Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00459

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03220 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Дгийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/02000 дугаар шийдвэрийн дагуу Б.Дгаас 54 836 833 төгрөгийг гаргуулж, “Капитрон” банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагчаас 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Н-222/33631 дугаартай мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэлд төлбөр төлөгч Б.Дгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж 57а дугаар байрны 5 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- 2206042817 дугаартай 33,5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2020 ны 8 дугаар сарын 27-ны өдрийн 19291257/03 тоот тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэ болох 64 494 000 төгрөгийн 70 хувь болох 45 145 800 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад тус газрын 200 тоот өрөөнд зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдье гэсэн байсан. Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчид Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг сайн ойлгуулж, тайлбарлахгүйгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авсан бөгөөд төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналаас үүдэн хөндлөнгийн үнэлгээчин томилогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар 3 өдрийн дотор хүргүүлэх байтал хугацаандаа ирүүлээгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний саналыг төлбөр авагч талаас хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй эсэх нь ойлгомжгүй ямар нэгэн бичгээр албан ёсоор мэдэгдээгүй байхад шууд шинжээч томилсонд гомдолтой байна. Уг орон сууцыг үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд 2015 онд ашиглалтанд орсон, сургууль цэцэрлэгтэй ойр, доороо авто машины зогсоолын хамт ашигладаг. Үнэлгээний тайланд зах зээлийн үнээс хэт бага үнээр үнэлсэнг зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, төлбөр төлөгч Б.Дгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206042817 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 57а байрны 5 тоот хаягт байрлалтай 33,5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19291237/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 19291237/03 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн . Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад Б.Д нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 300 000 000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналыг өгсөн ба төлбөр авагч “Капитрон банк” ХХК нь эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн байх тул хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Иймд тус албаны 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9/404 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-ийг томилж, орон сууцыг 64 494 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Дд 99045053 утсаар мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн. Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 47 145 800 төгрөгөөр худалдан борлогдсон. Үүнийг төлбөр төлөгч Б.Дд түүний 99045053 утсаар мэдэгдэж, 4-222/36416 тоот мэдэгдлийг биечлэн өгч тэмдэглэл хөтөлсөн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/Ш32020/14423 дугаар захирамжаар эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн учир албадан дуудлага худалдааны ялагчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дах хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042817 дугаартай, Хан-Уул дүүргийн 15-р хороо Үйлдвэр, Туул гол гудамж 57а байр, 5 тоот хаягт байршилтай, 33.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 64,494,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19291237/01 дугаар тогтоолоор барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжилсэн. Ийнхүү битүүмжилснээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын дотор шийдвэр гуйцэтгэгч хөрөнгийг үнэлэх ёстой байтал 2020 оны 9 дүгээр сарын 03-ны едөр шинжээч томилж үнэлгээ хийсэн нь хуульд заасан хугацаанд үнэлгээг хийгээгүй ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Д нь НШШГГт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2206042817 дугаартай, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 а байрны 5 тоот хаягт байршилтай, 33.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 64 494 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/02000 дугаар шийдвэрээр Б.Дгаас 54 336 998 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042817 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57А байрны 5 тоот хаягт байршилтай, 33.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 31-34 дүгээр тал/

            Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШЗ2019/12810 дугаар захирамж гарч, мөн өдөр 183/ШШ2019/01117 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 19291237/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 19291257/03 тоот тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 29,30 40-46, 52, 53 дугаар тал/

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнэлсэн үнийн дүнг төлбөр авагч хүлээн зөвшөөрөлгүй 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. /хэргийн 59 дүгээр тал/ Улмаар хариуцагч байгууллагаас 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9/404 тоот ‘Шинжээч томилох тухай” тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 55-59 дүгээр тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Баян модот” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, Б.Дгийн өмчлөлийн Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 57а дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай 33,5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 64 494 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 65-73 дугаар тал/

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/Ш32020/14423 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан уг иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хэргийн 20 дугаар тал/

            Нэхэмжлэгчээс “Баян модот” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Нөгөө талаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 19291237/01 тоот тогтоолоор битүүмжилсэн боловч, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 19291257/03 тоот тогтоолоор хурааж, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9/404 тоот ‘Шинжээч томилох тухай” тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. 

            Иймд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03220 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                                                                        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ДАВААДОРЖ

 

     ШҮҮГЧИД                       Ч.ЦЭНД

 

                                                    С.ЭНХТӨР