Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0287

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар0221/МА2017/0287

Улаанбаатар хот

“У х у” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “У Х У” ХХК-ийн захирал Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Ц.А нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Завхан аймгийн Засаг дарга Д.Н гаргасан давж заалдах гомдлоор “У Х У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Т сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “У Х У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг тус тус баримтлан “У Х У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус компаний байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Завхан аймгийн Т сумын Засаг даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “У Х У” ХХК-д олгохоор” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Завхан аймгийн Т сумын Засаг дарга Д.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Завхан аймгийн Т сумын Д багийн нутаг дэвсгэрт Ашигт малтмалын газрын 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “У Х У” ХХК-д 628 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгосон.

Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд оролцох тухай зарлан дуудах хуудсыг ирүүлсэн.

Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүх хуралдааны хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн саналаа хүргүүлсэн боловч шүүх хуралдааныг хийж “У Х У” ХХК-ийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргасан.

Ашигт малтмалын газар 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Г А” ХХК-д 12400Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг зөрчигдсөн гэж үзэж байна.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд оролцох мэдэгдэх хуудас ирүүлсний дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааны хугацааг хойшлуулах санал хүргүүлсэн боловч адил тэгш боломж олголгүй шүүх хуралдааныг хийсэн нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг зөрчсөн.

“Г А” ХХК нь 2009 онд орон нутагт ирж хайгуулын ажил хийхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан тойм судалгаа хийх эрхтэй лиценз эзэмшиж байсан боловч олон газарт малталт хийж хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн ажиллаж байсныг тухайн үеийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.А, багийн Засаг дарга У.Б, Байгаль хамгаалагч Б.Д, Цагдаагийн тасгийн дарга Д.Г нар болон орон нутгийн иргэд гэрчилж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг зөрчсөн үйл ажиллагаа явагдсан.

Дээрх иргэдийг гэрчилсээр байтал энэ асуудлыг нягталж үзэхгүй байгаа нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

“У Х У” ХХК-ийн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг төлөвлөгөөг батлахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, харин шийдвэрт хууль хэрэглээний болон улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой зохих өөрчлөлтийг оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 544, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 325 дугаар магадлалд дурдсан нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад гүйцэд дүгнэлт өгсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт “У Х У” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 оноос 2015 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл сунгасан талаарх баримтууд авагдсан, өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулдаггүй, харин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах үед ирэх 3 жилийн төлөвлөгөөг батлуулсан байх зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгчээс 2012-2014 онд тухайн талбайд хийгдэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгчийг 2012, 2013 онд хайгуулын ажил явуулаагүй, үйл ажиллагаа эрхлээгүй гэх боловч Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 156, 9 дүгээр сарын 9-ний өдрийн 399 дүгээр тодорхойлолтоор “У Х У” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-012400 талбайд 2012-2014 онд хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан ирүүлсэн, мөн онуудад геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан болох нь тогтоогддог, түүнчлэн энэ талаарх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Харин Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газраас 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр уг хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг анх “Г а” ХХК-д олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг зөрчсөн эсэх асуудал нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахад хамааралгүй, өөрөөр хэлбэл уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар энэ нь тус газрын эрхлэх асуудалд хамаарна.

Хариуцагчаас дээрх үндэслэлээр Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “У Х У” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ч товлосон шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүйгээс шалтгаалан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 9891 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна.

Хариуцагч Т сумын Засаг дарга Д.Н гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэснээр талуудад тэгш боломж олгоогүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүн бүх хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь энэхүү маргаан анхан шатны шүүхээр 3 дахь удаагаа хянан шийдвэрлэгдэж байгаа, мөн шүүхээс өмнө нь товлосон шүүх хуралдааныг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу удаа дараа хойшлуулж байсан зэргээс үзэхэд шүүхээс хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалттай олгожээ.

“У Х У” ХХК-ийн тухайд 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр уг тусгай зөвшөөрлийг “Г а” ХХК-иас шилжүүлэн авсан, гэхдээ “Г а” ХХК-иас тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх үед олон газарт малталт хийж, хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж байсныг нэр бүхий албан тушаалтан, иргэд гэрчилнэ гэх боловч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7/148 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг байгаль орчин бохирдуулсан, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг зөрчсөн талаар улсын байцаагчийн акт, албан шаардлага, дүгнэлт гаргаагүй гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн байх тул шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үндэслэл тогтоогдсонгүй.

Ашигт малтмалын тухай хуульд эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр, тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд, тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго, тусгай хэрэгцээнд байлгах хугацаа зэрэг холбогдох мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст мэдэгдэх үүрэгтэй.

Гэтэл Ашигт малтмалын газрын 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1/193 дугаар албан бичгээс үзэхэд У х-н өвгөдийг нутаглуулдаг оршуулгын газрыг байгаль, түүхийн дурсгалт газрын ангилалаар тусгай хэрэгцээнд авсан талаар орон нутгийн байгууллагын шийдвэр байхгүй байна.  

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох хяналт тавих чиг үүргээ төрийн захиргааны байгууллага биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Шинжлэх ухааны академийн Палентологийн төвийн судалгаагаар эртний амьтан, ургамлын үлдэгдэл илрээгүй, хайгуулын ажлыг гүйцэтгэж болно гэж дүгнэсэн байгааг мөн тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг...” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг...” гэж, 2 дахь заалтын “...хариуцагчаас гаргуулж...” гэснийг “...Засаг даргын Тамгын газраас гаргуулж...” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Т сумын Засаг дарга Д.Н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН