Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 307/ШШ2025/00372

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01382/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод байрлах ******* (РД: *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (РД: *******, утас: *******)-д холбогдох,

“299,900,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 299,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“... ******* нь *******-тай 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Хүн тээвэр” худалдах, худалдан авах ДААТҮТАХК/2023042057 дугаартай гэрээгээр тендерийн баримт бичгийн тодорхойлолтод заасан хүн тээврийн автобусыг 399,900,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон, улмаар 2018 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн ******* маркийн ******* арлын дугаартай бор хүрэн өнгийн хүн тээврийн автобусыг худалдагч буюу нэхэмжлэгч тал 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр импортоор оруулж ирж 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр автобусаа худалдан авагчид буюу хариуцагчид хүлээлгэн өгч 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн.

Гэтэл худалдан авагч тал автобусаа хүлээн авснаас хойш 1 сарын дараа спидометрийн заалт, тахометрийн заалтууд хоорондоо зөрсөн гэх үндэслэлээр солиулах шаардлага тавьж буцаасан.

Нэхэмжлэгч спидометрийн заалт, тахометрийн заалтууд хоорондоо зөрсөн нь нийлүүлсэн автобусны чанарт нөлөөлөхгүй, тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад ийм зохицуулалт байхгүй, нийлүүлсэн автобус шаардлагад нийцэж байгаа талаар удаа дараа мэдэгдэж тайлбарласан боловч худалдан авагч тал тайлбарыг хүлээн аваагүй байна.

Иймд хариуцагчаас талуудын хооронд байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Хүн тээвэр” худалдах, худалдан авах ДААТҮТАХК/2023042057 дугаартай гэрээний үүрэгт 299,900,000 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.          

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр *******-д холбогдуулж  гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 299,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Автобусны үндсэн хянах дэлгэц дээр 47138 км явсан гэсэн заалттай, цахилгаан тахометр 578547 км явсан гэсэн заалттай буюу зөрүүтэй байсан тул уг эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой гэж үзэж гэрээнээс татгалзаж 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр автобусыг *******-д хүлээлгэн өгсөн.

*******-аас автобусыг хүлээж авсан үйлдлийг гэрээнээс татгалзах үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа тул 299,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-тай ДААТҮТАХК/2023042057 дугаартай хүн тээвэр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнэ болох 399,900,000 төгрөгөөс урьдчилгаанд 100,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч *******-ийн 109090918135 тоот дансанд шилжүүлсэн.

Гэтэл худалдан авсан гэрээний зүйл болох хүн тээврийн үндсэн хянах дэлгэц дээр 47138 км явсан гэсэн заалттай, цахилгаан тахометрт 578547 км явсан гэсэн заалттай буюу зөрүүтэй байсан тул уг эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой гэж үзэн гэрээнээс татгалзаж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр автобусыг *******-д хүлээлгэн өгсөн.

Иймд талууд гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч эд хөрөнгийг хүлээлцсэн тул гэрээний төлбөрийн урьдчилгаанд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч *******-аас гаргуулж, хариуцагч *******-д олгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“...Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээний үүрэгт 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримттай маргахгүй, гэрээний зүйл болох автобусны хянах дэлгэц дээр 47138 км, цахилгаан тахометрт 578547 км гэсэн мэдээлэл байгаа нь үнэн боловч хариуцагчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага баримт бичгийн 21-т “цахилгаан хэрэгсэл” хүснэгтэд “хурд хэмжигч болон туулах замыг хэмжигч цахилгаан тахометр радио антен өсгөгч” гэсэн үзүүлэлтэд байгаа тахометр нь автобустай хамт үйлдвэрлэгдэх тоноглол биш, нийлүүлэгч буюу нэхэмжлэгч нь тахометрээр нэмж тоноглосон, хариуцагч тал тоон заалтыг ижил байх шаардлага тавиагүй тул биет байдлын доголдолтой гэж үзэж гэрээнээс татгалзах үндэслэлд хамаарахгүй тухай нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 29-ний 18 дугаартай “Мэдэгдэл хүрүүлэх нь”, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай “Тодруулга хүргүүлэх нь”, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх нь” гэсэн албан бичгүүдээр тодорхой мэдээлэл, тайлбар, баримтуудыг хариуцагчид хүргүүлж байсан.

Гэтэл хариуцагч спидометрийн заалт, тахометрийн заалтууд нь хоорондоо зөрчсөн байгаа нь буцааж солиулах үндэслэл болж байна гээд гэрээний зүйл автобусыг буцаах тухай АТҮГ-т албан бичиг өгч, акт үйлдэн Анхбаяр гэдэг жолоочоор Улаанбаатар хотод хүргүүлсэн.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн доголдолд хамааруулж байгаа спидометрийн заалт, тахометрийн заалтууд нь хоорондоо зөрчсөн нь техникийн тодорхойлолтод заагдаагүй, биет байдлын доголдолд хамаарахгүй гэж үзэж маргаан үүсгэн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, *******-аас Ш.*******д олгосон 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл, Ш.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ДААТҮТАХК/2023042057 дугаартай “Хүн тээвэр” худалдах, худалдан авах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ дүгнэсэн актын нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай *******-д хүргүүлсэн мэдэгдлийн нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай *******-д хүргүүлсэн тодруулга, хавсралтын хамт нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай *******-д хүргүүлсэн мэдэгдлийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өргөдөл, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан тухай баримт, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 139 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, нэхэмжлэх нотариатаар батлуулсан хуулбар, төлбөрийн баримтын нотариатаар батлуулсан хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийн нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/878 дугаартай Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, 2018 ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,  *******-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/26 дугаартай*******-д гаргасан хүсэлт, *******-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18/499 дугаартай тодорхойлолт, хүргэлтийн дэвтрийн хуулбар, *******-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18/500 дугаартай тодорхойлолт, *******-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл, Б.*******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, ******* тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-33, 88-92, 116, 121-127 хуудас)

4.Хариуцагчаас *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1760 дугаартай итгэмжлэл, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн *******-аас *******-д хүн тээврийн автобусыг хүлээлгэн өгсөн актын нотариатаар батлуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн цахим гүйлгээний баримтын нотариатаар батлуулсан хуулбар, төлбөрийн даалгаврын нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/471 дугаартай итгэмжлэл, *******-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ТХ-35 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.  (хх 39-41, 51, 54-56, 117-119 хуудас)

5.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******ийн хүсэлтээр *******-аас 45 хүний суудалтай автобусны техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын нотариатаар батлуулсан хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******ийн хүсэлтээр ******* маркийн бор хүрэн өнгийн, ******* улсын дугаартай хүн тээврийн автобусны спидометр, тахометрийн заалтад үзлэг хийж бэхжүүлсэн баримт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 73, 102-107 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан “299,900,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ******* нь *******-д холбогдуулан “100,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ******* нь *******-тай 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан "Хүн тээвэр" худалдах, худалдан авах гэрээний дагуу 2018 онд үйлдвэрлэсэн ******* маркийн автобусыг 399,900,000 төгрөгөөр нийлүүлсэн. Хариуцагч тал 100,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй. Хариуцагч тал нийлүүлсэн автобусны спидометр, тахометрийн заалт зөрүүтэй гэж гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээнд заасан техникийн шаардлагад нийцсэн барааг нийлүүлсэн тул үлдэгдэл 299,900,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нийлүүлсэн автобус техникийн доголдолтой буюу спидометр болон тахометрийн заалт зөрсөн, моторын хүчин чадал сул, стандартад нийцэхгүй байсан тул гэрээний дагуу доголдлыг арилгуулах шаардлага хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч автобусыг 2024 оны 04 дүгээр сарын 22-нд буцаан авсан. Хэрэгжээгүй гэрээний төлбөрийг бүрэн хийх боломжгүй гэж тайлбарласан.

3.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг “Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нийлүүлсэн автобусыг буцаан хүлээж авсан. Нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж байна гэж ойлгож байна. Иймээс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Хүн тээвэр" худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчээс “Гэрээний 5.1-д гэрээг цуцлах үндэслэлүүдийг тодорхой заасан бөгөөд хариуцагч тал гэрээ цуцлах талаар албан ёсны мэдэгдэл хүргүүлээгүй. Гэрээний 5.4-т нийлүүлэгч гэрээнээс татгалзах эрхгүй гэж заасан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал тээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчлөхдөө техникийн асуудал шийдвэрлэх зорилгоор хүлээн авсан болохоос гэрээнээс татгалзах зорилгогүй байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү” гэж хариу тайлбарыг гаргасан.

4.Хэрэг авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №ДААТҮТӨХК/2023042057 дугаартай хүн тээвэр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр хүн тээврийг буюу техникийн тодорхойлолтод заасан хүн тээвэрлэх зориулалт бүхий автобусыг 399,900,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. (хх6-11х)

2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн нийлүүлсэн ******* маркийн ******* арлын дугаартай автобусны өмчлөгчөөр ******* нь бүртгэгдсэн байна. (хх33х)

Үүний дараагаар талууд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ДААТҮТӨХК/2023042057 дугаартай хүн тээвэр худалдах, худалдан авах гэрээг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дүгнэж, гэрээ дүгнэсэн акт үйлджээ.

Тухайн актанд “...Барааг бүрэн нийлүүлсэн. 2024.03.04-ний өдрийн хүн тээврийн автобус хүлээлцэх актаар хүлээлгэж өгч баталгаажуулсан. Чанарын баталгааны 5% болох 19,995,000 төгрөгийг үлдээж, 379,905,000 төгрөгийн санхүүжилтийг *******-д олгохоор шийдвэрлэв” гэжээ. (хх12х)

2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр *******-иас *******-д хүн тээврийн автобусыг буцаан хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх ба мөн актанд “...машины үндсэн хянах дэлгэц дээр 47138км заалттай, цахилгаан тахометр 578547км заалттай зөрүүтэй мэдээлэлтэй тул нийлүүлэгч байгууллагад автобусны ажиллагаа хэвийн, бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн” гэжээ. (хх51х)

Улмаар талууд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тухайн автобусыг буцаан *******-ийн нэр дээр шилжүүлэхээр хэн аль нь Авто Тээврийн үндэсний төвд хандаж “...№ДААТҮТӨХК/2023042057 дугаартай “Хүн тээвэр”-ийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалтад ******* тэнцэж, ******* маркийн ******* арлын дугаартай автобусыг нийлүүлсэн боловч спидометрийн заалт, тахометрийн заалтууд нь хоорондоо зөрсөн байгаа нь буцааж солиулах үндэслэл болж байна. Иймд *******-нд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг *******-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэж албан бичиг хүргүүлжээ. (хх30,31х)

Гэрээний зүйл болох ******* маркийн ******* арлын дугаартай автобус нь одоогоор нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд байгаа гэж талууд тайлбарладаг, энэ нь хэргийн 127 дугаар хуудсанд авагдсан автотээврийн хэрэгслийн гэрчилгээгээр мөн тогтоогдож байна.

5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

6.Талууд худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй ба нэг тал гэрээнээс татгалзсан эсэх, автобус техникийн шаардлага хангаж байгаа эсэх, доголдол байгаа эсэх асуудал нь маргааны зүйл болж байна.

7.Дээр дурдсанчлан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үндсэн үүрэгтэй бөгөөд хэрэв худалдсан эд хөрөнгө доголдолтой тохиолдолд Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар худалдагч уг доголдлыг арилгах, .... өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй бол,

Харин худалдан авагчийн хувьд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй юм.

8.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүн тээвэр нийлүүлэх №ДААТҮТӨХК/2023042057 дугаартай бараа худалдан авах тендерийн баримт бичгийн 45 хүний суудалтай автобусны техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага (хх73х) гэх баримтад нийлүүлэх автобусанд хурд хэмжигч болон туулах замыг хэмжигч, цахилгаан тахометр байх талаар дурдагдсан байх боловч спидометрийн заалт, тахометрийн заалтууд зөрүүгүй байна гэх шаардлага тавигдаагүй байна.

Шүүх хуралдаанд зохигчид “...Спидометр гэдэг нь машины хурдыг хэмждэг, тахометр нь хөдөлгүүрийн эргэлтийн хурдыг хэмждэг тээврийн хэрэгслийн хянах самбар дээр байрладаг хэмжигч багажууд юм. Тахометр нь нэмэлт суурилагдаж болдог цахилгаан хэрэгсэл” гэж тайлбарладаг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагчийн зүгээс спидометрийн заалт, тахометрийн заалтын зөрүүтэй байдал нийлүүлсэн автобусны чанар, доголдолд хамаарна гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа татгалзлаа нотлоогүй.

Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн *******-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн техникийн хэлтэс, хэлтсийн дарга Г. хуулийн хэлтэст хандсан дотоод албан бичиг нь дээрх байдлыг нотлохгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагчид нийлүүлсэн автобус нь биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх тул хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчаас нийлүүлсэн автобусны төлбөрийг нэхэмжлэгчид төлснөөр автобусыг хүлээн авах үүрэг үүсэж байх тул үр дагаврыг шийдвэрлэх зорилгоор автобусыг хүлээн авахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзсэн болно.

9.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Хариуцагчаас шүүх хуралдаанд “...спидометрийн заалт, тахометрийн заалт зөрүүтэй байсан тул уг эд хөрөнгийг биет байдлын доголдолтой гэж талууд үзэж гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч автобусыг буцаан авсан тул нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж ойлгож байна. Иймд гэрээний урьдчилгаа төлбөр 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах хүсэлтэй байна” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.

Харин нэхэмжлэгчээс “...төрийн өмчит компанийн өмчлөлд байгаа автобусыг шууд аваад явах боломжгүй байсан учир талууд автобусыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлээд, нэхэмжлэгч тахометрийг сольж өгөхөөр болсон боловч тухайн заалтууд зөрсөн асуудал нь автобусны чанар байдалд нөлөөлөхгүй байсан тул хариуцагчид автобусыг буцаан өгөхөөр удаа дараа хандсан боловч хүлээн аваагүй” гэж мэдүүлснийг хариуцагч үгүйсгээгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/26 дугаартай “Хүсэлт гаргах нь” тухай албан бичиг, шуудангийн баримтуудаар нэхэмжлэгч нь дээрх санал хүсэлтийг ******* болон *******-д хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна. (хх12х)

Дээрх байдлууд нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

10.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,657,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******-иас 299,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, ******* маркийн ******* арлын дугаартай автобусыг хүлээн авахыг хариуцагч *******-нд даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,657,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.НОМИН