Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 305/ШШ2025/00158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Д.Д-н нэхэмжлэлтэй

хариуцагч: ***** аймаг дахь МБС-д холбогдох

хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 1,471,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 1,471,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие жолооны дадлагын багшаар 8 жил ажилласан. Намайг Х авто сургуульд жолооны дадлагын багшаар ажиллаж байхад МБС-ийн жолооны дадлагын багш тэтгэвэрт гарсан тул тус сургуульд жолооны дадлагын багшаар ажиллах санал тавьсны дагуу 2022.11.28-наас ажиллаж байтал Боловсрол шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 сарын 28-ны А/35 тушаалыг үндэслэн 2024 оны 08 сарын 27-нд ажлаас чөлөөлөгдсөн. Иймд миний бие хөдөлмөрийн харилцаа цуцалсны тэтгэмж болох 1,471,000 төгрөгийг зохих хууль тогтоомжийн дагуу олгож өгнө үү гэв.

3. Хариуцагчийн тайлбар: Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Элсэлтийн хяналтын тоог шинэчлэн батлах тухай” 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/95 дугаар тушаалын 3 дахь хэсэгт “2023-2024 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтаар бэлтгэж байгаа жолооны багш, мэргэшсэн жолоочийн сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилээр дуусгавар болгосугай” гэсний дагуу тухайн мэргэжлийн элсэлт хаагдаж “Мэргэшсэн жолооч” мэргэжлийн багш нарын ажлын байр 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн цуцлагдсан. Монгол Улсын хэмжээнд байгаа бүх Мэргэжлийн боловсролын сургуулиуд дээр мэргэжлийн сургалтын буюу мэргэшсэн жолооч гэсэн сургалтыг түр сургалтаар бэлтгэхээр болж мэргэжлийн сургалтыг түр сургалтаар бэлтгэхгүй гэсэн яриа яаманд хэлэлцэгдээд бүх сургуулиуд дээр орон тоог нь хасчихсан. Орон тоог хассантай холбоотойгоор мэргэшсэн жолооч мэргэжлийн ангийн 3 багш маань ажилгүй болсон. Хүүхэд байхгүй учир заах боломжгүй болсон. Дүрмийн багш маань арай олон жил ажилласан байгаа. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн захирлын А/16 тушаалаар жолоодлогын дадлагын багш Д.Д, А/20 Дугаар тушаалаар жолоодлогын дадлагын багш Б.О нарыг ажлаас чөлөөлсөн.  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг ажлын байр хасагдаж байгаа жолооны дадлагын багш нарт олгож өгөхийг хүссэн 2024.06.06-ны өдрийн 106 дугаар албан тоотыг Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн. Тухайн хүсэлт гаргах үед болно, Сангийн яамаар зөвшөөрүүлээд шийдүүлээд өгье гэж хэлсэн боловч Боловсролын ерөнхий газраас одоог хүртэл дараах тэтгэмжийг шийдвэрлэж өгөөгүй болно. Сургуулийн санхүү дээр нөхөн олговор олгох зардал байхгүй учраас өгч чадахгүй яваад байгаа. Мөнгө нь ороод ирвэл өгөх боломж байгаа гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-***** аймаг дахь МБС-н захирлын 2024 оны 08 сарын 27-ны Б/16 дугаар тушаал,

-***** аймаг дахь МБС-н 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар албан бичиг /***** аймаг дахь МБС-н хуулбар үнэн тэмдэгтэй/,

-Д.Д, М.Д, Б.О нарт олгох тэтгэмжийн тооцооны хүснэгт /*****  аймаг дахь МБС-н хуулбар үнэн тэмдэгтэй/.

 

4. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/95 дугаар тушаал /***** аймаг дахь МБС-н хуулбар үнэн тэмдэгтэй/,

-***** аймаг дахь МБС-н 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар албан бичгийн хуулбар,

-Д.Д, М.Д, Б.О нарт олгох тэтгэмжийн тооцооны хүснэгтийн хуулбар,

-Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Д нь ***** аймаг дахь МБС-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 1,471,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь “Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Элсэлтийн хяналтын тоог шинэчлэн батлах тухай” 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/95 дугаар тушаалын 3 дахь хэсэгт “2023-2024 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтаар бэлтгэж байгаа жолооны багш, мэргэшсэн жолоочийн сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилээр дуусгавар болгосугай” гэсний дагуу тухайн мэргэжлийн элсэлт хаагдаж “Мэргэшсэн жолооч” мэргэжлийн багш нарын ажлын байр 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн цуцлагдсан. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн захирлын А/16 тушаалаар жолоодлогын дадлагын багш Д.Д, А/20 Дугаар тушаалаар жолоодлогын дадлагын багш Б.О нарыг ажлаас чөлөөлсөн.  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг ажлын байр хасагдаж байгаа жолооны дадлагын багш нарт олгож өгөхийг хүссэн 2024.06.06-ны өдрийн 106 дугаар албан тоотыг Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн. Тухайн хүсэлт гаргах үед болно, Сангийн яамаар зөвшөөрүүлээд шийдүүлээд өгье гэж хэлсэн боловч Боловсролын ерөнхий газраас одоог хүртэл дараах тэтгэмжийг шийдвэрлэж өгөөгүй болно. Сургуулийн санхүү дээр нөхөн олговор олгох зардал байхгүй учраас өгч чадахгүй яваад байгаа. Мөнгө нь ороод ирвэл өгөх боломж байгаа” гэж тайлбарлажээ.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

Нэхэмжлэгч Д.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл **** аймаг дахь МБС-д жолоодлогын дадлагын багшаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар ***** аймаг дахь МБС-н захирлын 2024 оны 08 сарын 27-ны Б/16 дугаар тушаалаар Д.Д-г ажлын байр хасагдсан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлжээ.

5. ***** аймаг дахь МБС нь Д.Д-г 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс жолоодлогын дадлагын багшаар ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

6. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.4, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/35 дугаар тушаалын 3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2-г үндэслэн Д.Д-г ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан...” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж,

Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “...аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн...” бол ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэж тус тус заажээ.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/95 дугаар тушаалын 3 дахь заалтад “2023-2024 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтаар бэлтгэж байгаа жолооны багш, мэргэшсэн жолоочийн сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилээр дуусгавар болгосугай.” гэжээ. .

7. Зохигчид ***** аймаг дахь МБС-н  орон тооноос жолооны багшийн ажлын байр хасагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэлтэй маргаагүй.

Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгох эсэх нь маргааны зүйл болжээ.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно:

82.1.1. тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; гэжээ.

Нэхэмжлэгч Д.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл буюу 1 жил 9 сар ***** аймаг дахь МБС-д жолоодлогын дадлагын багшаар ажиллаж байсан байх тул мөн хуулийн 82.1.1 дэх хэсэгт зааснаар нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж авах эрхтэй байна.

9. Зохигчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн хэмжээтэй маргаагүй буюу ажил олгогч ***** аймаг дахь МБС нь 1,471,000 төгрөгийг Д.Д-д олгох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Тодруулбал хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд “… Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг ажлын байр хасагдаж байгаа жолооны дадлагын багш нарт олгож өгөхийг хүссэн 2024.06.06-ны өдрийн 106 дугаар албан тоотыг Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн. Тухайн хүсэлт гаргах үед болно, Сангийн яамаар зөвшөөрүүлээд шийдүүлээд өгье гэж хэлсэн боловч Боловсролын ерөнхий газраас одоог хүртэл дараах тэтгэмжийг шийдвэрлэж өгөөгүй болно. Сургуулийн санхүү дээр нөхөн олговор олгох зардал байхгүй учраас өгч чадахгүй яваад байгаа. Мөнгө нь ороод ирвэл өгөх боломж байгаа...” гэжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх тэтгэмжийг өгөхийг хүлээн зөвшөөрдөг боловч санхүүжилт байхгүй учраас өгч чадаагүй гэж тайлбарладаг байна.

10. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** аймаг дахь МБС-с 1,471,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 1,471,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,486 төгрөгийг **** аймаг дахь МБС-с гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** аймаг дахь МБС-с 1,471,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 1,471,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,486 төгрөгийг **** аймаг дахь МБС-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА