Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 622

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч А.М*******, улсын байцаагч У.Х*******а нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч А.М*******, улсын байцаагч У.Х*******а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан боловч уг газрын дарга Д.М*******өөс 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1/663 дугаар албан бичгээр хариу өгөхдөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 5/2 дугаар мэдэгдлийг зөвтгөж, манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахаа мэдэгджээ. 

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дах заалтын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлээр манай компаниас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний хяналт зохицуулалт зах зээлийн судалгааны газрын даргаас явуулсан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5/474 дүгээр албан бичигт дурдсан мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлэхийг шаардсан бөгөөд үүнд ОСНААУГ-тай байгуулсан даатгалын үйлчилгээний хураамжийг шилжүүлэн авах гэрээ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 7/24 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон даатгалын хураамжийг давхардуулан авч буй зөрчлийг илрүүлж, зогсоох чиглэлээр авах арга хэмжээний тайлан, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын орон сууцанд оршин суугч иргэдээс сар бүрийн орон сууцны даатгалын төлбөрт авсан хураамжийн дэлгэрэнгүй хуулгыг даатгуулагч бүрийн гэрээний хамт, холбогдох утасны дугаар, хаягийн мэдээлэл бүхий даатгуулагчдын жагсаалт хамаарч байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нараас ирүүлсэн албан бичиг, мэдэгдлүүдэд манай компанийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс өргөдөл гомдол ирүүлсний дагуу хяналт шалгалт хийж байгаа талаар тайлбарладаг. Гэтэл уг гомдолд даатгалын хураамжийг гэрээ байгуулахгүйгээр давхардуулан авч байгаа талаар дурдсан байдаг. Манай компанийн зүгээс даатгалын хураамжийг гэрээ байгуулахгүйгээр аваагүй, энэ үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж байгаа бөгөөд тухай бүр Санхүүгийн зохицуулах хорооноос хянан шалгадаг. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын хийж буй хяналт шалгалт болон 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдэл нь хууль тогтоомж зөрчиж, манай компани даатгуулагчдын эрх, ашиг сонирхолд хохирол учруулахаар баримт материалуудыг шаардсан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. 

Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Зохицуулах хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 13.1.1-д “Энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих гэж тус тус заасан нарийвчилсан зохицуулалтын дагуу манай компанийн орон сууцны даатгалын үйл ажиллагаанд зөвхөн Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, хяналт шалгалт хийх эрхтэй болно. 

Гэтэл даатгуулагч гэх иргэний гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь манай компани болон даатгуулагчдын хувийн мэдээллийг шаардаж, эрх мэдлээ хэтрүүлж байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Учир нь Даатгалын тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно”, 81.1.3-д “даатгуулагч, эсхүл даатгуулагч байсан этгээд” гэж заасан бөгөөд даатгуулагчтай холбоотой аливаа мэдээллийг гаргаж өгөх эрх манай компанид байхгүй. 

Түүнчлэн Даатгалын тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “энэ хуулийн 81.1 дэх хэсэгт хамаарахгүй 7 үндэслэл буюу мэдээлэл шаардаж авах эрхтэй байгууллага, албан тушаалтныг заасан байх ба энэ дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж заагаагүй тул даатгуулагчтай холбоотой аливаа мэдээлэл шаардах эрхгүй юм. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдэл нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаархи мэдээ, материалыг нууцыг задруулахгүй байх даатгагчийн үүргийг зөрчихийг шаардаж байгаа бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан илт хууль бус захиргааны акт болж байна. 

Орон сууцны даатгалын гэрээтэй холбоотой үүссэн маргааныг Санхүүгийн зохицуулах хороо болон шүүх хянан шийдвэрлэхээр Иргэний хууль болон Даатгалын тухай хуулинд заасан тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, түүний улсын байцаагч нарт хяналт шалгалт хийх, аливаа баримт мэдээлэл шаардах эрхгүй юм. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг гаргах эрх хэмжээгүй, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, эрх зүйн үндэслэл байгаагүй зэрэг нөхцөлүүдийг хангаж байгаа тул илт хууль бус захиргааны акт юм. 

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9 дэх заалтад заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч А.М*******, улсын байцаагч У.Х*******а нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/14 дүгээр удирдамжаар орон сууцны өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, 2015 онд хийгдсэн хяналт шалгалтын үр дүнд хүргүүлсэн албан шаардлагын биелэлт гүйцэтгэлийн байдалд хяналт шалгалт хийх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд дээрх даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж буй “*******” ХХК, “Ард даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК-иуд болон хамтран ажиллаж буй Орон сууц нийтийн аж ахуй удирдах газрыг хяналт шалгалтад хамрууллаа. 

Даатгалын хураамжийг хэрэглэгчидтэй байгуулсан гэрээгүйгээр хурааж буй тухай иргэдээс манай агентлагт ирүүлсэн олон тооны гомдлууд нь тус хяналт шалгалтыг явуулах гол үндэслэл болсон. Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчдээс шаардлагатай мэдээ баримтыг ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлэхэд “Хаан даатгал” ХХК, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар хяналт шалгалтын ажилд идэвхтэй оролцож шаардлагатай мэдээ баримтыг ирүүлж байсан ч “Ард даатгал” ХХК-ийн зүгээс бүрдэл дутуу мэдээлэл ирүүлж, “*******” ХХК-ийн зүгээс хяналт шалгалтын ажилд оролцохоос татгалзаж  мэдээлэл ирүүлээгүй болно. 

Тиймээс “*******” ХХК-нд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5/474 дүгээр албан бичиг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдэх хуудас, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5/58 дугаар улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн. 

Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг гүйцэтгүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана”, 20.3.2-т “Судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрхлэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах”, 26 дугаар зүйлийн 26.1.2-т “Өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлах болон хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх”, Байгууллагын нууцын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуулиар тусгайлан эрх олгосон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана”, 7.3-т “эрх бүхий байгууллага, албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил болгох эрхтэй бөгөөд тухайн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалтай холбоотой байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй тохиолдолд нийтэд мэдээлж болно”, Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж заасан бөгөөд хянан шалгах эрх бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг юм. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид нь өдөр тутмын үйл ажиллагаандаа Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудыг мөрдлөг болгон ажилладаг. Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу уг хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд зөвхөн даатгалын салбараас бусад гэх зэргээр ямар нэгэн ялгаварчлал тогтоогоогүй байна. Тиймээс дээрх хуулийн дагуу улсын байцаагчид олгосон эрх үүрэг даатгалын салбарт ч мөн адил үйлчлэлтэй байхаар байна. 

Нэхэмжлэгч талын зүгээс даатгалын компаниудын үйл ажиллагааг зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгах эрх бүхий гэж үзэж байгаа ч Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс даатгалын үйл ажиллагаа хэрэглэгчдэд хэрхэн хүрч, эрх ашигт нийцэж байгаа эсэх болон даатгалын байгууллагын зах зээл дэх шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хяналт тавьж ажилладаг. 

Өрсөлдөөний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу хяналт шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх тухай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн ч одоог хүртэл тодорхойгүй шалтгаанаар хариу ирүүлээгүй байна. 

Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, дуудсан цагт шаардлагатай мэдээлэл ирүүлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэн улсын ахлах байцаагч А.М******* “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхболдод Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу 960.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч, №0000049 дүгээр шийтгэврийн хуудсаар шийтгэвэр ногдуулж, өөрийн биеэр хүргэхээр очиход болон шуудангаар илгээхэд хүлээж авах хүн байхгүй гэх шалтгаанаар шийтгэврийн хуудсыг гардаж аваагүй байна. 

Хэдийгээр тус компаниас шаардлагатай баримт материалыг ирүүлээгүй ч Орон сууц нийтийн аж ахуй удирдах газраар дамжуулан авсан тухай компанийн тамга, гарын үсэг бүхий даатгалтай иргэдийн жагсаалт болон хураамжийн мэдэгдэлд дүн шинжилгээ хийж үзэхэд 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 3 дугаар сүр хүртэл хугацаанд нийт 37.346 оршин суугчтай даатгалын гэрээ байгуулснаас 23.941 гэрээ баталгаажиж Орон сууц нийтийн аж ахуй удирдах газарт шивэлтэд орсон байх бөгөөд зөрүү 13.495 өрхийн даатгалын гэрээ зөрчилтэйн улмаас Орон сууц нийтийн аж ахуй удирдах газраас буцаагдсан байна. 

Өөрөөр хэлбэл 3 гэрээ тутмын нэг нь зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Тус компанийн зүгээс өмнөх жилүүдийн хяналт шалгалтад идэвхтэй оролцож, шаардсан мэдээ баримтуудыг гаргаж өгч байсан бөгөөд энэ удаагийн шалгалтад үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хууль бус үйл ажиллагаагаа нуун дарагдуулах, хугацаа хожих, даатгалын гэрээгээ нөхөн хийх зэрэг зөрчлүүд байж болзошгүй тул тусгайлан хяналт шалгалтын удирдамж гаргаж, шүүхээр дамжуулан мэдээлэл баримт гаргуулан, “*******” ХХК-нд дахин хяналт шалгалтын ажил явуулах шаардлагатай гэж үзэж байна. 

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын албан бичгүүд хууль ёсны болохыг нотолж, “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох замаар төрийн хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээлэл баримтуудыг саадгүй гаргуулан авах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/14 дүгээр хяналт шалгалтын удирдамжийн дагуу орон сууцны иж бүрэн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хяналт шалгалтыг Ц.Тэрбиш, Б.Мөнхханд, Т.Энхманлай нар нь хийсэн бөгөөд уг хяналт, шалгалтын хүрээнд Улсын байцаагчийн шаардлагыг “*******” ХХК-нд хүргүүлсний дагуу нэхэмжлэгч 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1-2/110 дугаар албан бичгээр хууль тогтоомжийг чанд сахиж ажиллахаа мэдэгдсэн байна. 

Иргэн Ж.Лхамчинжав, Х.Санжмятав, М.Батцэрэн нарын гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/14 дүгээр хяналт шалгалтын удирдамжаар орон сууцны иж бүрэн даатгал /засвар үйлчилгээний даатгал/-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхийг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/14 дүгээр хяналт шалгалтын үр дүнд гаргасан албан шаардлагын биелэлт, гүйцэтгэлийн байдлыг Улсын ахлах байцаагч Л.Ган-Өлзий, А.М*******, улсын байцаагч У.Х*******а нараар шалгуулахаар болжээ. 

“*******” ХХК-иас мэдээлэл авахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5/474 дүгээр албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч компани 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1-2/150 дугаар албан бичгээр “...Танай газрын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5/474 дүгээр албан бичигт дурдсан гаргаж өгөхийг шаардсан манай компанийн даатгуулагчдын жагсаалт, хаяг, утасны дугаар, манай компанийн дансны хуулга зэрэг мэдээллүүд нь манай байгууллагын нууцын зэрэглэлтэй баримт материалууд тул зах зээлд өрсөлдөгч байгууллагуудаас хамгаалах зорилгоор ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад харилцагч үйлчлүүлэгчдээ алдах эрсдэл үүсч байгаа тул эдгээр мэдээллийг өгөх боломжгүй байна” хэмээн мэдээлэл гаргаж өгөх боломжгүй талаар мэдэгдсэн байна. 

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч А.М*******, улсын байцаагч У.Х*******а нар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.7-д заасны дагуу гүйцэтгэх захирал эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 5/474 дүгээр албан бичигт дурдсан мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулан тус байгууллагад ирүүлэхийг 5/2 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгджээ. 

Нэхэмжлэгч “*******” ХХК-нд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5/58 дугаар албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд хариу ирүүлээгүй тул тус газрын улсын ахлах байцаагч А.М******* нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дах заалтыг үндэслэн 0000049 дугаар шийтгэврийг ногдуулжээ. 

“*******” ХХК 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч, илт хууль бус тооцуулахаар Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад 1-2/188 дугаар албан бичгээр гомдол гаргасан байх бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 1/663 дугаар албан бичгээр байцаагч нарын актыг хэвээр үлдээн шийдвэрлэж байгааг мэдэгдсэн байна.  

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар хуулиар эрх хэмжээ олгоогүй байхад мэдээлэл шаардаж, эрх мэдлээ хэтрүүлж байна хэмээн маргаж байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд “*******” ХХК нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгч компанийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1-2/149 дүгээр албан бичгээр тогтоогдож байна. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” хэмээн тодорхойлсон байх бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн эсэхийг тодруулахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхэд шаардлагатай баримт материалыг “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хамт ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлжээ. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана”, 20.3.2-т “судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрхлэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч компаниас мэдээлэл шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т “өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлах болон хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх” үүргийг аж ахуй эрхлэгч байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн байна. 

Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих” эрхтэй бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу даатгуулагч, эсхүл даатгуулагч байсан этгээдтэй холбоотой мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо шаардаж авахаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар шаардаж авах эрхгүй хэмээн маргаж байна. 

Даатгалын тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно”, 81.1.3-т “даатгуулагч, эсхүл даатгуулагч байсан этгээд” хэмээн  заасан ба бусад байгууллага, албан тушаалтан буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2-т заасан эрхийнхээ дагуу холбогдох баримтыг шаардан гаргуулан авах эрхтэй байх тул нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3.2-т заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн гаргасан “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.САЙХАНТУЯА