Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 311/ШШ2025/00106

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Алдархаан сумын ....... багт оршин суух, .......... нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч......, нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.

ТоДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

...1964 онд Завхан аймгийн Алдархаан сумын хөх хошуунд ард Тавхайн 2 дахь хүүхэд болон төрсөн. 1972 онд Завхан аймгийн Алдархаан сумын 8 жилийн сургуульд элсэн орж 3- р анги төгсөөд мал дээр гарсан.

Ажил хөдөлмөрийн гараагаа 1980 оны 06 сарын 15-наас Завхан аймгийн Алдархаан сумын ...... нэгдлийн үйлдвэр бригадад /грүшик/ туслах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад ажлынхаа хажуугаар 1980 оны 09 сарын 02-нд Завхан аймгийн Улиастай сумын Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн тракторын курст элсэн орж 1981 оны 01 сарын 24-нд төгсөж, улмаар 1981 оны 01 сарын 25-нд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан-Чойбалсан нэгдэлд тракторын жолоочоор томилогдон ажиллаж эхэлсэн. Завхан аймгийн Улиастай сумын Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн тракторчны үнэмлэхээ 1981 оны 09 сард авсан.

Нэгдлийн тракторыг 1985 оны 06 сарын 09-ны өдөр хүртэл барьж байгаад 1985 оны 06 сарын 10-ны өдрөөс Барилгын цэргийн 182 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдаж, 1988 оны 08 сарын 25-нд халагдсан. Цэргээс халагдаж ирээд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд тракторын жолоочоор үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1991 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл ажиллаад 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн ........ компанид тракторын жолоочоор 1993 оны 05 сарын 31-н хүртэл ажилласан. Тэтгэвэрт гарах гэсэн боловч орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул танай шүүхэд ажилсан жилээ тогтоолгохоор хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* нь 1980-1989 он хүртэлх ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. 1980-1981 он хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын .......н нэгдлийн үйлдвэр бригадад /грушик/ туслах ажилтнаар ажиллаж байгаад 1983-1984 оны ороонд ажиллаагүй байна.

Улмаар 1985-1988 он хүртэл цэргийн алба хаасан. 1988 оны 08 дугаар сарын 25-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд тракторын жолоочоор ажилласан байдаг.

Иймд нэхэмжлэгч Т.*******ыг 1980 оны 06 сарын 15-наас 1981 оны 01 сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ........ нэгдлийн үйлдвэр бригадад /грушик/ туслах ажилчнаар, 1981 оны 01 сарын 25-ны өдрөөс 1983 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл, мөн 1984 оны 08 сарын 10-ны өдрөөс 1985 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл, 1988 оны 08 сарын 25-наас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү, харин 1983 оны 08 сарын 10-наас 1984 оны 08 сарын 10-н хүртэлх нэг жилийг тогтоолгохгүй гэв.

Хэрэгт гаргаж өгсөн баримтууд хуулбар хувийн нотариатаар гэрчлүүлж өгсөн байгаа. Тухайн нэхэмжлэгч маань Унгер улсад ажиллаж, амьдардаг учраас баримтуудын эх хувь нь тэнд байгаа гэсэн үг юм. Эх хувь нь хэрэгтэй гэвэл нааш нь авахуулах боломжтой гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.*******ы нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Т.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ........... нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар,

-1981 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, мөн 1984 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын .......... нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдон тогоогдож байна.

Харин нэхэмжлэгч Т.******* нь 1981 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан-Чойбалсан нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан гэх боловч 1983 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн шүүхийн №25 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.6 дугаар зүйл ангиар 1 жил хорих ялаар шийтгэгдэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Завхан аймгийн Алтангадас одонт Цагдаагийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 41/344 тоот албан бичгээр тогтоогдож байх тул тэрээр тухайн хугацаанд ажиллаж байгаагүй болно.

Иймд түүний шаардлагаас 1983 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын .... нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Баянбатын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ........... 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ........ нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар,

-1981 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, мөн 1984 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ........ нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

түүний нэхэмжлэлээс 1983 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын ....... нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ