Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00560

 

 

 

 

 

 

 

 

“Ц Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                                                                                                                          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/00142 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ц Х” ХХК-ийн хариуцагч “Ю Б Р Э” ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 5 дугаар сарын 16, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээг цуцалж, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлалтай орон сууцны зориулалттай 414 м.кв газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, С.Амгаланбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбуян, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц Х” ХХК нь хариуцагч “Ю Б Р Э” ХХК-тай харилцан тохиролцож, харилцан ашиг олох зорилгоор тус компанийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 414 м.кв талбай бүхий газрыг Иргэний хууль, Газрын тухай хуулийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээ байгуулсан. Үүний үндсэн дээр нэхэмжлэгч тал өөрийн эзэмшлийн газрыг “Ю Б Р Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, газрын төлбөрт эхний ээлжинд 200 000 000 төгрөгийг “Ц Х” ХХК-д шилжүүлж, уг газар дээр “Ю Б Р Э” ХХК-ийн барьсан барилгаас 2-6 дугаар давхарт, 1 м.кв-ыг 1 300 000 төгрөгт тооцон нийт 307 69 метр квадрат талбайг 400 000 000 төгрөгт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно. Ингээд “Ц Х” ХХК нь Нийслэлийн газрын албанд зохих материалуудыг бүрдүүлж хүргүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 тоот захирамжаар газар эзэмших эрх “Ю Б Р Э” ХХК-ийн нэр дээр шилжиж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Газар эзэмших гэрээг Нийслэлийн газрын албатай байгуулан Юу би хийл эстэйт ХХК-ийн нэр дээр гэрчилгээ авсан. Уг газрын зэргэлдээх Одод СӨХ-ийн зүгээс газарт холбогдуулан үндэслэлгүйгээр маргаан үүсгэж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0844 дугаар шийдвэрээр Одод СӨХ-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр уг газрын маргаан дуусгавар болсон бөгөөд уг газрын маргаан шүүхэд эцэслэн шийдвэрлэгдсэн. Гэтэл “Ю Б Р Э” ХХК нь манайхыг маргаантай газрыг шилжүүлж, гэрээг биелүүлээгүй өгсөн гэж тайлбарлан гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзан, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан Д.Мөнхбаатарт дарамт шахалт үзүүлэх замаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлтийг, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус байгуулахдаа манай компанид илтэд хохиролтой гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн “Ю Б Р Э” ХХК-тай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээнд болзошгүй саад, эрсдэлийн үед хэрхэх талаар тохиролцоогүй, энэ нь Худалдах, худалдан авах гэрээний төрөл тул худалдан авагчийн барилга барихын тулд банкнаас авсан зээлийг төлөх үүрэг хүлээх үндэслэл байгаагүй, мөн хариу төлбөр төлөхгүйгээр газрыг эзэмших эрхээ худалдах нь гэрээний зорилгод нийцээгүй болно. “Ю Б Р Э” ХХК-ийн зүгээс манай компаниас хамаарахгүй шалтгаанаар газрын эрх шилжүүлэх ажил удааширсан хариуцлагыг манайд үүрүүлж, нэг талын давамгайллаар өөрт ашигтай байх шаардлага нөхцөл тогтоож, манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд Д.Мөнхбаатартай гэрээ байгуулсан байгаа нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8, 56.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцох хэлцэл гэж үзэж байгаа болно. Д.Мөнхбаатарт 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэл 3 сарын хугацаатай байсан. Иймд “Ю Б Р Э” ХХК, “Ц Х” ХХК-ын хооронд хийгдсэн гэх 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул тус тус хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсоны үр дагаврыг арилгаж, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээнээс тус тус татгалзсаны дагуу “Ц Х” ХХК-аас “Ю Б Р Э” ХХК-д шилжүүлсэн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлалтай орон сууцны зориулалттай 414 м.кв талбайтай газар эзэмших эрхийг буцаах, шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хэмээн зохицуулсан байдаг. Хүчин төгөлдөр бус гэх 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлт, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ хэлцэлүүд нь зохих этгээдийн зөвшөөрлийн дагуу хийгдсэн түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ дараах байдлаар хүчин төгөлдөр болох нь тогтоогдоно хэмээн хариуцагчийн үзэж байна. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлт, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн хэлцэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаатар нь гарын үсэг зурж баталгаажуулахдаа “Ц Х” ХХК-ийн компанийн тамга тэмдэг дарагдсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн гэрээ, хэлцлийг байгуулагдах үед “Ц Х” ХХК-ийн эрх бүхий этгээдүүд мэдэж байсан мөн тухайн нөхцлийг хүлээн зөвшөөрч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Хариуцагч компанийy зүгээс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд нэхэмжлэгчид үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч нэхэмжлэгч нь тус хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлт гэх гэрээний 1.1.1-т төлбөрт шилжүүлсэн 200 000 000 төгрөгөөс                           50 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэхээр тус гэрээгээр тохиролцсон болно. “Ц Х” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж       50 000 000 төгрөгийг хариуцагч “Ю Б Р Э” ХХК-д буцаан шилжүүлж өгсөн нь, эрх бүхий этгээд дээрх хэлцлийг бүрэн хүлээн зөвшөөрч буйг илэрхийлж байна хэмээн хариуцагчийн зүгээс үзэж байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 65 дугаар зүйл 65.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд “Ю Б Р Э” ХХК нь дээрх гэрээнүүдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаатартай байгуулсныг буруутгах, мөн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр байх тул 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээг цуцлах үндэслэл байхгүй болохыг дурдах нь зүйтэй. Энэ гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ нэхэмжлэгч энэ гэрээнээс хойш үүргээ гүйцэтгээгүй болохоор бид хугацаа тогтоож 2018 оны 5 дугаар сарын 16, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх хэлцэл хийсэн. Нэхэмжлэгч эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдсан, уг газрын захирамж нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөх гэрчилгээ нь 2019 оны 01 дүгээр сард Ю Б Р Э ХХК-ний нэр дээр гарсан. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.4., 243 дугаар зүйлийн 243.1, дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц Х ХХК-ийн хариуцагч Ю Б Р Э ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 5 дугаар сарын 16, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээг цуцалж, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлалтай орон сууцны зориулалттай 414 м.кв газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,005,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

             Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээг цуцалж, Сүхбаатар дүүрэг, 5 хороонд байрлалтай орон сууцны зориулалттай 414 м.кв газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх, 2018 оны 5 дугаар сарын 16, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж тодорхойлсон. Анхан шатны шүүхээс маргаан бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцохгүй байх үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасны дагуу талуудын хүсэл зоригоос хамаарч хүчин төгөлдөр байх эсэхэд дүгнэлт ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээнүүдийг анхнаасаа огт хүлээн зөвшөөрөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэх 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд нэхэмжлэгч “Ц Х” ХХК-ийн захирал Д.Даваасамбуу гарын үсэг зурсан, талууд маргадаггүй гэж шийдвэрт дүгнэсэн боловч хэргийн оролцогчийн зүгээс энэ талаар маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зориг байгаагүй. “Ц Х” ХХК-аас “Ю Б Р Э” ХХК-д хүргүүлсэн албан бичигт Д.Мөнхбаатар гарын үсэг зурсан тул нэхэмжлэгч мэдэх боломжгүй, 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй, зөвхөн Д.Мөнхбаатар хариуцагч нарын хооронд хийгдсэн үйл байдлыг нэхэмжлэгчид хамааруулж, нэхэмжлэгчийн үйлдэл мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан хууль зүйн зохицуулалтыг буруу дүгнэж, хариуцагч гэрээнд заасны дагуу барилга барих үйлдэл огт хийгээгүй байтал шүүх гэрээг ялимгүй зөрчсөн гэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн.“Ц Х” ХХК, “Ю Б Р Э” ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний үнэ 600 000 000 төгрөг үүнээс урьдчилгаа 150 000 000 төгрөг нэхэмжлэгч тал авсан, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж Сүхбаатар дүүрэг, 5 хороонд байрлалтай орон сууцны зориулалттай 414 м.кв газар эзэмших эрхийг хариуцагчид 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн боловч нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд “Ю Б Р Э” ХХК-ийн зүгээс барилга барих ямар ч үйлдэл хийгээгүй. Шүүхээс шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор маргаан бүхий газрыг хариуцагчид бусдад шилжүүлэхгүй байхыг даалгасан. Сүхбаатар дүүрэг, 5 хороонд байрлалтай орон сууцны зориулалттай 414 м.кв газар дээр бусдын эрх ашгийг хөндөөгүй байгаа нь биет байдлаар буцаах бүрэн боломжтой атал гэрээний үүргийг гэрээнд оролцогч талууд хэн аль нь зөрчсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “Ц Х” ХХК нь хариуцагч “Ю Б Р Э” ХХК-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 16, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээг цуцалж, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлалтай орон сууцны зориулалттай 414 м.кв газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Талууд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Ю Б Р Э” ХХК-ийн эзэмшилд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах, орон сууцны зориулалттай 414 м.кв талбайтай газрыг эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ, мөн өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээ тус тус байгуулжээ. Уг гэрээний дагуу хариуцагч нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөрт 600 000 000 төгрөгийг /урьдчилгаанд бэлнээр 200 000 000 төгрөг, үлдэгдэл 400 000 000 төгрөгт тус газар дээр барьсан орон сууцнаас дотор засал хийгээгүй 307 69 м.кв талбайг, 1 м.кв талбайг 1 300 000 төгрөгөөр тооцон/ шилжүүлэх, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг шилжүүлж, уг газарт орон сууц барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг хамгийн боломжит талбайгаар гаргуулж, архитектур төлөвлөлтийн даалгавар авахад шаардлагатай бичиг баримт гаргах, хөрш байрны оршин суугчидтай хэлэлцээр хийх үүргийг тус тус хүлээжээ. /хэргийн 7, 11 дүгээр тал/

            Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

            Хариуцагчийн нэр дээр газар эзэмших эрхийг нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүйтэй холбоотойгоор дээрх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээнд талууд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, “Ц Х” ХХК нь өөрийн хүлээсэн үүрэг болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах, орон сууцны зориулалттай 414 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр багтаан шилжүүлэх, архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулан өгөх, газрын урьдчилгаанд авсан 200 000 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөрт багтаан буцааж шилжүүлэх гэж гүйцэтгэх үүргийн хугацааны хувьд өөрчлөлт оруулж, “Ц Х” ХХК-ийг төлөөлж захирал Д.Даваасамбуу, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаатар нар, “Ю Б Р Э” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Батболд нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна./ хх-ийн 13-р хуудас/

            Иймд уг гэрээнд зурагдсан Д.Даваасамбуугийн гарын үсгийг өөрөө зурсан эсэхтэй нэхэмжлэгч маргаагүй тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            Мөн талууд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээнд дахин нэмэлт өөрчлөлтийг оруулжээ. Уг өөрчлөлтөөр “Ц Х” ХХК нь урьдчилгаа төлбөрт авсан 200 000 000 төгрөгөөс 50 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөрт багтаан “Ю Б Р Э” ХХК-д буцаан төлнө. Энэ хугацаанд төлөөгүй бол хоног тутамд 0,5 хувийн хүү төлнө. “Ю Б Р Э” ХХК-ийн банкны зээл авч “Ц Х” ХХК-д өгсөн мөнгөний үлдэгдэл 150 000 000 төгрөгт сар бүр гарч буй 2 хувийн хүүгийн зардлыг үл маргах журмаар архитектур төлөвлөлтийн даалгавар гарах хүртэл хугацаанд сар бүрийн 05-ны өдөрт багтаан төлөх болон 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөрт багтаан газрын эрхийг бүрэн шилжүүлж, тухайн газар дээр баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулах, энэ үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үндсэн гэрээний 1.2.2-т заасан 307,69 м.кв талбайн 50 хувийг шилжүүлэн авах эрхээсээ татгалзах ба 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөрт багтаан газрын эрхийг бүрэн шилжүүлэх үүргээ 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр багтаан биелүүлээгүй тохиолдолд үндсэн гэрээний 1.2.2-т заасан 307,69 м.кв талбайг шилжүүлэн авах эрхээсээ 100 хувь татгалзахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 14 дүгээр тал/

            Анх байгуулсан гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийн дагуу “Ц Х” ХХК нь уг газар дээр орон сууц барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргуулж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дугаартай захирамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1460200344 дугаар бүхий 414 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийн гэрчилгээ гарсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 95, 99, 109 дүгээр тал/ Мөн гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу “Ц Х” ХХК-ийг төлөөлж Д.Мөнхбаатар 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 50 000 000 төгрөгийг бэлнээр хариуцагчид өгснийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй хариуцагчид шилжүүлсэн гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. 

            Дээрх нэмэлт өөрчлөлтөд “Ц Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаатар гарын үсэг зурсан байна. “Ц Х” ХХК-аас Д.Мөнхбаатарт 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3 сарын хугацаатай итгэмжлэл олгож, гэрээ хийх үед түүний итгэмжлэлийн хугацаа дууссан байсан хэдий ч “Ц Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Даваасамбуугаас 2019 оны 02 дугаар сарын 05, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрүүдийн албан бичгээр нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний тухай дурдсан. Д.Мөнхбаатар нь тус компанийн захирал Д.Даваасамбуугийн зөвшөөрлөөр компанийн тамга, тэмдэгийг эзэмшдэг байсан талаар давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тул дээрх нэмэлт өөрчлөлтийг байгуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна. Иймд дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тооцогдохгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Харин нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй, сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг баримталсан нь буруу болжээ.

            Нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр төлөх гэрээг цуцалж, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлалтай орон сууцны зориулалттай 414 м.кв газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүхээс талууд гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн тул татгалзах үндэслэлгүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.  Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан ба талууд гэрээний үүргийн тодорхой хэсгийг тус тус биелүүлсэн нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул гэрээний үүргийг ялимгүй зөрчсөнд тооцно. Харин гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаах эрхийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.     

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/00142 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “56.4.,” гэснийг хасч, “243.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1” гэж нэмж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амгаланбатын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 005 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ч.ЦЭНД

 

                                                 ШҮҮГЧИД                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           С.ЭНХТӨР