Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0186

 

 

 

  Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, Ц.С*******ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн оролцогчдоос ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн гэрээндээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн багасгасан шаардлага: “1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/232 тоот захирамжийн Н.Б*******д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн зуслангийн байшингийн хаалганы үүд хэсэг болон хашааны орц гарцыг хааж, газар олгосон газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох, 2. Н.Б*******д эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэх үндэслэлээр миний зуслангийн байшингийн үүд хэсэг болон хашааны орц гарц болох газрыг надад эзэмшүүлэхээс татгалзсаныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, талбай бүхий газрыг иргэн Ц.С*******д эзэмшүүлэх хүсэлтийг Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Бийн бие даасан шаардлага: 1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/232 тоот захирамжийн Н.Б*******д холбогдох хэсгээс гуравдагч этгээд Ю.Бийн зуслангийн байшингийн хаалганы үүд хэсэг болон хашааны орц гарцыг хааж, газар олгосон газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох, 2. Чингэлтэй 24 дүгээр хороо, Яргайтын богино 14 дүгээр гудамж, 629 м.кв талбайтай газраас хэсэгчлэн буюу зүүн хойд хэсэгт байрлах 75м.кв газрыг 3.Б*******аас надад шилжүүлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай захиргааны хэрэг маргаанд хэргийн оролцогч болох нэхэмжлэгч Ц.С*******, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээд Н.Б*******, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Б нар хэн аль нь харилцан буулт хийж, үндсэн нэхэмжлэл болон бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байдлаар дараах нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг байгуулж байна.

Гэрээний нөхцөл, 2.1. Гуравдагч этгээд Н.Б******* нь /РД:ШВ-/-ийн өөрийн нэр дээрх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны А/232 дугаар захирамжаар эзэмшиж буй 314 м.кв талбайтай газраас 31 м.кв газрыг иргэн Ц.С*******ийн /РД:ЧЛ-/ нар дээр эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хүсэлт гаргана.

2.2. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь гуравдагч этгээд Н.Б*******ээс Ц.С*******ийн нэр дээр шилжүүлж буй буй 31 м.кв газрын эрх шилжүүлсэн захирамж гаргаж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ гаргаж, байршлийн дагуу, нэгж талбаруудын хил заагийг ямар нэгэн давхцалгүй, топологи алдаагүй, стандартын дагуу кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулж, бүртгэж, баталгаажуулна.

2.3. Гуравдагч этгээд Б******* нь /РД:ШВ-/-ийн өөрийн нэр дээрх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны А/232 дугаар захирамжаар эзэмшиж буй 314 м.кв талбайтай газраас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Бийн орц гарцанд зориулж, 6 м.кв хэмжээтэй газрын эрхийг Ю.Бийн нэр дээр эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хүсэлт гаргана.

2.4. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь гуравдагч этгээд Н.Б*******ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны А/232 дугаар захирамжаар эзэмшиж буй 314 м.кв газраас гуравдагч этгээд Н.Б*******ээс нэхэмжлэгч Ц.С*******д шилжүүлсэн 31 м.кв талбайтай газар, мөн гуравдагч этгээд Н.Б*******ээс гуравдагч этгээд Ю.Бийн нэр дээр шилжүүлсэн 6 м.кв талбайтай газар болох нийт 37 м.кв талбайтай газрыг хасч, үлдэх 277 м.кв газрыг гуравдагч этгээд Н.Б*******ийн нэр дээр үлдээж, уг 277 м.кв талбайтай газрыг байршлийн дагуу нэгж талбаруудын хил заагийг ямар нэгэн давхцалгүй, топологи алдаагүй, стандартын дагуу кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулж, бүртгэж, баталгаажуулна.

2.5. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулсны дараа бие даасан шаардлага гаргасан Ю.Бийн шаардлагад тусгасан 75 м.кв газрыг 3.Б*******аас Ю.Бийн нэр дээр шилжүүлсэн захирамж гаргаж, гэрээ байгуулан мэдээллийн санд баталгаажуулна.

2.6. Энэхүү эвлэрлийн гэрээ нь шүүхээр баталгаажсаны дараа гуравдагч этгээд Н.Б*******ээс нэхэмжлэгч Ц.С*******д эрх шилжүүлж буй 31 м.кв газрын төлбөрт 1,500,000 /Нэг сая, таван зуун мянга/ төгрөгийг Н.Б*******д төлнө.

2.7. Энэхүү эвлэрлийн гэрээ нь шүүхээр баталгаажсаны дараа гуравдагч этгээд Н.Б*******ээс гуравдагч этгээд Ю.Бэд /РД:УШ*******/ нь шилжүүлж буй 6 м.кв хэмжээтэй газрын төлбөрт Ю.Б нь гуравдагч этгээд Н.Б*******д 1,500,000 /Нэг сая, таван зуун мянга/ төгрөгийг төлнө.

2.8. Энэхүү гэрээний 2.6, 2.7-д заасан төлбөрт газрын хянан баталгаа, татварын үнэ багтсан бөгөөд Н.Б*******ээс Ц.С*******д шилжүүлж буй 31 м.кв газар, Н.Б*******ээс Ю.Бэд шилжүүлж буй 6 м.кв газрын эрх шилжүүлэх гэрээ, хүсэлтийг нотариатаар баталгаажуулж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд холбогдох бусад бүх баримтыг бүрдүүлж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.

2.9. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг нь энэхүү гэрээний 2.8-д заасан баримтыг үндэслэн Н.Б*******ээс Ц.С*******д шилжүүлсэн 31 м.кв газар, Н.Б*******ээс Ю.Бэд шилжүүлсэн орц гарцын 6м 2 газруудыг тус тус хасч, Н.Б*******ийн эзэмшилд үлдэх 277 м.кв газрыг тус тус газрын хэмжээгээр нэгж талбаруудын хил заагийг ямар нэгэн давхцалгүй, топологи алдаагүй, стандартын дагуу мэдээллийн санд оруулж, бүртгэж, баталгаажуулна.

3. Бусад, 3.1. Хэргийн оролцогчид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд цаашид уг газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлага дахин гаргах эрхгүй бөгөөд талуудаас шүүхэд гаргаж өгсөн кадастрын зургууд, нотариатаар баталгаажуулсан эрх шилжүүлэх гэрээ, хүсэлт, төлбөр, төлсөн баримтууд энэхүү нь эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг болно.

3.2. Талууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар энэхүү эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов.

3.3. Энэхүү эвлэрлийн гэрээнд маргаан бүхий газрын байршилд 31 м.кв. 6м м.кв, 277 м.кв хэмжээтэй газруудын кадастрын зургийг “*******” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн кадастрын зураг хавсаргасан болно. 

3.4. Хариуцагч энэхүү эвлэрлийн гэрээтэй холбоотой үүсэх газрын эрх шилжүүлсэн захирамж гаргах, захирамжийг үндэслэн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, мэдээллийн санд  холбогдох өөрчлөлт оруулах үүргээ биелүүлээгүйгээс үүсэх аливаа хохирлыг бие даан хариуцан арилгах үүрэг хүлээнэ. 

3.5. Энэхүү гэрээг шүүхээр баталгаажуулахтай холбогдох үүсэх үр дагаврыг талууд бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно,

3.6. Талууд гэрээ байгуулж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд тус тусын кадастрын зургийг үйлдэх, нэгж талбарын дагуу эргэлтийн цэг хүлээн авах, нэгж талбарын дагуу хашааг шилжүүлэн барих асуудлыг өөрсдийн хөрөнгөөр хариуцан тус тус хийж гүйцэтгэх бөгөөд үүнтэй холбоотой үүсэх төлбөр нь гэрээний 2.6, 2.7-д заасан үнийн дүнд багтаагүй болно.

3.7. Нэхэмжлэгч Ц.С*******, гуравдагч этгээд Н.Б*******, Ю.Б нар нь газрын эрх шилжүүлэх гэрээ, хүсэлтийг байгуулж, нотариатаар баталгаажуулж, шүүхийн эвлэрлийн гэрээнд хавсаргаж өгнө.

3.8. Энэхүү гэрээ, нотариатаар баталгаажуулсан эрх шилжүүлэх гэрээ, хүсэлт, кадастрын зургийг тус бүр 5 хувь үйлдсэн болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.С*******ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ц.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, Б.С*******, гуравдагч этгээд Н.Б*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр Б.Д*******, Б.С******* нарт олгосон итгэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Бээс Б.Э*******ад олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.“Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: ... 28.2.5.эвлэрэх;” гэж заасан эрхийг тусгайлан олгосон байна.

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.“Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2.“Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4.“Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар хуульд заасан эвлэрэх эрхийнхээ хүрээнд харилцан тохирч эвлэрсэнийг гуравдагч этгээд Н.Б******* хүлээн зөвшөөрч, тус эвлэрэх үйл ажиллагаанд тодорхой эрх, үүрэгтэй оролцсон байх бөгөөд ийнхүү хэргийн оролцогчид эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар Ц.С*******ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн талууд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.1, 68.4-д зааснаар нэхэмжлэгч Ц.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, Б.С*******, гуравдагч этгээд Н.Б*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нарын эвлэрлийг баталж, Ц.С*******ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.С*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ю.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН