Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 126/ШШ2025/0006

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б***************ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Э***************,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баднайсүрэн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***************,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т***************,

Хариуцагч: Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо,

Хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ц***************,

Гуравдагч этгээд: “Ө***************” ХХК

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: А.З***************,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Х.Бакен,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: С.Нургайып нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*************** (цахим), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн (цахим), хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***************, хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т***************, хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц***************, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен (цахим), С.Нургайып (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгчээс анх Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Б***************ХХК-ийн тендерийн шаардлага хангахгүй гэж ЭХЯ/20240102069 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзаж, “Ө***************” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, ЭХЯ/20240102069 дугаартай тендерт оролцсон Б***************ХХК-ийн материалыг дахин үнэлэн Б***************ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ө***************” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгосон” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, Их-Уул сум/ тендерт Б***************ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
    2. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлэхдээ Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Хөвсгөл аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан “Б***************ХХК-ийн тендерийг шаардлага хангахгүй гэж ЭХЯ/20240102069 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзаж, “Ө***************” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, ЭХЯ/20240102069 дугаартай тендерт оролцсон Б***************ХХК-ийн материалыг дахин үнэлэн Б***************ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/614 дүгээр “Ө***************” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендерт Б***************ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсан эрх олгосон шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах, Хөвсгөл аймгийн Засаг дарга “Ө***************” ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан УТ2503001143 тоот “Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг” гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” гэжээ.
    3. Улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Хөвсгөл аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан “Б***************ХХК-ийн тендерийг шаардлага хангахгүй гэж ЭХЯ/20240102069 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзаж, “Ө***************” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/614 дүгээр “Ө***************” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах, Хөвсгөл аймгийн Засаг дарга “Ө***************” ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан УТ2503001143 тоот “Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг” гэрээг хүчингүй болгуулах” гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарласан Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл аймаг, Их-Уул сум/ ЭХЯ20240102069 дугаартай тендер шалгаруулалт болж, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны хурлын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлээр уг тендерт “Ө***************” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, улмаар нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/579 тоот албан бичгээр тендерээс нь татгалзсан болохыг, тус газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/577 тоот албан бичгээр гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгож байгаа талаар тус тус мэдэгдсэн байна.

2.2. Тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10123 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгджээ.

2.3. Улмаар Сангийн яамны уг шийдвэрийн дагуу Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо дахин хуралдаж 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 тоот тэмдэглэлээр гуравдагч этгээдийн ирүүлсэн баримт бичгийг шаардлага хангасан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, нэхэмжлэгчийн тендерээс татгалзахаар шийдвэрлэж, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/613 тоот албан бичгээр нэхэмжлэгчид тендерээс нь татгалзсан талаар, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/614 тоот албан бичгээр гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгож байгаа талаар тус тус мэдэгдсэн байна.

2.4. Уг шийдвэрүүдийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10818 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгджээ.

2.5. Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж 05 тоот тэмдэглэлээр гуравдагч этгээдийн ирүүлсэн баримт бичгийг шаардлага хангасан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, нэхэмжлэгчийн тендерээс татгалзахаар шийдвэрлэж, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 тоот албан бичгээр нэхэмжлэгчид тендерээс нь татгалзсан талаар мэдэгдсэн байна.

2.6. Улмаар нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.7. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, гуравдагч этгээдтэй уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг барааг худалдах, худалдан авах гэрээг нэгэнт байгуулсан байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана” гэж заасны дагуу шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Б***************ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарласан Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, Их-Уул сум/ ЭХЯ/20240102069 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон. Тус тендерийн хариуг Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/579 тоот мэдэгдлээр манай компанийг “2024 онд 9 тендерт шалгарсан бөгөөд хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг ирүүлээгүй” нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 дэх заалтыг хангаагүй байна гэх утгатай хариу өгсөн.

Үүний дагуу тендерийн материалтай танилцахад тус тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон “Ө***************” ХХК-ийн тендерт ирүүлсэн материал шаардлага хангахгүй, харин манай компани шаардлага хангасан байсан тул Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам гомдлыг хянан үзээд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10123 дугаар албан бичгээр “... “Ө***************” ХХК тендерийн ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний мэдээлэлд 2020-2024 онд хэрэгжүүлсэн 29 гэрээний мэдээллийг ирүүлсэн байна. Үүнээс тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан хугацаа болон төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй гэрээнд “Илчит сансар” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 192,000,000.0 төгрөгийн үнийн дүнтэй “КВР-2.0 мВт зуух-Зш, Утаа сорогч-3ш, Вентилятор-1ш” худалдах, худалдан авах гэрээ, “Киели жүйрик” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “КВР-2.0 мВт, зуух-Зш, Утаа сорогч-2ш, Вентилятор-2ш” худалдах, худалдан авах гэрээ хамаарч байх ба тус хоёр гэрээнд холбогдох гэрээ дүгнэсэн актыг хавсаргаж ирүүлээгүй байхад дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна…” гээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх хэсгийг үндэслэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг үнэлгээний хороонд даалгасан.

Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, захиалагчаас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/613 тоот мэдэгдлээр манай тендерийг “Хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй” гэж дахин татгалзсан. Үүнийг мөн эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам гомдлыг хянан үзээд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10818 дугаар албан бичгээр “... Б***************ХХК тендерт “Т***************” ДЭХГ-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх ба уг актаар гэрээнд заасан дүнгээр барааг нийлүүлж дууссаныг тодорхойлсон байх тул хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна…” гээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх хэсгийг үндэслэн захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг үнэлгээний хороонд даалгасан.

Гэтэл Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10818 дугаар албан бичгээр захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасаар байтал захиалагчаас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/688 тоот мэдэгдлээр манай компанийг “Сангийн сайдын 278 дугаар тушаалын 15 дугаар хавсралтаар хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй” нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 дэх заалтыг хангаагүй байна гэж дахин татгалзсан. Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10818 дугаар шийдвэрээр Б***************ХХК-ийг тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 дэх заалтыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй болохыг тогтоож, захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/613 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсээр байхад хариуцагч нь “Өмнөх манай гаргасан 1/613 тоот шийдвэр хүчин төгөлдөр болохыг мэдэгдье” гэсэн нь Сангийн яамны шийдвэртэй зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл Сангийн яамны ТШЗ 18.1 дэх заалтыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж шийдвэрлэж байхад дахин дахин энэ үндэслэлээр татгалзаж байгаа нь хариуцагч гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагынхаа шийдвэрийг биелүүлэхгүй байгааг харуулж байна.

Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: “Шаардлагатай” Сүүлийн 3 жил буюу 2021,2022,2023 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй барааг 1-оос доошгүй удаа энэ төрлийн ижил төстэй барааг нийлүүлсэн туршлагатай байх шаардлагатай бөгөөд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Туршлагыг харуулах Өгөгдлийн хүснэгтэд заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний талаар V бүлгийн Маягт 3, Маягт 5-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл ирүүлэх, бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн актыг эх хувиас хуулбарлаж ирүүлнэ.” гэж заасан байсан.

Манай компани ижил төстэй барааг нийлүүлсэн гэрээний мэдээллийг маягт-3 аар, ижил төстэй барааг нийлүүлсэн гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг маягт-5 аар гаргаж, “Т***************” ДЭХГ-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, төлбөрийн баримтуудыг хавсарган хүргүүлсэн байхад илт үндэслэлгүйгээр манай тендерээс дахин татгалзаж байна. Энэ байдал нь манай компанийн төрийн худалдан авах ажиллагаанд шударгаар оролцох, өрсөлдөх, шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан.

Манай тендерийн материалд байгаа 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт нь “Т***************” ДЭХГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний биелэлтийн талаар дүгнэж, уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн болохыг тогтоосон, гэрээний гол нөхцөл биелэгдсэн мэдээлэл бүхий байна. Гэтэл захиалагч ТШЗ 18.1-д заасан гэрээ, гэрээ дүгнэсэн актыг хүргүүлсээр байтал гэрээ байхгүй, дараа нь гэрээ дүгнэсэн акт байхгүй, хамгийн сүүлд Сангийн сайдын 278 дугаар тушаалын 15 дугаар хавсралтаар хүлээлгэж өгсөн акт байхгүй гэж дахин дахин татгалзаж буй нь хууль бус. Захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/688 тоот мэдэгдэлд дурдагдаад буй Сангийн сайдын 278 дугаар тушаал гэх тушаал огт байхгүй юм.

Уг тендерт 4 компани оролцсон бөгөөд манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн оролцогч бөгөөд 264,026,330 төгрөг буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогч юм. Тэгэхээр Б***************ХХК нь хуулийн 26.9-д заасан шаардлага хангасан тендер ирүүлсэн оролцогч тул үнийн өрсөлдөөнд оролцох эрхтэй.

Захиалагчийн манай компанийн тендерээс татгалзаж байгаа шийдвэр нь өрсөлдөх тэгш боломжийг хязгаарласан, тендерийн өгөгдлийн хүснэгтэд дурдаагүй үндэслэлээр татгалзсан, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагынхаа шийдвэрийг биелүүлэхгүйгээр манай компанийн тендерээс татгалзаж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн.

Захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/688 дугаар мэдэгдэл нь өмнө шийдсэн асуудал тул дахин хянуулахаар Сангийн яаманд гомдол гаргалгүй шүүхэд шууд хандаж байна. Мөн цахим системд “Ө***************” ХХК-тай гэрээ байгуулагдсан гэсэн төлөвтэй байна.

Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан шийдвэр гаргах захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй болохыг мөн хуулийн 49.2.4-т заасан байна. Иймд Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь тендерт оролцсон этгээдийг шалгаруулах шийдвэр гаргах эрх хэмжээтэй. Нөгөө талаараа тендерт оролцогчийг үндэслэлгүйгээр шалгаруулахаас татгалзах эрх хэмжээгүй юм. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 50.2.2 дахь заалтын дагуу энэхүү нэхэмжлэлдээ ЭХЯ/20240102069 дугаартай “Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, Их-Уул сум/ тендер шалгаруулалтын Үнэлгээний хороог хариуцагчаар тодорхойлж байна.

Иймд манай Б***************ХХК нь шаардлага хангасан тендер ирүүлсэн оролцогчийн хувьд тендерт шалгарч, гэрээ байгуулах субьектив эрхээ сэргээлгэж, хууль ёсны итгэлийг хамгаалуулахаар тус нэхэмжлэлийг  гаргаж байна” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Манай компани Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарласан Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, Их-Уул сум/ ЭХЯ/20240102069 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон. Уг тендерт 4 компани оролцсон бөгөөд манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн оролцогч бөгөөд 264,026,330 төгрөг буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогч юм. Гэтэл Үнэлгээний хорооноос манай компанийг тендерийн шаардлага хангахгүй гэж хууль бус үндэслэл заан 3 удаа тендерээс татгалзаж, 3 удаа хууль бус зөвлөмж гаргаж, үүний дагуу захиалагчаас 3 удаа хууль бус шийдвэр гаргасан байдаг. Манай компанийн зүгээс захиалагчийн 2 удаагийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгодог. Захиалагчийн манай тендерээс татгалзсан хамгийн сүүлийн буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” татгалзсан шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор ... хүлээн авна“ гэсэн гомдол гаргах хугацаа, боломжийг манай компанид олгоогүй. Өөрөөр хэлбэл “Ө***************” ХХК-тай манай компанийн тендерээс татгалзсан шийдвэр гаргасан /2024-12-30/ өдрөөр гэрээ байгуулсан байдаг. Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлдээ “... “Ө***************” ХХК ирүүлсэн баримт бичгийг шаардлага хангасан гэж үзэж... хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулъя гэсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/614 тоот шийдвэрийг хэвээр үлдээв” гэж мөн “... Б***************ХХК нь ... “Т***************” ДЭХГ худалдах худалдан авах гэрээ ижил төстэй ажлын туршлагад тооцуулахаар ирүүлсэн боловч хүлээлгэж өгсөн акт зөрчин “Ө***************” ХХК-тай гэрээ байгуулж байгаа нь гуравдагч этгээдийг тендерт шалгаруулах онцгой ашиг сонирхол захиалагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Үнэлгээний хороонд байгааг харуулж байна. Мөн хуулийн 30 дугаар зүйлд гэрээ байгуулах, шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ; 41 дүгээр зүйлд “Илт хууль бус гэрээ”, 41.1-д “Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна”, 41.1.5-д “тендер хүлээн авах эцсийн хугацааг, эсхүл энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй”, 41.1.4-д “Энэ хуулийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан гэрээнд заасны дагуу захиалагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь “Ө***************” ХХК-тай гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй, мөн манай компанийн тендерт шалгарсан оролцогчийн нууцлаагүй мэдээлэлтэй танилцах, Сангийн яаманд гомдол гаргах эрхийг хязгаарласан захиалагч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн УТ2503001143 тоот “Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл Их-Уул сум/” гэрээ нь анхнаасаа илт хууль бус гэрээ болжээ. Иймд тус гэрээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороотой холбоотой шаардлагын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурал хийгдэж, тэмдэглэл гарах хүртэл хугацаанд Б***************ХХК-ийг шалгараагүй гэх мэдэгдлийг 2 удаа өгсөн. Дээрх асуудлыг Сангийн яамнаас хянаж үзээд тухай бүрийн 2 удаагийн үнэлгээний хорооны хурал, холбогдох баримт бичгүүд нь хууль бус гэж үзээд хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хий гэх байдлаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн. Дахин үнэлгээ хийж 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 05 дугаар хурлын тэмдэглэл гарсан. Үнэлгээний хорооны тэмдэглэл нь Тендерийн тухай хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заагдсан журмын дагуу ажиллагаа явагдах ёстой. Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д шаардлагад нийцсэн тендерүүдийг хооронд нь үнэлж, харьцуулах ажиллагаа хийгдэнэ гэж заасан. Гэтэл тухай үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлээс үзэхэд зөвхөн Б***************ХХК-ийг үнэлсэн байдаг. Үүнээс ямар үр дагавар гарч байгаа вэ? гэхээр тендерт шалгараад байгаа гуравдагч этгээд нь шалгараагүй бусад гуравдагч этгээдүүдтэй үнэлгээ явагдаагүй. Анхнаасаа ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр, хууль бус үнэлгээний хорооны тэмдэглэл гарсан болох нь тодорхой байх тул маргах шаардлага байхгүй. Үнэлгээний хорооны тэмдэглэлээс үүдэн гарч байгаа шийдвэрүүд нь хууль бус гэх үр дагаврыг үүсгэж байна. Учир нь шаардлагад нийцсэн бүх тендерийг хууль тогтоомжийн дагуу үнэлж, хооронд нь харьцуулж байгаад оролцсон бүх тендерүүддээ мэдэгдэлд өгч, тухайн мэдэгдэл нь хуульд заасан журмын дагуу гарсан байх ёстой. Зөвхөн Б***************ХХК-ийг үнэлсэн нь Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар Б***************ХХК нь шаардлагад нийцсэн тендер учир дангаар нь үнэлсэн гэж ойлгогдохоор нөхцөл байдал үүсэж байна. Гэтэл хурлын тэмдэглэлээс үзэхэд үнэлэгдээгүй компани буюу үнэлгээнд оролцоогүй компани шалгарсан байна. Дээрх нөхцөл байдлаас харахад үнэлгээний хороо нь хуульд заасан журмын дагуу ажиллаагүй. Шаардлагад тэнцсэн тендерийг үнэлээгүй. Нөгөө талаар шаардлагад тэнцээгүй буюу үнэлэгдээгүй компанийг тендерт сонгосон болох нь хурлын тэмдэглэлээс тодорхой харагдаж байх тул эсэргүүцэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн шаардлагад нийцсэн тендерүүдийг Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу үнэлж, Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж заасны дагуу тендерийг сонгох процесс ажиллагаа явагдах ёстой. Гэтэл үнэлгээнд оролцоогүй компанид Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан үндэслэлээр шалгаруулаад байгаа нь үндэслэлгүй хууль бус шийдвэр байна. Тиймээс үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан.

Үнэлгээний хорооноос авсан гурав дахь хавтаст хэрэгт “Ө***************” ХХК болон Б***************ХХК-ийн материалууд авагдсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б***************ХХК “Ө***************” ХХК-иас 16,000,000 төгрөгөөр бага үнийн дүнгээр буюу хамгийн бага үнийн дүнгээр санал тавьсан.

Сангийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10818 дугаар албан тоотоор “Ө***************” ХХК-ийн шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, дахин тендер явуул гэх эрх бүхий байгууллагын шийдвэр гаргасан. Гэтэл Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны газар нь “Ө***************” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр нь хүчинтэй гэж үзэн аймгийн Засаг дарга нь гэрээ байгуулсан байна. Хүчингүй болсон мэдэгдлийг үндэслэж, гэрээ байгуулсан байна. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээ хийсэн тухай тэмдэглэлээс үзэхэд үнэлгээнд оролцоогүй компани шалгарсан байна. Гэтэл “Ө***************” ХХК-ийг шалгарсан гэх мэдэгдэл үйлдэгдээгүй. Мөн үнэлгээнд ороогүй компани шалгарсан зэрэг хууль бус үйлдлүүд нь тодорхой байна. Тендер сонгон шалгаруулах ажиллагаа нь илт хууль бус хууль тогтоомжид нийцээгүй хийгдсэн гэх нөхцөл байдлаас гадна манайхыг шалгаруулахгүй байгаа үндэслэлийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Акт журмын дагуу хийгдээгүй гэх үндэслэлээр манай компанийг буруутгаж байгааг дараах байдлаар тайлбарлая. Сангийн яамны 2023 оны журмыг баримтлаагүй байна гэх үндэслэлээр манайхаас татгалзсан. Манай компаниас 340,000,000 үнийн дүнтэй тэнцэх хэмжээний нэг гэрээ өгсөн. “Ө***************” ХХК-ийн гаргаж өгсөн баримтаас үзээхэд нийт үнийн дүнг нь нэмж нэгтгээд 340,000,000 хүрэх 11 гэрээг өгсөн байсан. Гэтэл манай өгсөн гэрээ нь 2022 онд хийж гүйцэтгэсэн ажил. Гэтэл үнэлгээний хорооноос Сангийн яамны 2023 оны журмыг баримтлаагүй гэх үндэслэлээр татгалзаж, мэдэгдэл өгсөн. Гэтэл яаж 2022 оны ажил дээр 2023 оны журмыг баримталж биелэлтийг хангуулж ажиллах юм бэ? 2022 онд хийж гүйцэтгэсэн ажил яагаад ирээдүйд батлагдаагүй журмын шаардлагыг хангах ёстой гэж үзээд байгаа юм бэ? Үнэлгээний хорооны татгалзсан нэг үндэслэл нь хууль бус болох нь дээрх нөхцөл байдлаас харагдаж байна. Манай компани нийт үнийн дүн нь 340,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэрээг, гэрээ дүгнэсэн акттай холбоотойгоор мөнгө хүлээн авсан И-баримттыг гэрээнд хавсарган гаргаж өгсөн. Сангийн яамнаас манай компанийг шалгуурт тэнцсэн акт өгсөн болохыг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны дүгнэлтээр баталж, үнэлсэн. Харин “Ө***************” ХХК-ийн 11 ажил гүйцэтгэсэн гэрээг нэг бүрчлэн үзэхэд Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10123 дугаар албан тоот буюу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны баримт, бичигт Б***************ХХК нь шаардлагад нийцсэн актыг ирүүлсэн байна. Акт хууль, тогтоомжийн шаардлага хангаж байна. Харин “Ө***************” ХХК уг шаардлагад огт нийцэхгүй байна гэх дүгнэлтийг гаргасан. Тухайлбал “Илчит сансар” ХХК-тай байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 192,000,000 төгрөгийг үнэлгээ бүхий гэрээ нь актгүй байна. Мөн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ нь мөн актгүй байна. “Ө***************” ХХК нь актгүй, шаардлагад нийцэхгүй компани байхад акттай компанийг шаардлагад нийцээгүй гэх шийдвэр гаргаж байгаа нь өөрөө илт үндэслэлгүй, хууль бус байна гэдгийг Сангийн яамнаас тодорхой дурдаж өгсөн. Бидний зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй буюу шууд санаатай үйлдэл гэж үзэж байна. Учир нь актгүй компанийг шалгаруулаад байгаа атлаа акттай компанийг шалгуурт тэнцэхгүй гээд татгалзаад байгаа нь хууль бус юм. Манай компанид тавиад байгаа шаардлагыг “Ө***************” ХХК нь хангахгүй байхад яагаад, ямар үндэслэлээр шалгаруулаад байгаа нь болон хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй, тогтоогдохгүй байна. “Ө***************” ХХК нь 340,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж байсан гэдгийг нотлох актгүй байна гэдгийг Сангийн яамнаас баталсан. “Ө***************” ХХК нь шүүхэд хавтаст хэрэг үүсгэн материалуудаа гаргаж өгсөн байсан. Тухайн баримт, материалуудтай нь танилцахад 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот гэрээнээс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 11 гэрээг “Ө***************” ХХК тендерийн баримт бичиг болгон гаргаж өгсөн байдаг. 24 тоот гэрээ, 48 тоот гэрээ, 104 тоот гэрээ, 05 тоот гэрээ, 103 тоот гэрээ гэх  мэтчилэн нийт 11 тоот гэрээнүүдийг 340,000,000 төгрөгийн ажил хийсэн туршлагатай гээд нотлох баримтаар гэрээг гаргаж өгсөн байсан. Тухайн гэрээнүүдээс акттай гэрээг шүүж үзэхэд 2 гэрээ акттай. Бусад гэрээ нь актгүй байсан. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай, нийт 84,329,566 төгрөгийг ажлыг гүйцэтгэсэн акт, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 89,000,000 төгрөгийн гэрээ акттай байсан. Нийлбэр дүнгээр 163,329,566 төгрөгийн ажил үйлчилгээг актаар хүлээлгэж өгсөн байна гэх нөхцөл байдал харагдаж байна. 340,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн туршлагатай гэдгийг нотлох баримтыг “Ө***************” ХХК өгөөгүй. Тендерт шалгарах ажлын дадлага, туршлагатай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Өгсөн хоёр акт нь манай компанид шаардлага болгож тавиад байгаа Засгийн газрын журмын шаардлагыг хангаж байгаа эсэх талаас нь судалж, харж үзэхэд Засгийн газрын журамд заагдсан актын шаардлагыг хангахгүй байсан. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Үнэлгээний хороо, Худалдан авах ажиллагааны газрын шууд хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан болох нь тодорхой байна. “Ө***************” ХХК нь баримт бичиг нь дутуу, актгүй, журмын дагуу актыг үйлдээгүй, шаардлага хангаагүй байхад шалгаруулаад байгаа нь дараах үр дагаврыг үүсгэж байна. Б***************ХХК нь 260,000,000 төгрөг буюу хамгийн бага үнийн саналыг гаргаж үнэлгээний хороонд өгч байхад 280,000,000 төгрөгийн үнэлгээтэй “Ө***************” ХХК-ийг шалгаруулж байгаа үйлдэл нь Үнэлгээний хороо болон Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь улсад шууд 16,000,000 төгрөгийн хохирлыг учруулах үр дагаврыг үүсгэж байгаа илт хууль бус буюу авлигын шинжтэй үйлдэл гэж харагдахаар байна. Яагаад гэвэл шаардлага хангаагүй, журамд нийцээгүй, өндөр үнийн санал гаргасан компанийг шалгаруулж, санаатайгаар 16,000,000 төгрөгийн хохирол улсад учруулж, хууль зөрчиж шалгаруулаад байгааг манай талаас ашиг сонирхлыг зөрчилтэй шийдвэр гэж үзэж байна. Үнэлгээний хорооноос дамжин гарсан баримт бичгүүд бүгд хууль бус болох нь нотлогдож байх тул дахин тендер зарлуулж, өмнөх шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна. Мөн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Хөвсгөл Худалдан авах ажилгааны газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарласан “Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг (Хөвсгөл, Их-Уул сум) ЭХЯ/20240102069 дугаартай тендерт 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нээлтээр “О***************” ХХК, “М***************” ХХК, “Ө***************” ХХК, Б***************ХХК тус оролцсон.

Үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр шийдвэр гаргаж хамгийн сайн тендерээр “Ө***************” ХХК шалгарсан. Тендер шалгаруулалтыг хууль дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан.

Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу газрын даргаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр шийдвэр гаргаж Б***************ХХК-ийг тендерийн баримт бичигт V бүлгийн Маягт-6 бөглөж ирүүлэх байсан хэдий ч ирүүлээгүй бөгөөд www.tender.gov.mn хаягаар 9 тендерт шалгарсан байгааг нь хэрэгжүүлж дууссан эсэхийг мэдэх боломжгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн 26 дугаар зүйлийн 26.4.3 дахь хэсгүүдэд заасан дараах шаардлагыг хангаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж “Ө***************” ХХК нь шаардлага хангаж байгаа тул шалгарсан.

Гэтэл 2024 оны 11 дугаар сарын 28-ны өдөр Сангийн яамнаас “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” 03/9807 дугаартай албан бичиг ирсэн. Бид албан бичигт дурдсан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Сангийн яамны мэргэжилтэн [email protected] хаягаар явуулсан. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр [email protected] хаягаас “Гомдол хянасан тухай” 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10123 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын үр дүнг хүчингүй болгож үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Уг албан бичгийг үндэслэн үнэлгээний хороо нь дахин хуралдаж хууль журмын хүрээнд дахин үнэлэхэд “Ө***************” ХХК хамгийн сайн шаардлага хангасан гэж үзэж дахин шалгаруулсан.

Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу захиалагч Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/614 дугаартай албан бичгээр оролцогч “Ө***************” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг цахим системээр мэдэгдсэн. “Бэсүжин констракшн ХХК-ийн ирүүлсэн тендерт “Т***************” ДЭХГ-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх хэдий ч манай баримт бичигт хүлээлгэж өгсөн акт шаардсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)- ийн 26 дугаар зүйлийн 26.4.3 дахь хэсгүүдэд заасан дараах шаардлагыг хангаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзсан. Иймд шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 03/10381 дугаартай албан бичиг ирсэн. Бид албан бичигт дурдсан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Сангийн яамны мэргэжилтэн [email protected] хаягаар явуулсан. 2024 оны 12 сарын 12-ны өдөр [email protected] хаягаас “Гомдол хянасан тухай” 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10123 дугаартай албан бичгээр Б***************ХХК-д өгсөн мэдэгдлийг хүчингүй болгож үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

Уг албан бичгийн үндэслэн үнэлгээний хороо нь дахин хуралдаж хууль журмын хүрээнд дахин үнэлэхэд “Ө***************” ХХК дахин шалгарсан.

Захиалагч нь Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/614 дугаартай албан бичгээр оролцогч “Ө***************” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг хэвээр үлдээж цахим системээр мэдэгдсэн.

Б***************ХХК-ийн ирүүлсэн тендер нь өмнөх мэдэгдэлд дурдсан зүйл дээр хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3 дахь хэсгүүдэд заасан дараах шаардлагыг хангаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзсан. Иймд шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

“Т***************” ДЭХГ /ОНӨААТҮГ/ нь уг төсөл арга хэмжээг цахим системээр зохион байгуулаагүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа тул уг газартай байгуулсан гэрээг ижил төстэй ажилд тооцох боломжгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэснээс гадна хуулийн 4 бүлэгт заасан аргаар зохион байгуулна. үүнд: Дөрөвдүгээр бүлгийн 1.26-д “Цахим систем гэж программ хангамж ашиглан худалдан авах ажиллагааг зохион байгуулах” гэж заасан байхад цахимаар зарлаагүй байгаа тул хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Манай байгууллага нь холбогдох хууль хүрээнд хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т*************** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас хууль бус шийдвэр гаргаж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх тайлбарыг өгч байгааг гайхаж байна. Миний хувь тухайн тендерт өрсөлдсөн аль компанийг мэдэхгүй, танихгүй учраас хуулийн дагуу ажлаа хийсэн. Б***************ХХК нь хоёр удаа Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь гомдлыг нэг удаа хүлээн авч хянадаг. Гэтэл Б***************ХХК-ийн гомдлыг хоёр удаа хүлээн авсан байсан. Б***************ХХК нь маягт 4-ийн дагуу 9 ажил тендерт шалгарч ажил гүйцэтгэсэн боловч хэзээ гэрээ байгуулсан болон ажил гүйцэтгэж дууссан талаарх мэдээлэл баримтуудаа ирүүлсэн бол Үнэлгээний хороо харгалзаж үзэх боломжтой байсан. Маягтын дагуу баримтаа ирүүлээгүй тул Б***************ХХК-иас татгалзсан. “Ө***************” ХХК нь шаардлагаа бүрэн хангаж байсан. Сангийн яам “Ө***************” ХХК-ийг шалгаруулсан мэдэгдлийг хүчингүй болгосон үндэслэл нь гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй байна гээд хүчингүй болгосон. Манай тендерийн баримт бичигт гэрээ болон хүлээлгэж өгсөн акт ирүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч талаас яриад байгаа 2023 оны Сангийн яамны журмын талаар би андуурч бичсэн байсан. Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолын хүлээлгэж өгсөн актын дагуу барааны тоо, ширхэг, үнийн талаар мэдээлэл бичсэн бол ажил хүлээлгэж өгсөн акт мөн байна гэж үзэх боломжтой байсан. Б***************ХХК-иас гэрээ ирүүлсэн боловч тухайн ажил нь “Т***************” компанийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. tender.gov.mn сайтаар ороход тендертэй холбоотой бүх мэдээллүүд харагддаг.

Гэтэл “Т***************” компанийн гэрээ болон тендертэй холбоотой баримт олдоогүй учир 340,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй байна гэж үзсэн. Сангийн яам Б***************ХХК-ийн материалтай танилцсан ч “Ө***************” ХХК-ийн материалтай танилцаагүй. Үнэлгээний хорооноос өрсөлдөж байсан 4 компанийг авч хэлэлцээд 03 дугаартай Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл гаргасан. “Ө***************” ХХК-ийн хүлээлгэж өгсөн акт зэрэг тендерийн баримт бичгүүд шаардлага хангаж байсан тул шалгаруулсан. Сангийн яамнаас Б***************ХХК-ийн мэдэгдлийг хүчингүй болгосон учир Б***************ХХК-ийн мэдэгдлийг дахин авч хэлэлцээд тендерийн баримт бичигт хүлээлгэж өгсөн актыг ирүүлэхээр заасан боловч хүлээлгэж өгөх актыг ирүүлээгүй байсан учир татгалзаж шийдвэрлэсэн. Тендерийн баримт бичгийн зааварчилгааны 18.1-т сүүлийн 3 жилийн дунджийн 50 хувьтай тэнцэх хэмжээний ажлыг ижил төстэй ажилд тооцуулна гэж заасан шаардлагыг “Ө***************” ХХК бүрэн хангасан гэж үзсэн.

Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул худалдан авах ажиллагааны газартай холбогдуулан тайлбар гаргая. Худалдан авах ажиллагааны газрын дарга нь Үнэлгээний хорооны шийдвэр болон хурлын тэмдэглэлтэй танилцдаг. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд гэмтэл гарч тогоогүй болон зогссон байсан тул нэн яаралтай тогоо хэрэгтэй байсан. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд хятад тогоо тавьснаас үүдэн дэлбэрэлт үүсэж байсан тул бид чанар, эдэлгээгээ харж, “Ө***************” ХХК нь орос улсаас тогоо нийлүүлдэг зэргийг Үнэлгээний хороо харж үзсэн” гэв.

4.3. Хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарласан “Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг (Хөвсгөл, Их-Уул сум) ЭХЯ/20240102069 дугаартай тендерт 2024 оны 11 сарын 14-ний өдрийн нээлтээр “О***************” ХХК, “М***************” ХХК, “Ө***************” ХХК, Б***************ХХК тус оролцсон. Аймгийн худалдан авах ажиллагааны газрын даргаас 2024 оны 11 сарын 19-ны өдрөөр шийдвэр гаргаж Б***************ХХК -ийг тендерийн баримт бичигт V бүлгийн Маягт-6 бөглөж ирүүлэх байсан хэдий ч ирүүлээгүй бөгөөд www.tender.gov.mn хаягаар 9 тендерт шалгарсан харагдаж байгаа боловч тухайн ажлуудыг хэрэгжүүлж дууссан эсэхийг мэдэх боломжгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дахь заалтын шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж “Ө***************” ХХК нь шаардлага хангаж байгаа тул шалгарсан.

Үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр шийдвэр гаргаж хамгийн сайн тендерээр “Ө***************” ХХК-ийг шалгаруулсан бөгөөд тухайн тендер шалгаруулалтыг хууль дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 03/9807 дугаартай албан бичиг ирүүлсэн. Бид албан бичигт дурдсан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Сангийн яамны мэргэжилтний [email protected] хаягаар явуулсан. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр [email protected] хаягаас “Гомдол хянасан тухай” 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10123 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын үр дүнг хүчингүй болгож үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Уг албан бичгийг үндэслэн үнэлгээний хороо нь дахин хуралдаж хууль журмын хүрээнд дахин үнэлэхэд “Ө***************” ХХК дахин шалгарсан.

Захиалагч нь Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/614 дугаартай албан бичгээр оролцогч “Ө***************” ХХК-д гэрээ байгуулах эрх рлгосон албан бичгийг цахим системээр мэдэгдсэн.Б***************ХХК-ийн ирүүлсэн тендерт Т*************** ДЭХГ-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх хэдий ч манай баримт бичигт хүлээлгэж өгсөн акт шаардсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзсан. Иймд шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 03/10381 дугаартай албан бичиг ирсэн. Захиалагч нь Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/614 дугаартай албан бичгээр оролцогч “Ө***************” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг хэвээр үлдээж цахим системээр мэдэгдсэн. Б***************ХХК-ийн ирүүлсэн тендер нь өмнөх мэдэгдэлд дурдсан зүйл дээр хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтын шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн. “Т***************” ДЭХГ /ОНӨААТҮГ/ нь уг төсөл арга хэмжээг хууль нийцүүлэн зохион байгуулагдаагүй харагдаж байгаа тул уг газартай байгуулсан гэрээг ижил төстэй ажилд тооцох боломжгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 4 дүгээр зүйлд “Захиалагч гэж төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд; 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд”, Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасан төсөл хэрэгжүүлэгч хамрагдана. Мөн хуулийн 3 дугаар зүйлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэсэн мөн хуулийн 8.1.5-д “Энэ хуулийн 52.1.12-т дурдсан цахим хуудсанд тендерийн урилгыг зарлан мэдээлэх бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн доод хязгаар” гэсэн байхад 390,000,000 төгрөгийн гэрээг цахимаар зарлаагүй байгаа тул хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн “Т***************” ДЭХГ /ОНӨААТҮГ/ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 2022 онд тусгагдаагүй байгаа тул хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоол дээр бараа хүлээн авах акт гэрээ дүгнэх актыг маягтаар зааж өгсөн байдаг. Тиймд уг тооцуулахаар ирүүлсэн гэрээ дүгнэсэн акт нь хэдэн төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй гэрээндээ тодорхой бус тусгасан байгаа тул тооцох боломжгүй гэж үзсэн. Мөн тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1-д “Бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн актыг эх хувиас хуулбарлаж ирүүлнэ” гэж заасан иймд гэрээ дүгнэсэн актыг тооцоход нэршлийн хувьд зөрүүтэй гэж үзэж байна.

Үнэлгээний хороо нь холбогдох хууль хүрээнд хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4.4. Хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц*************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан уурын зуухны халаалтын дагуу тендерт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нээлтээр “Оргил Турбин” ХХК, “Ө***************” ХХК, Б***************ХХК зэрэг компаниуд тус тус тендерт оролцсон. Аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө шийдвэр гаргаж, Б***************ХХК-ийг тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлгийн маягт 4-г бөглөж ирүүлэх ёстой байсан боловч бөглөж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-т заасан шаардлагыг хангаагүй тул хуульд заасан үндэслэлээр татгалзаж, “Ө***************” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзээд шалгаруулсан байдаг. Тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлгийн маягт 4-т одоо гүйцэтгэж байгаа болон авсан ажлын гүйцэтгэлийн талаарх баримт мэдээллийг маягт 4-ийн дагуу ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан. Б***************ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж Сангийн яамнаас Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан. Үнэлгээний хороо дахин хуралдаж, тендрийн баримт бичиг, тендер шалгаруулалтын зааварчилгаа дээр заасан хууль, журмын хүрээнд тендерийг дахин зохион байгуулсан. Тендерийг үнэлэх явцад Б***************ХХК нь “Т***************” компанитай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн актыг ирүүлсэн боловч тендерийн баримт бичигт ажил хүлээлгэн өгсөн акт шаардсан тул өөр баримт бичиг ирүүлсэн гэх үндэслэлээр дахин Б***************ХХК-иас татгалзаж, “Ө***************” ХХК-ийг шалгаруулсан” гэв.

4.5. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Засаг дарга, “Ө***************” ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан УТ2503001143 тоот “Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг /Хөвсгөл Их-уул сум/” гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг гардан авч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарласан “Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг (Хөвсгөл, Их-Уул сум) ЭХЯ/20240102069 дугаартай тендерт 2024 оны 11 сарын 14-ний өдрийн нээлтээр “О***************” ХХК, “М***************” ХХК, “Ө***************” ХХК, Б***************ХХК тус оролцсон.

Аймгийн худалдан авах ажиллагааны газрын даргаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр шийдвэр гаргаж Б***************ХХК-ийг тендерийн баримт бичигт V бүлгийн Маягт-6 бөглөж ирүүлэх байсан хэдий ч ирүүлээгүй бөгөөд www.tender.gov.mn хаягаар 9 тендерт шалгарсан харагдаж байгаа боловч тухайн ажпуудыг хэрэгжүүлж дууссан эсэхийг мэдэх боломжгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дахь заалтын шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж “Ө***************” ХХК нь шаардлага хангаж байгаа тул шалгарсан байсан.

Үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр шийдвэр гаргаж хамгийн сайн тендерээр “Ө***************” ХХК-ийг шалгаруулсан бөгөөд тухайн тендер шалгаруулалтыг хууль дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан.Гэтэл 2024 оны 11 дугаар сарын 28-ны өдөр Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 03/9807 дугаартай албан бичиг ирүүлсэн.Бид албан бичигт дурдсан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Сангийн яамны мэргэжилтний [email protected] хаягаар явуулсан. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр [email protected]  хаягаас Гомдол хянасан тухай 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10123 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын үр дүнг хүчингүй болгож үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Уг албан бичгийг үндэслэн үнэлгээний хороо нь дахин хуралдаж хууль журмын хүрээнд дахин үнзлэхэд “Ө***************” ХХК дахин шалгарсан. Захиалагч нь Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/614 дугаартай албан бичгээр оролцогч “Ө***************” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг цахим системээр мэдэгдсэн.

Б***************ХХК-ийн ирүүлсэн тендерт “Т***************” ДЭХГ-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх хэдий ч манай баримт бичигт хүлээлгэж өгсөн акт шаардсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзсан. Иймд шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 03/10381 дугаартай албан бичиг ирсэн.

Албан бичигт дурдсан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Сангийн яамны мэргэжилтний [email protected] хаягаар явуулсан. 2024 оны 12 дугаар сарын 12-нд [email protected] хаягаас Гомдол хянасан тухай 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10123 дугаартай албан бичгээр Б***************ХХК мэдэгдлийг хүчингүй болгож үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

Уг албан бичгийн үндэслэн үнэлгээний хороо нь дахин хуралдаж хууль журмын хүрээнд дахин үнэлэхэд “Ө***************” ХХК дахин шалгарсан байсан. Захиалагч нь Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/614 дугаартай албан бичгээр оролцогч “Ө***************” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг хэвээр үлдээж цахим системээр мэдэгдсэн.“Бэсүжин констракшн ХХК-ийн ирүүлсэн тендер нь өмнөх мэдэгдэлд дурдсан зүйл дээр хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтын шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

Үнэлгээний хороо нь холбогдох хууль хүрээнд хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулсан ба уг шалгаруулалтын хүрээнд “Ө***************” ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.6. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн Засаг даргын байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдсан. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус Сангийн яамнаас Б***************ХХК-ийн гомдолтой холбоотой хариу албан бичиг ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасан. Гэтэл Б***************ХХК нь Сангийн яаманд хоёр удаа гомдол гаргаж, Сангийн яам хоёр гомдлыг нь хүлээн авч шийдсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбартаа 16,000,000 төгрөгөөр өндөр үнийн дүн санал болгосон компанийг сонгосон ашиг, сонирхлын зөрчил үүсгэсэн гэх зүйлийг дурдсан. Баримтын хүрээнд авч үзвэл Сангийн яам Б***************ХХК-ийн хоёр удаагийн гомдлыг хүлээн авч байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт 2022 оны ажлыг 2023 дүгнэнэ гэсэн. 2021 оны журмыг баримтлах байсан. Үүн дээр бичиглэлийн алдаа гаргасан гэдгээ Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яамнаас “Ө***************” ХХК-ийн мэдэгдлийг хүчингүй болгосон. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б***************ХХК-ийн мэдэгдлийг хүчингүй болгосон. Сангийн яаманд 5 хоногийн дотор гомдол гаргана гэсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргах эрхгүй гэж үзээд гэрээ байгуулсан. Тухайн гэрээ нь ямар нэгэн хууль зөрчиж болон, ашиг сонирхлын зөрчил бий болгон байгуулагдсан гэрээ бус хуульд, журамд нийцсэн гэрээ юм” гэв.

Тав. Гуравдагч этгээдийн тайлбар.

5.1 Гуравдагч этгээд “Ө***************” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ө***************” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.З*************** би Б***************ХХК-ийн Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ манай компанийн Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан хугацаа болон төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй гэрээнд ирүүлсэн Илч сансар ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 192,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ, “Киели жүйрик” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 172,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ хамаарч байгаа ба тус хоёр гэрээнд холбогдох гэрээ дүгнэсэн актыг ирүүлээгүй байхад дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “Сүүлийн 3 жил буюу 2021,2022, 2023 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй барааг 1-оос доошгүй удаа энэ төрлийн ижил төстэй барааг нийлүүлсэн туршлагатай байх шаардлагатай бөгөөд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна” гэж заасан. Энд аль нэг гэрээний үнийн дүн батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй гэж заагаагүй, харин 2021, 2022, 2023 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй барааг нэгээс доошгүй удаа нийлүүлсэн байх шаардлага тавигдсан.

Манай компани нь дээрх шаардлагыг хангасан тухайн онуудын худалдах-худалдан авах гэрээнүүдийг тендерийн баримт бичигт хавсаргаж хүргүүлсэн. Бидний 2021, 2022, 2023 онуудад нийлүүлсэн гэрээний нийт үнийн дүн дээрх шаардлагуудыг бүрэн хангаж байна. Үнэлгээний хороо холбогдох баримт бичгүүдийг хянаж үзсэний үндсэн дээрх манай тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж шалгаруулсан. Гэтэл нэхэмжлэгч үүнийг буруугаар тайлбарлаж аль нэг гэрээний үнийн дүн батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй байх ёстой гэх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Манай компани нь тендерт шалгарсны дараа 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр захиалагч Хөвсгөл аймгийн Засаг даргатай “Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг /Хөвсгөл их уул сум/ УТ2503001143 дугаартай гэрээ байгуулж гэрээний дагуу нийлүүлэх ёстой КВР-2.2 МВТ маркын нэг зуухыг тээвэрлэж Хөвсгөл аймгийн Их- Уул суманд хүргэж, нэг дэх зуухыг угсарч ашиглалтад оруулсан.Хоёр дахь зуухыг ойрын хугацаанд холбоно.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

5.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Б***************ХХК-ийг үнэлж, өөр ямар нэгэн компанид үнэлгээ хийлгүйгээр илт хууль бус шийдвэр гаргаж Б***************ХХК-иас татгалзсан мэтээр ярьж байна. Гэтэл Б***************ХХК нь тендрийн баримт бичигт заагдсан ажиллагаа дутуу хийж, баримт, материалаа бүрэн өгөөгүй. Хууль, журмын дагуу үнэлгээгээ хийж, шаардлагад нийцсэн гэж үзээд “Ө***************” ХХК-ийг шалгаруулсан. “Ө***************” ХХК болон үлдсэн хоёр компанид мэдэгдэл өгөөгүй мэтээр тайлбарыг хэлсэн. Гэтэл хууль журмын дагуу үнэлгээгээ хийж мэдэгдлийг хүргүүлж ажилласан гэж үзэж байна. “Ө***************” ХХК-ийн хүлээлгэж өгсөн акт зэрэг тендерийн баримт бичгүүд шаардлага хангаж байсан тул гэрээ байгуулсан. Б***************ХХК нь Сангийн яаманд хоёр удаа гомдол гаргаж мэдэгдлийг хүчингүй болгож байсан. Гэтэл Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасны дагуу гомдлыг буцаах үндэслэл байсан боловч дахин хүлээн авч шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй болон хууль, журамд нийцэхгүй байна. Тендерийн баримт бичгийн зааварчилгааны 18.1-т сүүлийн 3 жилийн дунджийн 50 хувьтай тэнцэх хэмжээний ажлыг ижил төстэй ажилд тооцуулна гэж заасан шаардлагыг “Ө***************” ХХК бүрэн хангасан гэж үзсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна” гэжээ.

5.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч компани нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй учир татгалзсан мэдэгдлийг хуулийн дагуу хүргүүлсэн гэж үзэж байна. Тухайн компанийн эрх ашиг сэргээгдэх боломжгүй учир бусад компанийг сонсон шалгаруулсан тендертэй маргах эрх байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан мэдэгдлийг нэхэмжлэгч Б***************ХХК мэдсэнээс хойш 5 хоногийн дотор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу 5 хоногийн дотор Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд гомдол гаргах ёстой байсан. Захиалагчийн, Үнэлгээний хорооны болон Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрүүдийг тус тус хүлээн зөвшөөрсөн. Гомдол гаргах эрхтэй 5 хоногийн хугацаанд Сангийн яаманд гомдол болон шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгч байгууллага нь хоёр удаа Сангийн яаманд гомдол гаргаж хоёр удаа хянан шийдвэрлүүлж, мэдэгдэл хүргүүлж байсан. Нэхэмжлэгч байгууллага нь 5 хоногийн хугацаандаа гомдол гаргаагүй, шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани 5 хоногийн дотор гомдол гаргаагүй учраас гэрээгээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дүгээр зүйлийн 59.2-т “Энэ хуулийн 30.2-т заасан үндэслэлээр гэрээ байгуулах доод хугацааг мөрдөлгүй гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэрийг мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор гомдол гаргах оролцогчийн эрхийг хязгаарлахгүй” гэж зааснаар гомдол гаргах эрхтэй байсан боловч мөн гомдол гаргаагүй. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээний биелэлтэд саад учруулж байгаа нь шууд хууль бус үйлдэл юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа Сангийн яамнаас хүчингүй болгосон мэдэгдлийг үндэслэж гэрээ байгуулсан нь хууль бус үйлдэл гэж дурдсан. Мөн Үнэлгээний хороогоор зөвхөн Б***************ХХК-ийн баримт бичигт үнэлгээ хийсэн мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Үнэлгээний хороогоор үнэлгээ хийж тендерийн шаардлагыг “Ө***************” ХХК бүрэн хангаж байна гэж үзсэн. Тиймээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй. Тендерийн баримт бичгийн зааварчилгааны 18.1-д заасан ажлын шаардлагыг хангахгүй байгаа ажлын актыг нэхэмжлэгч компани хавсаргаагүй. Нэхэмжлэгчийн байгууллагын гаргаж өгсөн баримтаас үзэхэд төсөвт өртгийн 50 хувьд хүрэх үнийн дүнтэй ажил байгаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцаагүй байна. Нийт төсөвт өртгийг 320,000,000 төгрөг байгаар ярьсан. 340,000,000 төгрөг биш юм. Сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн, борлуулсан барааны төсөвт өртгийн 50 хувийг гуравдагч этгээдийг хангасан гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах боломжгүй. Зуухны хүчин чадал, түлштэй холбоотой шаардлагыг зааж өгсөн. Гуравдагч этгээдийн зүгээс 5,000-7,500 килокалори илчлэгтэй нүүрсээр галлахад тохиромжтой зуухыг санал болгосон. Дотоод үйлдвэрлэсэн бол давуу тал болохыг тусгасан байсан.

Нэхэмжлэгч байгууллагаас нийлүүлэх барааны талаар баримт бичгүүдийг хүргүүлсэн боловч зарим орчуулгагүй байна. Нэхэмжлэгчийн Хятад улсаас нийлүүлэхээр санал болгож байгаа зуух нь чулуун бат хүрэн нүүрсээр галлана гэсэн байна. Гэтэл техникийн шаардлагад ямар нүүрс түлж боломжтой гэж заасан. Нэхэмжлэгч компанийн санал болгож байгаа зуух нь шаардлагад нийцэхгүй зуух байна. 2022 онд хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой акт нь шаардлага хангахгүй байгаа тул Үнэлгээний хорооноос татгалзсан нь хуульд нийцсэн, бодитой шийдвэр юм. “Ө***************” ХХК нь дотоодын компани бөгөөд Монголд үйлдвэрлэсэн зуухыг санал болгосон. Гэрээний биелэлтийг түдгэлзүүлэхээс өмнө захиалсан 2 зуухны нэгийг нь хүргэж, угсарсан одоо хэвийн ажиллаж байгаа. Үлдсэн нэг зуухыг бэлэн болгож тээвэрлэхийн өмнөхөн нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж гэрээний биелэлтийг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч байгууллагаас гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. Гэтэл гэрээний 50 хувь биелэгдсэн байхад яаж гэрээг хүчингүй болгох гэж байгаа юм бэ? гэрээний үүрэг биелэгдээд явж байгаа тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  2. Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Б***************ХХК-ийн тендерийг шаардлага хангахгүй гэж ЭХЯ/20240102069 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзаж, “Ө***************” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/614 дүгээр “Ө***************” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендерийг дахин үнэлэхийг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах” шаардлагын тухайд:
    1. Маргаан бүхий актууд болох (1) Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, Их-Уул сум/ ЭХЯ/20240102069 дугаартай тендер шалгаруулалтад тендер ирүүлсэн гуравдагч этгээд “Ө***************” ХХК нь шаардлага хангаж байна гэж үзэж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулахаар, нэхэмжлэгч Б***************ХХК нь “Т***************” ДЭХГ худалдах, худалдан авах гэрээ ижил төстэй ажлын туршлагад тооцуулахаар ирүүлсэн боловч хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3-д заасан шаардлагыг хангаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн уг тендерээс татгалзахаар шийдвэрлэж, (2) Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид “...танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангаагүй буюу “Сангийн сайдын 278 дугаар тушаалын 15 дугаар хавсралтаар хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй” тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн уг тендерээс татгалзсан болохыг мэдэгдье” гэж (3) Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/614 дугаартай албан бичгээр гуравдагч этгээдэд “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож байгаа талаар мэдэгдсэн байна.
    2. Нэхэмжлэгчээс “... ижил төстэй барааг нийлүүлсэн гэрээний мэдээллийг маягт-3 аар, ижил төстэй барааг нийлүүлсэн гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг маягт-5 аар гаргаж, “Т***************” ДЭХГ-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, төлбөрийн баримтуудыг манай компани хавсарган хүргүүлсэн байхад илт үндэслэлгүйгээр манай тендерээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй ... Захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/688 тоот мэдэгдэлд дурдагдаад буй Сангийн сайдын 278 дугаар тушаал гэх тушаал огт байхгүй ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д шаардлагад нийцсэн тендерүүдийг хооронд нь үнэлж, харьцуулах ажиллагаа хийгдэнэ гэж заасан. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээ хийсэн тухай тэмдэглэлээс үзэхэд үнэлгээнд оролцоогүй компани шалгарсан байна...” гэж, хариуцагч нараас “Нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерт “Т***************” ДЭХГ-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх хэдий ч манай баримт бичигт хүлээлгэж өгсөн акт шаардсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3 дахь хэсгүүдэд заасан дараах шаардлагыг хангаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзсан ... “Т***************” ДЭХГ /ОНӨААТҮГ/ нь уг төсөл арга хэмжээг цахим системээр зохион байгуулаагүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа тул уг газартай байгуулсан гэрээг ижил төстэй ажилд тооцох боломжгүй” гэж тус тус маргажээ.
    3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.3-д “Захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх”, 26.4.4-д “Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж тус тус заасан байна.
    4. Хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзахдаа “ТШЗ 20.1 Оролцогч, түүний түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл: “Шаардана”, оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг V бүлгийн Маягт-6-ын дагуу ирүүлнэ гэсэн боловч ирүүлээгүй нь мөн ТШЗ 18.1 Бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн актыг эх хувиас хуулбарлаж ирүүлнэ гэсэн боловч “Т***************” ДЭХГ худалдах, худалдан авах гэрээ ижил төстэй ажлын туршлагад тооцуулахаар ирүүлсэн боловч хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй” гэсэн үндэслэлийг дурджээ.
    5. Өгөгдлийн хүснэгтийн “Тендер бэлтгэх” хэсгийн ТШЗ 18.1-д “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага “Шаардлагатай”, Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй барааг 1-оос доошгүй удаа энэ төрлийн ижил төстэй барааг нийлүүлсэн туршлагатай байх шаардлагатай бөгөөд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Туршлагыг харуулах өгөгдлийн хүснэгтэд заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний талаар V бүлгийн Маягт 3, Маягт 5-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл ирүүлэх, Бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн актыг эх хувиас хуулбарлаж ирүүлнэ” гэж, ТШЗ 20.1-д “Оролцогч, түүний түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл: “Шаардана”, Оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг V бүлгийн Маягт-6-ын дагуу ирүүлнэ” гэж тус тус заасан байна.
    6. Нэхэмжлэгчийн хувьд дээр дурдсан ТШЗ 18.1-д заасан шаардлагыг хангаж “Т***************” ДЭХГ-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний мэдээллийг Маягт 3, Маягт 5-ын дагуу бэлтгэж хүргүүлсэн[1] байхын зэрэгцээ энэхүү гэрээг[2] болон гэрээ дүгнэсэн актыг[3] төлбөрийн баримтын[4] хамт хавсаргасан, харин Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10123 тоот албан бичигт “... 9 гэрээг хэрэгжүүлж дууссан тул тендерт хавсаргах шаардлагагүй” гэж дурдснаас үзвэл ТШЗ 20.1-д заасан шаардлагатай холбоотой хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээ байхгүй болох нь тодорхой байна.
    7. Түүнчлэн Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10818 тоот албан бичигт “... Б***************ХХК тендерт “Т***************” ДЭХГ-тэй 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх ба уг актаар гэрээнд заасан дүнгээр барааг нийлүүлж дууссаныг тодорхойлсон байх тул хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй.
    8. Нөгөөтэйгүүр хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж буй хууль зүйн үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3-д заасан шаардлага хангаагүй гэсэн байтал хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдэлдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-д заасан шаардлагыг хангаагүй гэж зөрүүтэй дурдсан, өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан аль шаардлагыг хангаагүй талаар үндэслэл бүхий тодорхойлоогүй байна гэж үзэх үндэслэлтэй.
    9. Хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн санал болгож буй халаалтын зуухыг чанарын шаардлага хангахгүй талаар тайлбарлах боловч хэрэгт авагдсан тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл, нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлүүдээс үзэхэд уг тайлбарыг нотлосон баримт байхгүй. Мөн тендер шалгаруулалтын зааварчилгааны 8.1-д гэрээгээр нийлүүлэх бараа нь аль ч улсын гарал үүсэлтэй байна гэж тодорхойлсон атлаа зөвхөн барааны гарал үүсэл дээр тулгуурлаж дүгнэлт гаргаж буй нь дээрх зааварчилгаанд нийцэхгүй байна.
    10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ” гэж заасны дагуу аливаа төрийн байгууллага нь худалдан авах ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс цахимаар зохион байгуулах учиртай.
    11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Т***************” ДЭХГ 2022 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө[5], зарласан тендерүүдийн жагсаалтыг[6] шүүх хуралдаан дээр гаргаж өгч Т***************” ДЭХГ /ОНӨААТҮГ/ нь уг төсөл арга хэмжээг цахим системээр зохион байгуулаагүй гэж тайлбарлах боловч дээрх байдлаар зохион байгуулаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм.
    12. Мөн хариуцагч нараас нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж буй үндэслэлд “Сангийн сайдын 278 дугаар тушаалын 15 дугаар хавсралтаар хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй байна” гэж дурдах боловч Сангийн сайдын 278 тоот тушаал гэж байхгүй болохыг хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо хүлээн зөвшөөрч үүнийгээ техникийн шинжтэй алдаа гэж тайлбарлан Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 278 тоот тогтоолын 15 дугаар хавсралтаар баталсан “Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт”-ын дагуу хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй гэж тайлбарласан.
    13. Гэтэл нэхэмжлэгчийн тендерийн баримт бичигтээ хавсаргаж өгсөн гэрээ нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээ дүгнэсэн актаа үйлдсэн байх тул цаг хугацааны хувьд гэрээ дүгнэсэн өдрөөс хойш батлагдсан уг тогтоолын хавсралтад дурдсан шаардлагыг хангах боломжгүй, мөн өгөгдлийн хүснэгт болон тендер шалгаруулалтын зааварчилгаанд хүлээлгэж өгсөн актын маягтыг тухайлан зааж өгөөгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
    14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “Хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3-д “Шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус заасан байх бөгөөд Сангийн яамны 2024 оны 03/10818 тоот албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх ажиллагааг мэдэгдсэн байтал хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо нь зөвхөн нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан шийдвэрийг хэлэлцсэн болох нь маргаан бүхий акт болох 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл болон Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байна.
    15. Зүй нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын ирүүлсэн баримт бичгийг дахин үнэлэх ажиллагааг зохих журмын дагуу хийсний үндсэн дээр мөн өдрөөр огноолсон мэдэгдлүүдийг тэдгээрт хүргүүлэх учиртай байтал зөвхөн нэхэмжлэгчид тендерээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлж, гуравдагч этгээдэд өмнө хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/614 тоот мэдэгдлийг хүчин төгөлдөр гэж тайлбарлан түүнтэй дахин үнэлгээ хийсэн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна.
    16. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-д “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-д “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж заасан.
    17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар тендерийн маргааны тухайд Сангийн яам нь гомдол хянан шийдвэрлэх байгууллага байх бөгөөд түүний гаргасан шийдвэрийг захиалагч байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй.
    18. Гэтэл хариуцагч нараас “... Сангийн яам Б***************ХХК-ийн хоёр удаагийн гомдлыг хүлээн авч байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна” гэж тайлбарлан Сангийн яамны шийдвэрүүдийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь дээрх хууль болон журмын заалтыг зөрчиж байна.
    19. Иймд хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерийн бичиг баримт тус бүрийг Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10123, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/10818 тоот шийдвэр, тендер шалгаруулалтын зааварчилгаа, өгөгдлийн хүснэгт зэрэгт нийцүүлэн эдгээр шийдвэрт дурдсан асуудал бүрийг удирдлага болгон хэрэгжүүлж дахин үнэлгээ хийх нь зүйтэй.
  3. Хөвсгөл аймгийн Засаг дарга “Ө***************” ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан УТ2503001143 тоот “Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг” гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
    1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заажээ.
    2. Гэтэл хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга болон гуравдагч этгээд нар нь дахин үнэлгээ хийсэн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шууд гэрээ байгуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
  4. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг тус тус зөрчсөн, эдгээр актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б***************ХХК-ийг тендерийг шаардлага хангахгүй гэж ЭХЯ/20240102069 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзаж, “Ө***************” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/614 дүгээр “Ө***************” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” татгалзсан шийдвэр, Хөвсгөл аймгийн Засаг дарга “Ө***************” ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан УТ2503001143 тоот “Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг” гэрээг тус тус хүчингүй болгож, ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б***************ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б***************ХХК-ийг тендерийг шаардлага хангахгүй гэж ЭХЯ/20240102069 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзаж, “Ө***************” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/614 дүгээр “Ө***************” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” татгалзсан шийдвэр, Хөвсгөл аймгийн Засаг дарга “Ө***************” ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан УТ2503001143 тоот “Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг” гэрээг тус тус хүчингүй болгож, ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендерийг дахин үнэлэхийг хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо тус бүрээс 23400 /хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.МӨНХБОЛОР

 

 

 

 

 

[1] Б***************ХХК-ийн тендерийн баримт бичгийн 67 дугаар тал,

[2] Б***************ХХК-ийн тендерийн баримт бичгийн 68-69 дүгээр тал,

[3] Б***************ХХК-ийн тендерийн баримт бичгийн 70 дугаар тал,

[4] Б***************ХХК-ийн тендерийн баримт бичгийн 71 дүгээр тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 210-211 дүгээр тал,

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 212-214 дүгээр тал,