Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Х*******

Хариуцагч: Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У*******

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Х*******, хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Дүгнэлтийн шаардлага:

1.1. Налайх, Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэн А.*******эд 0703647 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У******* нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэн[1], иргэн******* ******* *******эд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан мэдүүлэг авч[2], мөн өдрөөр огноолон 0703647 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн А.*******эд үндэсний энгийн гадаад паспорт гээгдүүлсэн зөрчил үйлдсэн хэмээн буруутган Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Х******* эс зөвшөөрч дээрх 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0703647 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг үйлдэн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

2.2.Тус шүүх Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос гаргасан дүгнэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

 Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Х******* би, Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У******* нь холбогдогч А.*******эд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0703647 дугаартай шийтгэлийн хуудастай хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг шалгалтаар татаж хяналаа.

Хянавал: Эрх бүхий албан тушаалтан, Багахангай дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.У******* нь Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлдээ гадаад паспорт гээгдүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн тул 30 нэгжээр торгох арга хэмжээ авав гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэглэл үйлдэж зөрчлийн холбогдогч А.*******эд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэлийн 0703647 дугаартай хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол улсын Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 3.1-т Гадаад паспортыг тухайн иргэн өөрөө эзэмшиж хадгална, 3.2.2-т Гадаад паспортыг цэвэр гамтай, бүрэн бүтэн байдлыг ханган эзэмших, хадгалах гэж тус тус журамласан. Мөн журмын 3.2.3-т гадаад паспортаа хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, Дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэх; 3.4.2-т гадаад паспортыг хаясан, үрэгдүүлсэн, алдсан, гэмтээсэн бол хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн; гэж зааснаар дахин олгох харилцааг зохицуулсан байдаг. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомжуудаар үндэсний энгийн гадаад паспортаа гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдлыг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх заалтад хамааруулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Дээрх журмын заалтаас үзэхэд, гадаад паспорт эзэмшигч иргэн биш, харин хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын иргэний үнэмлэхийг хариуцаж байгаа этгээд гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тогтоожээ.

Иймд иргэн өөрийн Үндэсний энгийн гадаад паспортаа гээсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна

Мөн эрх бүхий албан тушаалтан М.У******* нь холбогдогч А.*******ийн зөрчлийг бүртгэлд авч шалгахын өмнө Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 30 нэгжээр торгох шийтгэлийн торгуулийн мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 57 минутад төлүүлсэн атлаа 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зөрчлөө илчилж ирсэн гэж эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл хийсэн нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна... 1.2.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, 2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:, мөн зүйлийн 3 дах хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ. гэж хуульчилсныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ноцтой зөрчсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан М.У******* нь иргэн А.*******ийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан М.У*******ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэн А.*******эд 0703647 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

3.2.Дүгнэлт гаргагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Багахангай дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч М.У******* нь холбогдогч А.*******ийг гадаад паспортоо гээгдүүлсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын Гуравт: ...Гадаад паспорт эзэмших, хадгалах, хүчингүй болгох, 3.1-т ...Гадаад паспортыг тухайн иргэн өөрөө эзэмшиж, хадгална... гэж заасан бөгөөд эзэмшигч паспортыг гээгдүүлсэн нь тухайн иргэнтэй холбоотой асуудал. Хаясан, үрэгдүүлсэн, алдсан, гэмтээснээ хяналтын улсын байцаагчид мэдэгдэх үүргээ биелүүлж өөрөө очиж мэдэгдсэн. Хуульд зааснаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа улсын бүртгэлийн байцаагч бусад эрх бүхий албан тушаалтан нь иргэний гадаад паспортыг өөрсдийн үүргээ биелүүлэх явцдаа гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд энэ журам үйлчилнэ.

Тухайн иргэн энгийн иргэний үнэмлэх болон энгийн гадаад паспортоо зориудаар үрэгдүүлсэн гэмтээсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн... гэж заасан шийтгэл оногдуулах нөхцөлүүдийг шалгаж тогтоолгүй зөвхөн гээгдүүлсэн гэх үндэслэлээр шийтгэл оногдуулж байгаа нь хууль бус.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь явагдах ёстой. Гэтэл зөрчлийн материалаас харахад тухайн зөрчлийг шалгаж шийдвэрлэхээсээ өмнө шийтгэл оногдуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь хүний эрхийг зөрчиж байгаа бөгөөд Зөрчлийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтан ...хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн иргэнээс авсан мэдээ мэдээллийг шалгасныхаа дараа тухайн зөрчил тогтоогдчихсон нотлогдсон... тохиолдолд шийтгэл оногдуулах ёстой байтал шалгаагүй, шийдвэрээ гаргаагүй байж шийтгэл оногдуулж байгаа нь хууль зөрчиж, хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж прокурорын зүгээс дүгнэлтдээ дурдсан. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, дүрэм зөрчих гэдэг нь тухайн албан тушаалтанд биш бусад этгээдэд хамааралтай байхад тухайн паспорт эзэмшигчид шийтгэл оногдуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна. Иймд Багахангай дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч М.У*******ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0703647 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.У******* надад холбогдуулан Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын прокурор М.Х******* 2025 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг шүүхэд гаргасан байна. Иргэн А.*******эд ЗТХ-ийн 15.24.4 дэх заалтаар үндэсний энгийн гадаад паспорт гээгдүүлсэн тул 0703647 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь Засгийн газрын 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 71 дүгээр тогтоолын хавсралт Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ын 3.1.Гадаад паспортыг тухайн иргэн өөрөө эзэмшиж, хадгална. 3.2.2.гадаад паспортыг цэвэр гамтай, бүрэн бүтэн байдлыг ханган эзэмших, хадгалах; 3.2.3.гадаад паспортаа хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, Дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэх; З.З.Гадаад паспорт эзэмшигч холбогдох хууль тогтоомж болон энэ журмын 3.2-т заасныг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна. З.б.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хулгайлагдсан, гээгдсэн болон хүчингүй болсон гадаад паспортын талаарх мэдээллийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-д нэн даруй мэдэгдэж, "Хулгайлагдсан, гээсэн аяллын бичиг баримтын мэдээллийн сан"-д бүртгүүлнэ. Гэж заасан бөгөөд үндэсний энгийн гадаад паспорт нь Монгол Улсын өмч бөгөөд хаяж үрэгдүүлсэн тохиолдолд бусад этгээд ашиглах боломжтой тул торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

3.4.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт ...Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримт нь гадаад улсад Монгол Улсын иргэнийг гэрчлэх баримт бичиг болно... гэж заасан мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам 71 дүгээр тогтоолд ...гадаад паспортыг тухайн этгээд өөрөө эзэмшиж, хадгална. 3.2.2-т ...гадаад паспортыг цэвэр гамтай, бүрэн бүтэн байдлыг ханган эзэмших, хадгалах... 3.2.3-т ... гадаад паспортоо хаяж, үргэдүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэст ... даруй мэдэгдэх... мөн 3.3-т ...Гадаад паспорт эзэмшигч холбогдох хууль тогтоомж болон энэ журмын 3.2-т заасныг зөрснөөс үүсэх дагаврыг өөрөө хариуцна... гэж заасан. 3.5-т ...Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хулгайлагдсан, гээгдсэн болон хүчингүй болсон гадаад паспортын талаарх мэдээллийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-д нэн даруй мэдэгдэж Хулгайлагдсан, гээсэн аяллын бичиг баримтын мэдээллийн сан-д бүртгүүлнэ. Үүнээс гадна Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /2019/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7-т ...улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу холбогдох бүртгэлийг хийлгэж баримт бичиг эзэмших талаарх журмыг чанд сахих... гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс дагаж мөрдсөн иргэний үнэмлэхний дүрэмтэй адилтган үзэх боломжгүй юм. Хаяж, үрэгдүүлэх асуудал гарна. Гэхдээ Иргэний үндэсний бүртгэлийн газарт мэдэгдэх үүрэгтэй байтал хэзээ гээгдүүлснээ мэдэхгүй тохиолдлууд байдаг. Гадаад паспортыг 2019 оноос хойш 10 жилийн хугацаатай олгодог болсон. Хэрэв мэдэгдээгүй тохиолдолд өөр хүн ашиглах үндэслэлтэй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв. Маргаан бүхий актын үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр прокурорын гаргасан дүгнэлт бүхий шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.2. Учир нь хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У******* нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэн******* ******* *******ийг үндэсний энгийн гадаад паспортаа гэгдүүлсэн болохоо сайн дураар илчилсэн ирсэн хэмээн түүнийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэж гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

4.3.Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20 дахь хэсэгт улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн хэсгийн 1.1 дэх заалтад хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх-ээр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д "хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна, мөн зүйлийн 2-т эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн эсвэл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг үүсгэх, татгалзах асуудлыг шийдвэрлэхээр заасан бол мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж, мөн хэсгийн 1.1 дэх заалтад зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 1.2 дахь заалтад зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэж тус тус зохицуулсан.

4.4.Гэтэл хариуцагч хяналтын улсын байцаагч М.У******* нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэн А.*******ийг зөрчлөө илчилж ирсэн гэж эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд үйлдэж, зөрчлийн хэрэг нээсэн атлаа уг захиргааны үйл ажиллагаанаас өмнө иргэн А.*******эд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09:37:12 цагт Төрийн сангийн дансанд үйлчилгээний хөлс 155000 төгрөг, торгуулийн 30,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 5000 төгрөг, үйлчилгээний шимтгэл 800 төгрөг, нийт 190800 төгрөгийг (гучин мянган төгрөг) төлсөн цахимаар баримтаар тогтоогдлоо.

4.5.Өөрөөр хэлбэл хариуцагч М.У******* зөрчлийн шинжтэй үйлдлийг бүртгэлд авч шалгахын өмнө урьдчилан дүгнэлт хийж торгууль ногдуулсан, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нөхөж хийж гүйцэтгэсэн болон иргэн А.*******ийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг Гадаад паспортаа гэх асуулт асууж, Гээгдүүлсэн гэх цорын ганц хариултаар тогтоож буй түүний үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

4.6.Дээр дурдсан эрх зүйн алдаанууд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шинжийг үгүйсгэж байх тул маргаан бүхий 0703647 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно гэж шүүх дүгнэлээ.

4.7.Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэжээ.

4.8.Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ыг баталсан, уг дүрмийн 3.2-т Иргэн гадаад паспорт эзэмшихдээ дараах үүрэг хүлээнэ; гээд 3.2.2-т ...гадаад паспортыг цэвэр гамтай, бүрэн бүтэн байдлыг ханган эзэмших, хадгалах 3.2.3-д гадаад паспортаа хаяж, үргэдүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэст ... даруй мэдэгдэх... мөн 3.3-т ...Гадаад паспорт эзэмшигч холбогдох хууль тогтоомж болон энэ журмын 3.2-т заасныг зөрснөөс үүсэх дагаврыг өөрөө хариуцна гэж заасныг маргааны үйл баримтад хамааруулан тайлбарлахад, гадаад паспортаа цэвэр, гамтай эзэмшээгүй, хадгалаагүй эсхүл хаяж үрэгдүүлсэн нь нийтийн эрх зүйн хүрээний зөрчилд тооцогдохгүй, учир нь иргэн өөрийн гадаад паспортаа гамгүй эзэмшсэн эсхүл хаяж, үрэгдүүлсэн нь нийтийн эрх зүйд хамааралгүй, нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдсан эрх, үүргийг зөрчсөн байх, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх зэрэг эрх зүйн үр дагавар бүхий шинжийг агуулгаагүй, зөвхөн хувь иргэнд өөрт нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх тул улсын бүртгэлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан М.У*******ээс иргэн А.*******ийг зөрчил үйлдсэнд тооцож, түүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж шийтгэл оногдуулсан нь буруу.

4.9.Мөн Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам[3]-ын 3.4.2-т гадаад паспортыг хаясан, үрэгдүүлсэн, алдсан, гэмтээсэн бол хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн хүчингүй болгох, улмаар мөн журмын 2.1-2.4-т заасны дагуу гадаад паспорт олгохоор заасан байхад хариуцагчаас зөрчлийн хэрэг үүсгэж, хуулийг буруу тайлбар хэрэглэж, бусдад хууль зүйн үндэслэлгүйгээр торгууль ногдуулсан байна.

4.10.Иймд хариуцагчаас М.У*******ийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа бусдад шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан эрх зүйт ёсонд нийцэхгүй гэж үзэн Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэн А.*******эд 0703647 дугаартай шийтгэлийн хуудсыг болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Х*******ийн дүгнэлтийг хангаж, Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэн А.*******эд 0703647 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгосугай.

2.Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 

 

[1] Хавтас хэргийн 5 хуудас

[2] Хавтас хэргийн 6 хуудас

[3] Хавтаст хэргийн 28-33 хуудас