| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00080/И |
| Дугаар | 305/ШШ2025/00173 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 305/ШШ2025/00173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Г.Б-н нэхэмжлэлтэй
хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, гэрч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Энх-Орчлон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Б-тэй 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Г.Б нь 2018 онд Ц.Б-тай танилцаад хамтран амьдарч байгаад том хүү Б.Б 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, бага хүү Б.Б 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн. Г.Б нь нөхөр хүүхдүүдийн хамт **** тоотод нөхөр Ц.Б-ын гэрт 2020 оноос 2024 оныг дуустал амьдарч байсан. Нөхөр Ц.Б нь айлын мал маллаж гэр бүлээ тэжээдэг байсан. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөдөө айлын мал маллаж байгаад мотоциклоос унаж нас барсан байгаа. Г.Б Ц.Б нарын тухайд гэр бүлээ батлуулж байгаагүй. Учир нь Ц.Б нь өмнө хүнтэй гэр бүл болж байгаад шүүхээр гэрлэлтээ цуцлуулаад, улсын бүртгэл дээр цуцлалтаа хийлгээгүй байсан тул хүүхдүүд ааваараа овоглож чадаагүй өдий хүртэл явсан. Одоо тэжээгчээ алдсаны тэтгэмж хөөцөлдөхөд хамтын амьдралтай байсан байдлыг заавал тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандаж байгаа юм. Иймд Г.Б, Ц.Б нарыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б.Б, Б.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд,
-***** аймгийн **** сумын **** цэцэрлэгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар тодорхойлолт, түүнд хавсарган ирүүлсэн багшийн системийн хуулбар,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар Г.Б-ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2021/00110 дугаар шийдвэр,
-Ц.Б-н ******** дугаар нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-****** аймгийн **** сумын ***** багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар тодорхойлолт,
-гэрэл зургууд.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Г.Б нь Ц.Б-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3. Г.Б, Ц.Б нар нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь:
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд “эхийн овог нэр Г.Б, хүүхдийн овог нэр Б.Б, эрэгтэй, 2020 оны **** сарын *** өдөр төрснийг **** аймгийн *** сумын **** дугаарт 2020 оны **** сарын **** өдөр бүртгэсэн”,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд “эхийн овог нэр Г.Б, хүүхдийн овог нэр Б.Б, эрэгтэй, 2022 оны **** сарын *** өдөр төрснийг **** аймгийн ****** сумын **** дугаарт 2022 оны **** сарын **** өдөр бүртгэсэн”,
-**** аймгийн **** сумын **** цэцэрлэгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар тодорхойлолтод “Тус цэцэрлэгт суралцагч Б.Б нь 2023-2024 оны хичээлийн жилд дунд бүлэгт, 2024-2025 оны хичээлийн жилд ахлах бүлэгт суралцаж байсан нь үнэн болно” гээд түүнд хавсарган ирүүлсэн багшийн системд “аав Ц.Б, ээж Г.Б, харьяалал ***** аймгийн ***** сумын *** баг, *** тоот, оршин суугаа *** аймгийн *** сумын **** тоот” гэж бүртгэгдсэн,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаар Г.Б-ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2021/00110 дугаар шийдвэрээр Ц.Б, Д.О нарын гэрлэлтийг цуцалсан, Д.О нь гэрлэлт цуцалсан дээрх шүүх хуралдаанд “...Миний бие нөхөр болох Ц.Б-тай 2003 онд танилцаж 2006 онд гэр бүл болсон. ...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хамт амьдрахаа байсан. ...Нөхөр маань өөр гэр бүлтэй болоод хүүхэдтэй болсон учир би тусдаа амьдрахаар шийдсэн. ...Тусдаа бараг 3 жил амьдарч байгаа учир сэтгэл санаа ч нийлэхгүй байх. Эхнэр нь төрсөн учир нийлж амьдрах талаар аль аль нь ярилцаагүй...” гэж тайлбарласан,
-****** аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар тодорхойлолтод “Г.Б нь ам бүл 5, нөхөр болон хүүхдүүдийн хамт тус багийн **** тоотод 2020-2024 он хүртэл түр оршин сууж байсан нь үнэн болно” гэж,
-Гэрч З.А-н шүүх хуралдаанд “...Г.Б, нагац ах Ц.Б нар 2018 оноос хойш хамт амьдраад том хүү нь төрөөд манай ээжийн хашаанд хамт амьдарч байсан. Яагаад гэрлэлтээ бүртгүүлээгүйг сайн мэдэхгүй байна. Өмнө нь манай нагац ах өөр амьдралтай байж байгаад шүүхээр шийдвэрлүүлж салсан. Өмнөх хүүхэддээ тэтгэлэг төлж байсан юм. Г.Б-ийн 1 дагавар охин байсан. Нагац ахаас төрсөн 2 банди байгаа. Хүүхдээ төрөхөөс өмнө амьдарч байсан. Хөдөө мал маллаж байхдаа ирж очин байсан. Хүүхдүүдээ төрсний дараа хамт амьдарч эхэлсэн. Нас барахад нь хамт амьдарч байсан...” гэж мэдүүлсэн, Ц.Б-н хүүхдүүдтэйгээ авахуулсан гэрэл зургууд зэргээр нотлогдож байна.
4. Гэвч Ц.Б нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ****** дугаар нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
5. Иймд Г.Б-г Ц.Б-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан .Б-г Ц.Б-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА