Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

Ц.Ч холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

      Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

        Прокурор Ш.Батсүх,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  М.Үүрийнтуяа,

         Шүүгдэгч Ц.Ч,

         Түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Л.Бурмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал нарыг оролцуулан,

     Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ч, өмгөөлөгч Ц.Гансүх, Л.Бурмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Ч холбогдох 2217000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын  16-ны өдөр  хүлээн авч, шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

         Монгол Улсын иргэн, Б овогт Ц Ч 1978 оны - дүгээр сарын -ны өдөр Ө аймгийн М суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар баг, - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх /РД: /,

         Яллагдагч Ц.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр баг, - тоот хашааны гадаа 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Н.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг - улсын дуаартай “F E-” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж дайрсны улмаас Н.Б нь тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийгдэж байгаад 23 цаг 13 минутад цээж, доод мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас барж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

      Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Ц.Ч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

       Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч 09 /ес/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч оногдуулсан 09 /ес/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч цагдан хоригдсон 158 /нэг зуун тавин найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ц.Ч нь оршуулахтай холбоотой зардалд 40 000 000 /дөчин сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2008 онд үйлдвэрлэсэн, IFMEU73E98UB2383 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн F E маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.Ч гаргуулж улсын орлого болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 2008 онд үйлдвэрлэсэн, IFMEU73E98UB2383 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн F E маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт иргэний нэхэмжлэгч У.Н /РД: / олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Туршилт 2022.06.22”, “Мэдүүлэгийг газар дээр нь шалгах ажиллагаа 2022.07.26”, “Ц.Ч  мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа 2022.12.01” гэсэн тус тус бичиглэл бүхий цагаан өнгийн 4 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Я нэхэмжилсэн 201600000 /хоёр зуун нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсогсноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан эсхүлхүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.                                     

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч Ц.Ч болон өмгөөлөгч миний бие амь хохирогчийн амь насыг хохироосон үйлдэлд маргаагүй. Харин зүйлчлэлийн хувьд маргаж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 9 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч Ц.Ч өөрөө гомдол гаргасан. Энэ гомдлын агуулга нь зүйлчлэлийн хувьд бол маргахгүй, харин оногдуулсан хорих ялыг багасгаж өгөөч гэсэн гомдлыг гаргасан.  Тийм учраас Ц.Ч өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг дагаж зүйлчлэлийн асуудлыг ярихгүй. Ц.Ч оногдуулсан ялыг багасгаж өгөөч гэсэн саналтай байна. Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Я 10.000.000 сая төгрөгийг сэтгэл санааны хохиролд өгсөн байгаа. Энэ баримтыг хавтаст хэрэгт хавсаргахаар өгч байна. Миний хувьд өөр хэлэх зүйл байхгүй гэв.

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа. Өөрийн үйлчлүүлэгч Ц.Ч санал нэг байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн үйлдлээ анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Хохирол төлбөрийн хувьд анхан шатны шүүх хурлаас өмнө оршуулгын зардалд 22.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 18.000.000 төгрөг өгсөн. Өнөөдөр давж заалдах шатны шүүх хурлаас өмнө 10.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөг төлж барагдуулсан байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй бид бичгийн хэлбэрээр тохиролцоонд хүрсэн байгаа. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг өгөхөөр тохирсон. Ингээд нийт 60.000.000 төгрөгийн хохирол барагдуулж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан байгаа. Ийм учраас миний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчид сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэсэн саналтай байна гэв.

       Шүүгдэгч Ц.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Ц.Ч надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ц.Ч миний бие анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байгаагүй үнэн зөв мэдүүлдэг хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж амь хохирогчийн оршуулгын зардалд баримтаар нотлогдсон 22 000 000 төгрөг, хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөг, ламд ном уншуулсны 8 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг нэхэмжилсний дагуу бүрэн төлж барагдуулсан. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохирлыг хохирогчид барагдуулсан, гэм буруутайд тооцож байгаа хуулийн зүйл ангийг бүрэн хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг миний хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

     Хохирогчийн хууль хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Шүүгдэгч Ц.Ч болон өмгөөлөгч нар гомдол гаргахдаа зүйлчлэлийн хувьд гомдол гаргасан байсан. Энэ гомдолтой холбоотой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Янжинлхам нь тайлбар гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нар болон шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэл дээр маргахгүй гээд давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Өнөөдөр өглөө Ц.Ч зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 10.000.000 төгрөг өгсөн байна. Прокуророос зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна гэсэн байр суурьтай байна. Өмгөөлөгч нарын зүгээс хорих ялыг хөнгөрүүлэх санал гаргаж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн  хувьд Ц.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж бодож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч саналаа өмгөөлөгчөөрөө дамжуулж хэлэхийг хүссэн байгаа гэв.

       Прокурор Ш.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ш.Батсүх би өнөөдрийн Ц.Ч холбогдох хэрэгт оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Ч хувьд хүний амь насыг санаатайгаар хохироосон байгаа. Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч болон өмгөөлөгч нар гомдол гаргасан. Өнөөдөр Ц.Гансүх өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийн хувьд маргаангүй, прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглүүлэх санал гаргаж байна. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал. Прокурорын зүгээс мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй байсан учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр шийдсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

      Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

        Шүүгдэгч Ц.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дүгээр баг, - тоот хашааны гадаа 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Н.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг - улсын дуаартай “F E” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж дайрсны улмаас Н.Б нь тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийгдэж байгаад 23 цаг 13 минутад цээж, доод мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас барж, хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Я: ... 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед энэ хэрэг болсон. ... эмнэлэгт очоод эмчилгээ хийлгэж байгаад 23 цаг 13 минутанд нас барсан. ... гэмтээж бэртээгээд явахгүй яасан юм бэ, яагаад хүний амь насанд хүрэх болсон юм бэ, би үнэхээр гомдолтой байна.  ... гэх мэдүүлэг,

        Гэрч Н.Б: ...манай дүү Б нөгөө залуутай барьцалдаад авчихсан бие биенээ 2-3 удаа цохиод ноцолдоод байсан. ... нөгөө залуу машиндаа суугаад машинаа асаагаад ухарч байх үед нь манай дүү машины урд зогсчихсон чигээрээ ухар гэж орилж байсан. ...жолооч чи яасан том пизда вэ гэж хэлээд машинаа хаазалж байгаад ухасхийгээд манай дүүг машиныхаа хамар хэсгээр мөргөтөл манай дүү газар ойччихсон. ...машинтайгаа манай дүүгийн дээр гарчих шиг болсон. ... машины хамар дороос харагдахгүй байсан. ... машинаа хойш нь ухраасан чинь манай дүү машины хамар доороос гараад ирсэн. ... гэх мэдүүлэг,

          Шинжээч Ч.Э: ... талийгаачийн дунд чөмөгний хугарал нь босоо үед мөргүүлэх үед үүсэх боломжтой. ... бусад гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед талийгаач хэвтээ байрлалд байхад дугуй болон автомашины доод талын эд ангиудад дарагдаж шахагдсанаас үүснэ. ... талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг тээврийн хэрэгслээр 2 удаа тусдаа мөргөж гэмтээсэн зүйл байхгүй. ... харин 1 удаа мөргөж талийгаачийг газар унасны дараа тээврийн хэрэгслийн дугуй, эд ангиудад дарагдаж, шахагдсанаас үүссэн байх боломжтой гэж үэхээр байна. ... гэх мэдүүлэг зэрэг болон шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл түүнд хавсаргасан фото зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  туршилт хийсэн тэмдэглэл түүнд хавсаргасан фото зургийн үзүүлэлтүүд, ажиллагааг бэхжүүлсэн сиди зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.             

        Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж 09 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсэн нь үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзлээ.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь ‘’... шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү’’ гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь  үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байх бөгөөд хүнд биш байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ц.Ч гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

    Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

    3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ТЭГШСУУРЬ

            ШҮҮГЧ                                             А.САЙНТӨГС

            ШҮҮГЧ                                             О.ОДНЯМАА