| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00281/И |
| Дугаар | 301/ШШ2025/00170 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 301/ШШ2025/00170
| 2025 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 301/ШШ2025/00170 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Ч.У-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн НДГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.У хариуцагч А аймгийн НДГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.У нь А аймгийн НДХ-т /одоогийн нэршил НДГ/ 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 тоот тушаалаар сангийн зарлагын нягтлан бодогчийн ажлын байранд ТҮ 3-5 ангилал зэрэглэлд хамааруулан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тухайн ажлын байранд ажиллахдаа ямарваа хөдөлмөрийн сахилгын зөрчил, дутагдалгүй ажиллаж ирсэн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалаар намайг ажлаас халахдаа үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тоот тушаал болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 онд А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийсэн шалгалтын дүнгийн танилцуулга зэрэг нь миний хөдөлмөрийн харилцаанд хамааралгүй зохицуулалтууд бөгөөд эдгээр үндэслэлийг дурдан ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Үүнд: Нэгдүгээрт, Ажлаас халах тушаалдаа үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 болох “... эрх бүхий байгууллага шаардсан” гэх үндэслэл хангагдахгүй байгаа тухайд:
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тоот тушаалын 2.8 дахь хэсэгт дурдсан байгаа “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 тоот тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг мөрдөж, тасгуудын чиг үүргийг тодорхойлж, төрийн үйлчилгээний албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, тэдгээр албан хаагчдтай Хөдөлмөрийн хуульд заасны дагуу зохих гэрээ байгуулан ажиллуулах” гэж даалгасан байх атал тус тушаалыг зөрчин, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардсан болгож, намайг ажлаас халсан нь хууль бус байна.
Хоёрдугаарт, Ажлаас халах тушаалын үндэслэл болгосон 78.1.9 болох ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нөхцөл хангагдаагүй байхад хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж халсан тухайд:
Хөдөлмөрийн хуулийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан байх гэсэн үндэслэл нь хэрвээ ажил олгогч санаачилсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-т заасан тодорхой үндэслэлүүдээс чухам аль үндэслэлээр халж байгаагаа тодорхой дурдаж байж, хууль зүйн хүчин чадалтай болох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-т заасан үндэслэл байхгүй бол ажилтныг ажил олгогчийн санаачилгаар халах нь хууль бус, үндэслэлгүй юм. Гэтэл тус ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх заалтуудаас нэг ч дурдагдаагүй бөгөөд дурдах үндэслэл мөн бүрдээгүй байсан болно.
Гуравдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 83.3 болон 83.4 дэх заалтууд нь өмнө дурдагдсан хуулийн зүйл заалтууд үндэслэлтэй тохиолдолд ажил хүлээлцэхтэй холбоотой процесс ажиллагааг зохицуулсан буюу хамааралгүй зохицуулалтууд болох тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 83.3 Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацаа заана. Хөдөлмөрийн тухай хуулийн 83.4 Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно.
Дөрөвдүгээрт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тоот тушаал болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 онд А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийсэн шалгалтын дүнгийн танилцуулга зэргийг ажлаас халах тушаалдаа үндэслэсэн байгаа нь ажилтан миний хөдөлмөрийн эрхийн харилцаанд огт хамааралгүй болох тухайд:
Ажил олгогч ажилтныг халах харилцаа нь хөдөлмөрийн эрхийн маргааны төрөлд хамаарах иргэний эрх зүйн харилцаа бөгөөд халах тодорхой үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуульд нэрлэн заасан. Эдгээр нэрлэн заасан үндэслэлээс бусад үндэслэлээр ажлаас халах нь хуулиар хориотой бөгөөд улсаас баталсан тухайн байгууллагын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах нь ажилтан надаас үл хамаарах буюу төрийн захиргааны эрх зүйн харилцаа, тэдгээрт хамаарах хууль тогтоомжоор зохицуулах харилцаа юм. Дээр үүссэн төрийн байгууллагын захиргааны эрх зүйн харилцааг хөдөлмөрийн харилцаанд хамруулан хэрэглэх нь ажилтныг хууль бусаар хохироосон үйлдэл болох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 2.5-д заасан үндсэн зарчмыг дагаж мөрдөж хөдөлмөрлөх эрхийг минь хангаж өгнө гэж итгэж байна. Тиймээс миний ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч А аймгийн НДГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн Ч.У-тай холбогдох нэхэмжлэлтэй танилцан. Дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэг: НДХ-ийн даргын 2022.05.02-ны өдрийн тушаалаар Ч.У-г гэрээт ажилтнаар томилон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан билээ. Гэтэл Ч.У нь хувийн өш хонзон өвөрлөн НДЕГазарт 2023 онд 2 удаа газрын дарга А.Ааг шалгуулахаар өргөдөл гарган шалгуулсан. Уг шалгалтын дүнгийн тайлан дээр Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн талаар НДЕГ-ын даргын тушаал болон шалгалтын дүнгийн танилцуулга дээр тэмдэглэгдэн ирсэн. Шалгалтын дүнгийн танилцуулгад 2018.02.28-ны өдрийн А/22 тоот Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан “Бүтэц, орон тоо батлах” тухай тушаалыг зөрчин чиг үүргийг давхардуулан гэрээт ажилтныг томилсон, шинээр орон тоог бий болгосон нь Төрийн Хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9 дах заалтыг зөрчсөн үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн байх тул төсөв захирагчийн хувьд хуульд нийцүүлэх болон дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой тул өөрийн шийдвэрийг хуульд нийцүүлэн гэрээт ажилтан болох Ч.У-тай байгуулсан гэрээг цуцалж хөдөлмөрийн харилцааг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгосон. Мөн 2023 оны Нийгмийн даатгалын сангийн болон үйл ажиллагааны жилийн эцсийн тайланд аудит хийж Төрийн аудитын газрын дүгнэлтээр мөн дээрхтэй адил орон тоог давхардуулан ажиллуулсан, дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн тул зөрчлийг таслан зогсоох талаар дурдан албан шаардлага өгч хуульд нийцүүлж ажиллах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хэдийгээр Төрийн аудитын газрын 2024.03.22-ны дүгнэлтийг үндэслэн ажлаас Ч.У-г чөлөөлөөгүй ч төсөв захирагч миний биеийг тус хэлтсийн 2023 оны бүтэц орон тоон дээр зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул НДЕГ-ын дүнгийн танилцуулга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал, Төрийн аудитын газрын 2023 оны 294/АО370220 албан даалгаврыг биелүүлэх нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар 16.5.3 дах заалт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалт, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.11 дэх заалт “Хууль тогтоомж гэрээ хэлцэл зөрчсөн алдаа зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байх үр нөлөөтэй гэж үзсэн бусад нөхцөл байдал гэсэн заалтыг тус тус үндэслэн хийсэн үйлдлээ төсөв захирагч миний бие ухамсарлан хуульд нийцүүлж ажиллах нь зүй ёсны хэрэг тул ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ. Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Төрийн аудитын газар нь дээрх зөрчлийг гаргасан байна гэж үзэн хууль бус томилгоо гэсэн байх тул дээд байгууллагын шаардлагыг хууль болон дүрэм журамд нийцүүлэн биелүүлсэн гэж үзэж байна. Ч.У нь 2023 онд 1 удаа сахилгын шийтгэл, 1 удаа төрийн албан хаагчийг ажлын байран дээр элдвээр хэлж ёс зүйн зөрчил гарган авирласанд тус хэлтсийн ёс зүйн хорооноос сахилгын арга хэмжээ авсан Ч.У-г ажлаас нь чөлөөлөөгүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын шалгалтын дүнгийн танилцуулга 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирсэн байхад Монголын уламжлалт цагаан сараа тэмдэглэг гэж бодож 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон чөлөөлсөн. Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зөрчин Ч.У гэдэг хүнийг ажилд авч ажиллуулан гэрээт ажилтнаар томилж, түүний эрх зүйн байдлыг нь дордуулалгүй цалин хөлс, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа болох хангамжуудаар бүрэн хангаж ажилласаар ирсэн байхад намайг ХНХЯам, Ерөнхий сайд, дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газар, ард иргэд мөн тус хэлтсийн ажилтан албан хаагчдын дунд байгууллагын дарга болох удирдлагыг гутаан доромжилж, нийгмийн сүлжээгээр хүртэл нэр төр, алдар хүндэд маш бүдүүлэг дайралт хийж удаа дараа доромжилсоор ирсэн билээ. Хоёр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа 2023 оны Нийгмийн даатгалын ерөнхий газрын шалгалтын дүнгийн танилцуулгыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/22 тоот тушаалаар баталсан А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоог баталсан байх тул гэрээт ажилтан буюу 4 манаачийн орон тоон дээр өөр ажил албан тушаалыг бий болгон авсан нь дээрх шалгалтаар нотлогдож байх тул хамт олны дунд танилцуулан хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн хуульд нийцүүлж ажиллахаар гэрээт ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь үнэн болно. Гурав, Ч.У-г ажлаас чөлөөлөх тушаалыг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.4 дахь заалтад заасны дагуу ажил хүлээлцүүлэх хугацааг зааж 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хүлээлцүүлэх талаар ажлаас чөлөөлөх тушаалд тусгасан. Мөн Ч.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу ажил дуусгавар болгохоос 2 өдрийн өмнө тушаалыг эх хувиар нь өөрт нь гардуулан өгсөн. Дөрөв, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тоот тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 онд хийсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулгад А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа болон нийгмийн даатгалын сангийн баримтад тулгуурлан үзлэг шалгалт хийгдсэн. Уг шалгалтын хүрээнд гарсан зөрчил дутагдлыг арилгах, хуульд нийцүүлэн ажиллах, зөрчлийг таслан зогсоох, цаашид алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах нь байгууллагын удирдлага болгох төсөв захирагчийн үүрэг тул уг шалгалтын дүнг үндэслэн хуульд нийцүүлэн ажилласан. Уг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын шалгалтыг Ч.У өөрөө захиалан шалгуулсан билээ. Хөдөлмөрийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу Ч.У-тай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо дараах арга хэмжээг авч ажилласан. Үүнд:
1. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус хэлтсийн хамт олныг байлцуулан бүх нийтийн хурлыг хийж Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулга болон 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/17 тоот тушаалыг уншиж танилцуулсан. Уг хуралд Ч.У өөрийн биеэр сууж сонссон. Тус хурал дээр Ч.У-д мэдэгдэх хуудсыг хамт олны дунд гардуулж өгсөн. Хамт олон гэрчлэх бөгөөд хурлын тэмдэглэл миний хэлсэн үгс тэмдэглэгдсэн байгаа.
2. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01/125 тоот хэлтсийн даргын албан тоотоор мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай албан тоотыг Ч.У-д өгсөн.
3. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл өгсөн боловч Ч.У нь уншиж танилцсан бөгөөд гарын үсэг зурахгүй байна. Мэдэгдэлд Ч.У-тай хамт нэг өрөөнд сууж ажиллаж байгаа албан хаагчид бүгд сонсоод сууж байсан бөгөөд мэдэгдэлд тайлбар бичсэн гарын үсгүүд байгаа болно. Гэрчтэй тул мэдэгдлийг аваагүй гэх үндэслэл байхгүй байна.
4. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ч.У-тай Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүднээс сонсон ажиллагааг явуулсан. Ч.У нь өөрийн биеэр оролцон хариу тайлбар хийж гарын үсэг зурсан. Сонсох ажиллагааны үеэр хүртэл намайг худал гүтгэн гутаан доромжилж, хүний нэр төрийг уландаа гишгэсэн үйлдэл гаргасныг хуралд оролцож байсан 7 албан хаагч гэрчилнэ.
5. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ч.У-тай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалыг гардуулан өгсөн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон ажил, амралтын тооцоог хийж дуусгасан.
Нэхэмжлэлийн шаардлага болох ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах асуудлыг ханган шийдвэрлэх боломжгүй тул хариу тайлбарыг ийнхүү хүргүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ч.У нь тус шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлага маань учир дутагдалтай тул өмнөх нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмээд дараах цалин хөлс болох нэмэгдлүүд, амралтын цалин олговоруудыг гаргуулах хүсэлтэй байгаагаа уламжилж байна. Үүнд: ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг нэмж гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Тус байгууллагад сангийн нягтлан бодогч гэрээт ажилтнаар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаарх гомдлыг Ч.У гарган хариуцагчаар А аймгийн НДГ оролцож байгаа болно. Хөдөлмөрийн гэрээр дуусгавар болгосон талаарх хариу тайлбарыг өмнө хүргүүлж байсан бол манай байгууллагын зүгээс Ч.У-гийн нэмэлтээр гаргасан нэхэмжлэлд тайлбар хүргүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүнд: Иргэн Ч.У нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэнийг төрийн захиргааны албан тушаалд жинхлэн томилох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн албан тушаал төрийн захиргааны албан тушаал болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгч томилогдох ёстой тул Ч.У нь төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдээгүй байх тул ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм. Түүнчлэн Ч.У нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон 3 шатны шүүхийн шийдвэрээр төрийн албанд 3 жил ажиллах эрхгүй шүүхийн шийдвэр гарсан тул Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т зааснаар Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж түүнд холбогдож, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх гэсэн шаардлагыг хангахгүй байх тул тус газар нь ажилд эгүүлэн томилох, ажиллаагүй хугацааны цалинтай тэнцэх олговор, нэмэгдэл цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшууллыг олгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ч овогтой У би А аймгийн нийгмийн даатгалын газрын дарга А.А-гийн гаргасан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон” хэмээн ажлаасаа чөлөөлөгдсөн. Би ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гэж үзээд А аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа талаараа дараах байдлаар тайлбарлая. Үүнд: би ажлаасаа чөлөөлөгдөөд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хариуцагч тал тухайн асуудалд холбогдох нотлох баримтыг хангалттай бүрдүүлсэн гэж ойлгож байна. Миний хувьд хууль эрх зүйн мэргэжилгүй, гэхдээ багш, нягтлан бодогч мэргэжлийнхээ хүрээнд энэ тушаалыг үндэслэн гаргасан хуулийн зүйл заалтад тайлбар гаргаж, сийрүүлэн бичсэнээ уншиж танилцуулъя гээд, тушаал гаргахдаа Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн дүрэм, заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын шалгалтын танилцуулга зэргийг тус тус үндэслэл болгосон байна. Нэгдүгээрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйл 78.1.4 дэх хэсгийн эрх бүхий байгууллага шаардсан гэх боловч яг ямар байгууллага, ямар үндэслэлээр шаардсан гэх зүйл заалт байхгүй байна. Хоёрдугаарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.9 “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэгийг нь гаргасан бол гэх заалтуудыг үндэслэсэн. Ажил олгогч санаачлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийг дурдаагүй тул уг тушаал үндэслэлгүй. Гуравдугаарт: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар 25-ны өдрийн А/17 тоот тушаалыг үндэслэсэн гэх боловч энэ тушаал хариуцагч талын бүрдүүлсэн нотлох баримтад байхгүй байна. Мөн уг тушаалын гаргасан хугацаа зөрөөтэй. 2024 оны 02 дугаар 20-ны өдөр гэдэг үг байхгүй. 25-ны өдрийн А/17 дугаартай тушаал байхгүй байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/17 дугаартай тушаалыг адилтгаж хамааруулан ойлгож болохгүй. Албан хэрэг хөтлөлтөд тооны зөрүү битгий хэл цэг таслал бүхэн утга учиртай байдаг. Тушаал шийдвэрийг хэн нэгэн хүн ганцаараа гаргадаггүй. Холбогдох ажилтнууд тушаалын төслийг боловсруулаад дарга хянаж баталгаажуулдаг зарчимтай. Тэгээд ч хүний ажил амьдралыг шийдвэрлэх тушаалд хуурмаг хандаж болохгүй гэж бодож байна. Хариуцагч талын бүрдүүлсэн нотлох баримтад 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/17 дугаартай тушаал байна. Энэ тушаал нь шалгалтын үр дүнд авах арга хэмжээний тухай буюу сайжруулах үйл ажиллагааны утгатай тушаал болохоос биш Ч.У намайг ажлаас чөлөөл гэсэн зүйл заалт байхгүй байна. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 онд А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийсэн шалгалтын дүнгийн танилцуулгыг үндэслэсэн гэх боловч мөн энэ танилцуулга энэ бүрдүүлсэн нотлох баримтад бас байхгүй байна. Тодруулбал хавтаст хэрэгт А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга гэж байна. Энэ танилцуулга нь хугацаа байхгүй байна. Тэр ч байтугай шалгалтын нэр нь зөрөөтэй байхад адилтгаж хамааруулан ойлгох боломжгүй гэж бодож байна. Мөн дараах зүйлүүдийг анхааран харах хэрэгтэй байх. Үүнд: А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийсэн шалгалтын дүнгийн танилцуулгын толгой хэсэгт нь 2023, 10, 12 гэсэн хууль бус огноо бичсэнийг харахад 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн танилцуулга байна гэж харагдаж байна. Гэтэл шалгалтын бүрэлдэхүүн хугацаа хэсэгт нэрийг бичээд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ гэж бичсэн байна. Үүнээс дүгнэн үзэхэд шалгалтын танилцуулга нь шалгалтаа хийхээс өмнө гарсан харагдаж байгаа тул хуурамч танилцуулга байна. Мөн А аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга А.А-гийн гарын үсэг уг танилцуулагад байхгүй байгаа нь тус шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй, хүчингүй танилцуулга гэж харагдуулж байна. А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийсэн шалгалт гэсэн боловч танилцсан хэсэгт аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга А.А гэснийг харахад байгууллагын нэр өөрчлөгдөөд газар болсон байгаа зэрэг нь албан хэрэг хөтлөлтийн дүрэм журамд нийцээгүй, буруу зөрүүтэй танилцуулга байна гэж харж байна. Миний дээр дурдсан тайлбарт үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хариу тайлбарыг хүргүүлсэн. Тус хариу тайлбарт дурдсанаар сангийн нягтлан бодогч гэрээт ажилтнаар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон талаарх гомдлыг иргэн Ч.У гаргасан бөгөөд хариуцагчаар Нийгмийн даатгалын газар оролцож байна. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаар У нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаа. Өндөр насны тэтгэвэр авч буй иргэнийг төрийн захиргааны албан тушаалд жинхлэн томилох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь тухайн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Төрийн албаны тухай” хуулийн дагуу төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгч томилогдох шаардлагатай. Гэвч У нь төрийн албаны ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдээгүй байна. Иймд түүнийг ажилд эгүүлэн томилуулах, нэхэмжлэлд тусгагдсан шаардлагыг хангах боломжгүй болохыг тайлбарласан. Мөн У нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрээр төрийн албанд 3 жилийн хугацаанд ажиллах эрхгүй болох шийдвэр гарсан. Энэ нь “Төрийн албаны тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “Эрүүгийн хуулиар заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Иймд манай байгууллага ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нэмэгдэл цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, унаа, хоолны хөнгөлөлт, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэв.
2. Нэхэмжлэгчээс:
- Нийгмийн даатгалын хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогч Ч овогтой У-гийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө,
- А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зарлагын гэрээт нягтлан бодогчийн албан тушаалтай Ч.Угийн 2022 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн бичмэл тайлан,
- Э сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар тэмдэглэл,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ч.У-тай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/15 тоот тушаал,
- Ч.У-гийн 2024 оны 02 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл цалингийн тооцооны хүснэгт,
3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт
- А аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 356 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2022 оны санхүүгийн аудитын дүгнэлт,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/647 тоот албан бичгээр ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ,
- Э сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэл /шийдвэр/,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1799 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/-ийн 2021-2023 онуудын цалингийн сангийн төсвийн төсөл, гүйцэтгэл,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/779 албан бичгээр ирүүлсэн 2021, 2022, 2023 оны нийгмийн даатгалын байгууллагын үндсэн болон гэрээт ажилтны үндсэн цалингийн төсөл, төсөөлөл,
- А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/474 тоот албан бичиг,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/811 тоот албан бичиг,
- Гэрч Т.Б-гийн мэдүүлэг,
- Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралт дуу бичлэг бичсэн 1 ширхэг СД,
4. Хариуцагч талаас
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/256 дугаартай албан бичиг,
- 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга,
- Сонсох ажиллагааны тэмдэглэл, захиргааны актын хяналтын дагалдах хуудас,
- Захиргааны шийдвэрийг мэдэгдэх хуудас,
- 2022 оны 05 сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ,
- Нууцын баталгаа,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/22 тоот тушаал,
- А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалт,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай хамт олны хурлын тэмдэглэл,
- А аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 294/АО370220 тоот албан шаардлага,
- 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Мэдэгдэл,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай” 01/125 тоот албан бичиг,
- А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ёс зүйн дэд хорооны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 02 тоот дүгнэлт,
- А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Уг гэрээт ажилд томилох тухай” Б/33 тоот тушаал,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ч.У-тай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/15 тоот тушаал,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/17 тоот тушаал,
- 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Э сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /шийдвэр/,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Аймгийн Нийгмийн даатгалын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэх батлах тухай” А/51 тоот тушаал, тушаалын хавсралт,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Нийгмийн даатгалын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан байцаагч ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/46 тоот тушаал, ажлаас чөлөөлөгдөж буй албан хаагчдын овог нэр, албан тушаал,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Д.Ш-ийг төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчоос чөлөөлж, сангийн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилох тухай” Б/32 тоот тушаал,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Б.Г-ыг ажилд томилох тухай” Б/34 тоот тушаал,
- 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ,
- А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/120 тоот шийтгэх тогтоол,
5. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/1698 тоот албан бичгээр ирүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/22 тоот тушаал,
- Э сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэл /шийдвэр/ зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Угийн хариуцагч А аймгийн НДГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Миний бие Ч.У нь А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст /одоогийн нэршил Нийгмийн даатгалын газар/ 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 тоот тушаалаар сангийн зарлагын нягтлан бодогчийн ажлын байранд ТҮ 3-5 ангилал зэрэглэлд хамааруулан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тухайн ажлын байранд ажиллахдаа ямарваа хөдөлмөрийн сахилгын зөрчил, дутагдалгүй ажиллаж ирсэн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалаар намайг ажлаас халахдаа үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тоот тушаал болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 онд А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийсэн шалгалтын дүнгийн танилцуулга зэрэг нь миний хөдөлмөрийн харилцаанд хамааралгүй зохицуулалтууд бөгөөд эдгээр үндэслэлийг дурдан ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:
... Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022.05.02-ны өдрийн тушаалаар Ч.Уг гэрээт ажилтнаар томилон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан билээ. Гэтэл Ч.У нь хувийн өш хонзон өвөрлөн НДЕГазарт 2023 онд 2 удаа газрын дарга А.А-г шалгуулахаар өргөдөл гарган шалгуулсан. Уг шалгалтын дүнгийн тайлан дээр Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн талаар НДЕГ-ын даргын тушаал болон шалгалтын дүнгийн танилцуулга дээр тэмдэглэгдэн ирсэн. Шалгалтын дүнгийн танилцуулгад 2018.02.28-ны өдрийн А/22 тоот Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан “Бүтэц, орон тоо батлах” тухай тушаалыг зөрчин чиг үүргийг давхардуулан гэрээт ажилтныг томилсон, шинээр орон тоог бий болгосон нь Төрийн Хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9 дах заалтыг зөрчсөн үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн байх тул төсөв захирагчийн хувьд хуульд нийцүүлэх болон дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой тул өөрийн шийдвэрийг хуульд нийцүүлэн гэрээт ажилтан болох Ч.У-тай байгуулсан гэрээг цуцалж хөдөлмөрийн харилцааг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгосон. Иргэн Ч.У нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэнийг төрийн захиргааны албан тушаалд жинхлэн томилох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн албан тушаал төрийн захиргааны албан тушаал болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгч томилогдох ёстой тул Ч.У нь төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдээгүй байх тул ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм. Түүнчлэн Ч.У нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон 3 шатны шүүхийн шийдвэрээр төрийн албанд 3 жил ажиллах эрхгүй шүүхийн шийдвэр гарсан тул Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т зааснаар Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж түүнд холбогдож, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх гэсэн шаардлагыг хангахгүй байх тул тус газар нь ажилд эгүүлэн томилох, ажиллаагүй хугацааны цалинтай тэнцэх олговор, нэмэгдэл цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшууллыг олгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.У хариуцагч А аймгийн НДГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А аймгийн НДГ бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Хариуцагч А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2022 онд байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцэд сангийн зарлагын нягтлан бодогч гэрээт ажилтан гэсэн орон тоо бий болгож нэхэмжлэгч Ч.Уг А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн сангийн зарлагын нягтлан бодогч буюу гэрээт ажилтны албан тушаалд тус байгууллагын даргын 2022 оны 05 сарын 02-ны өдрийн Б/33 тоот тушаалаар томилон ажиллуулж байгаад А аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны Б/15 тоот тушаалаар сангийн зарлагын нягтлан бодогч буюу гэрээт ажилтны ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Уг гэрээт ажилд томилох тухай” Б/33 тоот тушаал, А аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ч.У-тай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/15 тоот тушаал, Нийгмийн даатгалын хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогч Ч овогтой У-гийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зарлагын гэрээт нягтлан бодогчийн албан тушаалтай Ч.У-гийн 2022 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн бичмэл тайлан, Ч.У-гийн 2024 оны 02 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл цалингийн тооцооны хүснэгт, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.У-тай хариуцагч А аймгийн НДГ / тухайн үеийн хэлтэс/ нь 2022 оны 05 сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээний 12.4 дэх заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гэрээг цуцлах санаачилга аль аль тал нь гаргаагүй учир 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс анх байгуулсан хугацаагаар сунгагджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах буюу аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, ажилтан гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон, ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь тогтоогдсон, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан, ажилд орох үедээ баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр цуцлах зохицуулалтыг хуульчилсан бол мөн хуулийн 123 дугаар зүйлд ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалтыг хуульчилсан.
Нэхэмжлэгч Ч.Угийн нэхэмжлэлтэй хариуцагч А аймгийн НДГ-т холбогдох маргааны тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 болон 123 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй, тухайн зохицуулалтууд энэ маргаанд хамаарахгүй.
Нэхэмжлэгч Ч.У-г гэрээт ажилтны ажлаас чөлөөлсөн А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 сарын 20-ны өдрийн б/19 тоот “Ч.У-тай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт болох эрх бүхий байгууллага шаардсан, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт болох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэрийг танилцуулах зохицуулалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/17 тоот тушаал, 2023 онд А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийсэн шалгалтын дүнгийн танилцуулгыг үндэслэжээ. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 сарын 20-ны өдрийн б/19 тоот тушаалд үндэслэл болгож байгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/17 тоот тушаалын огноог 2024 оны 02 сарын 05 гэж буруу бичсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/17 тоот тушаал гараагүй, байхгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18, 16.5 дахь заалтуудад зааснаар А аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд хуульд заасан төсвийн шууд захирагчийн төсвийн талаарх бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-т зааснаар дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох эрхтэй байна.
Гэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоохыг хориглосон.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан байх бөгөөд уг тушаалд зааснаар сангийн нягтлан бодогчийн орон тоог 1, гэрээт ажилтан буюу манаачийн орон тоог 4 гэж тогтоосон байна. Уг жагсаалтад байхгүй орон тоо буюу сангийн зарлагын нягтлан бодогч гэсэн ажлын байранд хариуцагч А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Ч.Уг гэрээт ажилтнаар томилж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан.
Хариуцагч А аймгийн НДГ / хэлтэс/ нь “А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалт”-д байхгүй орон тоо болох сангийн зарлагын нягтлан бодогч гэрээт ажилтан гэсэн орон тоог шинээр бий болгохдоо дээд шатны төсөв захирагчийн зөвшөөрлийг аваагүй, сангийн нягтлан бодогчийн чиг үүргийг гүйцэтгэх орон тоог давхардуулан 1 орон тоо нэмсэн болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/22 тоот тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/17 тоот тушаал, А аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 356 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2022 оны санхүүгийн аудитын дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/17 тоот тушаалаар А аймгийн Нийгмийн даатгалын газрыг орон тоо, албан тушаалын батлагдсан жагсаалтын дагуу ажиллахыг шаардсан бөгөөд хариуцагч А аймгийн НДГ уг шаардлагыг биелүүлж эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй бий болгосон орон тоонд ажиллуулж байсан ажилтан Ч.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 02 сарын 20-ны өдрийн б/19 тоот тушаалаар дуусгавар болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй бөгөөд орон тоо бүтцийг баталсан жагсаалтын дагуу ажиллахыг шаардсан эрх бүхий байгууллагын шаардлагыг биелүүлж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бий болгосон орон тоонд ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон “Ч.У-тай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 сарын 20-ны өдрийн б/19 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.У-гийн хариуцагч А аймгийн НДГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоогоогүй тул түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Ч.У А аймгийн Э сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэсэн болохыг болохыг дурдаж байна.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Угийн хариуцагч А аймгийн НДГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН