| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 182/2020/02392/И |
| Дугаар | 210/МА2021/00558 |
| Огноо | 2021-03-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2021/00558
Ч.Агийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00431 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Агийн “Т Б” ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.А нь хүүхэд асрах чөлөөтэй байсан ба ажилд эргэн орон хүсэлтээ гаргасны дагуу “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/1878 тоот тушаалаар бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтнээр томилогдон, хугацаагүй гэрээ байгуулсан. Гэтэл гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б/138 тоот тушаалаар бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтний хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газрын Харилцагчийн үйлчилгээний албанд харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилж, 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг хөдөлмөрийн гэрээ дуусахад хөдөлмөрийн гэрээг сунгагдахгүй болсон гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар шалтгаан нөхцөл бүрдээгүй байхад үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлж, улмаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. “Т Б” ХХК-ийн харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал нь байнгын ажлын байр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай, хугацаагүй байгуулахаар заасан. Хугацаатай байгуулж буй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг яагаад хугацаатай байгуулж байгаа талаарх үндэслэлийг тодорхой тусгахаар хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээндээ нарийвчлан зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т 6 сар буюу 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар гэрээг байгуулахаар талууд харилцан тохиролцов гэжээ. Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа ажилтан, ажил олгогч хэрхэн тохиролцсон баримтыг үйлдэж, гэрээнд хавсаргана гэж заасан боловч ажилтан, ажил олгогч нар нь энэ талаар тохиролцсон зүйлгүй, гэрээнд хавсаргасан баримтгүй. Иймд Ч.Аг “Т Б” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газрын Харилцагчийн үйлчилгээний албанд харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 618 360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг гаргаж байна. Ажилгүй байсан хугацааг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 209 хоног гэж тооцож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу олговорт 12 618 360 төгрөг гэж тооцож байгаа болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ч.А нь жирэмсний болон амаржсаны амралт эдэлж, хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар тус банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/1878 дугаар тушаалаар бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтнээр ажиллах болсон. Ч.А нь энэ хугацаанд эрхэлсэн ажлаа өндөр үр дүнтэй, цаг хугацаанд гүйцэтгэдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтнээс нь харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 6 сарын хугацаатай шилжүүлэн ажиллуулсан. Шилжүүлэн ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5.14.1, 5.14.4, 5.14.7, 5.16.2, 5.24.1 дэх заалтуудыг үндэслэсэн. Ч.А нь харилцагчийн үйлчилгээний албанд харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллах болсноо тухайн үед өөрөө хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ч.А нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалд ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Ч.А нь шилжин ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчлүүдийг удаа дараа гаргаж, эрхэлсэн ажил, мэргэжилдээ тэнцэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг алдаа зөрчил гаргаж байсан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Эдгээр үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн сунгаагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.14.4-т зааснаар тодорхой ажил албан тушаалд бэлтгэх, мэргэшүүлэх чадвар эзэмшүүлэх зорилгоор шилжүүлж ажиллуулсан. Ч.Атай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнийг ажил албан тушаалд бэлтгэх, мэргэшүүлэх, чадавх эзэмшүүлэх зорилгоор Харилцагчийн үйлчилгээний албанд харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 6 сарын хугацаатай шилжүүлэн ажиллуулсан. Ч.Атай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусаж, түүнийг ажлаас чөлөөлсөн юм. Ийм Ч.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/1037 тоот тушаал нь хууль зөрчөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Аг Т Б ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газрын Харилцагчийн үйлчилгээний албанд харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Т Б ХХК-иас 9.452.187 /есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга нэг зуун наян долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар хариуцагч Т Б ХХК нь нэхэмжлэгч Ч.Агийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Агийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 166.185 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ч.Аг харилцагчийн үйлчилгээний албанд харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 6 сарын хугацаатай шилжүүлэн ажиллуулахдаа ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2, 24.1, 37.1.1, Т Бны "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 5 дугаар зүйлийн 5.14.1, 5.14.4, 5.14.7, 5.16.2, 5.24.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгосон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хариуцагчийн татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, зарим хэсэгт нь огт дүгнэлт өгөөгүй ба 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 431 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурдаагүй байна. Ч.А нь хариуцсан ажилдаа ур чадварын хувьд тэнцэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, алдаа зөрчил удаа дараа гаргаж, сахилгын шийтгэл авч байсан нь хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон, мөн нэхэмжлэгч тал тус асуудал дээр маргасан зүйл байдаггүй. Түүнчлэн Ч.А нь Харилцагчийн үйлчилгээний албанд харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 6 сарын хугацаатай шилжин ажиллахдаа ажил олгогчтой харилцан тохиролцож, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 91 дугаар хөдөлмөрийн гэрээтэй танилцаж хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын хуүдас бүр дээр өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулан, хөдөлмөрийн гэрээнд хавсаргасан байдаг. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалд гомдол гаргасан зүйл байдаггүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч “Т Б” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ч.А нь “Т Б” ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтний ажилд томилогдон ажиллаж, тэрээр жирэмсний болон амаржсаны амралт эдэлж, хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргээд ажилласан болох нь зохигчдын тайлбар Ч.Агийн нийгмийн даатгалын дэвтэр, тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1523 тоот тушаал, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/1878 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 6, 27-61 дүгээр тал/
Түүнчлэн тус банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалаар Ч.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс тус компанийн Харилцагчийн үйлчилгээний албанд харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 6 сарын хугацаатай шилжүүлэн ажиллуулж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй. /хэргийн 112-116 дугаар тал/
Хариуцагч “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/1037 тоот тушаалаар Ч.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгаж, цаашид сунгахгүй болсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.2, 5.24.3 дах заалтыг үндэслэсэн Ч.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хэргийн 4 дүгээр тал/ Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.3, 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.2 дах заалтуудад тус тус нийцээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Учир нь харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр болохыг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул хариуцагчаас хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т “хөдөлмөрийн гэрээ хугацаатай тохиолдолд туршилтын хугацаа, ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг ажилдаа эргэн орох хүртэл, улирлын болон түр ажлын үргэлжлэх хугацаагаар тохиролцсон бол” гэж заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон шалтгаан, үндэслэлийн талаар талууд хөдөлмөрийн гэрээндээ тусгайлан тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчийг хариуцсан ажилдаа ур чадварын хувьд тэнцэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, алдаа зөрчил гаргасан” гэх агуулгаар тайлбарлаж байх боловч дээрх тушаалаас харахад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр чөлөөлөөгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасанд нийцжээ.
Нэхэмжлэгч Ч.Ад ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч “Т Б” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00431 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 184 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГЭ.ЗОЛЗАЯА
С.ЭНХТӨР