Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/1080

 

Ш.Н, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ш.Н, Г.Г нарын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/916 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энхбаярын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлээр Ш.Н, Г.Г нарт холбогдох 2108 00862 2026 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Ш-ийн Н, 19... оны .... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

2. Б овгийн Г-ын Г, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл ...-ийн хамт ... дүүргийн .... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

Ш.Н нь 2021 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “МТ” шатахуун түгээх станцын ойролцоо хохирогч Н.Тын 380.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А7” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,

Г.Г нь Ш.Нын 2021 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “МТ” шатахуун түгээх станцын ойролцоо хохирогч Н.Тын 380.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А7” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ч.Төгөлдөрт 180.000 төгрөгөөр худалдан борлуулж ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ш-ийн Н-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Г-ын Г-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч Ш.Ныг Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Н, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Энхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч Г.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг нь зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих гэсэн тус тус ялын төрөлтэй. Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байх ба 1 жил өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх бөгөөд гэмт хэрэг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн байх тул шүүгдэгч Г.Гэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байх бөгөөд шийтгэх тогтоолынхоо тогтоох нь хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Г.Гэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн, мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Ганбатын Гийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа тогтоох хэсэгт гэмт хэргийн шинжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримталсан нь хуульд заасан шаардлага хангаагүй, өөр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй байдлыг үүсгэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/916 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгч Ш.Н, Г.Г нарын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэснийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Тодорхойлох хэсэгтээ зөв дүгнэж бичсэн байсан тул прокурорын эсэргүүцэлд дурдсанаар шийтгэх тогтоол хүчингүй болох, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй. Иймд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан прокурор Б.Энхбаярын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Н нь 2021 оны 4 дүгээр сарын 19-нөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр МТ шатахуун түгээх станцын ойролцоо хохирогч Н.Тын 380.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,

шүүгдэгч Г.Г нь Ш.Нын 2021 оны 4 дүгээр сарын 19-нөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр МТ шатахуун түгээх станцын ойролцоо хохирогч Н.Тын 380.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ч.Төгөлдөрт 180.000 төгрөгөөр худалдан борлуулж ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Тын “...замын цаанаас ягаан саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн, доогуураа саарал өмдтэй нэг залуу гүйж ирээд гал байна уу гэж асуухаар нь байна байна гэсэн чинь дахиад тамхи байна уу гэхээр нь байна бүдүүн тамхи болох юм уу гэж асуусан чинь болно гээд тамхи өгсөн чинь миний хажууд тамхи асаагаад юм яриад байсан, тэгээд надаас цаг хэд болж байна гэхээр нь утсаа гаргаад цагаа хартал шөнийн 4 цаг болж байсан санагдаж байна, тэгсэн гэнэт миний утсыг булаагаад зам гараад гүйчихсэн...” /1хх 34-36/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч Ч.Т-ийн “...би 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхад хуучны танил Н гэх залуу над руу 16 цаг 4 минутад залгаад утасны код гаргаад өгчих хүн байна уу байвал 30.000 төгрөг өгнө гэхээр нь за хүрээд ир би гэртээ байна гэж хэлээд утсаа салгасан удалгүй над дээр Н болон түүний найз зүс таних Г нар ирсэн. Тэгээд би Н цагаан өнгийн верна маркийн тээврийн хэрэгсэлд суугаад нөгөө утсыг нь үзэхэд 2018 оны цэнхэр өнгийн өнгөгүй гэртэй Самсунг А7 маркийн гар утас байсан. Тэгээд нүүр кодыг нь тайлах гээд хартал ресет хийгээд өмнөх хүний ашиглаж байсан жи мэйл хаягаа нэхсэн байдалтай байсан, оролдож үзээд чадахгүй болохоор нь Нт болохгүй байна гэж хэлэхэд чамд гайгүй утас авчих хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь хэдэд зарах юм бэ, би авъя гэтэл Н 200.000 төгрөгт ав андаа гэхээр нь би за кодыг нь тайлуулах юм байна 180.000 төгрөгт авъя гэсэн чинь Н тэг тэг гээд бэлнээр 180.000 төгрөг Гэд өгсөн...” /1хх 45-46/ гэсэн,

гэрч Ш.Н-ийн “...Гтэй машинд юм яриад сууж байсан. Н орж ирээд яваарай гэж надад хэлэхээр нь би хөдлөөд явсан, би утас авч орж ирснийг огт мэдээгүй...” /1хх 72-74/ гэсэн мэдүүлгүүд,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 22-26/,

“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Нийт дүн 380.000 төгрөг...” /1хх 92-93/,

эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 18-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ш.Ныг хохирогч Н.Тын 380.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн, шүүгдэгч Г.Гийг Ш.Нын хохирогч Н.Тын 380.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ч.Төгөлдөрт 180.000 төгрөгөөр худалдан борлуулж ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Харин, шүүгдэгч Ш.Нт зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдээс гарахыг хориглож, бүсчлэлийн хязгаарыг хэт өргөн тогтоож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ш.Ныг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн түүнчлэн, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Г.Гийн үйлдсэн “мөнгө угаах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр  хэрэгсэхгүй болгох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгт түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон зөрчил гаргасан байх тул зөвтгөж шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр прокурор Б.Энхбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/916 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар...” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар...” гэж,

6 дахь заалтын “Шүүгдэгч Ш.Ныг Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдээс гарахыг хориглож...” гэснийг “Шүүгдэгч Ш.Ныг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглож...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Прокурор Б.Энхбаярын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ