| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0086/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | З.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Билгүүн,
Улсын яллагч З.Энхжаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батбилэг,
Шүүгдэгч Т.Амаржаргал, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зонтлоо овогт Түмэнжаргалын Амаржаргалд холбогдох эрүүгийн 1709024930385 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, "Ядам-Од" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 3 дугаар гудамж 109 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ПБ 90061379 / Зонтлоо овогт Түмэнжаргалын Амаржаргал нь:
- 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 6 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад насанд хүрээгүй хохирогч Б.Сэргэлэнг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед 6 дугаар дунд сургуулийн спорт зааланд "Богд Асар" ХХК, "Богд Холдинг" ХХК-ний ажилчидтай аавын хамтаар заал аваад сагсан бөмбөг тоглосон. Тэгээд сагсан бөмбөг тоглож байгаад Т.Амаржаргалтай шахалдаад түлхэлцэж байтал Т.Амаржаргал миний нүүрэн тус газарт баруун гараа атгаад 1 удаа цохьсон. Тэгээд би тухайн үед газар унаад намайг аав ирж босгосон. Гавлын яс цөмөрч, тархинд цус хурсан байсан.
Т.Амаржаргал миний нүүрэн тус газар хамар руу цохьсон. Тэгээд би тархиараа унаад гавлын ясандаа гэмтэл авсан. Сагсан бөмбөг тоглож байгаад шахалцаад л маргаан үүссэн гэжээ. / хх 8-11 /
Гэрч Б.Энхзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд харж байтал нүдний буланд нэг хүн унаад өгсөн. Харин Т.Амаржаргал нэг хүнийг цохиод уначих шиг болсон. Тэгтэл тэр унасан хүүхдийнх нь аав гүйж ирээд Т.Амаржаргалыг "Яаж байгаа юм бэ. Наадах чинь жаахан хүүхэд шүү дээ" гэж хэлээд өшиглөсөн. Нөгөө хүүхэд нь газар атиралдаад хэвтчихсэн. “Ёо Ёо гэчихсэн хэвтэж байсан. Т.Амаржаргал тэр хүүхдийн нүүр рүү нь гараараа цохиод нөгөө хүүхэд нь газар уначихсан гэжээ. / хх 13 /
Гэрч Т.Отгонболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Тэгтэл Т.Амаржаргал шууд л тэр залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Нөгөө залуу нь цохиулаад газар уначихсан байсан. Нөгөө залуугийнх нь толгойноос цус гараагүй, толгойгоо бариад л ёолоод хэвтээд байсан гэжээ. / хх 14 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15161 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Сэргэлэнгийн биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. / хх 17 /
Шүүгдэгч Т.Амаржаргалыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 20 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 45 / зэрэг болно.
Шүүгдэгч Т.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хохиролд 6.000.000 төгрөг төлсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн орсон ажил дээрээ сагсан бөмбөг тоглохоор хүү Б.Сэргэлэнгийн хамт очсон. Хүү маань сагс тоглож байгаад Т.Амаржаргалтай маргалдаж байгаа харагдтал хүүгийн толгойн тус газар гараараа цохиж байгаа харагдсан. Би Т.Амаржаргалд “ Хүүгийн биеийг асуугаад эмчилгээний зардлыг төлчихөөч “гэхэд тоохгүй болохоор нь ЦБ-д өргөдлөө өгсөн. Өргөдлөө буцааж авъя гэхэд болохгүй гэсэн. Одоо хүүгийн бие гайгүй байгаа. Өсвөр насны хүүхэд учир эмчилгээ сайн авч байгаа. Би Т.Амаржаргалыг уучилсан. Залуу хүн учир түргэн уурнаасаа болоод алдсан. Ажил төрөл эрхэлдэг байдлыг харгалзан үзнэ үү. Эмчилгээний зардалд 6.000.000 сая төгрөг төлсөн.
Хэрэгт өгсөн 570.000 төгрөгний баримтаас өөр нэмж өгөх хохирлын баримт байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Т.Амаржаргал нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 6 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад насанд хүрээгүй хохирогч Б.Сэргэлэнтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Т.Амаржаргал сагсан бөмбөг тоглож байгаад шахалцаад л миний нүүрэн тус газар хамар руу цохьсон. Би тархиараа унаад гавлын ясандаа гэмтэл авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн асанд хүрээгүй хохирогч Б.Сэргэлэнгийн мэдүүлэг / хх 8-11 /, ... Т.Амаржаргал нэг хүнийг цохиод уначих шиг болсон. Нөгөө хүүхэд нь газарт атиралдаад “Ёо Ёо гэчихсэн хэвтэж байсан. Т.Амаржаргал тэр хүүхдийн нүүр рүү нь гараараа цохиод нөгөө хүүхэд нь газар уначихсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Энхзаяагийн мэдүүлэг / хх 13 /, ... Т.Амаржаргал шууд л тэр залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Нөгөө залуу нь цохиулаад газар уначихсан байсан. Нөгөө залуу толгойгоо бариад л ёолоод хэвтээд байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Т.Отгонболдын мэдүүлэг / хх 14 /, … Б.Сэргэлэнгийн биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай чамархайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15161 дугаартай дүгнэлт / хх 17 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Амаржаргалыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Амаржаргал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн санал хүсэлт, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан торгуулийн ялын доод хэмжээгээр буюу 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлогыг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Амаржаргал нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зонтлоо овогт Түмэнжаргалын Амаржаргалыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Түмэнжаргалын Амаржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Амаржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Т.Амаржаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Амаржаргалд оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Т.Амаржаргал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Амаржаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ