Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00556

 

 

 

 

 

 

 

 

Ж.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ч.Цэнд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00104 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Сийн хариуцагч Х.Ит холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Х.И, түүний өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж. Серик, хариуцагч Х.И нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагджээ. Зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 281, 156 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан. Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд 12 500 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй Х.Ит зээлдүүлэхээр тохиролцсон. Тус гэрээний 3 дугаар зүйлд Зээлдэгч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Зээлдүүлэгч нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж 12 500 000 төгрөгийг зээлдэгч Х.Иын эзэмшилд шилжүүлсэн боловч Х.И нь мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй, уг мөнгөө төлөхийг шаардахад удахгүй өгнө гэх мэтээр хойшлуулж, хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлнө, хохирлыг барагдуулах болно хэмээн өөрийн гараар баримт үйлдэж өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэгэн мөнгө төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 12 500 000 төгрөг, хүү 2 250 000 төгрөг, алдангид 6 250 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг Х.Иаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Таванбогд ХХК-д бүсийн менежерээр ажиллаж байхдаа Ж.С гэдэг хүнийг ажил хэргийн шугамаар таньдаг болсон. М.Ө гэдэг найз маань чихрийн үйлдвэр байгуулж, чихрийн бизнес хийвэл их ашигтай ажиллах юм байна, чи хөрөнгө оруулагч олооч гэж ярилцсаны дагуу би Ж.Ст чихрийн үйлдвэр байгуулах санал тавихад намайг Таванбогд ХХК-аас гарч хамтарч ажиллах юм бол зөвшөөрнө гэсэн. Ингээд М.Ө, Ж.С бид 3 уулзаж ярилцаад ажил хэрэг болгохоор төлөвлөж, Амин Монгол Чихэр ХХК-ийг 2018 оны 9 дүгээр сард байгуулж, Ж.С 34 хувь, М.Ө бид хоёр 33.3 хувийг эзэмшигч болсон. Үүний дараа хөрөнгө оруулалт хийхийн тулд Ж.С надтай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 12 500 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ байгуулсан боловч би энэ мөнгийг гар дээрээ болон дансаар хувьдаа аваагүй юм. Учир нь зээлсэн гээд байгаа 12 500 000 төгрөгийг Ж.С надад өгөлгүйгээр, М.Ө, Ж.С бид 3 чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдаж авахаар Бээжин-Гуанжү хот руу хамтдаа явсан. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бид 3 Улаанбаатар-Замын-Үүдийн галт тэргэнд сууж, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бээжин-Гуанжүд явсан. Гуанжүд очоод чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжөө 37 000 000 сая төгрөгөөр худалдаж аваад Эрээн хот хүртэл ачуулаад буцаж Монголдоо ирсэн. Нэг сарын дараа Эрээн хотод бидний ачуулсан тоног төхөөрөмж ирсэн тул М.Ө бид 2 хамтдаа Эрээн хотод очиж үйлдвэрийн тоног төхөөрөмжөө Улаанбаатар хот руу ачуулсан. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, цэргийн хотхоны ойролцоо байдаг Веллмарт дэлгүүрийн 1 давхрын 3 өрөө 120 м.кв талбайг үйлдвэрийн зориулалтаар түрээслэхээр болж, түрээсийн байрны засвар, тоног төхөөрөмжөө суурилуулах гэсээр байгаад он гарч, 2019 оны 1 дүгээр сард үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн. Амин Монгол Чихэр ХХК-ийн солонгон өнгөтэй иштэй чихэр нь 1 хайрцагт 12 ширхэг чихэр 17 500 төгрөгөөр жижиг дэлгүүрүүдээр зардаг байсан. Эхний үед үйлдвэрийн түүхий эд, байрны түрээс гээд ашиг муутай ажиллаж байсан. 2019 оны 9 дүгээр сарын үеэр Ж.С Улаанбаатар хотод ирж М.Ө бид 2-той уулзаад намайг 2 сарын байрны түрээс 3 000 000 төгрөгийг төлчих, би контейнер олоод тоног төхөөрөмжөө ачиж, энэ түрээсийн байрыг чөлөөлж өгье гэж хэлсэн. М.Ө, Ж.С хоёр үйлдвэрээ үргэлжлүүлээд ажиллуулна гээд намайг өөрсдийн багаас хассан. Ингээд би Вета ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажилд орсон бөгөөд тухайн үед мөнгө байхгүй байсан тул түрээсийн мөнгийг төлж чадаагүй. Ж.С миний ажилладаг компани дээр ирж, хэл ам хэрүүл шуугиан тариад байсан тул дөнгөж ажилд орчихсон байсан болохоор хүмүүсээс ичихдээ 12 500 000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баримт дээр гарын үсэг зураад өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлдүүлэгч нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж 12 500 000 төгрөгийг зээлдэгч Х.Иын эзэмшилд шилжүүлсэн гээд байгаа нь үндэслэлгүй худлаа зүйл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Х.Иаас 12,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ст олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 8,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Иаас 214,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ст олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ харилцан зөрүүтэй дүгнэлт хийжээ. Тухайлбал шийдвэрийн 3 дугаар талд “талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтад заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй” гэсэн атлаа 4 дүгээр талд “Х.И нь Ж.Сээс 12 500 000 төгрөгийг зээлж авсан гэж үзэхгүй, уг гэрээг байгуулагдсанд тооцохгүй”,“Ж.С нь Х.Иаас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алданги шаардах эрхгүй байна" гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсанаар шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ зээлийн гэрээ нь БНХАУ-аас тоног төхөөрөмж худалдан авснаас хойш хийгдсэн байна гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар зээлийн гэрээ 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан байна. Үүнээс хойш талууд БНХАУ руу аялж, чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг худалдан авсан. Ж.Сээс зарцуулсан мөнгө нь зөвхөн энэ тоног төхөөрөмж төдийгүй аяллын зардал, үйлдвэрийн байрны түрээс, түүхий эдийн төлбөр зэрэг олон зардлыг төлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 8 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтад “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан, Ж.С болон Х.И нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний дагуу Х.Иын дансанд Ж.Сээс 12 500 000 төгрөг шилжсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Харин чихрийн үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай тоног төхөөремж худалдан авахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг Ж.С 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд өөрөөсөө урьдчилгаа болон үлдэгдэл төлбөр, бусад зардал төлөх байдлаар цувуулан гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ж.Сийн Хаан банкин дахь дансны хуулга /хх 69-80/-аар тогтоогдож байх тул 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний дагуу Х.И нь Ж.Сээс 12 500 000 төгрөгийг зээлж авсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “зээлийн гэрээ”-ний заалтуудыг үндэслэж зээлийн хүү, алданги нэхэмжилсэн, уг гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах заалтад заасан хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах заалтад заасан анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн мэт байх боловч тухайн гэрээг байлгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь Зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулах тухай байсан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ, зээл бодитоор олгогдоогүй, нэхэмжлэгч нь компанид хөрөнгө оруулж тоног төхөөрөмж авсан болохоос зээл гэж мөнгө шилжээгүй учраам нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүх хурал дээр ярьж, нотолж байсан боловч шүүгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянаж шийдвэрлээгүй болно. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хурал дээр хариуцагч, нэхэмжлэгч нар нь 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр “Амин монгол чихэр” ХХК-ийг байгуулсан, нэхэмжлэгч болох Ж.С нь үйлдвэрлэл явуулж ашиг олох зорилгоор компанийн үйл ажиллагаанд зориулж чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг худалдан авах шийдвэрийг гаргаж, хөрөнгө оруулалт хийх үедээ хариуцагч Х.Иыг хуурч мэхлэх замаар ноцтой төөрөгдүүлж “Зээлийн гэрээ”-г хийсэн нь хэрэв үйлдвэрлэл явуулж ашиг олж чадахгүй бол хөрөнгө оруулсан мөнгөө хуурч мэхлэн хийсэн гэж үзэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч зээлийн гэрээ байгуулсанд тооцохгүй, гэрээ байгуулсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй, хүү алданги шаардах эрхгүй гэж үндэслэлээ гаргаад байгаа мөртлөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Х.Иаас 12 500 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэсний дагуу нэхэмжлэгч Ж.С нь компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжөө зарж борлуулах замаар гаргасан мөнгөө олж авах, шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Х.Ит холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний 7-д            “12 500 000 төгрөгийг ХААН банкны 5040159943 тоот дансанд шилжүүлнэ” гэж тохиролцжээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Амин монгол чихэр” ХХК-ийн үйл ажиллагааг явуулахын тулд чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Хятад улсаас оруулж ирэхэд шаардагдах хөрөнгийг хуваан гаргахаар тохиролцож, Х.Иын компанид хөрөнгө оруулах хувь болох 12 500 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу гаргасан гэж, хариуцагч тал “хамтран ажиллах зорилгоор компани байгуулж, хөрөнгө оруулахын тулд зээлийн гэрээ байгуулсан, зээлийн үүрэгт мөнгө шилжүүлж аваагүй” гэж тус тус тайлбар гарган маргажээ.

 

Гэтэл шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, чихрийн тоног төхөөрөмж нь хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлж оруулсан “Амин монгол чихэр” ХХК-ийн эргэлтийн хөрөнгөд хамаарах эсэх, хувьцаа эзэмшигчийн үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон эсэхийг тодруулах шаардлагатай. Түүнчлэн тухайн тоног төхөөрөмжийг худалдан авахад хэн, хэдэн төгрөг гаргасан эсэх нь ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор аль үүргийг ямар үүргээр солихыг талууд тохиролцсоноос хамаарч, зохигчдыг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд мэтгэлцүүлэх ажиллагааг явуулах нь нотлох баримтыг хэрхэн үнэлэх, хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00104 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.ЦЭНД

 

                                               ШҮҮГЧИД                           А.ОТГОНЦЭЦЭГЭ.ЗОЛЗАЯА

 

                                                      С.ЭНХТӨР