| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0054/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: М.Батзаяа
Шүүгдэгч: Д.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Дийн Ст холбогдох 1712002490013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны … дугаар сарын …-ний өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг Салхит гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Дийн С /РД: …/
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.С нь 2017 оны 10 дугаар сарын дундуур Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг Цайдам гэх газраас иргэн Э.Гийн хязаалан насны 2 тооны адууг хулгайлж Э.Гт 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Сын шүүх хуралдаанд мэдүүлсэн: 2017 оны 07 сарын дундуур тэр хоёр адуу манай адуунд байсан. Би ганцаараа адуунд явдаг, манай гэрт надаас өөр адуунд явдаг хүн байдаггүй. 8, 9 сард манай адуунуудад салж нийлээд, салж нийлээд яваад байсан. 10 сарын дундуур гэртээ ирэхэд манай адуунууд хашаан дотроо байсан. Тэгээд адуунуудаа бүртгэсэн чинь тэр 2 адуу байсан. Тэгээд хашааныхаа хаалгыг хаагаад барьж аваад Т гэх ах руу утсаар яриад өөрийнхөө 2 адуугаа зарах гэсэн юм гэж хэлээд зарсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1712002490013 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Э.Гийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт малчин. 2017 оны 10 дугаар сарын дундуур яг хэдэнд гэдгийг санахгүй байна, өөрийнхөө хоёр адуугаа эрж хайгаад олоогүй. Би хайгаад явж байтал Т гэх залууд тухайн үед манай ойролцоо байх С гэх залуу 2 тооны адуу ачуулж Улаанбаатар хот руу явсан байсан. Уг 2 тооны адуу нь миний алдсан 2 тооны адуутай зүс, им тамгаараа яг адилхан байсан. Тэгээд би Сыг миний хоёр адууг хулгайлчихлаа гэж мэдсэн. Миний алдсан адуу нэг нь хар голтой хул үрээ, галтай буйлан тамгатай, нөгөө адуу нь дэлтэй хээр үрээ, ташаан дээрээ загасан тамгатай, гуян дээрээ сартай буйлан тамгатай хоёр үрээ байсан. Би нэг үрээгээ 600.000 төгрөгөөр үнэлж байна. Хоёр адуугаа нийтэд нь 1.200.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/
Гэрч Г.Аын мэдүүлсэн: ...Би энэ жил мал авч, Улаанбаатар хот руу аваачиж зарсан. Манай сумын Ямаат багийн С гэх залуу надад хоёр тооны адуу өгье гээд 850.000 төгрөг авсан. 2017 оны 10 дугаар сарын дундуур яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна, С над руу утсаар яриад би таньд өгөх хоёр үрээгээ олчихлоо, та ирээд ав гэж хэлсэн. Би тэр үед Улаанбаатар хот руу явах гэж байсан болохоор машиндаа 4 адуу ачаад Сынд очсон бөгөөд Сынд очиход нилээн орой болсон байсан. С надад хээр, хул хоёр адуу барьж өгсөн. Би тэр хоёр адууг ачаад Улаанбаатар хот руу аваачиж зарсан. Хул үрээ галтай буйлан тамгатай адуу байсан. Нөгөө дэлтэй хээр үрээ нь ташаан дээрээ загасан тамгатай, гуян дээрээ сартай буйлан тамгатай адуунууд байсан. Би уг хоёр адууг хулгайн адуу гэж мэдээгүй байсан. Гэтэл би хотоос ирээд З ахтай уулзтал хул, хээр хоёр үрээгээ алдчихлаа гэж надад хэлэхээр нь би Сыг уг хоёр адууг хулгайлсан гэж мэдсэн. С цөөвтөр тооны хэдэн адуутай, им тамга нь лав галтай буйлан тамга, загасан тамга, сартай буйлан тамга биш, өөр тамга байдаг санагдаж байна. Би сүүлд нь Стай уулзаад яагаад адуу хулгайлаад надад өгчихсөн юм бэ гэхэд би харин таниас авсан мөнгөнийхөө оронд өгөх адуу байхгүй, тэгээд би хулгайлчихсан юм аа гэж надад хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч Ш.Бийн мэдүүлсэн: ...Би А гэх залуутай энэ зун мах аваад танилцсан бөгөөд Архангай аймгийн Өлзийт сумын харъяат, тэр сумаасаа надад олон удаа адуу авчирч өгч байсан. Би АТс олон морь худалдаж авч байсан, хул, хээр зүсмийн үрээ авч байсан бөгөөд тамгыг нь одоо сайн санахгүй байна. Хөдөөнөөс оруулж ирж байгаа адууг малын гарал үүсэлтэй нь тулгаж авдаг бөгөөд авсан адуунуудаа цааш нь дамжуулахдаа гарал үүслийг нь хамт өгч явуулдаг болохоор одоо надад гарал үүслийн бичиг нь байхгүй. Надад худалдаж авсан малаа бүртгэдэг дэвтэр байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Гэрч Э.Нгийн мэдүүлсэн: ...Э.Г 5-6 азарга адуутай. Нийт 100 гаруй тооны адуутай. Би Э.Гийг адуугаа алдсан талаар мэднэ. 2017 оны 10 дугаар сарын дунд үед надаас Э.Г хул, хүрэн тооны хоёр үрээгээ алдчихлаа гээд сурч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Яллагдагч Д.Сын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт оршин суудаг юм. Манай адуунд 2017 оны 07 сард хул зүстэй хязаалан үрээ, хүрэн зүстэй хязаалан настай үрээ нийт 2 тооны адуу нийлчихсэн явж байсан. Тэгээд хүн нь авахгүй байхаар нь 2017 оны 10 дугаар сарын 04, 05-ны үеэр санагдаж байна, нутгийн ченж хийдэг А ахыг утсаар дуудаад өөрийнхөө адууг зарж байна гээд 850.000 төгрөгөөр 2 адууг зарсан юм. А ах тэр 2 адууг Улаанбаатар хот руу авч яваад зарчихсан юм. Би адуу зарж олсон мөнгөө ойр зуурын зуурын хэрэглээнд хэрэглээд дуусгасан. 2017 оны 10 дугаар 20-ны үеэр А ах өөрөө над руу яриад чиний надад зарсан 2 тооны адуу чинь Г ахын адуу байсан байна, хулгайн адуу зарсан байна гэж хэлсэн. Тийм болохоор миний зарсан 2 адуу Г ахын адуу байсан байна гэж мэдсэн. Миний зарсан 2 тооны адуу бүдэг тамгатай байсан. Би тамгыг нь яг сайн санахгүй байна, сайн анзаарвал загас юм шиг тамгатай харагдаж байсан. Хязаалан настай хул зүстэй үрээ, хүрэн зүстэй битүү дэлтэй үрээнүүд байсан. Миний хулгайлж зарсан 2 тооны адуу манай адууны хамт манай гэрийн адууны хашаанд өөрсдөө орчихсон байхаар нь би ганцаараа очоод хашааны хаалгыг хааж байгаад 2 адууг барьж аваад А ахыг утсаар дуудаад өгчихсөн юм. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан. Би мөнгөтэй болмоор санагдаад адуундаа байсан 2 тооны адууг зарах болсон юм. Би тэр хоёр адууг Гийн адуу байсан гэдгийг 2017 оны 10 сарын 20-ны үед А ахыг хэлэхээр нь мэдсэн. Би өөрөө дандаа адуундаа явдаг болохоор манай гэрийнхэн манай адуунд айлын 2 тооны адуу нийлсэн байсныг мэдээгүй. Харин нутгийн адуучин залуус харсан л байх гэж бодож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд 800.000 төгрөгөөр адууг үнэлсэн нь бодитой гарсан үнэлгээ гэж бодож байна. Би Э.Г ахаас уучлалт гуйж хохирол, төлбөрийг нь төлж гомдолгүй болгосон. Э.Г ахад адууны хохирол гэж мөнгө өгөөд адууныхаа араас хайж явсан зардалд мөнгө нэмж өгөөд гомдолгүй болгосон. Миний хулгайлсан 2 тооны адуу анх 2017 оны 07 сард манай адуунд нийлсэн бөгөөд тэрнээс хойш салж нийлээд заримдаа алга болчихсон байдаг байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын эхээр манай адуутай хамт манай адууны хашаанд орчихсон байхаар нь би хулгайлчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/
2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 201 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 25 хуу/зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 10 дугаар сарын дундуур Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг Цайдам гэх газраас иргэн Э.Гийн хязаалан насны 2 тооны адуу хулгайлагдаж, Э.Гт 800.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Д.С нь 2017 оны 10 дугаар сарын дундуур Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг Цайдам гэх газраас иргэн Э.Гийн хязаалан насны 2 тооны адууг хулгайлж, Э.Гт 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би адуугаа хайгаад явж байтал Т гэх залууд тухайн үед манай ойролцоо байдаг С гэх залуу 2 тооны адуу ачуулж Улаанбаатар хот руу явсан байсан. Уг 2 тооны адуу нь миний алдсан 2 тооны адуутай зүс, им тамгаараа яг адилхан байсан. Тэгээд би Сыг миний хоёр адууг хулгайлчихлаа гэж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/, гэрч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай сумын Ямаат багийн С гэх залуу надад хоёр тооны адуу өгье гээд 850.000 төгрөг авсан. 2017 оны 10 дугаар сарын дундуур яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна, С над руу утсаар яриад би таньд өгөх хоёр үрээгээ олчихлоо, та ирээд ав гэж хэлсэн. С надад хээр, хул хоёр адуу барьж өгсөн. Хул үрээ галтай буйлан тамгатай адуу байсан. Нөгөө дэлтэй хээр үрээ нь ташаан дээрээ загасан тамгатай, гуян дээрээ сартай буйлан тамгатай адуунууд байсан. Би хотоос ирээд З ахтай уулзтал хул, хээр хоёр үрээгээ алдчихлаа гэж надад хэлэхээр нь би Сыг уг хоёр адууг хулгайлсан гэж мэдсэн. Би сүүлд нь Стай уулзаад яагаад адуу хулгайлаад надад өгчихсөн юм бэ гэхэд би харин таниас авсан мөнгөнийхөө оронд өгөх адуу байхгүй, тэгээд би хулгайлчихсан юм аа гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Ш.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Атс олон морь худалдаж авч байсан, хул, хээр зүсмийн үрээ авч байсан бөгөөд тамгыг нь одоо сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Э.Нгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын дунд үед надаас Э.Г хул, хүрэн тооны хоёр үрээгээ алдчихлаа гээд сурч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, яллагдагч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Ц овогт Дийн Сыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Д.С нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Дийн Сыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь бусад учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Ст хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ