| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00033/И |
| Дугаар | 311/ШШ2025/00096 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 311/ШШ2025/00096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймгийн ....... сумын .............. компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн .......... сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг ............ холбогдох,
840,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... /цахимаар/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... /Улаанбаатар хотоос цахимаар/, нарийн бичгийн дарга ............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
...................... компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
......... нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуйн нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дугаартай Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн ............. ТӨХХК-д нөөцөлсөн 1200 тн тэжээлийн буудайг нэгж үнэ нь 700,000 төгрөгөөр тооцоөж нийт-840,000,000 төгрөгийн зээлийг ........ аймгийн ................. нь 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ............... дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан. Зээлээ эргэн төлөх талаар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/632, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/796 дугаартай албан бичгүүдээр мэдэгдсэн боловч сайн дураараа төлөөгүй болно.
Иймд Завхан аймгийн ........... тоот худалдах, худалдан авах гэрээний төлбөр 840,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ........... нь 2024 онд ..................-тай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурагдсан 840,000,000 төгрөгийг хариуцан төлөх боломжгүй юм. Учир нь тус ...........ь дээрх нэхэмжлэлийн хариуцагч биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ........... нь Завхан аймгийн ...........д явуулсан төлбөрийн нэхэмжлэхүүд, ........ ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, ХХААХҮСайдын тушаал, түүний хавсралт, ...............ТӨХХК-ийн харилцагчийн товчооны баримт, тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
............ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Завхан аймгийн ........... холбогдуулан тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 840,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Завхан аймгийн ........ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулаагүй, хариуцагч биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд .................. 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дугаартай Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалаар улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан .......ТӨХХК-ийн худалдан авч нөөцөлсөн тэжээлийн буудайг цагаан зуд, төмөр зудын нөхцөл байдалтай байгаа аймгуудад 1 тонныг нь 700,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулан хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу зээлээр олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг ............ТӨХХК-д даалгажээ.
Дээрх тушаалыг үндэслэн нэхэмжлэгч ........... ТӨХХК нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Завхан аймгийн .................. Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээнд заасны дагуу нийт үнийг 700,000 төгрөгөөр тооцож, нийт 1200 тонн бүхий 840,000,000 төгрөгийн өртөгтэй тэжээлийн буудайг нийлүүлэх, хариуцагч Завхан аймгийн ............ нь хэлэлцэн тохиролцсон үнийг 2024 оны 03 дугаар сарын 31-ний дотор төлж, 1200 тонн бүхий тэжээлийн буудайг хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.
Улмаар ............ ТӨХХК нь Завхан аймгийн ........... Төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл-ийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ........... тоот албан бичиг, мөн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн .......... тоот албан бичгээр тус тус хүргүүлж байсан үйл баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч .................. нь барааг хүлээн аваагүй талаар маргаагүй тул нийлүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч ................ гэрээний зүйл болох 1200 тонн тэжээлийн буудайг гэрээнд заасан хугацаанд хүлээн авсан, тоо, ширхэг хэмжээ болон тэжээлийн улаан буудайн чанар байдалд гомдлын шаардлага гаргаагүй, харин хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь маргааны зүйл болжээ.
Ийм учраас худалдсан барааны үнэ 840,000,000 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
Харин хариуцагч тал ...Завхан аймгийн ........... нь 2024 онд .......... ТӨХХК-тай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулаагүй, нэхэмжлэлд дурагдсан 840,000,000 төгрөгийг хариуцан төлөх боломжгүй, .тус ........... нь дээрх нэхэмжлэлийн хариуцагч биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж маргаж байгаа боловч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд ...Аймаг, сум, нийслэл, дүүргийн .......... нь .............. байна ... гэснээс үзэхэд аймгийн .........., түүний ажлын алба нь энэ маргааны хариуцагч мөн байна.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ТА-А/2024-06 дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд ...нөгөө талаас ............ аймгийн ХХААГазар... гэсэн бичвэрийн алдаатай байдал бий болсон боловч тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрээнд гарын үсэг зурахдаа хайнга хандсан байдал нь нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэжээлийн буудайн үнэ 840,000,000 төгрөгийг гаргуулан ........ТӨХХК-д олгохоор шийдвэрлэв.
Харин Завхан аймгийн ................ нь Монгол Улсын ............ 2024 оны 02 дугаар сарын 19-ний А/101 дугаартай Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалаар улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан ...................ТӨХХК-ийн худалдан авч нөөцөлсөн тэжээлийн буудайг цагаан зуд, төмөр зудын нөхцөл байдалтай байгаа аймгуудад батлагдсан хуваарьт ............... аймгаас нийт 16 сумын жагсаалт гаргаж хүргүүлсэн баримт хэрэгт хавсаргагдсан байх тул холбогдох байгууллагуудаас Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлбөрийг нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэллээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн ................. газраас тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 840,000,000 /найман зуун дөчин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............ компанид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ