| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0141/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.О |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрд адуун овогт Энххөөрөгчийн Хүрэлсүхэд холбогдох эрүүгийн 1803000010067 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 15 дугаар гудамж 232 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 53А байр, 25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, / РД: ЛЮ 85081078 / Зээр-адуун овогт Энххөөрөгчийн Хүрэлсүх нь:
- 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол Улсын Их сургуулийн баруун талын замд Ниссан Санни маркийн 99-17 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Янжиндуламын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Янжиндулам мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … МУИС-ийн 1 дүгээр байрны баруун талын нотариатаас гараад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зам хөдлөн гарч явахад ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү чиглэсэн замын хөдөлгөөн түгжрэлтэй байсан. Би машинуудын голоор гараад тусгаарлах зурвас дээр очиж зогсоод баруун талаас буюу эсрэг урсгал руу хараад зогсож байтал миний зүүн гар талаас гэнэт машин ирж миний зүүн талын хөлний шилбэ ар хэсэг рүү мөргөхөд нь би хойшоо савж унасан. Миний хөл рүү ирж мөргөсөн автомашин нь Nissan Sanny маркийн 99-17 УНМ улсын дугаартай автомашин байсан ба уг автомашин урсгал сөрж ирсэн. Уг машины баруун урд талын дугуй нь миний зүүн хөлний үзүүр хэсгийг дайрч зогссон. Энэ үед машины жолооч "Яасан бэ? " гээд машинаасаа бууж ирэхэд нь миний зүүн хөл уг машины баруун урд талын дугуйн доор дарагдсан байсан тул жолоочийг би "Машинаа ухраа" гэж хэлэхэд жолооч машиндаа орж суун машинаа ухраангуут зүүн хөлөө татаж авсан.
...Миний өөрийн эмчилгээнд зарцуулсан эмчилгээний зардал 3.973.430 төгрөг болж байна. Би хөл өвчтэй байсан тул хүүхэд асрагч авч хүүхдээ харуулж байсан тул 750.000 төгрөг төлсөн. …Мөргөсөн машины жолооч Э.Хүрэлсүх эмчилгээний зардлын 59 хувийг буюу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний зүгээс өөр гомдол, саналгүй болно гэжээ. / хх 28-29, 56 /
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУИС-ийн 1 дүгээр байрны баруун замд зам тээврийн осол болсон байх бөгөөд уг зам нь асфальтан, шулуун тэгш, хальтаргаатай суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, гэрэлтүүлэгтэй, зохицууллагддаг, сөрөг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, үргэлжилсэн цагаан шугам болон эгнээний тасархай шугамтай зам байв. / хх 11-18 /
Хэргийн газрын давтан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зурагт...хохирогч Ц.Янжиндуламаар А цэгийг заалгаж хэмжилт хийв. ...хохирогч унасан гэх цэгийг Б үсгээр тэмдэглэв. / хх 17-20 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1269 дугаар дүгнэлтэнд:
1. Ц.Янжиндуламын биед шаант ясны гадна хэсгийн шахагдсан хугарал, зүүн өвдөгний дотор хагас саран жийргэвчийн урагдал, зүүн өвдөгний үений гадна ба дотно холбоосны суналт, хаван, зүүн өвдөгний үений гадна ба шилбэ, тавхайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Ц.Янжиндуламын биед шаант ясны хугарал болон дотор хагас саран жийргэвчний урагдал шинээр оношлогдсон тул шүүх эмнэлгийн 14382 дугаарын шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөнө.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 56-57 /
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 6 /
Замын цагдаагийн албаны шинжээчийн 11 дугаартай дүгнэлтэнд:
“Ниссан Санни “ маркийн 99-17 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Хүрэлсүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Явган зорчигч Ц.Янжиндулам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. “ Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ явган хүний гарц гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах “ гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. / хх 68-69 /
Шүүгдэгч Э.Хүрэлсүхийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 74-76 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 87 /
Шүүгдэгч Э.Хүрэлсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Солонгос рестораны үүдэнд машинууд зогссон байхаар нь би тойроод гартал явган зорчигч гүйгээд гараад ирсэн. Би хараад л тормос гишгэж зогссон. Хохирогчийн эмчилгээний зардалд нийт 3.210.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч Э.Хүрэлсүх нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол Улсын Их сургуулийн баруун талын замд Ниссан Санни маркийн 99-17 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Янжиндуламын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Би тусгаарлах зурвас дээр очоод зогсож байтал миний зүүн гар талаас гэнэт машин ирж миний зүүн талын хөлний шилбэ ар хэсэг рүү мөргөхөд нь би хойшоо савж унасан уг автомашин урсгал сөрж ирсэн ба баруун урд талын дугуй нь миний зүүн хөлний үзүүр хэсгийг дайрч зогссон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ц.Янжиндуламын мэдүүлэг / хх 28-29, 56 /, …Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 11-18 /, ...Хэргийн газрын давтан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 17-20 /, ... Ц.Янжиндуламын биед шаант ясны гадна хэсгийн шахагдсан хугарал, зүүн өвдөгний дотор хагас саран жийргэвчийн урагдал, зүүн өвдөгний үений гадна ба дотно холбоосны суналт, хаван, зүүн өвдөгний үений гадна ба шилбэ, тавхайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсан нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1269 дугаар дүгнэлт / хх 56-57 /, ... Жолооч Э.Хүрэлсүх, явган зорчигч Ц.Янжиндулам нар ЗХД-ийн зохих заалтуудыг зөрчсөн буруутай болохыг тогтоосон Замын цагдаагийн албаны шинжээчийн 11 дугаартай дүгнэлт / хх 68-69 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Хүрэлсүхийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний болон бусад хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн буруутай ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Хүрэлсүх нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Хүрэлсүх нь цагдан хоригдоогүй, хохирогч Ц.Янжиндулам хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй / хх 35 / гэснийг дурьдав.
Шүүгдэгч Э.Хүрэлсүхийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. Түүний үйлдсэн хэрэг нь мөн хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч заавал оролцуулах зохицуулалтанд хамаарахгүй тул 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрд адуун овогт Энххөөрөгчийн Хүрэлсүхийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Энххөөрөгчийн Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Хүрэлсүх нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, болохыг тус тус дурьдсугай.
4. Э.Хүрэлсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Хүрэлсүхэд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Э.Хүрэлсүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Хүрэлсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ