Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0116

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.С,

Нэхэмжлэгч: Д.,

Нэхэмжлэгч: М.а,

Нэхэмжлэгч: Х.Э,

Нэхэмлэгч Д., Х.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.а,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.С, П.Б,

Гуравдагч этгээд: М.С,

Гуравдагч этгээд: Д.,

Гуравдагч этгээд: М.а,

Гуравдагч этгээд: Х.Э,

Маргааны төрөл: Иргэн М.С, Д., М.а, Х.Э нарт газар эзэмшүүлсэн болон өмчлүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.С, нэхэмжлэгч М.Сгийн өмгөөлөгч Б.Э, нэхэмжлэгч М.ын өмгөөлөгч Д.Г, Б.Г, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч М.С нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр захирамжийн Д., М.а, Х.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг дарга газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээр хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хороо, Х 29 дүгээр гудамж, тоот хаяг бүхий газрын нөхөх олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг М.Стай хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийн Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “ хороо, Х 29- тоот хаяг бүхий газрын дугаартай гэрчилгээг Д.д олгож, бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, 2003 оны 04 дүгээр сарын 25 өдрийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

1.2. Нэхэмжлэгч М.С Нийслэлийн Засаг даргад Д., М.а, Х.Э нарт газар давхцуулан өмчлүүлсэн талаар гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч М.С нь нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 4406 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргасныг хүлээн авч тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4739 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

  1. Харин нэхэмжлэгч Д., М.а, Х.Э нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжийн иргэн М овогтой Сд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.1. Иргэн Д., М.а, Х.Э нараас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахин нэхэмжлэл ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус захиргааны хэрэг үүсгэсэн байна.

  1. Дээрх М.а, Д., Х.Э нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн засаг даргад холбогдох индексийн дугаартай захиргааны хэргийг М.Сгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга, Сүхбаатар дүүргийн засаг дарга нарт холбогдох индексийн дугаартай захиргааны хэрэгт нэгтгэснээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
  2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг үндэслэн хороо Х 29- тоот хаягт байрлах газрыг иргэн Д.д эзэмшүүлэх гэрчилгээг олгосон байна.

4.1. Улмаар дээрх газрыг иргэн Д. нь 2004 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/ дүгээр захирамжаар Д., М.а, Х.Э нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

4.2. Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай захирамжаар М.Сд хороо Х 29- хаягт 697 мкв талбайн хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

  1. Улмаар нэхэмжлэгч М.Сгаас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Д., М.а, Х.Э нарт өмчлүүлсэн газар болон тус газрын нөхөн олговор олгохтой холбоотой асуудлаар нийслэлийн Засаг даргад хандсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичгээр “...гомдолд дурдсан газар өмчлөхтэй холбоотой маргаанытай асуудлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн байна. 
  2. Нэхэмжлэгч М.С нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Миний бие хороо, Х 29 гудамж, тоот хаяг бүхий газар дээр 1978 оноос хойш 40 гаруй жил амьдарч байна. Уг газраа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02 өдрийн дугаартай захирамжийн дагуу эзэмшдэг.

Манайх газраа авахдаа 1978 онд миний аав Б.М нь тус газар анх амьдарч байсан Ц.Мө*******тай харилцан тохиролцож худалдан авч байсан. Түүнээс хойш манайх тус газар дээр 40 гаруй жил амьдарч байна. Газраа манайд зарснаасаа хойш удалгүй нүүж, түүнээс хойш манай газар дээр амьдраагүй. Ц.Мө******* нь тус газрыг манайд зарсан гэдгээ гэрчилж 2022 онд өөрийн гараар тодорхойлолт бичиж өгсөн. Манайх энэ газраа маш олон жил амьдарч ирсэн гэдэг нь хөрш айлууд, үе үеийн хорооны Засаг дарга нар гэрчлэхиин зэрэгцээ, хорооны хаягийн бүртгэл, өрхийн дэвтэр, тог цахилгааны төлбөрийн баримт гэх мэт холбогдох бүх баримтаар нотлогдоно.

Гэтэл Д., М.а, Х.Э нар миний газрыг өмчилж, эзэмшдэг хэмээн надтай маргаж ойлгомжгүй байдал үүсгэж байна. Д. нь Ц.Мө*******ын салсан эхнэр нь, М.а нь Ц.Мө*******ын охин, Х.Э нь Ц.Мө*******ын зээ охин нь юм. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2024 оны 04 дүгээр сарын 17 өдөр өргөдөл гаргасны дагуу тус Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга болон мэргэжилтэн Н.С болон иргэн М.а нартай 2024 оны 04 дүгээр сарын 24-нд уулзалт хийхэд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар Д., М.а, Х.Э нарт миний газрыг өмчлүүлснийг мэдсэн. Энэ уулзалт болсон талаар надад баримт байхгүй. Үүнээс өмнө Д. нарт Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж миний газрыг өмчлүүлсэн гэж би мэдээгүй, надад энэ талаар мэдэгдэж байгаагүй. 

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчүүлэх”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан. Гэтэл Д., М.а, Х.Э нарт газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа тус газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотлолгүйгээр захирамж гаргасан байна. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр захирамжаар Д., М.а, Х.Э нарт миний газрыг өмчүүлсэн нь хууль зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн орон сууцны корпорацаас хэрэгжүүлж буй “С” төслийн хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил бэлтгэл, төлөвлөлт, шийдвэр гаргах шатанд явж байна. Энэ төслийн газар чөлөөлөх бүсэд миний амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 14 хороо, Х 29 гудамж, тоот хаяг бүхий газар орсон. Д., М.а, Х.Э нар нь манай газар дээр 40 орчим жил огт амьдарч байгаагүй хэр нь манай газар “С” төслийн газар чөлөөлөх бүсэд орж, нөхөн олговор авах нөхцөл байдал үүсэнгүүт гэнэт гарч ирэн газрын нөхөн олговор авахаар санаархаж байна.

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж заасан. Иймд М.С миний бие тус газар төрсөн цагаасаа хойш 40 гаруй жил амьдарч байгаагийн хувьд тэргүүн ээлжид өмчлөх эрх олж авах давуу эрхтэй. Гэтэл газар дээр маань огт амьдарч байгаагүй буюу хууль ёсоор эзэмших ашиглаж байгаагүй хүмүүс өмчлөх эрх олж авсан байна. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай захирамжаар М.С надад газар эзэмших эрх олгосныг мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” заасныг Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолын хавсралт “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам”-ын 5.2-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан олгох нөхөх олговрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хариуцах бөгөөд уг нөхөх олговрын хэмжээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан эрх бүхий үнэлгээчний хийсэн үнэлгээнд үндэслэн тогтоож олгоно” гэж. 6.1.6-д “газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд гэрээний дагуу нөхөх олговроо авах, газраа чөлөөлөх эрх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу миний бие газраа эзэмших, нөхөн олговор авах эрхтэй.

Дээрх асуудлаар 2024 оны 04 дүгээр сарын 25-нд Нийслэлийн Засаг дарга Х.т гомдол гаргахад 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тоот хариугаар газар өмчлөхтэй холбоотой маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан гомдолдоо “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай захирамжаар М.С надад газар эзэмших эрх олгосныг үндэслэн Сүхбаатар дүүргийн 14 хороо, Х 29 гудамж, тоот хаяг бүхий газрын нөхөн олговрыг Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолын хавсралт “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам”-ын дагуу М.С надад олгож өгнө үү гэсэн гомдлын шаардлага гаргасан. Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тоот хариу өгөхдөө газрын нөхөн олговор олгох эсэхийг шийдвэрлэсэн тодорхой хариу өгөөгүй, шүүхэд хандана уу гэсэн. Үүнийг миний бие Нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Түүнчлэн манай хөрш айлууд нөхөн олговроо тохиролцон “Газар чөлөөлөх гэрээ”-гээ хийчихсэн байгаа. Тухайлбал, манай хөрш хороо, Хандгайт 28 гудамж. 262а тоот оршин Н.Банд “Газар чөлөөлөх гэрээ” хийж, нөхөн олговрын хэмжээгээ тохиролцсон байна. Түүний “Газар чөлөөлөх гэрээ”-ний хуулбарыг хавсарган өгч байна. “С төслийн газар чөлөөлөх бүсэд орсон манай 14 дүгээр хорооны айлууд гэрээгээ хийчихсэн байхад зөвхөн манайхтай газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээр хийхгүй байгаа юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамжийн Д., М.а. Х.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээр хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Сүхбаатар дүүргийн 14 хороо, Х 29 гудамж тоот хаяг бүхий газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг М.С надтай хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, холбогдох баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25 өдрийн 62 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 14 хороо, Х 29 гудамж, тоот хаяг бүхий манай газрыг гуравдагч этгээд Д.д эзэмшүүлж байсан байна.

Тухайн газрын хувийн хэргээс үзвэл Д. нь ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байгаагүй. Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмших эрхийн гэрчилгээ, захирамж гаргуулж авсан зүйл харагдахгүй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2 дахь заалт, 34 дүгээр зүйлийг бүхэлд нь тус тус зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж, М.С миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж миний газрыг Д.д эзэмшүүлж байсан байна. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25 өдрийн 62 дугаартай захирамжийн Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Д. нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25 өдрийн 62 дугаар захирамжаар тус газрыг эзэмшсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамж нь газар эзэмшүүлэх тухай захирамж биш бөгөөд дүүргийн Засаг даргаас газрын алба, Тамгын газартаа үүрэг өгсөн, дотоод зохион байгуулалтын шинжтэй захирамж байгаа юм. Иймээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга албан ёсоор Д.д тус газрыг эзэмшүүлсэн захирамж гараагүй байхад огт хамааралгүй 2003 оны 62 дугаартай захирамжийг үндэслэж Д.ын нэр дээр дугаартай гэрчилгээ гаргаж миний газрыг түүнд эзэмшүүлсэн нь хууль бус болсон нь тодорхой байна. Иймд хороо, Х 29- тоот хаяг бүхий газрын дугаартай гэрчилгээг Д.д олгож, бүртгэснийг хууль бус болохыг тогтоож 2003 оны 04 дүгээр сарын 25 өдрийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хороо, Х 29 дүгээр гудамжны тоотод 700 м.кв байрлах гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг иргэн Д.д анх эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Үүний дараа нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг иргэн Д., М.а, Х.Э нарт хамтран өмчлүүлж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.С нэхэмжлэлийн шаардлагад иргэн Ц.Мө*******тай харилцан тохиролцож худалдан авч байсан талаар дурджээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Энэ хуулийн 29.2-т заасан хүсэлтэд иргэний өмчийн газраа эзэмшүүлэх, ашиглуулах талаар тухайн газрыг эзэмших, ашиглах этгээдтэй байгуулсан, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээний эх хувийг хавсаргана” гэж заасан бөгөөд Ц.Мө*******д газар эзэмших, өмчлөх эрх хуулиар олгогдоогүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд иргэн М.Сг хороо, Х 29 дүгээр гудамжны тоотод байрлах маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэх үндэслэлгүй байна.

Нийслэл У хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрлийг сааруулах зорилгоор хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын шийдвэрийн дагуу улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 10.7-д заасан журмын дагуу газар чөлөөлнө” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн 14, 15, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулна”, мөн тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.8-д “Гэрээнд газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээ, түүнийг олгох нөхцөл, хугацааг тусгасан байна” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга, газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулж, түүнд нөхөх олговор олгох эрх зүйн зохицуулалттай тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгч Д., Х.Э, М.а нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “… Юун түрүүнд нэхэмжлэгч М.С нь бодит байдалд нийцээгүй худал зүйлс нэхэмжлэлдээ бичсэн байгааг хэлэхийг хүсч байна. Миний аав болох Ц.Мө******* нь аймгийн сумын гаралтай хун бөгөөд У хотод ажиллаж амьдарч байхдаа хороо Х 29 гудамжинд анх газар эзэмшиж ашиглаж байгаад 1978 онд өөрийн найз тус сумын харьяат Б.Мг У хотод шилжин ирж суурьшихад нь өөрийн хашааны хажууд буулгаж, ахуй амьдралд нь тус дэм болж байсныг дурдах нь зүйтэй байна. 

Тухайн цаг хугацаанаас хойш Б.М гуайнх манай хашааны хажууд гэрээ барьж айл болон төвхнөн амьдарч эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш манай аав Ц.Мө******* Сгийн аав Б.М гуайд манай газрыг хэзээ ч худалдаж байгаагүй бөгөөд учир нь аав минь Монгол улсын анхны Ландшафтын архитектор мэргэжилтэй хүн тул тэтгэвэрт гарахаараа байшин барьж, жимсний болон гоёлын мод хашаандаа тарьж, бичил ногоон цэцэрлэг болгон амьдрах хүсэлтэй, тэрийгээ байнга үр хүүхэд надад ярьдаг байсан боловч нийгмийн шилжилтийн хүнд хэцүү үед санхүүгийн боломжгүйн улмаас байшин барьж чадаагүй юм. 

Тиймээс эзэмшлийн газраа албан ёсоор 2003 онд өөрийн эхнэр Д., охин М.а, зээ охин Х.Э нарт эзэмшүүлэхээр болж улмаар бид эзэмшлийн газраа 2004 онд өмлөх газар болгон өөрсийн гэсэн өмч хөрөнгөтэй болсон юм. Гэтэл өдгөө нас өндөр болж 85 насалсан аав минь мартаж, санадаг болсон эрүүл мэндийн байдлыг далимдуулан М.С нь 2022 оны 03 дугаар сарын 30-нд элдэв худал зүйлс хэлж бичүүлсэн байсныг аав минь тухайн үедээ мартсан байсан. Тухайн үед аавыг банк руу авч явж тэтгэврийг нь авч өгөхөөр би гарт нь очиход иргэний үнэмлэх нь байхгүй байсан ба яасныг нь дахин дахин лавлаж асуухад арай гэж санан “2 хүүхэн иргэний үнэмлэхийг минь номын сан дээр байхад аваад явчихсан” гэж байсан юм. Би ямар хүмүүс болохыг сайтар лавлаж асуусны эцэст “надаар цаасан дээр юм хэлж бичүүлээд аваад явсан. Гарахдаа надаас асуулгүй үнэмлэхийг минь аваад гарсан” гэж байсан. Тэр хэлж бичүүлсэн бичгийг аав тэмдэглэлийн дэвтэр дээрээ ноороглосон байсныг би олж авсан бөгөөд М.С нь аавыг минь хөгшин настайг далимдуулан хүссэн зүйлээ авахын тулд худал хуурмаг, үндэслэлгүй зүйл бичүүлж, түүгээр ч барахгүй зөвшөөрөлгүйгээр (дээрэм, хулгайн шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд тухайн үед нь миний зүгээс цагдаад өргөдөл гаргаж байсан) иргэний үнэмлэхийг нь авч явсан байсан. Аав минь тухайн үедээ ч, одоо ч Мн охидыг огт танихгүй, уулзаж байгаагүй талаараа хэлдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн зүйлс бүхэлдээ худал юм.

Энэхүү газар нь өдгөө миний аав Ц.Мө*******ын эзэмшил, өмчлөлд байдаггүй бөгөөд миний ээж Д., М.а миний бие, миний охин Х.Э бид гурвын хамтын өмчлөлийн цорын ганц газар, үл хөдлөх эд хөрөнгө юм. Гуравдагч этгээдүүд болох Д., М.а, Х.Э бид хороо Х 29 гудамж, тоот хаяг бүхий 700 м.кв талбай бүхий газрыг Сүхбаатар дүүргийн засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болж улмаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.3 дах хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Х 29 гудамж, тоот 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр гийн , Мө*******ын а, тын Э бид 3 хамтран өмчлөгчөөр бүртгүүлж уг газрын хууль ёсны өмчлөгч нар болсон. 

Гэтэл нэхэмжлэгч М.С нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Газар эзэмших эрх шинээр олгох тухай захирамжаар хороо Х 29- тоот байршилд байх бидний өмчилсөн газрыг маань Иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн байна. Энэхүү Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус зөрчсөн буюу бусдад өмчлүүлсэн газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн захирамж гаргасан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй захирамжийг гаргасан гэж үзэхээр байна. 

Энэ талаар бид 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанаас олж мэдсэн бөгөөд тэр даруй Нийслэлийн Засаг дарга Х.т 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргасан байдаг. Гомдлыг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрлэсэн талаар бүртгэл хяналтын картын хувийг миний бие аваад байна. 

Тус хяналтын картанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын Барилга, газрын харилцааны эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бөөс өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн гэх бөгөөд тайлбар хэсэгт “Гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас уулзалт зохион байгуулж Сгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор болсон байна.” гэж тайлбарласан хэдий ч уг гомдлын хариуг одоо хүртэл албан бичгээр өгөөгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Үүнээс дүгнэхэд М.Сд маргаан болоод буй бидний өмчлөлийн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны дугаар захирамжийн М.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгосон гэж ойлгогдохоор байна. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар өөрсдийн үйл ажиллагаандаа хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд энэхүү зарчмыг баримтлаагүйн улмаас өнөөдрийн энэхүү маргаан үүсч бусдад тэр чинээгээр чирэгдэл төвөгтэй байдлыг бий болгоод байна. 

Иймд тус шүүхэд М.Сгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүр хууль зүйн үндэслэлгүй, цаг хугацааны хувьд даруй 16 жилийн өмнө 2004 онд гуравдагч этгээд болох Д., М.а, Х.Э бидэнд өмчлүүлсэн Нийслэлийн засаг даргын захирамж үндэслэлтэй, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хүчинтэй хэвээр байна. 

Нэхэмжлэгч ихэсгэсэн шаардлагаа “ хороо, Х 29- тоот хаяг бүхий дугаартай гэрчилгээг Д.д олгож, бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тодорхойлжээ.

Гуравдагч этгээдүүд нь хороо, Х 29- тоот хаяг бүхий газрыг 1978 оноос хойш 2003 он хүртэл эзэмшиж байгаад улмаар Сүхбаатар дүүргийн засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжаар уг газраа эзэмших эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл эзэмшлийн газраа албан ёсоор 2003 онд Д., М.а, Х.Э нар нь эзэмших эрхтэй болсны дараагаар 2004 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.3 дах хэсэгт заасны дагуу Нийслэлийн засаг даргын 2004 оны дүгээр захирамжаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х 29 дүгээр гудамж, тоот 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр гийн , Мө*******ын а, тын Э нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж уг газрын хууль ёсны өмчлөгч нар болсон.

 Гэтэл нэхэмжлэгч М.С нь Сүхбаатар дүүргийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Газар эзэмших эрх шинээр олгох тухай захирамжаар хороо Х 29- тоот байршилд тэдний өмчилсөн газрыг Иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн байдаг. Түүний ийнхүү эзэмшсэн талаарх газрын хувийн хэрэг огт байдаггүй бөгөөд ямар баримт материалыг үндэслэн тус газрыг эзэмших эрхтэй болсон нь тодорхой бус байгаа юм. М.Сд олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус зөрчсөн буюу бусдад өмчлүүлсэн газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн захирамж гаргасан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй захирамжийг гаргасан байгаа юм. 

Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу М.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

8. Нэхэмжлэгч Д., Х.Э, М.а нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... хороо Х 29- тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Д., М.а, Х.Э бид 2003 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болж улмаар нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр захирамжаар уг газраа өмчлөх эрхтэй болж хууль ёсны өмчлөгч нар болсон юм. Гэтэл М.С нь Сүхбаатар дүүргийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар бидний газрыг эзэмших эрхтэй хэмээн газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байсан.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь бусдад өмчлүүлсэн газрыг М.Сд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар эзэмшүүлэх хууль зүйн үндэслэл байгаагүйгээс гадна уг захирамж нь бодит байдалд биелүүлэх боломжгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захирамж юм. Энэхүү Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус зөрчсөн буюу бусдад эмчлүүлсэн газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн захирамж гаргасан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй захирамжийг гаргасан гэж үзэхээр байна. Энэ талаар бид 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанаас олж мэдсэн бөгөөд тэр даруй Нийслэлийн засаг дарга Х.т 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргасан байдаг. Гомдлыг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Шийдвэрлэсэн талаар бүртгэл хяналтын картын хувийг миний бие аваад байна.

Тус хяналтын картанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын Барилга, газрын харилцааны эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бөөс өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн гэх бөгөөд тайлбар хэсэгт “Гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас уулзалт зохион байгуулж Сгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор болсон байна.” гэж тайлбарласан хэдий уг гомдлын хариуг одоо хүртэл албан бичгээр өгөөгүй, М.Сд бидний газрыг эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгоогүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар өөрсдийн үйл ажиллагаандаа хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд энэхүү зарчмыг баримтлаагүйн улмаас өнөөдрийн энэхүү маргаан үүсч бусдад тэр чинээгээр чирэгдэл төвөгтэй байдлыг бий болгоод байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, зэргээр захиргааны акт илт хууль бус байх тохиолдлыг бий болгож байгаа бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл бий болж байна.

Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчиж газар эзэмших эрх олгосон нь уг захиргааны акт материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны эрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарахаар заасан тул дээр дурдсан захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь илт хууль бус байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжийн иргэн М.Сд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцож бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

9. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус дүүргийн 14 дүгээр хороо, Х 29 дүгээр гудамжны тоот нэгж талбарын ******* дугаар бүхий 699м2 газар нь дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай 62 дугаар захирамжаар Д.д газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож эзэмшүүлсэн.

Дээрх захирамжаар олгогдсон нэгж талбарт газар баталгаажилтын хувийн хэрэг тус албаны архивт хадгалагдаагүй байна. Тухайн нэгж талбарыг нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр захирамжаар Д., М.а, Х.Э нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн бөгөөд өмчилсөн газрын хувийн хэргийн баримтыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт хандаж авна уу.

Харин дүүргийн Засаг даргын 2020 оны газар эзэмших эрх шинээр олгох тухай дугаар захирамжийн иргэн М.Сд холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” дахь заалтыг зөрчсөн байх тул тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу иргэн М.Сд холбогдох заалтыг хүчингүй болгохоор сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж газар эзэмших эрхийг дуусгавар болгох захирамжийн төсөл бэлтгэн ажиллаж байна. Иймд иргэн М.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Сгийн нэхэмжлэлд тайлбар гаргахад 2003 оны 62 дугаар захирамж нь тухайн үедээ дүүргийн Засаг даргаас гэрчилгээ нь хуучирсан болон гэрчилгээгүй айлуудад шууд газар дээр нь очоод гэрчилгээжүүлэх даалгавар өгсөн захирамж байгаа. Түүний үндсэн дээр гэрчилгээжүүлж байгаа баримтаар дараа нь хүсэлтээ өгч өмчлүүлэх гэж заасан учраас тухайн үед хүмүүс шууд очоод очоод, байгаа айлууд дээр нь очоод кадастрын зургийг нь хийлгүүлээд гэрчилгээг нь бичээд явж байсан үе. Тухайн үед ажиллаж байсан байцаагч Н.Мөнхтуяа гэдэг хүн үүнийг хэлдэг. Тэгээд хувийн хэрэг тэр захирамжийн хүрээнд 1 ширхэг ч үүсээгүй байдаг юм байна лээ. Энэ 62 дугаар захирамжаар олон айлууд гэрчилгээтэй болоод өмчилсөн айлууд тэр хавийнхан бүгдээрээ байдаг юм шиг байсан. Үүнийг өмнө нь газар дээр нь очиж ажиллаж байсан хүнээс сонсчихсон учраас ийм тайлбар өгмөөр байна. Тэгээд газар эзэмших гэрчилгээгээ 2003 онд аваад 2004 оны -ээр хүсэлтээ өгөөд газраа өмчлөөд Х.Э, Д., М.а гэх 3 хүн дээр газар өмчлөлийн гэрчилгээ гарсан. Гэтэл 2020 онд газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй мэдээллийн санд кадастрын зураг нь байсаар байтал М.С дээр захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчөөд байгаа юм. Тийм учраас манайхаас иргэн М.Сд газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүргүүлээд, сонинд зар бичсэн байгаа. Тэгээд шүүх дээр маргаж байгаа болохоор төслөө бэлдчихээд Засаг дарга дээр арай ороогүй байгаа.” гэжээ.

11. Нэхэмжлэгч М.С*******гаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчид нь 2004 оны дугаар захирамжаар газрыг өмчилсөн гэж байгаа боловч хууль ёсны дагуу өмчлөх эрх нь үүсээгүй байсан. Учир нь тэдэнд өмчлүүлсэн “Өмчлөх эрхийн гэрчилгээ” гараагүй байсан. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ.” гэж заасан. Иймд “бидний газартай давхцалтай байсан нь Газрын тухай хууль зөрчиж байна, илт хууль бус” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 

Мөн нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжаар тус газрыг эзэмшсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамж нь газар эзэмшүүлэх тухай захирамж биш бөгөөд дүүргийн Засаг даргаас газрын алба, тамгын газартаа үүрэг өгсөн, дотоод зохион байгуулалтын шинжтэй захирамж байдаг.  Миний бие Сүхбаатар дүүргийн 14 хороо, Х 29 гудамж, тоот хаяг бүхий газар дээр 1978 оноос хойш 40 гаруй жил амьдарч байна. Уг газраа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02 өдрийн дугаартай захирамжийн дагуу эзэмшдэг. Манайх газраа авахдаа 1978 онд миний аав Б.М нь тус газар анх амьдарч байсан Ц.Мө*******тай харилцан тохиролцож худалдан авч байсан. Түүнээс хойш манайх тус газар дээр 40 гаруй жил амьдарч байна. Газраа манайд зарснаасаа хойш удалгүй нүүж, түүнээс хойш манай газар дээр амьдраагүй. Ц.Мө******* нь тус газрыг манайд зарсан гэдгээ гэрчилж 2022 онд өөрийн гараар тодорхойлолт бичиж өгсөн. Манайх энэ газраа маш олон жил амьдарч ирсэн гэдэг нь хөрш айлууд, үе үеийн хорооны Засаг дарга нар гэрчлэхийн зэрэгцээ, хорооны хаягийн бүртгэл, өрхийн дэвтэр, тог цахилгааны төлбөрийн баримт гэх мэт холбогдох бүх баримтаар нотлогдоно.

Иймд “бидний газартай давхцалтай байсан нь Газрын тухай хууль зөрчиж байна, илт хууль бус” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй тул М.а нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

12. Нэхэмжлэгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын албаны Н.Ч*******тай уулзахад Д. гэдэг хүн гарч ирээд байна гэсэн. Гэрчилгээ нь гарсан байна, үл хөдлөхөөр баталгаажсан байна гэж хэлээгүй. Би тэрийг мэдээгүй. Тэгээд Д. эгч юм байна гэж мэдээд 2020 оны 07 дугаар сард би ээжтэй хамт очиж уулзсан. Манай ээж минь ч гэрчилнэ. Б.М гуайн мөнгийг авчихсан юм чинь газрыг нь өгье гэж хэлж байсан. 11 сард очоод эгч нь нэрээ татаад өгье гэж хэлсэн. Д. эгч 11 сард ирээгүй, залгасан чинь утсаа аваагүй. Би Н.Ч*******д Д. эгчийн дугаарыг өгөөд энэ хүн ирнэ гэж хэлчхээд ирээгүй гээд хэлсэн. Тэгээд та яагаад намайг дуудахаар ирээрэй гээд 01 дүгээр сар болсон 02 дугаар сар болсон ирээгүй. Тэгээд цагаан сарын өмнө би өөрөө асуусан чинь Сүхбаатар дүүргийн газрын албанаас залгаж байна тантай газар давхцаад М.Сгийн гэрчилгээг гаргаж өгч болдоггүй гэсэн чинь би сонслоо гэж хэлээд утсаа тавиад эргээд авахгүй байна гэж Н.Ч******* надад хэлсэн. Дараа нь 2022 онд очиж уулзсан. Хүйтэн болчихсон 11 сард байсан. Гэр нь Хөдөө аж ахуйн их сургуулийн ойролцоо байдаг. Аав ээжийн балай ажил байна гэж хэлээд надад Хаан банкны данс өгөөд 47,200 төгрөг газрынхаа төлбөрийг төлөөрэй, би минийх ч биш хүнийх ч биш газрын төлбөр төлөөд байна, ярьж байгаад нэрээ шилжүүлээрэй, эгчийнх нь ажил болохгүй байна гэж надтай нүүр тулаад ярьж байсан. Ингэж хэлэхэд нь би үнэхээр тайвширчихсан байсан. Гэрчилгээ, үл хөдлөх бүртгэсэн зэргийг би үнэндээ мэдээгүй. Намайг итгүүлээд тайвшруулчхаад араас нь хөөцөлдөөд яваад байсан юм байх даа, Ц.Мө******* гуайг би чинь яаж таньдаг билээ, Д. эгчийг би яаж мэдэх билээ, Д. эгч ээжтэй хөрш зэргэлдээ амьдардаг байсан хүмүүс. Ээжид худлаа яриад, надад бас худлаа яриад яваад баймааргүй юм. Тэгээд би энэ арга хэмжээг хүртэл явж байгаа. Танил улсууд хоорондоо зохицож болохгүй бол ингээд үзье гэж бодсон. Үнэхээр надад тэгж гоё үг хэлээд яваад байсан. Би Ц.Мө******* гуайтай дандаа таардаг. Ажилдаа явахаар салхилаад сууж байдаг. Манай аавтай сайхан ярилцаад тамхилаад сууж байдаг байсан. Тэгээд би санаандгүй ярьсан юм, тэрийг би өөрөө амин хувь, ашиг сонирхлоор яриагүй. “Ц.Мө******* гуай хашаагаа өөрийн болгох юм сан даа” гэсэн чинь “тэгээд хэн дээр байгаа юм” гэхэд нь “Д. эгчийн нэр дээр байгаад байх шиг байна, бид хоёрын нэр дээр давхцаад миний гэрчилгээ гардаггүй” гэхэд “юу ярьж байгаа юм, яахаараа Д.ын нэр дээр байдаг юм, миний нэр дээр байх ёстой газар шүү дээ миний мэдэх юм яахаараа Д. дээр очдог юм” гэхэд нь “мэдэхгүй ах аа” гэхэд ах гайхсан. Тэгээд ах нь бичиж өгье гээд өөрөө бичиж өгсөн. Харин надаар миний хашааны хаягийг хэлүүлсэн. Хуучин 2 нэр солигдсон байдаг. Би сүүлд солигдсон нэр болох Х 29- тоот хаягийг хэлж өгсөн. Тэгээд өөрийнхөө үгээр энэ хүн бичсэн. Тамгаа дарах гэсэн чинь тамганых нь тос нь дуусчихсан тамганы булан цаасан дээр байгаа. Тос нь дуусчихсан тамга нь гараагүй, би хүнээр хүчээр бичүүлээгүй. Учраа хэлэхэд надад тэр өргөдлийг бичиж өгсөн. Хүний итгэлцэл үнэмшил дээр ар талд нь өөрсдийн өмчлөл болгоод явчихсан байгаад үнэхээр гомдолтой байна. Та намайг яагаад газраа хөөцөлдөөгүй юм гэж асууж байна. Үнэхээр надад тэгж хэлж байсан, эгч нь очоод солиулаад өгье, М.а хүртэл очоод солиулаад өгнө гэхэд нь үнэхээр тайван яваад байсан юм.” гэжээ.

13. Нэхэмжлэгч М.Сгийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “тэдгээр айлууд нүүгээд явсан. Өнөөдрийг хүртэл газар дээрээ нэг ч удаа ирээгүй, амьдраагүй хүмүүс байдаг. Гэтэл 2003 онд Д., Х.Э, М.а нарын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргаад 2004 онд өмчлүүлэх захирамж гаргаад явчихсан байдаг. Эдгээр нь хууль бус. Яагаад гэвэл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан. Тэгэхлээр гуравдагч этгээдээр орж байгаа 3 хүн маань энэ газрыг өмчлөх эрх бүхий этгээд гэдгийг нотлоогүй, огт хамааралгүй олон жилийн өмнө нүүгээд явчихсан айлд эзэмших эрхийн гэрчилгээ захирамж гаргаад өгчихсөн байгаа нь хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Тэгээд Ц.Мө******* гээд анх амьдарч байсан гуравдагч этгээдүүдийн аав нь өөрөө гараар хэргийн материалд бичээд өгчихсөн. Би газрыг Б.Мд шилжүүлж өгсөн нь үнэн. 2 бичиг байгаа. Нөгөө бичигт нь Б.Мн охин М.С бол эзэмшиж өмчлөхийг зөвшөөрч байна аа энэ дээр бол асуудал байхгүй ээ гэсэн агуулгатай бичгийг гараараа бичээд өгчихсөн. Шүүхэд гэрчээр асуулгая гэж 3 удаа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүхээс хангаагүй. Тэгэхээр энэ баримт бичиг нь түүний байр суурийг илэрхийлэх байх гэж бодож байна. 2022 он, 2023 оноос С гэдэг төсөл хэрэгжиж байгаа. Газар чөлөөлөөд, газрынх нь үнэлгээгээр тодорхой хэмжээнд нөхөн олговор олгох асуудал яригдсан үеэс гэнэт газрын өмчлөгч болоод хөөцөлдөөд эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ асуудал 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр юу болоод байгаа юм бэ? гээд газрын албанд очсон. Газрын албаны дарга бас нэг мэргэжилтэн байсан.  Одоо энэ ирчихсэн төлөөлөгч байсан бил үү, үгүй юу. Тэгээд бид хэд уулзсан чинь Д., Х.Э, М.а гэдэг хүмүүст 2004 оны дүгээр захирамжаар өмчлүүлчихсэн гэсэн. Тэгээд маргаан үүсгээд явсан. Хэргийн материалд 2003 онд эзэмших эрхийн гэрчилгээтэй гэж гаргаад ирсэн. Тэгтэл эзэмших эрхийг олгосон захирамж нь энэ 3 этгээдэд эзэмшүүлж байна гэсэн захирамж биш. Гэрчилгээжүүлэхийг үүрэг болгож байна гээд нэгдсэн байдлаар захирамж гарсан юм шиг байгаа юм. Тэр захирамжийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус захирамж. Түүгээр газар эзэмших эрх олгогдохгүй. Тэгээд газрын хувийн хэрэгт нь Д.ын гарын үсэгтэй өмчилж авсан өргөдөл байгаа. Тухайн өргөдөл дээр 300 м.кв газар гэсэн байдаг. Гэтэл өмчлүүлсэн захирамж дээр нь 700 м.кв гээд гараад ирсэн. Өөрөөр хэлбэл гаргасан өргөдлөөс нь илүү газар ингээд олгочихсон. Энэ нь талуудын газрын маргааны давхцал болсон байхыг үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдлуудын улмаас нэхэмжлэгч М.Сгийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

14. Нэхэмжлэгч М.ын өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д., Х.Э, М.а нар хамтарч нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай захирамжийг илт хууль бусаар тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь 2003 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмших эрхтэй болж улмаар 2004 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөх эрхтэй болсон. Гэтэл цаг хугацааны хувьд сүүлд нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухайн өмчлөлдчихсөн байгаа газрыг иргэн М.Сд эзэмшүүлэх байдлаар захирамж гаргаад байгаа нь илт хууль бус байна гэж үзэж байгаа. Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тухайн эзэмших газрыг бусдын өмчилж, ашиглаж, эзэмшиж байгаа газарт ямар нэгэн байдлаар давхцалгүй байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа” гэжээ.

15. Нэхэмжлэгч М.ын өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М.С тухайн газрыг 1978 онд худалдаж авсан гэж тайлбарладаг. Худалдаж авсан талаарх баримт хэрэгт огт авагдаагүй. Хоёрдугаарт Ц.Мө******* гэдэг хүн энэ газрын эзэмшигч биш, өмчлөгч ч биш. Тухайн үед маргаан бүхий газар Ц.Мө*******ынх ч биш, Б.Мнх ч биш, төрийн өмчийн газар байсан. Төрийн өмчийн газар дээр амьдарч байсан 2 хүн бие биедээ газар зарна гэсэн асуудал байхгүй. Гуравдугаарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т бусад этгээдэд эзэмших ашиглах эрх үүсээгүй байгаа газрыг тэргүүн ээлжид түүнд өмчлүүлнэ гэж заасан. Тэгэхээр 2004 онд М.а, Д., Х.Э гэдэг хүмүүст газрыг өмчлүүлэхдээ бусад этгээдийн эзэмших ашиглах эрх үүсээгүй байгаа гэж төрийн захиргааны байгууллага үзсэн учраас тухайн газрыг өмчлүүлсэн гэж үзэж байгаа. Дөрөвдүгээрт хариуцагч хэлсэн тухайн үед газар дээр нь очоод газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож байсан. Тийм учраас тухайн үед Д. гэдэг хүн газраа эзэмшиж байна гэж төрийн захиргааны байгууллага үзсэн учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. М.Сд газар эзэмшүүлсэн шийдвэр байгаа, өөр ямар нэгэн газартай холбоотой эрхийн акт, газрын хувийн хэрэг, гаргасан өргөдөл ч байхгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Тэгэхээр гэрээ байгуулагдаагүй, эрхийн гэрчилгээ байхгүй байгаа нь М.С гэдэг хүний газрыг хууль бусаар эзэмшээд ашиглаад яваад байгаа юм биш үү? гэдэг зүйл байгаа. Тэгээд эцэст нь төрийн захиргааны байгууллага, шүүх хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой. Хуульд заасны дагуу газар эзэмших, өмчлөх эрхээ олоод авчихсан иргэний өмчлөх эрхэд нь шууд халдаж 2020 онд тухайн газарт нь давхцуулж газар эзэмшүүлэх захирамж гаргаж байгаа нь илт хууль бус захиргааны актын шинжийг буюу тухайн захиргааны актын хууль зүйн зохицуулалт биелэгдэх боломжгүй. Бодитоороо тухайн хүн газар эзэмших ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа захиргааны акт учраас илт хууль бусад тооцож өгөөч гэсэн тайлбар гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.”газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;”, 31 дүгээр зүйлийн 31.3.”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 61 дүгээр зүйлийн 61.1.”Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.”Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална: … 5.1.5.иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ: 5.1.5.1.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх;”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7.”түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэж заажээ.

  1. Захиргааны хэргийн шүүх иргэний өмчлөх эрхийг дүгнэн шийдвэрлэх эрхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан иргэн Д.Э*******, Ж.Э*******, Л.М*******, Н.Банд, М.Ж*******, Ч.Д*******, 3 дугаар хэсгийн ахлагч Д.Д******* нараас гаргасан М.Сг хорооны Х 29- тоотод амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолтыг үнэлэх боломжгүй юм.
  2. Иргэн М.Сгийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийн Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагын тухайд;

2.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй, газар эзэмших эрхийн ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгажээ.

2.2. Тус захирамжаас үзвэл иргэн Д.д газар эзэмшүүлсэн агуулгагүй, харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбогдуулан иргэдийг гэрчилгээжүүлэх зорилготой захирамж байх бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч М.Сгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй тул “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийн Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

  1. Иргэн М.Сгийн “ хороо, Х 29- тоот хаяг бүхий газрын дугаартай гэрчилгээг Д.д олгож, бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, 2003 оны 04 дүгээр сарын 25 өдрийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах болон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр захирамжийн Д., М.а, Х.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлагын тухайд;

3.1. Дээр дурдсанаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 62 дугаар захирамж нь (1)дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, (2)тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийн гэрчилгээжүүлэх буюу нэгд газар эзэмших гэрчилгээтэй боловч гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийг гэрчилгээг шинэчлэх, хоёрт гэрчилгээгүй иргэдийг гэрчилгээжүүлж улмаар газар өмчлөх эрхийг нээх зорилготой байна.

3.2. Гэтэл иргэн Д.д дугаар гэрчилгээг захирамжид дурдсан ямар үндэслэлээр буюу хуучин гэрчилгээг шинэчилсэн эсвэл шинээр гэрчилгээ олгосон аль нь болох нь тодорхойгүй байна.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн тухайн үед нь газар дээр нь очиж амьдарч байгаа хүмүүст гэрчилгээ бичиж өгч байсан …” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан газар өмчлүүлсэн газрын хувийн хэрэг дэх баримтаас үзвэл Б. нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг талаарх тодорхойлолт авагдсан, мөн маргаан бүхий газарт нэхэмжлэгч М.С амьдарч байгаа гэх ба иргэн Б. газрын тооллогод хамрагдсан, газар эзэмших талаар ямар зөрчилгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.4. Хэдийгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Д.д гэрчилгээ олгохдоо холбогдох баримтыг үндэслээгүй нь хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй гэж үзлээ.

3.5. Иймд иргэн Д.д олгосон 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3.6. Мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газрыг өмчлүүлэх ба нэхэмжлэгч Д., М.а, Х.Э нарт олгосон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр захирамжийн Д., М.а, Х.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

  1. Иргэн Д., М.а, Х.Э нарын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжийн иргэн М овогтой Сд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” тухай;

4.1. Нэхэмжлэгч Д., М.а, Х.Э нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр захирамж хүчин төгөлдөр байх хугацаанд иргэн М.Сд газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэхээр байна.

4.2. Хэдийгээр шүүх Д., М.а, Х.Э нарт өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч захиргааны актыг хүчингүй болгосон үеэс хойш үйлчлэлгүй болох ба үүнээс өмнөх харилцаанд хүчинтэй байсан гэж үзнэ.

4.3. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжийн иргэн М овогтой Сд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

  1. Иргэн М.Сгийн “Нийслэлийн Засаг дарга газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээр хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Сүхбаатар дүүргийн 14 хороо, Х 29 гудамж, тоот хаяг бүхий газрын нөхөх олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг М.С надтай хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгах;” шаардлагын тухайд;

5.1. Нийслэл У хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.”Энэ хуулийн 10.3-т заасан дэмжлэгийг авсан тохиолдолд бусад өмчлөгч, эзэмшигчийн газрыг энэ хуулийн 10.7-д заасан журмын дагуу нөхөх олговрыг олгох болон газар албадан чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргана.” гэж зааснаас үзвэл нөхөх олговрыг газар эзэмшигч, өмчлөгчид олгохоор байна.

5.2. Гэтэл нэхэмжлэгч М.Сд газар эзэмшүүлсэн шийдвэрийг шүүхээс илт хууль бусад тооцсон тул түүнийг хуульд заасны дагуу газар эзэмшигч буюу нөхөх олговор авах эрхтэй гэж үзэх боломжгүй тул “Нийслэлийн Засаг дарга газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээр хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Сүхбаатар дүүргийн 14 хороо, Х 29 гудамж, тоот хаяг бүхий газрын нөхөх олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг М.С надтай хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгах;” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх эрхтэй болохоо холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу харьяалах шүүхээр тогтоолгосны үндсэн газар эзэмших, өмчлөх шийдвэр гаргуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3.12, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.5.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, “ хороо, Х 29- тоот хаяг бүхий газрын дугаартай гэрчилгээг Д.д олгож, бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, 2003 оны 04 дүгээр сарын 25 өдрийн дугаар гэрчилгээ болон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр захирамжийн Д., М.а, Х.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх шаардлага болох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийн Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг дарга газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээр хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Сүхбаатар дүүргийн 14 хороо, Х 29 гудамж, тоот хаяг бүхий газрын нөхөх олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг М.С надтай хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгах;” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Д., М.а, Х.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжийн иргэн М овогтой Сд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай. 
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72000 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1800 төгрөгийг улсын төсвийн орлогоос болон хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 35100 төгрөг, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Сд, нэхэмжлэгч Д., М.а, Х.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д., М.а, Х.Э нарт тус тус олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ДАМДИНСҮРЭН