| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00196/И |
| Дугаар | 301/ШШ2025/00143 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00143
| 2025 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 301/ШШ2025/00143 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Н.Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт М.С-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, 9726 хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн ......... загварын ............... арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон ............ загварын ................ арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл .................. загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгах, 247,173,610 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 28,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б /цахимаар/, хариуцагч М.С, хариуцагчийн өмгөөлөгч В.У, О.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ц 2024 оны 03 сарын 13-ны өдөр .................. загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн Н.Ц би 2008 оноос 2021 он хүртэлх хугацаанд БНСУ-д ажиллаж амьдарсан. Энэ хугацаандаа өөрөө олон төрлийн ажил хийж гэр бүл найз нөхдийнхөө хамаарал бүхий Солонгос улсыг зорьж ирсэн хүмүүст ажил олж өгч хамтран ажиллах зэргээр тусалж дэмжиж байсан. 2018 онд манай найз Ц-гийн эгчийнх нь хүүхэд буюу М.С С улсадирэхэд уулзаж танилцаж, ажил олж өгч, өөрийнхөө хүрээнд хамт ажиллаж түүнээс хойш хуурай дүүгийн харилцаатай болсон. Би 2021 оны 08 дугаар сард М улсдаа буцаж ирсэн бөгөөд М.С надаас жил гаруйн өмнө ирчихсэн байсан. Ирснээсээ хойш ч дүүгийн ёсоор уулзаж харилцаж байсан бөгөөд намайг ирсэн цагаас М.С нь “Та надад машин аваад өгөөч” гэж гуйдаг байсан. Ингэхдээ том тэрэг аваад хөдөө ажиллавал маш их боломж байна гэдэг байсан. Уулзах болгондоо л тэр талаараа ярьж гуйдаг байсан учир хүний нутагт 3 жил гаруй хугацаанд хамт дүү шиг маань дотно байсан учир итгээд мөн өөрийн найз Ц-гийн эгчийнх нь хүүхэд байсан учир итгээд 2022 оны 09 сард ..................загварын том ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгслийг н.А гэх хүнээс авсан бөгөөд ингэхдээ н.А-ийн 73,300,040 төгрөгийн зээлийг төлж, 77,7700,000 төгрөгийг бэлнээр өгч нийт 151,0000,040 төгрөгөөр, ........... загварын өөрөө буулгагч чиргүүлийг О.У гэх хүнээс 58,540,000 төгрөгийг бэлнээр өгч өөрийн өмчлөлийн HYUNDAI Starex загварын тээврийн хэрэгслийг 21,500,000 төгрөгөөр тооцож , нийт 80,040,000 төгрөгөөр тус тус авч нийт 213,040,040 төгрөгөөр чиргүүлтэй том тэргийг авч М.С-д авч өгч байсан. Уг мөнгүүдийг Төрийн банкин дахь ............. дугаарын данснаас 2022.09.19-ний өдөр Н.А болон О.У-ын данс руу шилжүүлсэн. Мөн тэр өдрөө HYUNDAI Starex загварын тээврийн хэрэгслийг гэрээ байгуулж О.У руу шилжүүлж өгсөн байдаг. Тухайн үедээ би У хотын хаягтай, М.С нь өөрийн аавын ........... улсын дугаарыг том тэргэндээ зүүмээр байна гэж гуйсных нь дагуу өөрийн нэр дээр уг тээврийн хэрэгслийг шилжүүлж авахгүйгээр шууд М.С-гийн нэр рүү итгээд шууд шилжүүлсэн.
М.С нь тухайн үедээ надад “ би аавынхаа дүүгийн яг энэнтэй адилхан машиныг жил гаран барьсан. Мөнгийг олох боломжтой юм байна лээ. Би зүгээр байхаар танаар машин авахуулаад сард хамгийн багадаа 15 сая төгрөг олно оо. Би 1 жил гаруйн дотор таны машины мөнгийг хийнэ. Сар сардаа 15 саяас дээш мөнгийг тань руу шилжүүлээд байх болно оо. Төлж дуусгаад хоёулаа энэ машиныг дундаа өмчилье...Түүнээс хойш олсон орлогоо хуваагаад явъя” гэсэн бөгөөд би энэхүү үгэнд нь итгээд хуурай дүүгийн харилцаа, найзынхаа эгчийн дүү гэдэг утгаар нь намайг хуурч мэхлэхгүй байх гээд зөвшөөрч байсан.
Ингээд 2022 оны 09 сард М.С нь уг тээврийн хэрэгслийг авч явсан. Ажил хийж байгаа болж бүтэж байна гэдэг байсан ч хэлснийхээ дагуу сар бүр 15 саяас дээш мөнгөө олж над руу шилжүүлэхгүй байсан. Би эхэндээ итгэсэн хэвээрээ л байсан боловч 4 сарын хугацаанд над руу ямар ч мөнгө шилжүүлээгүй. Би энэ хугацаанд холбогдож итгэл алдарч эхэлсэн. Ингээд маш олон удаа шаардуулсны дараа 2023.01.16-ны өдөр 10 сая төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь чи сар бүр л 15 саяаас дээшийг шилжүүлнэ гэсэн яагаад ингэж байгаа юм бэ гэж шаардахад 2023.01.20-ны өдөр 5 сая төгрөг шилжүүлсэн. 2023.02.15-ны өдөр 10 сая төгрөг, 2023.03.24-ний өдөр 5 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш таг болсон. Өөрөөр хэлбэл 231 сая төгрөгөөр машин авахуулсан атлаа 1 жил гаруйн хугацаанд 30 сая төгрөг л шилжүүлсэн байдаг. Одоо энэ шилжүүлсэн мөнгөө миний цалин мэтээр тайлбарлаж намайг хохироож байна.
Н.Ц би Т банкнаас 231,040,000 төгрөгийг хадгаламжийн хүүгээр тооцоход жил 22,872,960 төгрөгийг олох боломжтой талаар тооцооллыг авсан. Гэтэл М.С гэх хүүхдэд би итгээд өөрийн 231,040,000 төгрөгийг өгсөн атал ямар ч ажил хийлгүйгээр хадгалуулсантай тэнцэх хэмжээний л мөнгийг над руу шилжүүлсэн. Миний мөнгийг ашигласан байдаг. Анхнаасаа л М.С нь урьдын С улсад байсан дүүгийн харилцааг ашиглаж бусдын газар ажиллаж олсон хөрөнгийг минь авах зорилготой намайг хуурч, залилж, миний мөнгөөр тээврийн хэрэгсэл авахуулж өөрийн нэр дээр авч одоо уг тээврийн хэрэгслийн нэрийг буцааж шилжүүлж өгөхгүй иргэн намайг маш их хохироож байна. Иргэн Ц би өөрийн ............ дугаараас С-гийн .......... болон ............ дугаар руу нь, аавынх нь .............. дугаар руу нь, ээжийнх нь .............. дугаар руу, Сгийн эхнэр гэх хүний ............... дугаар руу нь тус тус удаа дараа залгаж холбогдож ярьж тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөхийг хүссэн. Тодруулбал.... Энэ мэтчилэн дээрх хүмүүс рүү удаа дараа маш олон удаа ярьсан бөгөөд бүгдийг баримтжуулж бичлэг хийж авсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэн миний өөрийн хөрөнгөөр авсан машиныг өмчлөх эрхэд халдаж тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөхгүй, тээврийн хэрэгслийн нэр өөр дээр нь байгааг ашиглаж мөнгө өгвөл шилжүүлье гэх байдлаар барьцаалж иргэн намайг хохироож байгаад маш их гомдолтой байна. С-гийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж иргэн би Цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний шүүхээр маргаанаа шийдвэрлүүл гэсэн учраас энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно.
Иймд ..................загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “....М.С миний бие 2018 онд нэхэмжлэгч Н.Ц-тай С улсад байх хугацаандаа танилцан ах дүүгийн харилцаатай болсон. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан том машин авахуулах талаар санал тавьж сардаа 5 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр ярилцаж том машиныг нь би өөрийн нэр дээр шилжүүлэн авч ажил хийж байсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан 15 сая төгрөгийг сар болгон өгнө гэж огтхон ч тохиролцоогүй, сард 15 сая төгрөг олох боломж огт байхгүй юм. Мөн нэхэмжлэлдээ “хэлснийхээ дагуу сар бүрдээ 15 саяас дээш мөнгө олж над руу шилжүүлээгүй. Би эхэндээ итгэсэн хэвээр л байсан боловч 4 сарын хугацаанд ямар ч мөнгө шилжүүлээгүй. Ингээд маш олон удаа шаардуулсны дараа 2023.01.16.-ны өдөр 10 сая төгрөг, 2023.01.20-ны өдөр 5 сая төгрөг, 2023.02.15-ны өдөр 10 сая төгрөг, 2023.03.24-ний өдөр 5 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш таг болсон. Өөрөөр хэлбэл 231 сая төгрөгөөр машин авахуулсан атлаа жил гаруйн хугацаанд 30 сая төгрөг л шилжүүлсэн байдаг. Одоо энэ шилжүүлсэн мөнгөө миний цалин мэтээр тайлбарлаж иргэн намайг хохироож байна “ гэжээ. Би анх нэхэмжлэгчтэй сар болгон 15 саяас дээш мөнгө шилжүүлнэ гэж анхнаасаа тохироогүй, 5 сая төгрөг шилжүүлнэ гэж тохирсон. Миний бие тухайн өдрүүдэд дээрх мөнгийг шилжүүлсэн. Мөн өөрийн төрсөн эх Д-гийн ............. дугаарын Х банкны данснаас нэхэмжлэгч Н.Цын Ц гэдэг хүнд өгөх ёстой байсан 10 сая төгрөгийг Ц-ийн охин А-ын дансанд 2023.04.26-ны өдөр шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхийг Ц өөрөө надад утсаар хэлсний дагуу би тэр мөнгийг нь шилжүүлсэн. Ингэхээр би нэхэмжлэгч Н.Ц-т 30 сая биш 40 сая төгрөгийг өгсөн. Үүнийг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа атлаа 30 сая төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаад гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч нь “С улсад дүүгийн ёсоор байсан харилцааг ашиглаж бусдын газарт ажиллаж олсон хөрөнгийг минь авах зорилготой намайг хуурч залилж миний мөнгөөр тээврийн хэрэгсэл авахуулж өөрийн нэр дээр авч одоо уг тээврийн хэрэгслийн нэрийг буцаан шилжүүлж өгөхгүй иргэн намайг маш их хохироож байна” гэж нэхэмжлэлдээ дурджээ. Миний бие анх түүнд машин авч машиныг нь барьж ажил хийх талаар санал тавихад өөрөө зөвшөөрч авч өгчихөөд дараа нь хуурсан залилсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Би нэхэмжлэгчийг хуурж залилан өөрийн нэр дээр машин авахуулж түүнийг хохироогоод байсан зүйл байхгүй. Анхнаасаа хэлэлцэн тохирчихоод ингэж байгаад нь гомдож байна. Мөн миний бие тухайн автомашиныг анх 2022 оны 09 сард авчихаад хуучин машин байсан учраас эхний 10 хоног ажилд гараагүй, тухайн автомашинд засвар үйлчилгээ хийж багаж хэрэгсэл авах зэргээр өөрийн болгож тордох гэж өнжсөн. Түүнээс хойш 2023 оны 08 дугаар сарын сүүлчээр авч явах хүртэлх хугацаанд тухайн тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэл гэмтэл, дугуй, бусад сэлбэг, бензин тос зэрэг бүхий л зардлыг би өөрөө хариуцаж өөрөөсөө мөнгө гаргаж хийдэг байсан. Эдгээр зардал сэлбэгт 30 гаран сая төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс болон приус-20 маркийн автомашинаа хүртэл зарж тухайн автомашиныг засаж сэлбэж тордож байсан. Үүнийг би нэхэмжлэгчээс нэг ч удаа мөнгө өгөөч, сэлбэг авна, бензин тос авна гэж огтхон ч ярьж байгаагүй. Үүнийг миний бие сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болно. Мөн С улсад ажиллаж байх хугацаанд намайг ажилд гаргаад 20 хоногийн цалинг нэхэмжлэгч Н.Ц надад өгөх ёстой байсан боловч өгөлгүй М-д очоод хоёулаа болчих байхаа гэхээр нь итгээд огт аваагүй. Үүнийг нэхэмжлэгч өөрөө өгнө гэсэн боловч өгдөггүй. Үүнийг миний бие нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тухайн автомашинд засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, бензин тос, туслах ажилтны цалин хөлс зэрэгт зарцуулсан мөнгөний тал хагасыг, мөн анх хэлэлцэн тохирсон амлалтандаа хүрэлгүй, машинаа буцааж авч намайг хохироосон учраас нэхэмжлэгчид өгсөн сая төгрөгийн хувь болох 20 сая төгрөгийг, мөн С улсад ажил хийгээд нэхэмжлэгчээс авах ёстой байсан цалин хөлс 5 сая төгрөгийг надад төлөх юм бол миний бие автомашиныг нэр дээр нь шилжүүлж өгнө гэжээ.
3. Нэхэмжлэгч 2024 оны 04 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Үүнд: Нэхэмжлэгч Н.Ц нь шүүхэд хандаж тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Автотээврийн үндэсний төвд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг тээврийн хэрэгсэл гэдэгт 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, 9726 хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн .......... загварын ................. арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон ............ загварын .............. арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл зэргийг хамааруулж байгаа болохоо тодруулж байна. 2023 оны 04 сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “..................загварын том ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгслийг н.А гэх хүнээс авсан бөгөөд ингэхдээ н.А-ийн 73,300,040 төгрөгийн зээлийг төлж, 77,7700,000 төгрөгийг бэлнээр өгч нийт 151,0000,040 төгрөгөөр, .............. загварын өөрөө буулгагч чиргүүлийг О.У гэх хүнээс 58,540,000 төгрөгийг бэлнээр өгч өөрийн өмчлөлийн ......... загварын тээврийн хэрэгслийг 21,500,000 төгрөгөөр тооцож , нийт 80,040,000 төгрөгөөр тус тус авч нийт 213,040,040 төгрөгөөр чиргүүлтэй том тэргийг авч М.С-д авч өгч байсан” гэж тодорхой бичиж улсын тэмдэгтийн хураамжийг 213,040,040 төгрөгөөс тооцож буюу тээврийн хэрэгсэл чиргүүлийн нийт үнээс тооцож төлсөн болно... гэжээ.
4. Нэхэмжлэгч 2025 оны 01 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд: ...Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж М.С-гаас 247,173,610 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь М.С нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж өөрийн Х банкны ............ тоот дансны 2022.10.01-ний өдрөөс 2023.06.05-ны өдрийг хүртэлх дансны хуулгыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд уг дансны хуулгаас үзэхэд М.С нь Н.Ц-ын 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, 9726 хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн ........... загварын ........... арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон ............. загварын ............. арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүлийг ашиглаж 247,173,610 төгрөгийн орлогыг олсон болох нь нотлогдож байх тул уг 247,173,610 төгрөгийг М.С-гаас гаргуулж Н.Ц-т олгох шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Тодруулбал М.С-гийн Хаан банкны ............. тоот дансны 2022.10.01-ний өдрөөс 2023.06.05-ны өдрийг хүртэлх дансны хуулгын 154, 180, 405, 540, 557, 591, 606, 625, 743, 779, 802, 803, 861, 862, 1068, 1120, 1175, 1241, 1244, 1251, 1256, 1257, 1272, 1281, 1375, 1468, 1498, 1538, 1591, 1618, 1672, 1702, 1758, 1773, 1801, 1894, 2101 дугаарт ачаа тээврийн хөлс агуулгатайгаар бичигдсэн орлогууд нь Н.Ц-ын тээврийн хэрэгсэл, өөрөө буулгагч чиргүүлийг ашиглаж олсон орлого гэж үзэж байх тул энэхүү орлогыг зүй ёсоор авах, нэхэмжлэх эрх нь нь Н.Ц-т байгаа гэж үзэж байгаа болно. М.С-гийн Х банкны .......... тоот дансны 2022.10.01-ний өдрөөс 2023.06.05-ний өдөр хүртлэх дансны хуулгаас үзэхэд М.С нь 8 сарын хугацаанд 336,456,854 төгрөгийн орлогыг олсон болох нь харагдаж байгаа бөгөөд энэхүү 8 сарын хугацаа нь Н.Ц-ын тээврийн хэрэгсэл өөрөө буулгагч чиргүүлийг ашиглаж байсан, уг тээврийн хэрэгсэл, өөрөө буулгагч чиргүүлийг ашиглаж энэхүү орлогыг бүтэн болсон гэж үзэх үндэслэлтэй. Хэдийгээр дээрх 336,456,854 төгрөгийн дийлэнх хэсгийг нэхэмжлэх үндэслэлтэй байсан хэдий ч Н.Ц-ын хувьд дансны орлого хэсгийн утгыг үндэслэн зөвхөн тээврийн хөлс гэсэн агуулга бүхий орлогуудыг л шаардаж байгаа болно. Иймд М.С-гаас 247,173,610 төгрөгийг гаргуулж Н.Ц-т олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч М.С нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж аваад ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.С миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-гийн 2025.01.06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 247,173,610 төгрөг гаргуулахыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.
М.С миний Х банкны ............... тоот дансны 2022.10.01-ний өдрөөс 2023.06.05-ны өдөр хүртэлх орлогын 37 гүйлгээний 247,173,610 төгрөгийн үнийн дүнд ....................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд огт хамааралгүй гүйлгээнүүд байгаа болно. Мөн урсгал зардал болон сэлбэг хэрэгсэл, хоол хүнс, туслах ажилтны цалин хөлс зэргийг огт тооцолгүй, зөвхөн орлого олсон гэж тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Х банкны 405, 1244, 1251, 1256, 1257, 1272, 1672, 2101 зэрэг нийт 8 орлогын гүйлгээ нь .......... улсын дугаартай автомашины орлоготой ямар ч хамааралгүй. Эдгээр 8 орлогын гүйлгээ нь нийт 140,100,000 төгрөг болж байгаа юм. Дээрх гүйлгээнүүдээс 405,1244,1272 гүйлгээ нь манай ээж Н.Д-гийн .........., ................ тоот данснуудаас надад орж ирсэн орлого юм. Утга нь тээврийн хөлс, тээвэр гэсэн утгаар хийсэн нь миний бие тухайн үед банкнаас зээл авч машин авах гээд орлогоо нотлох шаардлагатай байсан тул дээрх утгаар дансандаа орлого хийлгэж байсан. Мөн 1251 дугаар ............. дугаартай данснаас орсон орлого нь Н гэдэг манай хамаатны хүнээс ээжээр яриулж мөн машин авах гэж 70,000,000 төгрөгийг зээлж авч байсан. 1256, 1257 дугаартай гүйлгээ нь .............. дугаартай данснаас орсон орлого нь Ч гэдэг хамаатны хүнээрээ малчны зээл авахуулж би 30,000,000 төгрөгийг зээлж авч байсан. 1272 дугаартай орлогын гүйлгээ нь ............. болон ................. улсын дугаартай 2 машины 2-уулангийнх нь ажлын хөлсний урьдчилгаа бөгөөд дан ганц ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээр олсон орлого биш юм. Энэ орлого нь эдгээр 2 машинд хуваагдах ёстой юм. 2101 дугаартай гүйлгээ нь ........ улсын дугаартай тээврийн хэрэгслээр “Т” гэдэг компанид ачаа тээвэрт явсан бөгөөд түүний хөлс юм. Энэ ажлыг .......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хийж гүйцэтгээгүй бөгөөд огт хамааралгүй орлого юм. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний дансанд орсон орлогыг шүүгээд 247,173,610 төгрөг ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээр олсон гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Миний бие тухайн тээврийн хэрэгслийг жолоодож ажилд явж байхдаа эвдрэл гэмтлийг засварлах, түлш шатахуун зарцуулах, туслах ажилтан цалинжуулан ажиллуулах, хоол хүнс худалдан авах зэрэг бусад дагалдах зардлуудыг бүгдийг нь ачаа тээвэрт явж олсон орлогоосоо зарцуулж ажилд явж байсан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нийт нэхэмжилсэн 247,173,610 төгрөгнөөс 140,100,000 төгрөг нь ...............улсын дугаартай тээврийн хэрэгслийн орлого биш юм. Мөн нэхэмжлэгч Н.Ц-т 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч өөрөө авснаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Хэрвээ миний бие 247,173,610 төгрөгийн цэвэр орлогыг олсон бол тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчээс худалдаж авах байсан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
7. Хариуцагч М.С шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Н.Ц бид хоёр анх тохирохдоо автомашиныг Н.Ц худалдан авч надад өгөх, би тухайн машинаар ажил хийж мөнгө олж ашгаа хуваах тохиролцоотой байсан. Би ажиллаж олсон мөнгө болох 40 сая төгрөгийг түүнд шилжүүлсэн. Үүний 50 хувь буюу 20 сая төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие тухайн автомашиныг анх 2022 оны 09 дүгээр сард авчихаад хуучин машин байсан учраас эхний 10 хоног ажилд гараагүй, тухайн автомашинд засвар үйлчилгээ хийж багаж хэрэгсэл авах зэргээр өөрийн болгож тордох гэж өнжсөн. Түүнээс хойш 2023 оны 8 дугаар сарын сүүлээр нэхэмжлэгч Н.Цыг машин авч явах хүртэлх хугацаанд тухайн тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэл, гэмтэл, дугуй, бусад сэлбэг, бензин тос зэрэг бүхий л зардлыг би өөрөө хариуцаж мөнгө гаргаж хийдэг байсан. Эдгээр зардал сэлбэг хэрэгсэлд нийт 30 гаран сая төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс болон приус 20 маркийн автомашинаа хүртэл зарж тухайн ачааны автомашиныг засч янзалж сэлбэж тордсон. Дээрх зардлуудаас заримыг хасаж 17 сая төгрөгөөр тооцож тухайн мөнгөн дүнгийн 50 хувь болох буюу 8,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд машин барьж байх хугацаандаа олж нэхэмжлэгчид шилжүүлсэн 40,000,000 төгрөгийн 50 хувь 25,000,000 төгрөг, сэлбэг хэрэгсэл, бензин тос, эвдрэл гэмтлийн зардал д зарцуулсан 17,000,000 төгөгийн 50 хувь болох 8,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг үндсэн нэхэмжлэгч Н.Ц-аас сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байна гэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг гардан аваад ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Н.Ц-ын нэхэмжлэлтэй Н.С-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Б би оролцож байгаа бөгөөд М.С-гийн 28,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч байгаагаа энэхүү тайлбараар илэрхийлж байна гэжээ.
9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г ХХК нь Ө аймгийн нутаг дэвсгэрт 2021 оноос эхлэн нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Б овогт М овогтой С нь ...............чирэгч, ......... чиргүүл, ........... чирэгч, .............. чиргүүлийг манай компанитай холбогдон бүртгүүлж нүүрс тээвэрт явсан нь үнэн болно. М овогтой С нь 2023 оны 02 дугаар сарын 08-нд манай компанитай холбогдож гэрээ байгуулан М овогтой С-гийн нэр дээр бүртгэлтэй .............. чирэгч, ............. чиргүүлтэй тээврийн хэрэгслийг Э чиглэлд 2023 оны 3 сард 3 рейс, 4 сард 4 рейс, нийт 7 рейс явсан. М овогтой С нь .............. чирэгчийн дугаарыг ............. улсын дугаараар сольж тус тээврийн хэрэгслийг М овогтой С-гаас Г ХХК руу 2023 оны 11 сарын 8-нд шилжүүлсэн ба уг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ............. чирэгч, ........... чиргүүл болгож компанийн нэр дээр шилжүүлсэн болно. Уг тээврийн хэрэгслийг Э чиглэлийн гэрээнд бүртгүүлсэн боловч тээвэрлэлт хийгээгүй. .......... чирэгч, ........ чиргүүлтэй тээврийн хэрэгслийг Э чиглэлд 2023 оны 03 сарын 30-нд бүртгүүлж тус оны 4 сард 1 рейс, 10 сард 2 рейс, 11 сард 2 рейс, 12 сард 1 рейс, нийт 6 рейс явсан болно. М овогтой С нь ............. чирэгч, .................. чиргүүлтэй тээврийн хэрэгслийн банкны бичгийг Т ББСБ-с авч 2023 оны 10 сарын 11-нд Э чиглэлийн гэрээнд бүртгүүлж 10 сард 2 рейс, 11 сард 2 рейс, 12 сард 1 рейс явсан болно. Тус тээврийн хэрэгслийг манай компаниас хасалт хийлгэж гаргасан бөгөөд одоогийн байдлаар М овогтой С-гийн эзэмшлийн ........... чирэгч, ............. чиргүүлтэй тээврийн хэрэгсэл Г ХХК-н нэр дээр бүртгэлтэй байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тус шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 04 сарын 23-ны өдөр тодруулж, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Н.Ц-ын тухайд 2018 оноос 2021 он хүртэл Бүгд Найрамдах С улсад ажиллаж, амьдарч байсан. Энэ хугацаандаа олон төрлийн ажил хийж байсан. Мөн гэр бүл найз нөхдийн хамаарал бүхий хүмүүс С улсыг зорьж ирж байгаа үед нь ажил олж өгч, хамт ажиллах зэргээр тусалж дэмжиж байсан. 2018 онд Н.Ц-ын найз Ц-гийн эгчийнх нь хүүхэд буюу М.С Бүгд Найрамдах С улсад ирэхэд нь танилцаж, ажил олж өгч, өөрийнхөө хүрээнд хамт ажиллаж, түүнээс хойш хуурай дүүгээ хэмээн бодож явсан. Ингээд Ц нь 2021 оны 08 дугаар сард М улсад ирсэн. Харин С 1 жилийн өмнө М улсад ирсэн байсан. Ингээд Н.Ц-ыг М улсад ирсэн цагаас нь хойш М.С “надад машин аваад өгөөч, том тэрэг аваад хөдөө ажиллавал их ашигтай юм байна” хэмээн гуйж байсан. М.С нь уулзах болгондоо энэ талаар ярьж байсан учраас би хүний нутагт 3 жил хамт ажиллаж, дүү шигээ байсан болохоор нь мөн Ц-гийн эгчийнх нь хүүхэд байсан тул итгээд 2022 оны 09 дүгээр сард ............, .............. загварын том ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгслийг А гэх хүнээс авсан. Ингэхдээ А-ийн 73,300,040 төгрөгийн зээлийг төлөөд, 77,700,000 төгрөгийг бэлнээр өгч, нийт 151,040,000 төгрөгөөс ............. загварын .............. арлын дугаартай, өөрөө буулгах зориулалтай чиргүүлийг У гэх хүнээс 58,540,000 төгрөгөөр, мөн өөр загварын тээврийн хэрэгслийг 21,500,000 төгрөгт тооцож, нийтдээ 80,040,000 төгрөгөөр тус тус авч, нийт 231,040,040 төгрөгөөр чиргүүлтэй том тэргийг М.С-д авч өгсөн. Уг төлбөр мөнгийг Н.Ц өөрийн Т банкны данснаас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр А болон У-ын данс руу шилжүүлсэн. Мөн тэр өдрөө Х загварын тээврийн хэрэгслийг гэрээ байгуулан У руу шилжүүлж өгсөн байдаг. Тухайн үед М.С өөрийн аавын .............. улсын дугаарыг том ачааны машиндаа тавимаар байна гэж гуйсных нь дагуу М.С-гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Үүнээс хойш М.С нь уг тээврийн хэрэгслээр тээвэрт явж, талууд хоорондоо мөнгө шилжүүлж өгнө гэдэг байдлаар тохирсон боловч тохирсон мөнгөө шилжүүлж өгөөгүй тул асуудал үүссэн. Ингээд Н.Ц өөрийн хөрөнгөөр авсан машиныг М.С-гаас нэхэмжилж байгаа юм. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд нь хариуцагч М.С халдаж, тээврийн хэрэгслийг нь өөрийн нэр дээр нь шилжүүлж өгөлгүй, тээврийн хэрэгслийг нэр дээрээ байгааг ашиглан мөнгө өгвөл шилжүүлье гэх байдлаар барьцаалж иргэн Н.Ц-ыг хохироож байгаа. Иймд нэхэмжлэгч Н.Ц нь 2019 онд үйлдвэрлэсэн 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр импортлогдсон ... хөдөлгүүрийн багтаамжтай ............... загварын .............. загварын .............. арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгох, уг тээврийн хэрэгсэл болон өөрөө буулгагч чиргүүлийн бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Мөн энэ уг нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлээд 247,173 төгрөгийг хариуцагч М.С-гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарсан. Учир нь уг тээврийн хэрэгслийг ашиглаж энэ хэмжээний орлогыг олсон байна. Энэ орлогыг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Н.Ц авах хууль зүйн үндэслэл байна гэдэг агуулгаар нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбар гаргахад 28,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тээврийн хэрэгслийг ашиглаж байх үед орлого олохоос гадна зарлага гаргасан байхыг үгүйсгэхгүй. Иймд манай талаас зарлагуудыг хассан дүнгээр буюу 247,173,000 төгрөгийг Н.Ц М.Сгаас нэхэмжилж байгаа. 28,000,000 төгрөгийг уг тээврийн хэрэгслийг ашиглаад олчихсон учраас нэхэмжлэгч тал төлөх үндэслэл байхгүй. Мөн 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц хариуцагч Сгаас авсан. Энэ үнийн дүнг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж тооцсон гэв.
Хариуцагч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 6 дугаар сарын үеэр Ц болон өөрийн ах дээрээ очиж ажил хийхээр Б Солонгос улс руу явсан. Тухайн үед манай ахын найз болох Н.Ц гэдэг хүнтэй анх танилцаж байсан. Би өөрийн ажлын хажуугаар Н.Ц ахтай хамт ажилладаг байсан. Ингээд 1 жил гаран болсны дараа би М руугаа буцах болсон. Тэгтэл Н.Ц ах надад 1 сар гарангын цалин дутуу өгсөн. Өөрөөр хэлбэл 1 сар гарангын цалин өгөөгүй байсан. Тэгээд Н.Ц ахаас цалингаа яах вэ гэж асуухад “Монголд очиж байгаад хоёулаа болно, хоёулаа очиж байгаад юм хийнэ” гэсэн агуулгатай зүйл ярьж байгаад намайг буцаасан. М улсдаа ирээд дахин цалингаа асуутал “очиж байгаад болно” гэх мэтээр хойшлуулсаар байсан. Үүнээс хойш би 2022 он хүртэл 2 жил гаран том тэрэг барьсан. Тэгээд удалгүй Н.Ц ах М улсад ирж надтай холбогдоод “хоёулаа юмаа хийе” гэж хэлэхээр нь би ажлаасаа гараад Ц ах дээр очсон. Ингээд бид хоёр 6,7 сар хийцгүй байж байгаад том ачааны машин авахаар болсон. Авахдаа “хоёулаа том тэрэг авна, тэгээд бүх мөнгөө хийж дууссаны дараа орлогоо хуваана, дараа нь машинаа зараад мөнгөө тэнцүү хувааж авъя” гэхээр нь зөвшөөрөн. Бид иймэрхүү байдлаар аман гэрээ байгуулсан. Бид ачааны машинаа 2022 оны 10 сард аваад 06 сар хүртэл 8 сарын хугацаанд олсон орлого болох 40,000,000 төгрөгөө Н.Ц ах руу шилжүүлсэн. Энэ хугацаанд үүнээс илүү мөнгө олох боломж байхгүй. Н.Ц ахын тооцож нэхэмжилсэн мөнгө арай л их мөнгө байна. Ийм хэмжээний мөнгө олох боломжгүй. Мөн би Н.Ц-аас машин авснаасаа хойш нэг ч төгрөг авч байгаагүй. Өөрийн олсон орлогоосоо Н.Ц-т сард 5,000,000 төгрөг өгдөг байсан. Би дугуй засвар, бензин, тос, машины эд анги, сэлбэгийн мөнгө, туслах жолоочийн цалин хоол унд гэх мэтчилэн бүх зардлаа өөрөө зохицуулж, өөрийн орлогоосоо гаргадаг байсан. Сүүлд өөрийнхөө П маркийн машинаа 14,000,000 төгрөгөөр зараад бараг 8,000,000 төгрөгөөр нь том ачааны машиндаа засвар хийсэн. Ингээд ажилдаа гарах гэж байтал Н.Ц утсаар залгаад “машиныг чинь очиж үзээдэхье, хаана байна” гэхээр нь би байгаа газрыг нь хэлсэн. Гэтэл орой нь над руу залгаад “ би машинаа аваад явчихлаа” гэхээр нь би “Та яагаад аваад явчхав, юу болсон бэ” гэхэд “өөрийнхөө юмыг өөрөө авч байна, чамд хамаагүй” гэсэн. Ингээд намайг хаяад явсан. Үүнээс 20 гаран хоногийн дараа “миний нэр дээр шилжүүлж өг” гэхээр нь би “ахаа хоосон хоцорчихлоо шүү дээ, би цалин гэж аваагүй, дундаас нь юу ч унагааж амжаагүй байгаа” гэж хэлтэл надад хамаагүй гэдэг утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл би машиныг чинь таны нэр дээр шилжүүлж өгөхгүй” гэж хэлсэн. Гэтэл Ц ах “7,000,000 төгрөг өгье” гээд машины хоёр гэрчилгээ болон номертой нь салгаж А аймагт авчирч өгсөн. Тэгээд би “нотариат хийлгэчихлээ, та мөнгөө хийх үү” гэтэл эхлээд нэрээ шилжүүл гэсэн тэгэхээр нь би “эхлээд мөнгөө авч байж, шилжүүлж өгнө” гэж хэлсэн. Үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Анх бид хоёр 3,4 жил ажиллана гэж ярьсан боловч Н.Ц дундаас нь больсон учраас би орлого болох 40,000,000 төгрөгийнхөө талыг нь авах эрхтэй гэж үзсэний үүднээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн 8 сарын дотор 247,000,000 төгрөгийн орлого олно гэж байхгүй. Миний дансны хуулгаас “тээвэр” гэсэн утгатай бүх орлогыг уг ачааны машинаас олсон орлого хэмээн тооцож гаргасан байсан. Мөн машин авах зорилгоор хүнээс зээлсэн мөнгөнүүдийг хүртэл уг машинаас олсон орлого хэмээн тооцсон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин том ачааны машиныг нь нэр дээр нь шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Би ажилласан 8 сарын хугацаандаа огт цалин аваагүй. Би 8 сар хий дэмий хоосон байсан болох гээд байна. Би бүх орлогоо Ц руу шилжүүлсэн гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.С анх манай компанид 2023 оны 02 сарын 08-ны өдөр холбогдож 40-40 АРА улсын дугаартай том ачааны машиныг шилжүүлж, манай тээвэрт явж эхэлсэн. Уг машины эзэмшигч нь М.С тул манай компани М.С-тай гэрээ байгуулсан. Хавтаст хэрэгт тээврийн задаргаа, тооцооны баримтуудыг хавсаргасан. 4 дүгээр сараас буюу 03 дугаар сарын 30-ны өдрөөс 8819 улсын дугаартай машиныг шилжүүлж оруулж ирсэн. Мөн адил С-тай гэрээ хийсэн. Бид энэ хүмүүсийн цаана ямар үйл ажиллагаа явж байсан талаар мэдэхгүй. ........... улсын дугаартай ачааны машинаар 6 удаагийн рейс хийсэн. Энэ машин нэлээн эвдрэлтэй болсон байгаа. Үүнээс хойш бүртгэл хийгдээгүй байна. М.С одоо манайд 3,000,000 төгрөгийн өглөгтэй байгаа. М.С ажиллаж байхдаа машин эвдэрчихлээ гээд олон удаа урьдчилгаа гуйж байсан. Үүнээс үлдсэн мөнгө 3,000,000 төгрөг байгаа. Энэ мөнгөө төлчихвөл манайх машиныг нь шилжүүлээд өгч болно гэв
10. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт
- Т ХХК-д эзэмшдэг нэхэмжлэгчийн харилцах дансны харилцагчийн хуулга / 1-р хх 5х/
- Нийслэлийн Ч дүүргийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний 3661 дугаартай “ Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /1-р хх 6-7х/
-Нийслэлийн Ч дүүргийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/6 дугаартай “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай” хариу мэдэгдэх хуудас /1-р хх 8х/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх 9х/
11. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт
-А аймгийн Автотээврийн төвөөс 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 69 дугаар албан бичгээр ирүүлсэн
улсын дугаар ............., марк ......., модель ............, арлын дугаар .............., тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, хавсаргасан баримтууд /1-р хх 53х, 66-89х/
улсын дугаар ............, марк ....., модель ......, арлын дугаар ................ тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Л.Л, М.С нарын байгуулсан худалдах худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд, М ХХК-н гаалын бүрдүүлэлтийн баримтууд /1-р хх 52х, 54х, 55-65х/
-Гэрч О.А-ийн мэдүүлэг /1-р хх 95-98х/
-Хариуцагч М.С-гийн Х банк ХХК, Г банк ХХК-д эзэмшдэг дансны хуулга, Т банк ХХК-д данс эзэмшдэггүй тухай тодорхойлолт , Х банк ХХК-д эзэмшдэг дасны хуулга / 2-р хх 64-101х/
12. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримт:
-М.Сгийн Х банк ХХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 212-241х/
13. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт
- Гэрч Ж.М-ын мэдүүлэг /2-р хх 1-2х/
-гэрч Н.Д-гийн мэдүүлэг /2-р хх
-гэрч Н.Н-ын мэдүүлэг /2-р хх
14. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан Г ХХК-с ирүүлсэн баримт:
- Г ХХК-н хуулийн этгээдийн гэрчилгээ, итгэмжлэл /1-р хх 149-150х/
-М.Сгийн Х банкны ............ тоот дансанд Г ХХК-с урьдчилгаа болон тээврийн үйлчилгээний хөлс шилжүүлсэн баримтууд / 2-р хх 12-45х/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц-ын хариуцагч М.С-д холбогдуулан 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, ......... хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн ........... загварын .............. арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон .......... загварын .............. арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл ..................загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгах, 247,173,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах, хариуцагч М.С-гийн 28,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Иргэн Н.Ц би 2008 оноос 2021 он хүртэлх хугацаанд БНСУ-д ажиллаж амьдарсан. ...2018 онд манай найз Ц-гийн эгчийнх нь хүүхэд буюу М.С С улсад ирэхэд уулзаж танилцаж , ажил олж өгч, өөрийнхөө хүрээнд хамт ажиллаж түүнээс хойш миний хуурай дүүгийн харилцаатай болсон. ...нийт 213,040,040 төгрөгөөр чиргүүлтэй том тэргийг авч М.Сд авч өгч байсан. Уг мөнгүүдийг Т банкин дахь ........... дугаарын данснаас 2022.09.19-ний өдөр Н.А болон О.У-ын данс руу шилжүүлсэн. Мөн тэр өдрөө ........... загварын тээврийн хэрэгслийг гэрээ байгуулж О.У руу шилжүүлж өгсөн байдаг. Тухайн үедээ би У хотын хаягтай, М.С нь өөрийн аавын ........... улсын дугаарыг том тэргэндээ зүүмээр байна гэж гуйсных нь дагуу өөрийн нэр дээр уг тээврийн хэрэгслийг шилжүүлж авахгүйгээр шууд М.С-гийн нэр рүү итгээд шууд шилжүүлсэн.
М.С нь тухайн үедээ надад “ би аавынхаа дүүгийн яг энэнтэй адилхан машиныг жил гаран барьсан. Мөнгийг олох боломжтой юм байна лээ. Би зүгээр байхаар танаар машин авахуулаад сард хамгийн багадаа 15 сая төгрөг олно оо. Би 1 жил гаруйн дотор таны машины мөнгийг хийнэ. Сар сардаа 15 саяас дээш мөнгийг тань руу шилжүүлээд байх болно оо. Төлж дуусгаад хоёулаа энэ машиныг дундаа өмчилье...Түүнээс хойш олсон орлогоо хуваагаад явъя” гэсэн бөгөөд би энэхүү үгэнд нь итгээд хуурай дүүгийн харилцаа, найзынхаа эгчийн дүү гэдэг утгаар нь намайг хуурч мэхлэхгүй байх гээд зөвшөөрч байсан. ...Өөрөөр хэлбэл 231 сая төгрөгөөр машин авахуулсан атлаа 1 жил гаруйн хугацаанд 30 сая төгрөг л шилжүүлсэн байдаг. Одоо энэ шилжүүлсэн мөнгөө миний цалин мэтээр тайлбарлаж намайг хохироож байна. ...миний мөнгөөр тээврийн хэрэгсэл авахуулж өөрийн нэр дээр авч одоо уг тээврийн хэрэгслийн нэрийг буцааж шилжүүлж өгөхгүй иргэн намайг маш их хохироож байна. ...уг тээврийн хэрэгсэл гэдэгт 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, .... хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн ............. загварын ............... арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон .............. загварын ................ арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл зэргийг хамааруулж байгаа болохоо тодруулж байна.
...Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж М.С-гаас 247,173,610 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь М.С нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж өөрийн Х банкны .............. тоот дансны 2022.10.01-ний өдрөөс 2023.06.05-ны өдрийг хүртэлх дансны хуулгыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд уг дансны хуулгаас үзэхэд М.С нь Н.Ц-ын 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, .......... хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн ............... загварын ............ арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон ............ загварын .............. арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүлийг ашиглаж 247,173,610 төгрөгийн орлогыг олсон болох нь нотлогдож байх тул уг 247,173,610 төгрөгийг М.С-гаас гаргуулж Н.Ц-т олгох шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна. ...М.Сгийн Х банкны ................ тоот дансны 2022.10.01-ний өдрөөс 2023.06.05-ний өдөр хүртлэх дансны хуулгаас үзэхэд М.С нь 8 сарын хугацаанд 336,456,854 төгрөгийн орлогыг олсон болох нь харагдаж байгаа бөгөөд энэхүү 8 сарын хугацаа нь Н.Ц-ын тээврийн хэрэгсэл өөрөө буулгагч чиргүүлийг ашиглаж байсан, уг тээврийн хэрэгсэл, өөрөө буулгагч чиргүүлийг ашиглаж энэхүү орлогыг бүтэн болсон гэж үзэх үндэслэлтэй. Хэдийгээр дээрх 336,456,854 төгрөгийн дийлэнх хэсгийг нэхэмжлэх үндэслэлтэй байсан хэдий ч Н.Ц-ын хувьд дансны орлого хэсгийн утгыг үндэслэн зөвхөн тээврийн хөлс гэсэн агуулга бүхий орлогуудыг л шаардаж байгаа болно. Иймд М.С-гаас 247,173,610 төгрөгийг гаргуулж Н.Ц-т олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.С-гаас нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан том машин авахуулах талаар санал тавьж сардаа 5 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр ярилцаж том машиныг нь би өөрийн нэр дээр шилжүүлэн авч ажил хийж байсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан 15 сая төгрөгийг сар болгон өгнө гэж огтхон ч тохиролцоогүй, сард 15 сая төгрөг олох боломж огт байхгүй юм. ...Би анх нэхэмжлэгчтэй сар болгон 15 саяас дээш мөнгө шилжүүлнэ гэж анхнаасаа тохироогүй, 5 сая төгрөг шилжүүлнэ гэж тохирсон. Миний бие тухайн өдрүүдэд дээрх мөнгийг шилжүүлсэн. Мөн өөрийн төрсөн эх Д-гийн ............. дугаарын Х банкны данснаас нэхэмжлэгч Н.Ц-ын Ц гэдэг хүнд өгөх ёстой байсан 10 сая төгрөгийг Ц-ийн охин А-ын дансанд 2023.04.26-ны өдөр шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхийг Ц өөрөө надад утсаар хэлсний дагуу би тэр мөнгийг нь шилжүүлсэн. Ингэхээр би нэхэмжлэгч Н.Ц-т 30 сая биш 40 сая төгрөгийг өгсөн. ... Миний тухайн автомашинд засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, бензин тос, туслах ажилтны цалин хөлс үэрэгт зарцуулсан мөнгөний тал хагасыг, мөн анх хэлэлцэн тохирсон амлалтандаа хүрэлгүй, машинаа буцааж авч намайг хохироосон учраас нэхэмжлэгчид өгсөн 40 сая төгрөгийн тал хувь болох 20 сая төгрөгийг, мөн С улсад ажил хийгээд нэхэмжлэгчээс авах ёстой байсан цалин хөлс 5 сая төгрөгийг надад төлөх юм бол миний бие автомашиныг нэр дээр нь шилжүүлж өгнө гэжээ.
Хариуцагч М.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Н.Ц бид хоёр анх тохирохдоо автомашиныг Н.Ц худалдан авч надад өгөх, би тухайн машинаар ажил хийж мөнгө олж ашгаа хуваах тохиролцоотой байсан. Би ажиллаж олсон мөнгө болох 40 сая төгрөгийг түүнд шилжүүлсэн. Үүний 50 хувь буюу 20 сая төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие тухайн автомашиныг анх 2022 оны 09 дүгээр сард авчихаад хуучин машин байсан учраас эхний 10 хоног ажилд гараагүй, тухайн автомашинд засвар үйлчилгээ хийж багаж хэрэгсэл авах зэргээр өөрийн болгож тордох гэж өнжсөн. ...Иймд машин барьж байх хугацаандаа олж нэхэмжлэгчид шилжүүлсэн 40,000,000 төгрөгийн 50 хувь 25,000,000 төгрөг, сэлбэг хэрэгсэл, бензин тос, эвдрэл гэмтлийн зардалд зарцуулсан 17,000,000 төгөгийн 50 хувь болох 8,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг үндсэн нэхэмжлэгч Н.Цаас сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигчийн тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.
-2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, .......... хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн .............. загварын ............. арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон ............... загварын ............... арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл ..................загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч Н.Ц өөрийн өмчлөлийн автомашины бүртгэлийг өөрт нь шилжүүлэн өгөхгүй байгаа хариуцагч М.С-гийн эс үйлдлийн эсрэг өмчлөх эрхээ хэрэгжүүлэх нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч М.С нарын тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож нэхэмжлэгч Н.Ц төлбөрийг төлж хариуцагч М.С-гийн нэр дээр бүртгүүлж , цагаан өнгийн ............ загварын ............. арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон ........... загварын ................ арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл ..................тээврийн хэрэгслийг худалдан авсан, одоо уг тээврийн хэрэгсэл чирэгч толгой болон чиргүүл нь нэхэмжлэгч Н.Ц-ын эзэмшилд байгаа, уг автомашиныг хариуцагч М.С ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Г ХХК-н нэр рүү шилжүүлж бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Шүүх хуралдааны шатанд хариуцагч М.С маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн бүртгэлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэх шаардлагыг зөвшөөрч байгаа болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг баримтлан 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, .... хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн .............. загварын .............. арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон .......... загварын ................. арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл ..................загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Ц-ыг тогтоож холбогдох бүртгэл хийх болон шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг Авто тээврийн үндэсний төв болон хариуцагч М.С-д даалгалаа.
-247,173,610 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон 28,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ дурдсан “...Би зүгээр байхаар танаар машин авахуулаад сард хамгийн багадаа 15 сая төгрөг олно оо. Би 1 жил гаруйн дотор таны машины мөнгийг хийнэ. Сар сардаа 15 саяас дээш мөнгийг тань руу шилжүүлээд байх болно оо. Төлж дуусгаад хоёулаа энэ машиныг дундаа өмчилье...Түүнээс хойш олсон орлогоо хуваагаад явъя” гэсэн бөгөөд би энэхүү үгэнд нь итгээд хуурай дүүгийн харилцаа, найзынхаа эгчийн дүү гэдэг утгаар нь намайг хуурч мэхлэхгүй байх гээд зөвшөөрч байсан” гэсэн тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн “Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан том машин авахуулах талаар санал тавьж сардаа 5 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр ярилцаж том машиныг нь би өөрийн нэр дээр шилжүүлэн авч ажил хийж байсан. ...Би анх нэхэмжлэгчтэй сар болгон 15 саяас дээш мөнгө шилжүүлнэ гэж анхнаасаа тохироогүй, 5 сая төгрөг шилжүүлнэ гэж тохирсон. Миний бие тухайн өдрүүдэд дээрх мөнгийг шилжүүлсэн” гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэгч Н.Ц хөрөнгөө, хариуцагч М.С хөдөлмөрөө нэгтгэн ашиг олох болон тодорхой зорилго хэрэгжүүлэхээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар зохигчид гэрээг амаар байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй, хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэсэн нь мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т нийцсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар хамтран ажиллахаар тохиролцохдоо эхний ээлжинд машин худалдан авсантай тэнцэх хэмжээний мөнгийг Н.Ц авахаар, үүний дараа машиныг М.С-гийн хөрөнгө болж хойших ашгийг 2-лаа хувааж авахаар тохиролцсон болох нь тогтоогдож байна. Машиныг ашиглахтай холбоотой гарч байгаа зардлыг олж байгаа орлогоос зарцуулахаар тохирсон гэж ойлгосон учир нэхэмжлэгчээс тухайн үед зардал нэхэмжлээгүй талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгээгүй, маргаагүй.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж, мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг талуудын оруулсан хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилна” гэж тус тус зохицуулсан. Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч М.С нар нэг талаас хөрөнгөө, нөгөө талаас хөдөлмөрөө оруулахдаа оруулж байгаа хувь хөрөнгө болон хөдөлмөрийг хэдэн хувь оруулсан гэж үзэх талаар гэрээнд өөрөөр тохиролцсон гэж тогтоогдоогүй тул тэнцүү хуваах нь зүйтэй. Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагчийг түүний машиныг жолоодож байх үед олсон ашгийг бүхэлд нь нэхэмжилсэн боловч гэрээг цуцалж машиныг өөрийн эзэмшилд буцаан авсан тул машины үнэтэй тэнцэх орлогыг нэхэмжлэхгүй, машиныг ашиглаж олсон орлогын 50 хувийг авах эрхтэй.
Хэрэгт авагдсан хариуцагч М.Сгийн Х банк ХХК дахь депозит дансны хуулга, гэрч Ж.М, Н.Д, Н.Н нарын мэдүүлгээр хариуцагчийн данс руу хийгдсэн 140,100,000 төгрөгийн гүйлгээ нь ачаа тээврийн орлого биш, хариуцагч бусдаас зээлсэн мөнгө болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал нийт 2022 оны 10 сарын 01-нээс 2023 оны 06 сарын 05 хүртэл хугацаанд хариуцагчийн дансаар орсон 336,456,823 төгрөгийн орлогын гүйлгээнээс автомашиныг ашиглахад гарсан сэлбэг хэрэгсэл бусад зардлыг хасаж тооцоод 247,173,610 төгрөгийн орлогыг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн “сэлбэг засвар үйлчилгээ 17,704,500 төгрөг, түлш 42,441,540 төгрөг” гэсэн тооцоо болон хариуцагчийн депозит дансны хуулгаар нэхэмжлэгчийн энэхүү зардлыг хасаж нэхэмжилж байгаа гэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн нийт нэхэмжилж байгаа орлого 247,173,610 төгрөгөөс ачаа тээврийн хөлсөнд тооцогдохгүй 140,100,000 төгрөгийг хасаж тооцоход 107,073,610 төгрөгийн орлого олсон нь тогтоогдож байна. Үүнийг нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч М.С нарт тэнцүү хуваахад нэг хүнд 53,536,805 төгрөг ногдоно. Хариуцагч М.Сгаас нэхэмжлэгч Н.Цт 40,000,000 төгрөгийн орлого шилжүүлснийг нэхэмжлэгч тал маргаагүй, зөвшөөрч байгаа бөгөөд 53,536,805 төгрөгөөс нэхэмжлэгчид өгсөн 40,000,000 төгрөгийг хасаж тооцоход нэхэмжлэгч Н.Ц-т аваагүй үлдсэн орлого 13,536,805 төгрөг болно.
Хариуцагч М.С 2022 оны 10 сарын 01-нээс 2023 оны 06 сарын 05 хүртэл хугацаанд олсон орлого 40 сая төгрөгийн тал хувийг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байх боловч нэхэмжлэгчид төлөх ёстой орлогыг бүрэн өгөөгүй, 13,536,805 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлага үндэслэлгүй. Мөн сэлбэг хэрэгсэл авахад зарцуулсан 8,500,000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд гаргасан түүний “ Машиныг ашиглахтай холбоотой гарч байгаа зардлыг олж байгаа орлогоос зарцуулахаар тохирсон гэж ойлгосон учир нэхэмжлэгчээс тухайн үед зардал нэхэмжлээгүй” талаар тайлбараар орлогоос зарцуулахаар тохирсон зардал нэхэмжлэх эрхгүй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476,1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 477.3, 478 дугаар зүйлийн 478.8-т зааснаар хариуцагч М.С-гаас орлого 13,536,805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц-т олгож үлдэх 233,636,805 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.С-гийн 28,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,707,200 төгрөгөөс илүү төлсөн 1,393,818 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож 1,313,382 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч М.С-гаас сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 340500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох буюу өмчлөгч тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, 13,536,805 төгрөг гаргуулах шаардлагад ногдох 225,634 төгрөг, нийт 295834 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, .... хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн ............ загварын .............. арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон .......... загварын ............. арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл ..................загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Н.Ц болохыг тогтоосугай.
2. 2019 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 21-нд импортлогдсон, .... хөдөлгүүрийн багтаамжтай, цагаан өнгийн ............ загварын ............... арлын дугаартай, том, ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл болон ............. загварын ................ арлын дугаартай өөрөө буулгагч чиргүүл ..................загварын том оврын ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн бүртгэлийг нэхэмжлэгч Н.Ц-ын нэр дээр шилжүүлж бүртгэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч М.С-д, холбогдох бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд даалгасугай.
3. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476,1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 477.3, 478 дугаар зүйлийн 478.8-т зааснаар хариуцагч М.Сгаас орлого 13,536,805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц-т олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 233,636,805 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.С-гийн 28,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2707200 төгрөгөөс илүү төлсөн 1,393,818 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож 1,313,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сгаас сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 340,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох буюу өмчлөгч тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, 13,536,805 төгрөг гаргуулах шаардлагад ногдох 225,634 төгрөг, нийт 295834 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН