Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01254

 

Б.Болортогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04625 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1381 дүгээр магадлалтай,

Б.Болортогтохын нэхэмжлэлтэй

“Герман стандарт” ХХК болон  “Жи Эс Проперти” ХХК-д холбогдох,

15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Жи Эс Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттулгын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бат-эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэннадмид, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Болортогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Герман Стандарт" ХХК-ийг төлөөлөн “Жи Эс Проперти” ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд орших GS 4 орон сууцны С блокт 79.8 м.кв талбай бүхий, 3 өрөөтэй, 201 тоот орон сууцыг худалдан авахаар орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Орон сууцны 1 м.кв талбайг 2.255.639 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийн үнийн дүнтэй байхаар тохиролцсон. Бидний байгуулсан гэрээний 2.4-т төлбөрийг дараах хувиарийн дагуу буюу 53.000.000 төгрөгийг бэлнээр төлөх, үлдэх 127.000.000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тусгасан. Үүний дагуу эхний төлбөр 53.000.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр төлсөн. Үлдэгдэл төлбөрт банкны зээл авахын тулд эхнэр маань Худалдаа хөгжлийн банкинд хандахад хүсэж буй хэмжээнд зээл олгох боломжгүй гэсэн. Хэд хэдэн банкинд хандсан боловч зээл бүтээгүй. Би энэ талаар гэрээ байгуулсан “Жи Эс Проперти” ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер Т.Энхбат, захирал Д.Аззаяа нарт удаа дараа мэдэгдэж байсан. Миний захиалсан байр 81.4 м.кв талбайтай бөгөөд банкны 0.8 хувийн зээлэнд хамрагдахын тулд гэрээнд байрныхаа талбайг 79.8 м.кв талбайтай гэж тусгасан. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 33.000.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус буцаан өгсөн. Үлдэх 15.000.000 төгрөгийг торгуульд тооцон авна гээд өгөхгүй байгаа туд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Герман стандарт” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Герман Стандарт" ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. "Жи Эс Проперти" ХХК нь "Герман Стандарт" ХХК-ийн охин компани бөгөөд толгой компаниас хараат бус тайлан баланс гаргадаг, хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн, бие даасан үйл ажиллагаатай болно. Компаний тухай хуулийн 6.5, "Жи Эс Проперти" ХХК-ийн дүрмийн 4.1 дэх заалтуудыг үндэслэн “Герман Стандарт" ХХК-ийг хариуцагчаас хасч өгнө үү гэжээ.

Хариуцагч “Жи Эс Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Болортогтох нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр "Жи Эс Проперти" ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг өөрийн сайн дурын үндсэн дээр байгуулсан ба Б.Болортогтох нь орон сууцны урьдчилгаанд 53.000.000 төгрөг төлөөд үлдэх 127.000.000 төгрөгт нь банкны зээлэнд хамрагдана гэсэн бөгөөд 0.8 хувийн зээлэнд хамрагдахын тулд байрны талбайг 79.8 м.кв гэж гэрээнд тусгасан. Б.Болортогтохын худалдан авсан байрны талбай нь 79.8 м.кв биш 81.4 м.кв талбайтай юм. “Герман стандарт" ХХК нь GS 4 хотхоныг барьж ашиглалтанд оруулсан. "Жи Эс Проперти" ХХК нь "Герман стандарт" ХХК-ийн охин компани бөгөөд тухайн орон сууцыг борлуулах, зарцуулах эрхтэй. "Жи Эс Проперти" ХХК нь өөрийнхөө нэрийн өмнөөс гэрээ хийдэг. Талууд гэрээний бүх заалтыг уншиж танилцан гарын үсэг зурсан. Тухайн үед гэрээ байгуулахдаа Б.Болортогтох 20 хувийн торгууль хүлээх заалтын талаар маргаж байгаагүй. Иргэний хуулийн 232.5-д анзын тухай заасан ба энэхүү үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь аливаа гэрээний талуудыг байгуулсан гэрээндээ хариуцлагатай байлгах үүднээс хуульд тусгаж өгсөн зүйл заалт юм. Иймд иргэн Б.Болортогтох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйл болон гэрээний 3.2.7 дах заалтад заасны дагуу 20 хувийн торгуулийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Талууд гэрээний 4.3-т давагдашгүй хүчин зүйлийг дараах байдлаар тусгаж тохиролцсон. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гал түймэр, үер, ус, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, онц болон дайн бүхий байдал бий болох, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх зэрэг гэрээнд заасан үүргээ бүрэн буюу зарим хэсгийг биелүүлж чадаагүй бол талууд хариуцлагаас чөлөөлөгдөнө. Гэтэл Б.Болортогтох нь банкны зээл олгохоос татгалзсан хариуг давагдашгүй хүчин зүйл гэж үзэж буй нь хууль болон гэрээ зөрчсөн үйлдэл болж байна. Банк зээл олгохоос татгалзсан нь давагдашгүй хүчин зүйл болон хүндэтгэн үзэх шалтгаан гэж бид үзэхгүй байгаа ба энэ нь хувь хүний өөрийн зохион байгуулалттай холбоотой. Манай компани Б.Болортогтохын худалдан авах гэж байсан байрыг бусдад зарсан нь үнэн. Хууль болон гэрээнд заасны дагуу 20 хувийн торгууль буюу 10.600.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага 15.000.000 төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04625 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч "Жи Эс Проперти" ХХК-иас 15.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Болортогтоход олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Герман Стандарт" ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Болортогтохын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Болортогтохоос 192.400 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч "Жи Эс Проперти" ХХК-иас 232. 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Болортогтоход олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19923 дугаартай захирамжаар хариуцагч "Жи Эс Проперти" ХХК-ийн Хаан банкин дахь төгрөгийн 5063195137 тоот дансыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд энэ захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1381 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04625 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.5” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Жи Эс Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

-Нэхэмжлэгч Б.Болортогтох нь 2016 оны 07 дугаар сарын 07-нд гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөр болох 53.000.000 төгрөгийг бэлнээр төлөн манай харилцагч банкууд болох Худалдаа Хөгжлийн Банк “Баянцээл” салбар болон Хаан банкны “Орон сууцны зээлийн төв" салбаруудын тус тус эдийн засагч нартай уулзсаны дараагаар зээл гарахад хүндрэлтэй гэж байна, иймд төлбөрөө буцаан авъя гэсэн хүсэлт гарган төлбөрөө бэлнээр буцаан авч гэрээ цуцалсан ч 2016 оны 07 дугаар сарын 29-нд ахин залган өөр банкнаас зээл гарах боломжтой боллоо өмнөх гэрээг шинэчилье гэсэн хүсэлт гаргасны дагуу гэрээг шинэчилсэн.

-Гэрээний 3.2.7-д зааснаар “20 хувийг төлөхөөр тусгасан” иргэн Б.Болортогтох нь гэрээ байгуулахаас өмнө өөрчлөлт оруулах санал, хүсэлт ирүүлээгүй бөгөөд талууд гэрээний зүйл заалттай нэг бүрчлэн танилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэхүү үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь аливаа гэрээний талуудыг байгуулсан гэрээндээ хариуцлагатай байлгах үүднээс хуулинд тусгаж өгсөн зүйл заалт юм.

Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний 3.3.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Болортогтоход 3-аас дээш удаа утсаар болон мессежээр сануулсан ба удаа дараа сануулга өгсний дараагаар 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Болортогтох нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй тухай хүсэлтийг өөрийн биеэр бичгээр гаргасан. Уг орон сууцыг Болортогтохын гэрээний үүргээ биелүүлж чадахгүй талаар манайд албан ёсоор мэдэгдэж, гэрээний үүргээ зөрчсөний дараа манай компани гуравдагч этгээдэд шилжүүлсэн билээ.

Иймд захиалагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй нь нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 232.5 болон гэрээний 3.3.1, 3.2.7-д заасны дагуу захиалагч тал 20 хувийн торгуулийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн зардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Болортогтох нь хариуцагч “Жи Эс Проперти” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, GS 4 орон сууцны С блокт 79.8 м.кв талбай бүхий орон сууцыг 180.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсны дагуу 53.000.000 төгрөгийг бэлнээр төлжээ. Төлбөрийн үлдэх 126.000.000 төгрөгийг банкнаас зээл авч төлөхөөр талууд тохирсон боловч зээл бүтээгүй, хариуцагч уг орон сууцыг бусдад худалдсан боловч нэхэмжлэгчид 15.000.000 төгрөгийг буцааж өгөөгүй болох нь тогтоогджээ.

Талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ба мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэжээ. Гэрээнд орон сууцны үнэ төлөх хугацааг тодорхой заагаагүй тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэхгүй.

Хариуцагч “Жи Эс Проперти” ХХК нь гэрээнд заасан орон сууцыг бусдад худалдсанаа үгүйсгээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Болортогтох гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах заалтыг баримталсан нь оновчгүй болсонг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1381 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Баттулгын гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн нийт 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ