсөн. их сургуулийг 2006 онд Нийгмийн ажилтан /бакалавр/, 2008 онд боловсрол судлал /магистр/-ын мэргэжлээр тус тус төгссөн. Миний бие их сургуулийн захирлын 2006 оны 10 сарын 02-ны өдрийн 185 тоот тушаалаар Сургалтын албаны оюутан хариуцсан арга зүйчээр томилогдсоноос хойш тус сургуульд 19 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 2008-2010 оны хооронд Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирлын туслах, зохион байгуулагч, 2010-2014 онд Сургалт, сургалтын бодлого, зохицуулалтын албаны арга зүйч, 2014-2015 онд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургалтын албаны дарга, 2015 оноос Сургалт, сургалтын бодлого, зохицуулалтын албаны арга зүйч, 2016 оноос Сургалтын нэгдсэн албаны ахлах мэргэжилтнээр Монгол Улсын ******* *******ийн ******* *******ийн сургууль болсонтой холбоотойгоор 2023 оны 9 сарын бакалаврын бүртгэл төгсөлт, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон боловч 2024 оны 01 сараас эхэлж бакалаврын элсэлт, шилжилт бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Энэ хугацаанд ар гэр, үр хүүхэд, өөрийн биеийг үл хайхран өдөр шөнийг ялгалгүй, залуу халуун нас, хөлс хүч хөдөлмөрөө тус сургуулийн хөгжил, цэцэглэлтийн төлөө зориулан ажлын алдаа дутагдалгүй хариуцлагатай, үе үеийн удирдлагын /9 захирал/ итгэлийг алдалгүй хамтран ажиллаж ирсэн.
2024-2025 оны хичээлийн жилийн эхэнд буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын ******* *******ийн захирлын тушаалаар тус сургуулийн захирлаар томилогдсон. Захирал өөрийн багаа бүрдүүлэх нэрийдлээр 3 хэлтсийн даргыг томилсон. Үүний нэг нь сургалт, оюутны хэлтэс буюу манай албаны дарга юм. нь харилцааны наад захын соёлгүй, удирдах арга барилгүй, ёс зүйгүй нэгэн. Энэ нь түүний гаргаж байгаа өдөр тутмын харилцаа, хандлагаас харагддаг. Хэлтсийн анхны хурлаас мэргэжилтнүүдийг дорд үзэж, дээрэнгүй авирлаж, зандарч, хардаж сэрдэж, гүтгэж, нэр хүндэд халдаж эхэлсэн. нь даргын ажил авснаас хойш "захирал чамайг солино гэж байна, би манай албанд М.*******аас өөр ажлаа хариуцлагатай сайн хийж байгаа хүн байхгүй гэж хэллээ, чи зүгээр ажлаа хийж бай" гэж хэлж байсан. Гэвч удалгүй нь намайг дарамталж эхэлсэн. Чи удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол чиний талд шийдвэр гарахгүй шүү гэж дарамтлах болсон. Хэлтсийн дарга 2024 оны 10 сарын 15-ны өдөр Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн нийгмийн ажлын багш тай маргалдсаны улмаас над руу утсаар залгаж ороод ир гэж орилсон. Яваад ортол чи албаны нууц задрууллаа гэж загнаж орилж эхэлсэн. Би багш д юу ч хэлээгүй гэж тайлбар хэлж тодруулахыг хүссэн боловч дарга сонсоогүй, сонсохыг ч хүсээгүй. Тухайн үед дарга мэргэжилтэн д хөтөлбөр хооронд шилжих оюутны өргөдөл дээр цохолт хийж өгсөн байсан. Үүнийг намайг мэдээлэл задруулсан гэж гүтгэж орилж, чарлаж улмаар миний биед халдаж дугтарч, татаж, түлхэж байсныг мэргэжилтэн Х.Одонцэцэг, Д.Хоролсүрэн, багш нар болиулсан. Мөн Захирал сургалт, оюутны хэлтэстэй 2-оос 3 удаа хурал хийж “та бүхнийг хооронд нь сэлгэн ажиллуулна, сургуулийн хэмжээнд ур чадварын нэмэгдэл, цалин хөлсний асуудалд шударга нээлттэй төсөв хэмнэж ажиллах шаардлагатай байгаaг танилцуулж тушаал шийдвэрт хүндэтгэлтэй хандаарай” гэж хэлсэн. Ийм үед ч би өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж энэ хичээлийн жилийн намрын улирлын элсэлттэй холбоотой бүх ажлыг гардан дуусгасан. Энэ байдал нь миний ажиллах хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, ажлын байрны дарамтад оруулж эхэлсэн. Ажлын байрны дарамтад зөвхөн би өртөөгүй. Энэ байдлаас болж тус албаны чадварлаг, мэргэшсэн, залуу мэргэжилтнүүд /2/ ажлаас гарсан.
Захирлын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлж, ажилд томилсон. Тушаал гарахаас өмнө 2 удаа дуудаж уулзсан. Ингэхдээ төв сургууль болон тус сургуулийн эрдмийн зөвлөлөөс чиний ажлын байрыг соль гэсний дагуу сэлгэн ажиллуулна гэсэн. Гэвч гарсан тушаал нь сэлгэн ажиллуулах биш байсан. Монгол Улсын ******* сургуультай нэгдсэнтэй холбоотой цалингийн зэрэглэл буурсныг 15 хувиар дүйцүүлж олгож байсан юм. Гэтэл энэ албан тушаал дээр гаднаас гэж хүнийг сонгон шалгаруулалтгүй 1 шатлал дээгүүр цалинжуулж, ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгохоор тохиролцож томилон ажиллуулсан. Энэ нь сургуулийн захирал миний олон жил ажиллаж мэргэшсэн ур чадвар, нэр хүндийг уландаа гишгэж, хууль, дүрэм, журмыг мөрдөхгүй, өөрийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглан, хувийн ашиг сонирхлын үүднээс өөрийн хүнийг томилсон нь харагдаж байна. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд хими-биологийн тэнхимийн хичээлийн туслах ажилтан тус албаны мэргэжилтний сонгон шалгаруулалтад орж байсан боловч тэнцэж байгаагүй. Ийм хүнийг мундаг ур чадвартай гэж үзэн тус албаны мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулалтгүй томилж, ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгон ажиллуулж байгаа нь хууль бус юм.
Шинэ албан тушаалд томилсон тушаал гаргаж миний хуучин ажлыг авсан боловч надад шинэ албан тушаалаа танилцуулаагүй, бүтэц орон тоо баталсан тушаалд энэ албан тушаал байгаа эсэх нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтгүй, ажил хүлээлгэж өгөөгүй, үүрэг чиглэл өгөлгүй сар гаруй болж байна. Ажил олгогч ажлын байр, ажиллах нөхцөл, тоног төхөөрөмж, албан тушаалын тодорхойлолт, чиг үүргээр хангах үүргээ биелүүлээгүй. Захирал , дарга нар сургуулийн хөгжлийн төлөө санхүү, төсвийг хэмнэх бус өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс ажилтныг сэлгэн ажиллуулах болон шилжүүлэхдээ ойр дотнын хүндээ давуу байдал олгон, албан тушаалаа урвуулан ашиглаж, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй хүнийг өндөр цалинтай шинээр томилох, удирдлагадаа байгаа ажилтанд бие махбод болон сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлж, бүдүүлэг зан авир гаргаж, хууль бус үүрэг даалгавар өгч байсан. Энэ нь удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл юм. Энэ талаар сургуулийн үйлдвэрчний эвлэлд хандсан боловч өнөөдрийг хүртэл энэ байдал хэвээрээ үргэлжилсээр байна. Иймд Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн захирлын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан бакалаврын бүртгэл, элсэлт, шилжилт хариуцсан ахлах мэргэжилтнээр 25 хувийн ур чадварын нэмэгдэлтэй эгүүлэн томилуулж өгнө үү” гэжээ.
1.2. Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нэхэмжлэлдээ: “М.******* миний бие нь тус шүүхэд Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн захирал д холбогдуулан "Захирлын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах тухай" нэхэмжлэл гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа ажил үүрэг гүйцэтгээгүй үеийн цалин хөлс хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гэсэн шаардлагаар нэмэгдүүлж байна.” гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн захиргааны ажилчдын бүтэц, хамаарах хэлтэс нь дараах 4 нэгжээс бүрддэг. Захирлын дотоод алба, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны хэлтэс, сургалт, оюутны хэлтэс, санхүү, хангамж үйлчилгээний хэлтэс гэсэн бүтэцтэйгээр ажилладаг. Монгол Улсын ******* сургуулийн ректорын 2023 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн А/346 дугаар тушаалаар салбар сургуулийн захиргааны ажилчдын орон тоог баталсан байсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Б/598 тоот тушаалын 2-р хавсралтаар аймаг дахь салбар сургуулийн захиргааны ажилчдын бүтэц, орон тоог шинэчилж баталсан. Монгол Улсын ******* сургуулийн аймаг дахь салбар сургуулийн 2024 оны 01 сарын 31-ний өдрийн захирлын А/05 дугаар тушаалын дагуу сургуулийн багш ажилчдын цалингийн шатлал, албан тушаалын зэрэглэлийг дээрх бүтцийн дагуу тогтоосон. Дээрх орон тоо баталсан Монгол Улсын ******* сургуулийн захирлын 2024 оны тушаалаар сургалт, оюутны хэлтсийг 8 хүний бүрэлдэхүүнтэй, дарга-1, ахисан түвшний албаны дарга-1, ахлах мэргэжилтэн-1, мэргэжилтэн-5 гэсэн орон тоотойгоор баталсан. Нэхэмжлэгч М.******* нь сургалт, оюутны хэлтэст мэргэжилтэн гэдэг орон тоонд ажиллаж байсан бөгөөд одоо ч энэ орон тоонд л ажиллуулах тушаал 2024 оны 10 дугаар сарын 17-ний өдөр салбар сургуулийн захирал гаргасан. Үүнтэй холбоотойгоор цалин хөлс багассан, өөрчлөгдсөн, ажлын байрны нөхцөл өөрчлөгдсөн зүйл байхгүй болно. Харин өмнөх орон тоо баталсан Монгол Улсын ******* сургуулийн захирлын тушаалаар 6 мэргэжилтэн тус хэлтэст байсан бол 1 мэргэжилтний орон тоог ахисан түвшний албаны дарга болгон өөрчилсөн. Үүнтэй холбогдуулан мэргэжилтэн бүрийн ажлын байрны тодорхойлолтыг шинээр баталж, хийж гүйцэтгэх ажил үүргийн хуваарьт нь бага зэрэг өөрчлөлтүүд орж солигдсон. Нэхэмжлэгч М.******* нь өмнө сургалт, оюутны хэлтэст мэргэжилтэн гэдэг орон тоонд ажиллаж байсан бөгөөд хийж гүйцэтгэх ажил үүрэг нь ажлын байрны тодорхойлолтын дагуу бүртгэл, төгсөлт, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцаж байсан. Гэтэл тус хэлтсийн ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчилсэнтэй холбогдуулан М.*******ын өмнө хийж байсан бүртгэл, төгсөлт, боловсролын сангийн зээлийн үйлчилгээ гэсэн 3 төрлийн ажлыг чиг үүргээс боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцах чиг үүрэг нь оюутны дүн, бүртгэл хариуцсан мэргэжилтэн дээр шилжсэн тул одоо шинэ бүтэц, ажлын байрны тодорхойлолтын дагуу М.******* нь хуучин ажлын чиг үүргээ үргэлжлүүлэн хийх боломжгүй гэсэн уг юм.
Н.*******ыг өмнөх ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай гүйцэтгээгүй, зарим алдаа дутагдал гаргасан нөхцөл байдал бий болсон учраас цахим сургалт, чанарын баталгаажуулалт, оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллах тушаал гарч түүнд 2024 оны 10 сарын 17-ны өдөр гардуулж өгсөн. М.*******ын хийж гүйцэтгэх ажлын байрыг өөрчлөөгүй, тус мэргэжилтний ажлын чанарыг дээшлүүлэх, алдаа дутагдлыг арилгуулах талаар удаа дараа хуралдаж хугацаатай даалгавар өгсөн боловч үр дүн гараагүй тул дээрх тушаалыг гаргасан.
Н.******* нь Боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцаж байхдаа тус сургуулийн оюутны өмнөөс материалыг нь хуурамчаар бүрдүүлж зээл олгуулах нөхцөлийг бүдүүлсэн. Оюутны төлбөрийн зээлийн материалыг шалгаж хянах, оюутанд зээл олгосон талаар эргэж мэдээлэх үүргээ гүйцэтгэхгүйгээр боловсролын зээлийн сангаас зээл олгож төлбөрт нь суутгасан байх бөгөөд оюутан энэ талаар огт мэдээгүй байсан нь тогтоогдсон. Энэ талаар шаардлагатай бол тухайн оюутан болон түүний ар гэрийг гэрчээр асуулгаж болно. М.******* нь элсэлт хариуцан ажиллаж байхдаа шинээр элссэн оюутнуудыг дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем /hemis программ/-д тухайн элссэн жил нь зохих журмын дагуу бүртгээгүйгээс 10 гаруй оюутан хугацаандаа төгсөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Анх тус сургуульд элсэх боломжгүй 30-аас дээш насны элсэгчийг шаардлага хангахгүй байхад нь элсүүлсэн байна. М.*******ын хийж байсан ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын ******* сургуулийн сургалтын дотоод программ болох сиси системд ******* *******ийн сургуулийн 1080 гаруй оюутныг бүртгэж суралцагчийн хувийн мэдээллийг оруулаагүй байна. Мөн дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд суралцагч оюутнуудыг цаг тухай бүр нь бүртгэх үүрэгтэй боловч энэ ажлаа хийгээгүйгээс сүүлд түүний оронд орж ажилласан мэргэжилтнээр нөхөн хийлгэсэн. Бүх оюутнуудыг зохих системд бүртгэхийг сургуулийн захирлаас 2024 оны 9 сарын 20 өдөр хүртэл хийж дуусгах үүрэг өгөхөд огт биелүүлээгүй бөгөөд дахиад 10 сарын 20 хүртэл сунгаад үр дүн гараагүй.
Иймд ажил олгогчийн хувьд тодорхой шаардлага тавих, ажлын үр дүнгээ дээшлүүлэх менежментийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс сургалтын үйл ажиллагаа явуулдаг хамгийн гол нэгжийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж, ажлын чиг үүргийг сольж ажиллуулсан болохоос мэргэжилтнээс өөр орон тоонд сэлгэж, өөр хэлтэс рүү шилжүүлээгүй, цалин хөлсийг бууруулсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
2.1. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Н.******* нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг бүрэн олгосон байгаа бөгөөд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг бүрэн төлсөн. Харин 2025 оны 01 дүгээр сарын цалин хөлсийг одоогоор бүх багш ажилчдад бүрэн гүйцэд олгоогүй байгаа. Тус сургуулийн дулааны төлбөр тооцоог төлүүлэх иргэний хэрэгтэй холбогдуулан данс битүүмжилсэн тул олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. М.*******ыг ажлаас халаагүй байхад томилогдож тушаал гаргасан ажил үүргээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хийж гүйцэтгээгүй ба 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажлын байрандаа дээрээ огт ирээгүй байхад нь цалинг нь бүтэн олгож байсан. Удаа дараа ирж ажлаа хийхийг болон ажлын байран дээрээ ирж ажил үүргээ гүйцэтгэхийг утсаар мэдэгдэхэд ирээгүй болно. Маш олон жил энэ сургуульд ажилласан тул цаашид ойлголцоод удирдлагаас өгөх үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах байх гэж итгэж ажилдаа нэг ч ирээгүй ч гэсэн цалинг нь 2 сарын хугацаанд бүтэн олгож байсан болно. Нэгэнт ажлын байран дээрээ ирж ажил үүргээ гүйцэтгээгүй хүнд цаашид цалин хөлс олгох боломжгүй бөгөөд сургуулийн ажил маш ихээр цалгардаж эхэлсэн. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нараас цуглуулж, гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, бакалаврын болон магистрын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар М.*******ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2/633 дугаар тодорхойлолт, Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар албан бичиг, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нэхэмжлэл, нотлох баримт гаргуулах хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зэрэг нотлох баримтуудыг,
3.2. Хариуцагчаас хариу тайлбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар, Монгол Улсын ******* сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/346 дугаартай тушаалын хуулбар, хавсралтын хамт, Монгол Улсын ******* *******ийн ректорын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/598 дугаартай тушаал, уг тушаалын 1, 2, 3 дугаар хавсралтын хуулбар, Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/168 дугаартай тушаал, М.*******ын 2024 оны цалингийн карт, дүн бүртгэл, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний болон бүртгэл, үнэлгээ, элсэлт, шилжилт, төгсөлт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтууд, оюутан , , , , нарын өргөдөл, ажилчдын цагийн бүртгэлийн тооцоо, гэрч асуулгах хүсэлт, оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт, оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хуулбар, Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн оюутнуудын гаргасан өргөдөл, оюутан гийн өргөдөл, Hemis программд бүртгэлгүй оюутнуудын нэрсийн жагсаалт, М.*******ын өргөдөл, Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн захиргааны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, бүртгэлтэй оюутнуудын жагсаалт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.3. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар тогтоолуудын хуулбар, хавсралтын хамт, Монгол Улсын ******* *******ийн ректорын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/598 дугаар тушаалын хуулбар, Монгол Улсын ******* сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/346 дугаар тушаалын хуулбар, Монгол Улсын ******* сургуулийн аймаг дахь салбар сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/05 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг тушаалын хавсралт, , нарын 2025, 2024 оны цалингийн карт, Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17/74 дугаартай албан бичиг, Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч М.******* нь “Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тус сургуулийн бакалаврын бүртгэл, элсэлт, шилжилт хариуцсан ахлах мэргэжилтнээр 25 хувийн ур чадварын нэмэгдэлтэй эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, ажилгүй байсан хугацааны үеийн цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн.
Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, урьд эрхэлж байсан бакалаврын бүртгэл, элсэлт, шилжилт хариуцсан мэргэжилтнээр 25 хувийн ур чадварын нэмэгдэлтэй эгүүлэн тогтоолгож, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, энэ хугацаанд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
-Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар урьд эрхэлж байсан бакалаврын бүртгэл, элсэлт, шилжилт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлсөн. Намайг сэлгэн ажиллуулна гэсэн боловч гаргасан тушаал нь сэлгэн ажиллуулах тушаал биш байсан.
-Надад шинээр томилсон ажлыг танилцуулж хүлээлгэж өгөөгүй, бүтэц орон тоо баталсан тушаалд энэ албан тушаал байгаа эсэх нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтгүй, үүрэг чиглэл өгөөгүй сар гаруй болж байна гэжээ.
4.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
-Нэхэмжлэгч М.******* нь тус сургуулийн сургалт, оюутны хэлтэст мэргэжилтэн гэдэг орон тоонд ажиллаж байсан. Монгол Улсын ******* сургуулийн захирлын тушаалаар 1 мэргэжилтний орон тоог ахисан түвшний албаны дарга болгон өөрчилсөн. Тус хэлтсийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчилсэнтэй холбогдуулан М.*******ын өмнө хийж байсан бүртгэл, төгсөлт, боловсролын сангийн зээлийн үйлчилгээ гэсэн 3 төрлийн ажлын чиг үүргээс боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцах чиг үүрэг нь оюутны дүн, бүртгэл хариуцсан мэргэжилтэнд шилжсэн.
-Ажил олгогчийн хувьд тодорхой шаардлага тавих, ажлын үр дүнгээ дээшлүүлэх менежментийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс сургалтын үйл ажиллагаа явуулдаг хамгийн гол нэгжийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж, ажлын чиг үүргийг сольж ажиллуулсан болохоос мэргэжилтнээс өөр орон тоонд сэлгэж, өөр хэлтэс рүү шилжүүлээгүй, цалин хөлсийг нь бууруулаагүй гэжээ.
5. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Ажил олгогчийн заасан ажлын байранд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирох цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноос үүссэн харилцаа нь хөдөлмөрийн харилцаанд хамаардаг.
Монгол Улсын ******* *******ийн ректорын 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн Б/598 дугаар “Монгол Улсын ******* *******ийн салбар сургуулийн захиргааны ажилтны орон тоог батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтаар Монгол Улсын ******* *******ийн ******* *******ийн сургуулийн захиргааны ажилтны орон тоог баталжээ. Уг тушаалаар Монгол Улсын ******* *******ийн ******* *******ийн сургуулийн сургалт, оюутны хэлтсийг хэлтсийн дарга 1, ахисан түвшний албаны дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 5, нийт 8 орон тоотойгоор баталсан байна. (хавтаст хэргийн 55-57 дахь тал),
Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар тус сургуулийн сургалт, оюутны хэлтэст бакалаврын бүртгэл, төгсөлт, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан М.*******ыг чөлөөлж, тус хэлтсийн цахим сургалт, чанарын баталгаажуулалт, оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр томилж, ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар тооцон олгохоор шийдвэрлэсэн нь сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн тушаал, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 98-100 дахь тал),
Нэхэмжлэгч М.******* нь тус сургуулийн Сургалт, оюутны хэлтэст мэргэжилтнээр ажиллахдаа сургуулийн бакалаврын бүртгэл, төгсөлт, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ гэсэн ажлын чиг үүргийг гүйцэтгэж байсан нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан сургуулийн захирлын тушаал, гэрч гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цахим сургалт, чанарын баталгаажуулалт, оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон М.******* нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажлын байрандаа ирээгүй талаар хариуцагч тайлбарлаж байна.
5.2. Шүүх хуралдаанд тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхээр хуульчилсан.
аймгийн Жаргалант сумын хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах хороо байгуулагдаагүй болох нь Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2/633 тоот албан бичгээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 11 дэх тал),
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
5.3. Ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг, Монгол Улсын ******* сургуулийн ректорын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/598 тоот тушаал, Монгол Улсын ******* *******ийн дүрмийн 4.4.4.1, 4.4.4.4, 8.3 дахь заалт, тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 5.2.6 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******ыг ажлаас чөлөөлж, өөр ажилд томилжээ.
Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг эрхэлдэг байсан ажлын чиг үүргээс нь боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцах чиг үүрэг нь оюутны дүн, бүртгэл хариуцсан мэргэжилтэнд шилжсэн, мэргэжилтний ажлын чанарыг дээшлүүлэх, алдаа дутагдлыг арилгуулах талаар удаа дараа хуралдаж хугацаатай даалгавар өгсөн боловч үр дүн гараагүй тул мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж, ажлын чиг үүргийг сольж ажиллуулсан гэж тайлбарласан.
Монгол Улсын ******* сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/346 дугаар тушаалаар аймаг дахь салбар сургуулийн захиргааны ажилтны орон тоог батлахдаа сургалт, оюутны хэлтсийн орон тоог хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 5, нийт 7 орон тоотой баталсан боловч Монгол Улсын ******* сургуулийн аймаг дахь салбар сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/05 дугаар “Багш, ажилтны орон тоо, шатлал, цалингийн санг шинэчлэн батлах тухай” тушаалаар тус сургуулийн сургалт, оюутны хэлтсийг 1. хэлтсийн дарга, 2. хөтөлбөр багшийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн, 3. бүртгэлт, төгсөлт, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, 4. бакалаврын элсэлт, дүн бүртгэл, шилжилт хариуцсан мэргэжилтэн, 5. оюутны хөгжил, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, 6. ахисан түвшний элсэлт, сургалт, төгсөлт хариуцсан мэргэжилтэн, 7. хичээл зохицуулалт, хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, 8. гадаад хэлний төвийн мэргэжилтэн, 9. тэнхимийн туслах ажилтан гэсэн 9 орон тоотой цалингийн санг баталж ажиллуулж байжээ. (хавтаст хэргийн 95, 98-104 дэх тал),
5.4. Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгож, ажил, үүргийг гүйцэтгэх нөхцөлөөр хангах тухай талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн тохиролцоо байдаг.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон түүний шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд ажил олгогчоос ажилтан М.*******тай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулснаар ажилтан сургалтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2023 оноос эхлэн тус хэлтэст мэргэжилтнээр ажилласан байх ба 2024 оны 10 дугаар сард өөр ажилд томилсноос хойш ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. (хавтаст хэргийн 46 дахь тал),
5.5. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй тохирсон байж хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Ажил олгогч нь ажилтан М.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлаагүй, хуульд заасан ямар үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлснөө бичээгүй төдийгүй тушаалын хууль зүйн үндэслэлийг нотолж, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хуралдаанд тогтоогдсон үйл баримт, хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийг бакалаврын бүртгэл, төгсөлт, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тооноос шилжүүлж цахим сургалт, чанарын баталгаажуулалт, оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр томилсон гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд ажилтныг өөр ажилд түр шилжүүлэн ажиллуулах журмыг заасан бөгөөд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.6 дахь заалтад ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажилд тодорхой хугацаагаар шилжүүлэн ажиллуулахаар хуульчилсан.
Ажил олгогчийн зүгээс ажилтан М.*******д адил чанарын өөр ажилд буюу цахим сургалт, чанарын баталгаажуулалт, оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний орон тоонд шилжүүлэн ажиллуулах гэж байгаа талаар урьдчилан мэдэгдээгүй, ажилтантай тохиролцоогүй байж ажлаас нь чөлөөлж өөр ажилд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл, заалтад нийцээгүй байна.
5.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй боловч энэ нь хүссэн үедээ ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдаж, ажлын байрны тодорхойлолтыг өөрчилж, ажлын байрны чиг үүргийг нэмж, хасах эрхийг баталгаажуулсан зохицуулалт биш бөгөөд гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, цуцлах эрхтэй.
Монгол Улсын ******* *******ийн дүрэмд зааснаар багш, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг тус сургуулийн ректор батлах бөгөөд бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирал нь ректороос шилжүүлсэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй байна.
Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дүн бүртгэл, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцсан болон бүртгэл, үнэлгээ, элсэлт, шилжилт, төгсөлт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг Монгол Улсын ******* сургуулийн ректор танилцаж, баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтод “Монгол Улсын ******* сургуулийн ректорын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар тушаалын 1 дүгээр хавсралт” гэж дурдсан боловч ректорын тушаалыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй учраас хариуцагчийн өөрийн баталсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг нь өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
5.7. Мөн хариуцагчаас татгалзалдаа үндэслэл болгож гаргаж өгсөн нэр бүхий оюутнуудын өргөдөл, гомдол болон бусад нотлох баримтуудаар хариуцагчийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэл нь нотлогдохгүй байгаа бөгөөд ажилтан хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзвэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлээс сонгож оногдуулах, эсхүл мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг цуцлах байсан.
5.8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар М.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан бакалаврын бүртгэл, төгсөлт, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
5.9. Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн учир уг тушаалыг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзлээ.
6. Нэхэмжлэлийн ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж, мөн зүйлийн 127.2 дахь хэсэгт “Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно.” гэж хуульчилсан.
Шүүхээс нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй.
6.2. Нэхэмжлэгч М.******* нь 2024 оны 7 дугаар сард 1,493,740 төгрөг, 2024 оны 8 дугаар сард 2,404,127 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 1,497,643 төгрөгийн цалин, хөлс авч байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор нотлогдож байна.
Хариуцагч нь “М.******* ажилдаа ирээгүй боловч цалин, хөлсийг нь тооцож олгосон” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор 2024 оны 10, 11, 12 дугаар саруудын цалинг ажил олгогчоос олгосон болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд “2024 оны 10, 11, 12 дугаар сарын цалин, хөлсөө авсан учраас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдөр хүртэлх цалин, хөлсөө нэхэмжилж байна” гэж тайлбарласан.
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1, 2.1.2, 2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд дахь цалингийн хэмжээгээр дундаж цалин хөлсийг тооцож /2024 оны 7, 8, 9 дүгээр сарын цалин 1,493,740+2,404,127+1,497,643 =5,395,510 төгрөг, 5,395,510 төгрөг : 3 сар = 1 сарын дундаж цалин, хөлс 1,798,503 төгрөг/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл /1 сарын дундаж цалин, хөлс 1,798,503 төгрөг х 3 сар = 5,395,509/ 3 сар ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5,395,509 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
6.3. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн тул нэхэмжлэгч М.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагч Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуульд даалгав.
6.4. Монгол Улсын ******* сургуулийн аймаг дахь салбар сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/05 дугаар “Багш, ажилтны орон тоо, шатлал, цалингийн санг шинэчлэн батлах тухай” тушаалаар /хавтаст хэргийн 95, 98-104 дэх тал/ нэхэмжлэгч М.*******д ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар тооцож олгож байсан нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө буюу бакалаврын бүртгэл, төгсөлт, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх ур чадварын нэмэгдэл авч байсан нь нотлогдохгүй байгаа тул “ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч М.*******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар /ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70,200+101,278=171,478 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж 171,478 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалт, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч *******ын *******ыг Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулийн бакалаврын бүртгэл, төгсөлт, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, “Үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх ур чадварын нэмэгдэл тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,395,509 /таван сая гурван зуун ерэн таван мянга таван зуун ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч М.*******ын 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуульд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч М.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч Монгол Улсын ******* сургуулийн ******* *******ийн сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 171,478 /нэг зуун далан нэгэн мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК