Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

Б.С, Т.Н, Б.Э-А нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

         Прокурор Э.Нэргүй,

         шүүгдэгч Б.Э-А өмгөөлөгч Г.Э,  

         шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал нарыг оролцуулан,

      Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-А өмгөөлөгч Г.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн Б.С, Т.Н, Б.Э-А нарт холбогдох 2317000000064 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын  18-ны өдөр  хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Ш овогт Б Э-А 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Д аймгийн Б суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шат угсрагч мэргэжилтэй, “З и” барилгын компанид шат угсрагч, оосорлогч, дохиочин ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Г аймаг, С сумын 4 дүгээр баг, Ш б хошууны шандны бууц гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх /РД:-/,

       Монгол Улсын иргэн, Б овогт Т Н 2000 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, ах, эгч нарын хамт Г аймаг, С- сум - дугаар баг, Ц - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх /РД:-/,

        Монгол Улсын иргэн, И овогт Б-Э С 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн сэлбэгийн нярав мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 6 дугаар баг, У-Х гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

       -урьд 2017 оны 02 дугаар 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзан,

          Мөн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх /РД: /,

       Яллагдагч Б.Э-А нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н Ч” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд Т.Н, Б.С нартай бүлэглэн иргэн М.Ч хүч хэрэглэж бэлнээр 100 000 төгрөг дээрэмдсэн,

        Яллагдагч  Б.С нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н Ч” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд Т.Н, Б.Э-А нартай бүлэглэн иргэн М.Ч хүч хэрэглэж бэлнээр 100 000 төгрөг дээрэмдсэн,

        Мөн Т.Н бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н Ч” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд иргэн М.Ч тонгорч газар унагаах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун эгэмний доод хэсэгт, өвчүүнд, зүүн мөрөнд, баруун далны дээд хэсгээр, 2 далны хооронд, зүүн шуунд цус хуралт, баруун тохойнд, духны зүүн талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

       Яллагдагч Т.Н нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н Ч” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд Б.С, Б.Э-А нартай бүлэглэн иргэн М.Ч хүч хэрэглэж бэлнээр 100 000 төгрөг дээрэмдсэн,

       Мөн яллагдагч Б.С бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н Ч” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд иргэн М.Ч тонгорч газар унагаах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун эгэмний доод хэсэгт, өвчүүнд, зүүн мөрөнд, баруун далны дээд хэсгээр, 2 далны хооронд, зүүн шуунд цус хуралт, баруун тохойнд, духны зүүн талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Т.Н, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Э-А үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Т Н, И овогт Б-Э С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1. дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ш овогт Б Э-А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, Б овогт Т Н, И овогт Б-Э С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01/ нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Н, Б.С нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-А нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Б.С нарт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Т.Н, Б.С нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2023.06.22 АТМ бичлэг гэсэн бичиглэл бүхий СД 2 ширхэгийг хэрэгт хадгалаж, улаан өнгийн уранхай футьболк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

       шүүгдэгч Б.Э-А, Т.Н, Б.С нар нь  цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-А, Т.Н, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.                                                       

      Шүүгдэгч Б.Э-А өмгөөлөгч Г.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбараа: Анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Э-А бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Гэтэл уг хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэнэ....” гэсэн  заалтад хамаарч байгаа учраас түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэснийг түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал зэрэг хувийн байдлыг нь харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

       Прокурор Э.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1. 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

     Шүүгдэгч Б.Э-А, Б.С, Т.Н нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н Ч” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд  иргэн М.Ч хүч хэрэглэж бэлнээр 100 000 төгрөг дээрэмдсэн,

       мөн Б.С, Т.Н нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н Ч” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд иргэн М.Ч тонгорч газар унагаах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун эгэмний доод хэсэгт, өвчүүнд, зүүн мөрөнд, баруун далны дээд хэсгээр, 2 далны хооронд, зүүн шуунд цус хуралт, баруун тохойнд, духны зүүн талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

       Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

       шүүгдэгч Т.Н, Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

    Мөн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн асуудал байхгүй байна гэж үзлээ.

    Шүүгдэгч Б.Э-А нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, шүүгдэгч Т.Н, Б.С нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

         Шүүгдэгч Б.Э-А:  ... Тэр ах эхлээд картаа уншуулаад код нь болохгүй байна гээд байсан. Тэгээд би ард талд нь очоод зогстол картаа уншуулаад 100 000 төгрөг аваад гартаа атгачихсан. ...замдаа урагшаа уначих гээд байхаар нь би баруун гараас нь 100 000 төгрөгийг авсан. Нокиа Чойрын урд талын нарийн гудамж руу явж байтал тэнд зүс таних 2 охин юм асууя гээд дуудаад байхаар нь С бид 2 очоод уулзсан. Тэгэхэд тэр ах үлдсэн. Тэгээд тэр 2 охинтой юм ярьчихаад эргээд очтол нөгөө ах явлаа гэж хэлээд яваад өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-153 хуудас/

          Шүүгдэгч Т.Н:  “... Тэр ах явж чадахгүй байхаар нь Э-А, С 2 сугадаад явсан. Тэр ах картаа алга болгочихлоо гээд байхаар нь би картыг нь хайсан. ... араас нь очсон чинь тэр 3 Нокиа Чойрын урд талын нарийн гудамжны хойд талд сууж байсан. Тэгсэн цаанаас 2 охин хүрээд ирсэн чинь С, Э-А 2 тэр охиндуудтай уулзахаар явсан. ...би тэр ахыг босгоод Андууд чигтээ эргүүлээд гаргаж өгсөн. Тэгээд бид 3 шаг зардаг О ороод 0,75 литрийн архи, тамхи авсан.  М очоод хоносон гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 180-183 хуудас/

        Шүүгдэгч Б.С: “... АТМ рүү Э-А нөгөө ахтай хамт ороод гарч ирэхдээ 100 000 төгрөг авлаа гэж байсан. Тэгээд шүүхийн зүүн талаар Н Ч чиглэлд явж байтал нөгөө ах нилээн согтчихсон унаад байхлээр нь ажил руу чинь хүргэж өгье гээд Андууд чиглэж алхаад Нокиа Чойрын урдаас тэр ахаас салсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-167хуудас/

        Хохирогч М.Ч: Тэр үед би согтууралтай байсан. Ойчсоноо сайн санахгүй байна. 2 намхан залуу нь тонгорч унагаад өшиглөсөнг санаад байгаа. ... өндөр залуутай цуг АТМ ороод өөрийн картнаасаа 100 000 төгрөг аваад гарч ирсэн. Тэгээд алхаж явтал намайг нэг нарийн гудам руу нөгөө 3 залуугийн 2 намхан залуу нь 2 талаас сугадаад оруулсан. Тэгээд хар фудьволктой нь намайг тонгороод унагаасан. Би босоод иртэл цайвар өнгийн фудьволктой нь дахиж намайг тонгороод унагаасан. Би тухайн үед баруун гартаа АТМ-аас авсан 100 000 төгрөгөө атгачихсан байсан. Тэгсэн цагаан өнгийн фудьволктой өндөр залуу нь наад мөнгөө нааш нь өг гээд миний гарнаас 100 000 төгрөгийг авчихсан. Тэгсэн нөгөө намхан 2 нь намайг өшиглөөд байсан чинь өндөр залуу нь за одоо болно гэж хэлээд тэр 3 яваад өгчихсөн. Тэгэхээр нь би босоод өөрийн ажил руу буюу Андууд дэлгүүрийн баригдаж байгаа барилга руу явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/ хуудас 

       Гэрч Б.А “ ... Би тэр өдөр ганцаараа явж байсан. Тэгээд тухайн газар үйлчлүүлж байсан улаан өнгийн фудьволктой залуутай танилцаж цуг суусан. ...анх тэр залуу ганцаараа явж байна гэсэн боловч гарахын үед 2 залуу ирээд суучихсан байсан. Тэгээд тухайн газрыг хаасны дараа бид 2 төв зам руу алхаж явтал намхандуу нэг залуу ирээд чи манай найзыг аваад явчихсан байх юм гэж хэлэхээр нь нээрээ л найзууд юм байх гэж бодоод би орхиод явчихсан. Тэр улаан фудьволктой залууг нөгөө залуучууд аваад явчихсан би тэгээд гэртээ хариад амарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/ хуудас

         Гэрч Ц.Б “... Тухайн өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөө хүү Б.Э-А бид 2 гар утас авахаар Нокиа Чойр дэлгүүр орсон. Өмнө нь надад бензиний мөнгө өгнө гэж байсан юм. Тэгээд Нокиа Чойр дэлгүүрийн гадаа байхдаа надад бинзен хийгээрэй гэж хэлээд бэлнээр 100 000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр бензин хийчихсэн. Хорин мянгатын дэвсгэрт 5 ширхэг буюу 100 000 төгрөг байсан...” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 53-54хуудас/  зэрэг мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

       Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн бөгөөд  шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

       Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

         Харин гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй  зэргийг харгалзан шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг  6 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

      Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хаана эдлүүлэх хязгаарлалтыг тогтоогоогүй, уг ялд хяналт тавих үүргийг заагаагүй орхигдуулсан байх тул тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

           Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтны “ 01 жил 06 сарын “ гэснийг  “ 06 сарын “ гэж ,

          тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-А Говьсүмбэр аймаг, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Говьсүмбэр Өмнөговь аймгийн хооронд Улаанбаатар хотоор дамжин зорчихоор чиглэлийг тогтоосугай гэж,

       тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг ... шүүгдэгч Б.Э-А хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай гэж,

            тогтоох хэсгийн 5,6,7,8,9,10,11,12 дугаар заалтуудын дугаарыг 7,8,9,10,11,12,13,14 гэж тус тус нэмж болон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

         ШҮҮГЧ                                                  А.САЙНТӨГС

         ШҮҮГЧ                                                  О.ОДНЯМАА