Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/1031

 

Ж.Над холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Солонго,

шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Д.Батдорж,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ж.Над холбогдох 2205 03435 0401 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Ж-ийн Н, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай э...., дээд боловсролтой, ..., .... ажилтай, ам бүл ...ийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

            Ж.Н нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Замын цагдаагийн хэлтсийн гадна “машины араас мөргөж гуфер эвдсэн” гэх шалтгаанаар хохирогч Ж.Атай маргалдаж, түүний үснээс зулгааж, толгой руу нь гараараа цохиж биед нь “зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үсний халцрал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Нын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хардал бэйс овогт Жалбуусүрэнгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ныг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар хохирогч Ж.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, түүний нэхэмжилсэн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн гэмт хэргийн улмаас гар утас гэмтээсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг бичлэг бүхий Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Нын өмгөөлөгч Д.Батдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Шүүх, шүүгч нь “хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14979 дугаартай дүгнэлт болон гэрч Д.Ц мэдүүлэг, Ү.Нуртилекийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Хохирогчийн “баруун гараараа толгойны оройн хэсгийн үснээс хуруунуудаараа дарж зулгаасан. Намайг 2-3 метр чирсэн, толгой руу удаа дараа цохисон” гэх мэдүүлэг /бодит байдалд ийм зүйл болоогүй/ Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17979 дугаартай дүгнэлт /шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч баримтлах үүрэггүй. Нуртилекийн “тэгтэл туранхай биетэй эмэгтэй нь махлаг эмэгтэйн нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон, тэгээд үснээс нь зулгааж татсан. Тэгээд туранхай эмэгтэй хамт явсан эрэгтэй ирээд тэр 2 хүнийг салгаад машиндаа аваачаад суулгасан чинь нөгөө туранхай эмэгтэй ахин гарч ирээд нөгөө махлаг биетэй эмэгтэйтээ хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх 136-137 дугаар тал/, гэрч Д.Ц “маргалдаж зодолдсон зүйл байхгүй” /хх 40 дүгээр тал/, гэрч Бархасын “цохиж зодсон үйлдэл гаргаагүй” /хх 86 дугаар тал/ гэх мэдүүлэг, хохирогчоос өгсөн Сиди дүрс бичлэгт үсдэж, зулгааж, чирсэн үйлдэл харагдахгүй байгаа. Эмчлэгч эмч Энхтуяагийн дуу дүрсний бичлэгт Н нь зулгаах, чирэх үйлдэл хийх чадваргүй өөрөө гэмтэж хугарахыг гэрчилж өгч байгаагаар тус тус хангалттай үгүйсгэгдэж байна. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал буюу Ж.Нын эрүүл мэндийн байдлыг анхаарч үзэлгүй эмчийн бичлэгт мөрдөгчөөр үзлэг хийлгэхгүй, шинжээч томилж эрүүл мэндийн байдлыг тогтоолгохгүй, хэрэгт хамааралгүй гэсэн байдлаар орхигдуулж байна. Хэрэгт шууд хамааралтайг шүүх ухааран ойлгохгүй байна. Зулгаах, чирэх чадваргүйг шүүх биш тусгай мэргэжлийн шинжээч тогтоодог. Дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад Нуртилекийн мэдүүлгийг авахдаа Бархас /хх 86/, Цогт-Эрдэнийн /хх 40/ мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна. Хоёр сиди бичлэг хянан шалгах ажиллагааны үед цугларсан материалуудтай хоорондоо зөрүүтэй. Шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан дүрсний /Анхбаярын өгсөн/, дуу дүрсний бичлэгийг Н хэрэг хийгээгүй гэх нотлох баримтаар тооцоогүй байна. Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн талаар:  Шүүх хэрэглэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1, 5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зэрэг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг орхигдуулсан. Учир нь, Н нь хэрэх төст өвчтэй буюу биеийн байдлын хувьд хүнийг зодох, чирэх ямар ч боломжгүй. Өмгөөлөгчийн зүгээс прокурорт “тусгай мэргэжлийн шинжээч томилж Ж.Нын биеийн байдлыг тодруулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “мөрдөгч, прокурор шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт дуу, дүрсний бичлэгтэй зөрж байгаа бол дуу дүрсний бичлэгийг нотлох баримтаар тооцох ёстой” гэсэн хүсэлтийг гаргасан боловч хариу өгөөгүй. Мөн хохирогч гэдэг хүн хэлэх зүйл байхгүй учраас шүүх хуралдаан ирээгүй байна. Түүнчлэн хохирогч Анхбаяраас “1.200.000 төгрөг өгчих. Тийм зүйл болоогүй талаар хэлье” гэсэн бичлэг авагдсан. Иймд хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Н тус шүүх хуралдаанд “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Учир нь, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Н нь хохирогч Ж.Аын биед халдсан үйлдэл нь тогтоогдсон. Хохирогч анхны мэдүүлэгтээ “Ж.Н миний биед халдсан” гэж мэдүүлдэг бөгөөд мөн энэ талаар тухайн үед хэргийн газарт хамт байсан гэрчүүд мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний биед хөнгөн хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хохирогч Ж.Аын биед шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон учир тухайн дүгнэлтийг нотлох баримтаар зайлшгүй тооцно. Шүүгдэгч талаас гаргаж өгсөн эмчийн ярианы бичлэгийг хэрэгт хавсаргасан боловч нотлох баримтаар тооцоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ж.Н нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Замын цагдаагийн хэлтсийн гадна “машины араас мөргөж гуфер эвдсэн” гэх шалтгаанаар хохирогч Ж.Атай маргалдаж, түүний үснээс зулгааж, толгой руу нь гараараа цохиж биед нь “зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үсний халцрал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ж.Аын “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүүгийнхээ 84-74 УНР улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцоод явж байтал миний урд талд 09-62 УБЗ улсын дугаартай Харрер маркийн тээврийн хэрэгсэл гарцны хажууд огцом тооромслоод би араас нь машиныг мөргөчихсөн. Би айгаад машинаасаа буухгүй тэр эмэгтэйд цагдаа дуудсан гэж хэлээд машиндаа цагдаа иртэл хүлээсэн. Баянгол дүүргийн замын цагдаагийн хажуу талын үнэлгээний газар очсон. Үнэлгээчин “таны гуфер 50 хувиас бага эвдрэлтэй байна засварлах боломжтой, 150.000-200.000 төгрөг болно” гэсэн. Эхнэр нь намайг “гай боллоо гичий чинь” гээд баруун гараараа толгойны орой хэсгийн үснээс хуруунуудаараа ороогоод доош дарж зулгаасан. Цас орсон байсан болохоор би халтирч газарт унахад намайг 2-3 метр зайд үсдэж чирсэн. “Битгий миний үсийг зулгаагаач” гэж гуйсан. Нөгөө гараараа толгой руу олон удаа цохиж миний толгой хавдсан. Тэгээд нөхөр нь эхнэрийгээ салгаад машиндаа оруулж суулгасан. Удалгүй машинаасаа гараад буцаж над дээр ирээд зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Цогт-Эрдэнэ гэх залуу үнэлгээ хийж байсан. Тэр үед замын цагдаагийн газраар үйлчлүүлж байсан нэг казак залуугаас би дугаарыг нь авсан. Мөн 32-24 УБЧ улсын дугаартай машинтай хүмүүс харж байсан. ...” /1хх 36/,

гэрч Д.Ц “...Би эхнэрийн хамт замын цагдаа дээр ирэхэд бид хоёрын араас нөгөө эмэгтэй ирсэн. Үнэлгээний газрын залуу гарч ирээд “засварын мөнгө гарах юм байна” гэж хэлэхэд манай эхнэр “хажуугаас хүний машин эвдчихээд юун засварын мөнгө гарна” гэж хэлсэн. Машиныг мөргөсөн эмэгтэйд хандан “зүгээр байсан машиныг мөргөчхөөд” гэж уурлахад манай эхнэрийг “гичий минь чи дуугай бай” гэж уурлаж түлхээд хоорондоо маргалдаж бие биеийнхээ үснээс зулгаагаад байхаар нь би эхнэрийгээ салгаад машин луу оруулсан. Манай эхнэр дахин машинаас буугаад нөгөө эмэгтэй рүү гараараа далайх шиг болохоор нь би эхнэрийгээ очиж салгаад дахин машин оруулаад нөгөө эмэгтэйг “одоо яваа ингэж хэрүүл хийж байхаар маргааш асуудлаа шийдье” гээд гараараа түлхсэн. ...” /1хх 39/,

гэрч Г.Б “...“Тоёота харрер” машины араас приус машинтай махлаг эмэгтэй мөргөж арын гуферыг гэмтээсэн байсан. Тоёота харрер машинд эхнэр, нөхөр гэх хоёр хүн байсан. Би гараад машины гуферыг үзэж байхад тухайн машины жолоочийн эхнэр гэх эмэгтэй нэг махлаг эмэгтэйтэй маргалдаж байсан. Шинэ гуфер болгож авмаар байна гэж байсан. Би тэр хоёр хүнд 50 хувиас дээш эвдрэлтэй зүйлийг шинээр сольдог бөгөөд таны гуферын эвдрэл бага учраас шинээр солих боломжгүй гэдгийг хэлсэн. Би байр луугаа яваад орчихсон ба намайг дотор сууж байхад нөгөө хоёр эмэгтэй маргалдаад байсан. ...” /1хх 85-86/,

гэрч Ү.Нуртилекийн “...Тэгтэл туранхай биетэй эмэгтэй /Ж.Н/ нь махлаг эмэгтэйн /Ж.А/ нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд үснээс нь гараараа зулгааж татсан, тэгээд туранхай эмэгтэйтэй хамт явсан эрэгтэй ирээд тэр хоёр хүнийг салгаад машиндаа аваачаад суулгасан чинь нөгөө туранхай эмэгтэй ахиад гарч ирээд нөгөө махлаг биетэй эмэгтэйтэй хэрэлдээд байсан. Тухайн үед махлаг эмэгтэй нь туранхай биетэй эмэгтэйг цохиж зодоогүй. Хараал хэлээд байх шиг байсан. Анхбаяр гэх эмэгтэй ирж уулзахад үс нь арзайсан байсан нүүрийг нь сайн харж чадаагүй. ...” /1хх 136-137/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14979 дугаартай “...Ж.Аын биед зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үсний халцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 73-74/ гэх дүгнэлт болон сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 89-96/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ж.Нын “машины араас мөргөж гуфер эвдсэн” гэх шалтгаанаар хохирогч Ж.Атай маргалдаж, түүний үснээс зулгааж, толгой руу нь гараараа цохиж биед нь “зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үсний халцрал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

 

Шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Д.Батдорж нар “...хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг. Субьектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлаагүй тул гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь өс хонзон, танхайн болон хувийн ямар ч сэдлээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

 

Ж.Нын үйлдлийг “Эхнэр нь намайг “гай боллоо гичий чинь” гээд баруун гараараа толгойны орой хэсгийн үснээс хуруунуудаараа ороогоод доош дарж зулгаасан. Цас орсон байсан болохоор би халтирч газарт унахад намайг 2-3 метр зайд үсдэж чирсэн. “Битгий миний үсийг зулгаагаач” гэж гуйсан. Нөгөө гараараа толгой руу олон удаа цохиж миний толгой хавдсан. Тэгээд нөхөр нь эхнэрийгээ салгаад машиндаа оруулж суулгасан. Удалгүй машинаасаа гараад буцаж над дээр ирээд зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон.” талаар хохирогч Ж.А, “...Тэгтэл туранхай биетэй эмэгтэй /Ж.Н/ нь махлаг эмэгтэйн /Ж.А/ нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд үснээс нь гараараа зулгааж татсан, тэгээд туранхай эмэгтэйтэй хамт явсан эрэгтэй ирээд тэр хоёр хүнийг салгаад машиндаа аваачаад суулгасан чинь нөгөө туранхай эмэгтэй ахиад гарч ирээд нөгөө махлаг биетэй эмэгтэйтэй хэрэлдээд байсан.” талаар гэрч Ү.Нуртилек болон бусад гэрчүүд нотлон мэдүүлсэн бөгөөд Ж.Н нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, Ж.Аын биед “зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үсний халцрал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шинжээчийн 14979 дугаартай дүгнэлтээр хангалттай нотлогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хэлбэрийн шаардлагыг тусгасан бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар шүүгдэгчид оногдуулсан ял, түүнийг биелүүлэх хугацааг нэг заалтаар тогтоосон, мөн 4 дэх заалтаар хохирол хор уршигтай холбоотой хэсэгт Иргэний хуулийн 505 дугаар зүйл гэж хэт ерөнхийлсөн байдлаар бичсэн нь дээрх хуулийн шаардлагад үл нийцэх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ныг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ныг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар...”  гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Над оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ