Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00416

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/00018 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Лгийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20/1-55 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхийг даалгах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ИН” ХХК-ийн 40 хувийн хувьцааг Ч.Бээжинхүү, үлдэх 60 хувийн хувьцааг Б.Л миний бие 2009 оноос эзэмших болсон юм.  2009 оноос хойш компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Бээжинхүү бүртгэлтэй байсан ба хувьцаа эзэмшигчдийн хурал нэг ч удаа хийж байгаагүй. Тэрээр ажил үүргээ гүйцэтгээгүй тул түүнийг чөлөөлж, Ч.Мыг гүйцэтгэх захирлаар томилон өөрчилсөн болно. Хувьцаа эзэмшигч Б.Л миний бие 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж “ИН” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол гарсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хандахад үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан хариу өгсөн. “ИН” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.7, 62 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Ингээд захиргааны хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” хууль бус болохыг тогтоож, “ИН” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу Ч.Бээжинхүүг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ч.Мыг гүйцэтгэх захирлаар томилж шийдвэрлэсэн. НШШГГ дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах" тухай 4/819 тоот албан бичгийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлсэн. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Бээжинхүүг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ч.Мыг гүйцэтгэх захирлаар томилж, холбогдох өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ба энэ тухай НШШГГт хариу албан бичиг хүргүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 01 дүгээр 09-ний 4/819 тоот бичгийг гаргасан даруйдаа шаардаж байж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргалаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох хүсэлт бичүүлж авсны үндсэн дээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20/1-55 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг гаргасан байдаг. Гэвч 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 892 дугаар дүгнэлтээр “Ихэрнева” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон болно. Энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2 дах хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй байх үндэслэл бий болсон. Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/1-55 дугаартай тогтоолоор хаагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлтээр сэргээлгэхээр НШШГГт хандсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэл байхгүй тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье" гэсэн агуулга бүхий хариуг өгсөн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20/1-55 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхийг хариуцагчид даалгах шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0166 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр "Хуулийн этгээдийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” хууль бус болохыг тогтоож, “ИН” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу Ч.Бээжинхүүг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.Мыг гүйцэтгэх захирлаар томилж, компанитай холбогдох утасны дугаарыг 99005482 болгосон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өерчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4/814 дүгээр албан бичгээр шүүхийн шийдвэрийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дотор биелүүлэхийг мэдэгдэж мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2020 оны 01 дүгээр сарын 14- ний өдрийн 6/354 дүгээр албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар нотлох баримт ирүүлсэн мөн төлбөр авагч Б.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нь Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох дээрх гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгох мөн улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийн сайн дураараа авахаас татгалзсан тухай хүсэлтийг бичгээр гаргаж өгснийг үндэслэн Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Лгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20/01/55 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14- ний өдрийн 128/ШШ2018/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0166 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 163 дугаар тогтоолтой захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхийг хариуцагч НШШГГт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлого хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаар магадлал, Монголын Улсын Дээд шүүхийн 163 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүний дараа дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шаардлага бүхий Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4/814 тоот мэдэгдлийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргуүлсэн бөгөөд тухайн албан бичгийн хариу ирээгүй буюу хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Ийнхүү дуусгавар болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.3,  1 дүгээр зүйлийн 1.1, 133 дугаар зүйлийн 133.2, Захиргааны хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Шүүх “... Нэхэмжлэгч тал гомдол гаргах хугацааг хэтруүлсэн байна” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ. НШШГГ нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4/819 тоот албан бичгийг гаргасан даруйдаа шаардаж байж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Маар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох хүсэлт бичүүлсэн байдаг. Үүний дараа Улсын бүртгэлийн Ерөнхий газраас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 6/354 тоот албан бичгийг ирүүлсэн. Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 892 дугаар дүгнэлтээр “ИН” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон. Бүртгэл хүчингүй болсон тухай дээрх шийдвэрийг нэхэмжлэгч нь мэдсэн даруйдаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах” тухай гомдлыг НШШГГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад тус тус гаргаж, гомдлын хариуг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан. Ингээд шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Ийнхүү нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй. Дээрх дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Лгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжпэгч Б.Л нь хариуцагч НШШГГт холбогдуулан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20/1-55 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхийг хариуцагчид даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарны 20-ны өдрийн 221/МА2019/0166 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 163 дугаар тогтоолоор “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.2 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр "Хуулийн этгээдийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” хууль бус болохыг тогтоож, “ИН” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолын дагуу Ч.Бээжинхүүг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.Мыг гүйцэтгэх захирлаар томилж, компанитай холбогдох утасны дугаарыг 99005482 болгосон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өерчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 11-27 дугаар тал/

Дээрх шүүхийн шийдвэрийг Улсын бүртгэлийн Ерөнхий газар сайн дураар биелүүлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШЗ2019/08701 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 466 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, шүүхийн шийдвэр биелүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4/814 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. /хэргийн 28 дугаар тал/

            Б.Лгээс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Мыг оролцуулахаар түүнд нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. Ч.Маас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр биелэгдсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хүссэн агуулгатай хүсэлтийг ирүүлж, хариуцагчаас уг хүсэлтийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20/01/55 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг зөрчөөгүй байна. /хэргийн 77-81 дүгээр тал/

Нэхэмжлэгчээс уг хүсэлтийг хариуцагчаас шаардсаны дагуу бичсэн гэх агуулгаар тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу уг тайлбараа баримтаар нотлоогүй ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн “ИН” ХХК-ийн утасны дугаарыг 99 болгон өөрчилж, гүйцэтгэх захирлаар Ч.Мыг томилсныг 2020 оны 01 сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь “Ихэрнева” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байх тул хариуцагчийн явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт нийцсэн байна. эргийн 79-81 дүгээр тал/

Нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20/01/55 дугаар тогтоолд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 4/610 дугаар хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 176, мөн сарын 27-ны өдрийн 04/1621 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 83-87 дугаар тал/

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 892 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг мэдсэн даруйдаа гомдлоо НШШГГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт тус тус гаргасан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна. Нөгөө талаар дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдсэнээс хойш болсон үйл ажиллагаа нь тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/00018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.ДАВААДОРЖ

 

                                       ШҮҮГЧИД                Ч.ЦЭНД

 

                                                                С.ЭНХТӨР