Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,                                   

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэсүүд овогт Батчулууны Алтангэрэлд холбогдох эрүүгийн 1709023160008 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ "Хану Европ жимс" ХХК-д жолооч,борлуулагч ажилтай,  ам бүл 4, дүү, 2 эгчийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк 105 байр 102 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  /РД: ШУ 91101413/, Бэсүүд овогт Батчулууны Алтангэрэл нь:

 

- 2017 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаад хэргийн яамны орчим хуучин эхнэр гэх Т.Золзаяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                            

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Золзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …  2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хуучин нөхөр Б.Алтангэрэлтэй уулзахад “ Надтай хамт нэг цаг байчихаач “ гээд гуйгаад би явахгүй гэхэд намайг замын голд чирээд боож унагаагаад цээж рүү 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр хорооллын буудалд орсон. Тэнд надтай маргалдаад намайг ор руу өргөөд шидчихсэн. Тэгтэл миний хүзүү хөхөрч, нуруу хэсгээр хөхөрсөн гэжээ. / хх 8-9 /

 

Гэрч Г.Алтанбагана мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Т.Золзаяа хуучин нөхөртэйгөө уулзахаар болоод бид хоёр хамт явсан юм. Тэгээд уулзчихаад явахаар болоход Б.Алтангэрэл Т.Золзаяаг явуулахгүй гээд зууралдаад үстээд чирээд газар унагаагаад тэгээд таксинд суугаад явсан гэжээ. / хх 13 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13604 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Золзаяагийн биед тарх доргилт, хүзүү цээж, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн гэмтэл байна.

3. Шүүх змнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

/ хх 16 /

 

Шүүгдэгч Б.Алтангэрэлийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 22 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх  26   / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаад хэргийн яамны орчим хуучин эхнэр байсан Т.Золзаяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Намайг замын голд чирээд боож унагаагаад цээж рүү 2 удаа цохьсон. Буудалд ороод намайг ор руу өргөөд шидчихсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Т.Золзаяагийн мэдүүлэг  / хх 8-9 /,  ... Б.Алтангэрэл Т.Золзаяаг явуулахгүй гээд зууралдаад үстээд чирээд газар унагаагаад тэгээд таксинд суулгаад явсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Алтанбаганын мэдүүлэг / хх 13 /,  …Т.Золзаяагийн биед тархи доргилт, хүзүү цээж, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13604 дугаартай дүгнэлт / хх 16 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Хохирогч Т.Золзаяа нь ажлаас чөлөөлөгдсөн, сэтгэл санаа болон унаа хөлсний зардалд 1 сая төгрөг / хх 10 / нэхэмжилсэн боловч нотлох баримтгүй, эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Алтангэрэл нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                  

1. Шүүгдэгч Бэсүүд овогт Батчулууны Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Батчулууны Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Алтангэрэл  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Т.Золзаяагийн 1.000.000 сая төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Алтангэрэл нь төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

5. Б.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Алтангэрэлд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

7. Шүүгдэгч Б.Алтангэрэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ