Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 305/ШШ2025/00182

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***-н Н-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: ***-ын Э-рт холбогдох,

7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.Н-тай 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Х.Э нь Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод байрлах хашаа газрыг 14 саяаар тохирч зарахаар болж улмаар хашаанд нүүж ирээд хэр буулгаж амьдрахаар шийдэж улмаар 8,500,000 төгрөгийг Х.Э-ын данс руу хийсэн. Ингээд хашаагаа зарахааргүй боллоо гээд манайх нүүгээд уг хашааг буцаан өгсөн. Одоо би хашаа ч үгүй, мөнгө ч үгүй болсон. 8,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг өгсөн. 500,000 төгрөгийг хасаж тооцоод 7,000,000 (долоон сая) төгрөгийг хуулийн дагуу Х.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Х.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х овогтой Э миний бие Б овогтой Н-тай *** багийн *** тоот 3 тал хашааг зарахаар 14 сая төгрөгөөр тохиролцоонд хүрч уг хашаанаас 2023 оны 07 дугаар сард чөлөөлөн нүүсэн. *** хашааны төлбөрийн урьдчилгаа болох 7,000,000 төгрөгийг *** миний хувийн харилцах данс *** тоот дансанд 2023 оны 08 сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Үүний дараа цувуулсан 1,5 сая төгрөгийг өгсөн. Үүнээс хойш хашааны үнэ өгөөгүй удсан. Миний бие олон удаа хашааны үнэ өгөөч гэж гуйсны эцэст 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр боломж байхгүй, манайх танай хашаанаас нүүлээ хашаагаа буцааж ав гэж хэлсэн. Миний бие хашааны өгсөн мөнгийг өгөх боломжгүй гэдгээ ч мөн хэлсэн. Б.Н миний хашааг гуйж аваагүй бол аль эрт хашаагаа зарчихсан, ийм асуудалд орохгүй байсан. Иймээс миний бие маш их гомдолтой байна. Миний бие Б.Н-т итгээд өөрөө 14 сар байр түрээсэлсэн. Хөгжил хороололд сарын 250 буюу нийт 3.5 сая төгрөгийг төлсөн байдаг. Хашааны үнэ 14 саяас 8,5 саяын өгсөн үлдэгдлийг огт өгөөгүй удсан. Иймээс миний бие хашааны үлдэгдэл 5,500,000 төгрөг, хашаа авна гэж худал хэлсний улмаас байр түрээсэлсэн. 3,500,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тог цахилгааны үнийг болон алданги тооцоогүй болно. Энэ хүн Б.Н нь маш хариуцлагагүй, дуртай үедээ хүний хөрөнгө авч бүтэн 1, 2 жил амьдарчихаад болилоо гээд шүүхэд өгсөнд маш их гомдолтой байна. Хохирогч гэвэл Х.Э миний бие гэж бодож байна. Хүний хөрөнгийг дуртай үедээ авч дуртай үедээ буцааж авах нь энэ хүний зөв үү, та бүхэн миний гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцэхдээ: Нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжилж байсан. Нэхэмжлэлийн 7,000,000 төгрөгнөөс 1,000,000 төгрөгнөөс татгалзаж 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 (гурван сая) төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 (гурван сая) төгрөгийг тус тус хариуцагч Х.Э-аас авахаар тохиролцсон болно. Нийт 6,000,000 төгрөг дээрх хугацаанд харилцан тохирч өгч авахаар болов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Х.Э-т холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан ...Нэхэмжлэлийн шаардлага 7,000,000 төгрөгнөөс 1,000,000 төгрөгнөөс татгалзаж, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 (гурван сая) төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 (гурван сая) төгрөгийг тус тус хариуцагч Х.Э-аас авахаар тохиролцсон болно. Нийт 6,000,000 төгрөг дээрх хугацаанд харилцан тохирч өгч авахаар болов... гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчид цаг хугацааны хувьд харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ... зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,000,000 ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг хариуцагч Х.Э-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б.Н-ын нэхэмжлэлтэй, Х.Э-т холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Х-ын Э нь 6,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х овогтой Б-н Н-т төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,000,000 ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг хариуцагч Х.Э-раас гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР