Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1096

 

 

П.Зөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч П.Зийн өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/548 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Зийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлоор П.Зөд холбогдох 2302 00117 0120 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн П-ийн З, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дундговь аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажиллаж байсан, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

П.З нь .. ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах...”; 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...”; 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэснийг, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй”, 37.1.3-д заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 37.1.13-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго”, 37.1.16-д заасан “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 36 дугаар зүйлд заасан “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээр өргөсөн тангараг”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-д заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэснийг тус тус зөрчиж, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс буюу өөрийн ажлын байран дээрээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Б-аас 10.000.000 төгрөг зээлсэн мөнгөө төлөхийн тулд өөрийн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байсан эрүүгийн 2210000000435 дугаартай хэргийн яллагдагч Э.С-ын тухайн хэргийн хохирогч нарт хохиролд нөхөн төлөх гэж байсан мөнгөнөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг зээлж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: П.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт П-ийн З-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, шүүгдэгч А овогт П-ийн З-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зөд оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн гурав ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Зөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.Зийн өмгөөлөгч О.Санчирбал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Зийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.3, 7.1.6, 7.1.7-д заасныг, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-д заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.13, 37.1.16, 39.1.2, 39.1.4-д заасныг, мөн Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1, 2.3.6, 2.4.2-д заасныг тус тус зөрчиж, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дэх ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Б-аас 10.000.000 төгрөг зээлсэн мөнгөө төлөхийн тулд өөрийн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байсан эрүүгийн 221000000435 дугаартай хэргийн яллагдагч Э.С-ын тухайн хэргийн хохирогч нарт хохиролд нөхөн төлөх гэж байсан мөнгөнөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг яллагдагч Э.С-аас зээлж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Анхан шатны шүүхээс “...хэргийн яллагдагч Э.С-ын хохирогч нарт хохиролд төлөх гэж байсан мөнгийг зээлж өөрийн өр төлбөрөө төлсөн байдал нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр өөртөө давуу байдал бий болгож хийх ёсгүй үйлдэл хийсэн” гэж үзсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогддоггүй.

Учир нь, хавтаст хэргийн 121 дүгээр талд Э.С-ын 500758318 тоот дансны хуулга авагдсан байх бөгөөд уг дансанд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25.000.000 төгрөгийн орлого орсон ба 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд зарлагын гүйлгээ хийгдсэн нь хохирогч нарт төлөх төлбөр байгаагүй, бизнес эрхлэхтэй холбоотой мөнгө байсан талаар гэрч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгсөн нь Э.С нь хохирогчид төлөх мөнгө байгаагүй нь тогтоогдсон.

Мөн үйл баримтын тухайд хэрэгт /хх 45-47/ дугаар талд мөрдөгчийн зүгээс эрүүгийн 2210000000435 дугаартай Э.Ст холбогдох хэргийн үзлэг хийсэн. Үзлэгийн явцад мөрдөгч П.З нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн П.Зийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж, мөн хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад бий болгосон бол” гэх шинжийг заасан бөгөөд гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай. Гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээд гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болдог.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой билээ. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байна.

П.Зийн өөрийнх нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Э.С-аас 5.000.000 төгрөгийг зээлсэн үйлдлийг зөвтгөхгүй ч дээрх үйлдлийн улмаас хохирол, хор уршгийн шинжээрээ сахилгын зөрчил нь гэмт хэргээс ялгагдах онцлогтой юм. П.Зийн үйлдэл нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/201 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цагдаагийн албан ёс зүйн дүрэм”-ийн 2.3.8-д заасан “...албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах”-ийг хориглосон заалттай байна. Дээрх зөрчлийг гаргасан алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулахаар заасан. 2 дугаар хавтаст хэргийн 12-14 дүгээр  талд авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршигт учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр П.Зөд  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн шинжтэй гэсэн үндэслэлээр хэргийг шалгаж эхэлсэн. Хэргийг шалгах явцад С нь Зөд мөнгө төлсөн, мөн Зөөс тодорхой хэмжээний төгрөгийг буцаан төлсөн зэрэг үйл баримтууд тогтоогдсон. Прокурорын зүгээс яллагдагчид ашигтай гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны үндэслэлтэй гэж хүлээн авч шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг зөрчлийн шинжтэй үйлдэл байхгүй. Учир нь, П.З нь тухайн цаг үед эрх бүхий албан тушаалтан байсан бөгөөд өөрийн албан тушаалын эрх хэмжээгээ ашиглаж Саас ямар ч хүүгүйгээр мөнгө зээлсэн, мөн тохирсон хугацаанаасаа хэтэрч мөнгийг нь өгсөн үйл баримт тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.Зийн өмгөөлөгч О.Санчирбалын гомдлоор хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

П.З нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс буюу өөрийн ажлын байран дээрээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байсан эрүүгийн 2210 00000 0435 дугаартай хэргийн яллагдагч Э.С-ын хохирогч нарынхаа хохиролд нөхөн төлөх гэж байсан мөнгөнөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг зээлж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Т.Ө-ын: “...2021 оны 6 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарын хугацаанд С гэх хүнтэй хамтарч ажиллах зорилгоор хөрөнгө оруулалт хийж 2.600.000.000 төгрөгийг шилжүүлж залилуулж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст уг хэргийн шалгаж байгаа, би хэрэгт хохирогчоор тогтоогдсон. ...Хэргийг мөрдөгч З гэх хүн шалгаж байгаа. ...Яллах дүгнэлтийг уншиж танилцахад Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар зүйлчилсэн байсан. Уг нь бол яллагдагч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар зүйлчлэх ёстой байсан. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж оруулж ирсэн байсан. С нь уг хэргийг иргэний хэрэг болгоно, хууль хяналтын байгууллагын ажилтан нарт авлига өгөөд гараад ирнэ гэж хэлдэг байсан. Ингээд хэргийн зүйлчлэлийг хараад хуулийн байгууллагын ажилтныг хардаж эхэлсэн. Ст залилуулж хохирсон иргэд нийлж фейсбүүкийн групп чат нээсэн. Уг чатаараа хоорондоо харилцаж мэдээлэл солилцдог. Уг чатад мөрдөгч З байдаг. Хохирогч нар чатлахаар С бидний дундын чатаар бичсэн зүйлийн талаар мэдээлэл авчихсан байна, бидний дунд нэг мэдээлэгч байна гэж ярьдаг байсан. Зийн фейсбүүк болон түүний найзуудын цахим хуудсаар ороход З, Б, С нар холбоотой юм шиг санагдсан. Б гэдэг нь цагдаагийн ажилтан байсан. Б гэх хүнтэй уулзсан Б нь Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шуурхай удирдлагын тасгийн даргаар ажилладаг хүн байсан. Бтай уулзаад С, З нарыг таних уу гэхэд З гэх хүнийг танина гэсэн. Би тэгэхээр та нар хоорондоо мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал байна уу гэхэд, байгаа, З надаас мөнгө зээлсэн уг мөнгийг С гэх хүн төлсөн. С гэх хүнийг би танихгүй гэж хэлээд Б гэж хүн нь дансны хуулгаа харуулсан. Зөд мөнгө шилжүүлсэн хуулга, Саас мөнгө шилжиж орсон хуулгыг гар утсан дээрээсээ харуулсан. Худалдаа хөгжлийн банкны хуулга харуулж байсан. Ингээд Зтэй ирж уулзаад, чи яагаад хэргийг шалгаж байж яллагдагчаас мөнгө аваад яаж байгаа юм бэ гэхэд би үнэхээр мэдэхгүй байна, өдөр болгон Заяатүшиг гэх хүний дансаар дамжуулж С нь надад мөнгө шилжүүлдэг, мөн С бэлнээр мөнгө өгсөн гэж хэлсэн. Үүнийгээ бизнес мөнгө хүүлдэг, бид нар хамтарч ажилладаг юм гэж З хэлсэн. З нь би Саас авсан мөнгөний тоог алдсан гэж надад хэлсэн. Дансанд авдаг бэлнээр мөнгө авдаг гэж хэлсэн. Би тэгэхээр нь Зийг чи үнэн ярьж байна уу, утсаар яриад үзүүлчих гэхэд З нь утсаар Стай яриад мөнгө яаж авлаа гэж асуусан. Би уг хэсгийг баримтжуулж гар утсаараа бичлэг хийж, бичлэгийг танай байгууллагад өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Сыг цагдан хорих хурал болсон. ...Шүүх хурал дээр С болон түүний өмгөөлөгч нар С нь хохирогч нарын мөнгийг Зөд хадгалуулсан, уг мөнгийг З завшсан асуудал байна гэж хэлж байсан. ...З нь надад энэ бол нэг их юм болохгүй надад сахилгын арга хэмжээ аваад болно шүү дээ гэж хэлсэн.” /1хх  25-27/, "...Б гэх хүн надад дансны хуулгаа үзүүлсэн. Би Бтай уулзаад бичлэг хийсэн. Б надад З 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд тал мөнгийг нь С нь төлсөн, үлдсэн мөнгийг өөрийнхөө данснаас төлсөн гэсэн бичлэг надад байгаа. ...С нь Зөд бэлнээр мөнгө өгсөн. Энэ талаараа З нь утсаар Стай ярьсан бичлэгийг ...өгсөн. ...” /2хх 80-81/,

гэрч Б.Б-ын: “...Э.С гэх хүнийг танихгүй уулзаж байгаагүй. ...Би 458046238 тоот данс Худалдаа хөгжлийн банканд эзэмшиж байгаа. ...Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай Сэтгэцийн эрүүл мэндийг төвд хэлтэн ...эмчлүүлж байх хугацаанд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч З гэх залуу нэг өрөөнд хэвтсэн. ...та надад 10,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаанд 10 хувийн зээлэхээр болж 10,000,000 төгрөгийг мөнгөний хэрэг байна гээд гуйгаад байсан. Би мөнгө зээлэхээр болж 10,000,000 төгрөгийг шилжүүлэх гээд ...Зийн дансанд 2 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулаагүй амаар тохиролцсон. ...Мөнгө зээлсэн хугацаанаас хойш 10 хоног болсон. Ингээд Зтэй холбогдоод мөнгөө нэхсэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны 5003758318 тоот данстай Эрдэнэбат С гэх хүнээс 5,000,000 төгрөг “Зандаа Зандаа” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь хойшлуулъя гэсэн, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр З Пүрэвсүрэн гэх 5615115234 тоот данснаас үлдэгдэл 5,850,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. ...Би найздаа зээл авч өгч байгаа юм. Турк улсаас манай найз гутал оруулж ирдэг юм. Манай найзын гутал гааль дээр ирээд байна мөнгө төлж авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Хүнд зээлэх гэж байгаа юм гэж надаас З мөнгө зээлсэн. ...Миний дансанд байсан мөнгө байгаа юм. Манай эхнэр интернэтээр гэр ахуйн бараа зардаг. Үүнээс олсон орлого байсан.” /1хх 30-32/,

гэрч Э.С-ын: “...Би 5003758318 тоот харилцах данс эзэмшиж байгаа. ...Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нь З нь миний хэргийг шалгаж байсан. Би ер нь өдөр болгон Цагдаагийн хэлтэс дээр очдог байсан. Намайг өдөр болгон ирж байгаарай гэдэг байсан. Тухайн мөнгө шилжүүлсэн өдөр би З мөрдөгчийн өрөөнд сууж байсан. З мөрдөгчийн гар утас ойр ойрхон дуугараад утсаар яриад байсан. Хүнд мөнгө зээлээд аваад өгчихсөн чинь баларч байна нөгөө мөнгө зээлсэн хүн хоёр хоногийн дараа зээлсэн мөнгөө өгнө гээд байна гэж надад хэлсэн. Түр зээлчих мөнгө байна уу гэж надаас асуусан. Би хохирол барагдуулах гэж байгаа мөнгө байгаа гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа буцаагаад өгнө гэхээр нь би таны дансанд мөнгө шилжүүлж болохгүй байх, дараа нь хоёулаа асуудалд орох байх гэж хэлсэн. Ингээд мөрдөгч З надад дансны дугаар өгсөн, уг данс руу 2,500,000 төгрөгөөр хоёр удаа мөнгө шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь мөрдөгчийн нэрийг бичсэн. Хоёр хоногийн дараа мөнгө асууж мөрдөгчтэй утсаар холбогдоод мөнгө шилжүүлэх хүн одоо хүртэл холбогдохгүй байна гэж надад хэлсэн. ...З надад 1,000,000 төгрөгийг буцаагаад өгсөн. Үлдсэн мөнгөө одоо хүртэл аваагүй байгаа. ...Хохиролд өгье гэж бодоод явж байхад мөрдөгч мөнгө байна уу гээд 2 хоногийн дараа буцаагаад өгнө гэж хэлээд авсан. ...Би З мөрдөгчид энэ мөнгө хохирол барагдуулах гэж байгаа мөнгө шүү гэж хэлсэн. ...Би Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. З анхнаасаа надад холбогдох хэргийг шалгасан мөрдөгч биш, би Зөд авлига өгөөгүй, наад авлига өгөх ямар ч шаардлага байхгүй. 2 хоногийн хугацаатай мөнгө зээлчих гэхээр нь итгээд өгсөн боловч одоо авч чадахгүй байна.” /1хх 35-37/, “...Ийм утгатай зүйлийн талаар мөрдөгч Зтэй ярилцсан. З мөрдөгч надтай утсаар яриад “Б гэх хүн дээр хохирогч Өлзийбаяр нь чиний хувийн мэдээллийг аваад очсон байна., Чамаас зээлсэн 5,000,000 төгрөгийн талаар асуугаад очсон байна. Одоо над дээр Өлзийбаяр ирэх юм бол би чам руу утсаар залгана, чи тэгэхээр 10,000,000 төгрөг зээлээд 6.000.000 төгрөгийн бэлнээр өгөөд, 5,000,000 төгрөгийг нь дансаар өгсөн гээд хэлээрэй” гэж хэлсэн. Ингээд З тухайн өдрөө над руу залгаад мөнгөний талаар асуухаар нь Зийн хэлсэн үгийг хэлсэн. ...Би Зөөс мөнгө зээлдэж байгаагүй. ...З надаас 5,000,000 төгрөг 2 хоногийн хугацаатай зээлсэн. 10,000,000 төгрөг авч байгаагүй. Би Зөд бэлнээр 6,000,000 төгрөг өгч байгаагүй. З л ингээд хэлчхээрэй гэж хэлсэн учраас ингэж худал зүйлийн талаар утсаар ярьж байсан.” /1хх 40-41/ гэсэн мэдүүлгүүд,

 эрүүгийн 2210000000435 дугаартай хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 45-47/,

 Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2210 00000 0435 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол,

гэрч Б.Б-ын Худалдаа хөгжлийн банкны 458046238 тоот дансны хуулга /1хх 80, 83/

гэрч Э.С-ын Хаан банканд эзэмшдэг 5003758318 тоот дансны дэлгэрэнгүй /1хх 123, 129/,

яллагдагч П.Зийн Хаан банкны Хаан банкны 5039421917 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 101, 106-107/,

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1795 дугаартай тушаал /1хх 218-220/,

мөрдөгчийн албан тушаалын тодорхойлолт /1хх 221-222/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч П.Зийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс П.Зийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг нийгмийн аюулын хэр хэмжээ ихтэй.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхолын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон” байна.

Хэргийн тухайд, шүүгдэгч П.З нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгоор өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэргийн яллагдагч Э.С-ын хохиролдоо төлөх гэж байсан мөнгөнөөс зээлэх байдлаар өөрийн өр төлбөрөө төлсөн үйлдэл байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба ёс зүйн зөрчил гэж үзэх үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч П.Зийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/548 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Зийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ